Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1656

 

   Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01468 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч: Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                    Г.Болор-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                               Д.Бат-Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Цэцэгээгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай захирамжаар Д.Пүрвээгээс 443.484.725 төгрөгийг гаргуулж “Чинбаа инвест ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг биелүүлэх явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д дуудлага худалдааны тогтоолд өмчлөгчийн талаар заана гэсэн байхад Ч.Цэцэгээгийн талаар юу ч бичээгүй, 46.1.2-т албадан дуудлага худалдаа явуулах хаягийг заана гэсэн байхад заагаагүй орхигдуулсан. Мөн дуудлага худалдаа явагдах тухай 230 дугаар тогтоолыг өмчлөгч Ч.Цэцэгээд албан ёсоор мэдэгдээгүй юм.

Төлбөр төлөгч нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хариугаа аваад 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гомдол гаргасан. Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                   

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяагийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай захирамжаар Д.Пүрвээгээс 443.484.725 төгрөгийг гаргуулж “Чинбаа инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Д.Пүрвээгээс үнийн санал авахад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 1м.кв талбайг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Ч.Цэцэгээг үнийн саналаа өгөхийг 2016 оны 1 дүгээр сарны 26-ны өдөр архитектор н.Эрдэн-Очир, 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Д.Пүрвээ, түүний үүсгэн байгуулсан “Эрчим Арт” ХХК-ийн нягтлан н.Хишигдолгор, 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 3/7980 дугаар албан бичиг, мөн сарын 17-ны өдөр оршин суугаа газрын хаягт наасан зарлан дуудах хуудас болон архитектор н.Ундрах нараар дамжуулан удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирж үнийн саналаа өгөөгүй. Өмчлөгч Ч.Цэцэгээгийн төлөөлөгчтэй 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр уулзан үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч үнийн санал өгөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж өгнө үү гэсэн. Дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилоход Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020601 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээ рхороо Бага тойруугийн 19А байрны 4 тоот 71.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 139.100.000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020597 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруугийн 19А байрны 16 тоот 229.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 401.300.000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020594 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруугийн 16А байрны 205.5 71.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 359.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70%-иар тус тус тооцон анхны албадаг дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14094,3/19095, дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 470 дугаартай шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны болон Хяналтын шатны шүүхүүд хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 3/5647, 3/5648 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлүүдийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт хүргүүлсэн. Өмчлөгч Ч.Цэцэгээ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй ажиллагаа бүрт гомдол гаргаж цаг хугацаа ихээр алдагдуулж байна. Өмчлөгч нь эрхээ эдэлж шүүхэд гомдол гаргаж байгаа боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй их чирэгдэл учруулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Ч.Цэцгээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4355 дугаартай шүүгчийн захирамж хэвээр байхыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ч.Цэцэгээ миний өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Бага тойруу, 19А байр, 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү2202020601 дугаартай, үйлчилгээний зориулалттай талбай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Бага тойруу, 19А байр, 16 тоотхаягт байрлах, улсын бүртгэлийн Ү2202020597 дугаартай, 3 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Бага тойруу, 19А байр, 16А тоот хаягт байрлах, улсын бүртгэлтийн Ү2202020594 дугаартай, 4 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахдаа "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль"-ийн 43, 46 дугаар зүйлүүдэд заасан журмыг зөрчиж, өмчлөгч Ч.Цэцэгээ миний эрх ашгийг хохироосон. Ч.Цэцэгээ миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай БЗД-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяагийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 09 тоот тогтоолд 1-рт: үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Ч.Цэцэгээгийн тухай, 2-рт: албадан дуудлага худалдаа явуулах хаягийн талаар огт заалгүй орхисон байгаа нь "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль"-ийн 46.1.1, 46.1.2 дугаар зүйлийг зөрчсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн энэхүү үндэслэл, хуулийн зөрчлийн талаар ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Ч.Цэцэгээ миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяагийн 2017 оын 2 дугаар сарын 9-ний өдрийн 09 тоот тогтоолыг өмчлөгч Ч.Цэцэгээ миний биед албан ёсоор гардуулсан, мэдэгдсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Зөвхөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтны зүгээс анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэл, тогтоолоо "Эрчим арт" ХХК-ийн ажилтан н.Энхбаяр гэж хүнд хүлээлгэн өгч, надад дамжуулахыг даалгасан гэж тайлбарладаг. Тэгвэл Ч.Цэцэгээ миний бие уг мэдэгдэл, тогтоолыг албан ёсоор хүлээж аваагүй, дуудлага худалдаа явагдах гэж байгааг мэдээгүйн улмаас "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль"-ийн 47.2.2 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдаанд оролцох өмчлөгчийн эрхээ эдэлж чадаагүй. Гэтэл анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүйгээр, дуудлага, худалдааны мэдэгдэл, тогтоолыг намайг хүлээн авсан хэмээн үзэж, шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                         

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Цэцэгээ нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...дуудлага худалдааны тогтоолд өмчлөгчийн талаар тусгаагүй, дуудлага худалдаа явагдах тухай тогтоолыг албан ёсоор мэдэгдээгүй” гэж тайлбарлажээ.

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай захирамжаар төлбөр төлөгч Д.Пүрэвээ нь нэхэмжлэгч “Чинбаа инвест ББСБ” ХХК-д төлөхөөр эвлэрснийг баталсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. /хх39/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2/30 дугаартай тогтоолыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байна. /хх71/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Цолмонтуяа нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Д.Пүрвээгийн оршин суугаа хаяг болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо ХД 37 дугаар байрны 6 тоотод очиж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 70%-иар тооцон 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах болохыг мэдэгджээ. /хх 8 /

 

 Өмчлөгч Ч.Цэцэгээгийн ажлын газар болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Багатойруу, Эрчим Арт ХХК-ийн байранд очиж 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 3/5648 дугаартай мэдэгдлийг албадан дуудлага худалдааны тогтоолын хамт өмчлөгч Ч.Цэцэгээд дамжуулан өгөхийг тус байгууллагын архитектор Энхбаярт хүлээлгэн өгч, дамжуулан өгөхийг даалган үлдээсэн тухай тэмдэглэл үйлдэж түүнд гардуулан өгч, дээрх тогтоолыг мөн өдрийн 3/5647 дугаартай мэдэгдлийн хамт төлбөр төлөгч Д.Пүрвээд гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх9,72,73/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж  заасан бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч өмчлөгч нар үнийн санал дээр тохиролцоогүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “Мөнх-Оргил трейд” ХХК-аар үнэлүүлсэн байна. /хх56-58 /

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтын дагуу 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт анхны дуудлага худалдаа эхлэх тухай зарыг 2017 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн Үндэсний шуудан сонинд нийтлүүлжээ./хх85/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 2 дугаар 9-ний өдрийн 2/30 тогтоол гарч анхны дуудлага худалдаа явагдсан боловч худалдан борлогдоогүй байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/19 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг үйлдэж уг тогтоолыг хоёр дах дуудлага худалдаа болох тухай 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/7929, 3/7930 дугаартай мэдэгдлүүдийн хамт төлбөр төлөгч Д.Пүрвээ, өмчлөгч Ч.Цэцэгээ нарт тус тус хүргүүлэн тухайн өдөртөө өмчлөгч , төлбөр төлөгч нар хүлээн авч гарын үсэг зурсан байна. /хх74-76/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагаа явуулахдаа ...эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, худалдан борлуулах ажиллагаа явуулж болохыг зохицуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх ажиллагаа хуульд нийцсэн.

 

Хэргийн баримтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй болжээ.

 

Анхны албадан дуудлага худалдааны тухай тогтоолыг гардуулаагүй нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Цэцэгээгийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           М.НАРАНЦЭЦЭГ

                  ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

                                                             Ц.ИЧИНХОРЛОО