Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0614

 

 

 

 

 

 

 

 

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын

хяналтын прокурор А.Б дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0044 дугаар шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Бад гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч Н.Хонинхүү

            Бүрэлдэхүүнд шүүгч Н.Долгорсүрэн

            Илтгэгч шүүгч  С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:

            Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ба

Шүүх хуралдаанд оролцогчид:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ба

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М

Хэргийн индекс: 159/2023/0047/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0044 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 , 3.1.7 , Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасныг тус тус баримтлан прокурорын дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Багийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0550279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож”  шийдвэрлэсэн байна.

2. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ба шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

“... Шүүх шийдвэрлэхдээ иргэн Ц.Гаод эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр эзэмшүүлсэн газрын 15 жилийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж, сунгуулах хүсэлт гаргаагүй, 2 жил эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаад 2023 оны 04 дүгээр сард зөрчлөө өөрөө илчлэн ирж хүсэлт гаргасан тул зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0550279 дугаартай шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан болно.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг...” хэлнэ гэх, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ...” гэх, мөн хуулийн 2 дахь хэсэгт “... Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно...” гэж тус тус заасан байна.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган  шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д заасны дагуу зөрчил шалган  шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэн тухайн газар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогчоор татсан нь хуульд нийцэж байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг... мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус заасан. Нийслэл болон бүх аймгийн Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчид Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан хэм хэмжээг үндэслэн зөрчилд шийтгэл оногдуулж шийдвэрлэж байгаа учир миний тухайд хэн нэгнийг торгож хохироох санаа зорилго огт байхгүй, хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх ганцхан зорилготой байгаа юм.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 159/ШШ2023/0044 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Шүүх Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Бгаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, хэрэг үүсгэн, улмаар тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0550279 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг анхаараагүй байна.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д энэ хуульд заасан "гомдол" гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд дээрх байдлаар прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэх талаар заасан боловч хугацааг тусгайлан заагаагүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “30 хоног”-ийн хугацаанд  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэхээр байна.

3. Гэтэл анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б (зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавиагүй) нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дүгнэлт үйлдэж ирүүлснийг дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй нь буруу болжээ.

4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурор А.Бгийн дүгнэлт буюу гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0044 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3.3-т заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Багийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0550279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Бгийн дүгнэлт /гомдол/-ыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ба нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ

                    ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ