Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00874

 

Н.М-, О.Б-, П.Ц-,

Ц.Ц-, нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02697 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаар магадлалтай, 

Н.М-, О.Б-, П.Ц-, Ц.Ц- нарын нэхэмжлэлтэй

Х Г ХХК-д холбогдох, 

Орон сууцны талбайн зөрүү 19.978.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, алданги 10.756.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь Рапид харш хорооллын 25 дугаар байрны 63 тоот орон сууцыг захиалан бариулахаар Х Г ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тус компани 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг барьж өгөх, нэхэмжлэгч 138.460.000 төгрөг буюу 1 м.кв тутамд 1.400.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны үнийг төлж, төлбөр тооцоог дуусгасан. Нэхэмжлэгч Ц.Ц- нь 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Рапид харш хорооллын 25 дугаар байрны 25 тоотыг захиалж, гэрээний дагуу тус компани 94.55 м.кв талбай бүхий орон сууцыг барьж өгөх, нэхэмжлэгч 132.370.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, тэрээр гэрээнд заасан хугацаанд орон сууцны үнийг төлж, төлбөр тооцоог дуусгасан. Нэхэмжлэгч О.Б- Х Г ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Рапид харш хорооллын 27 дугаар байрны 142 тоотыг захиалан гэрээний дагуу тус компани 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 1 м.кв-ыг 1.400.000 төгрөгөөр тооцож, 138.460.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээнд заасан хугацаанд үнийг төлж, төлбөр тооцоог бүрэн дуусгасан. Гэвч Х Г ХХК-ийн барьсан эдгээр орон сууцнууд нь гэрээнд заасан талбайн хэмжээнээс дутуу болохыг нэхэмжлэгч нар тусгай зөвшөөрөл бүхий хэмжилтийн компаниар шалгуулж мэдсэн. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, гомдлыг шалгаж, тус газрын улсын ахлах байцаагч Ч.Батбаатараас Х Г ХХК-ийн худалдсан орон сууцанд илүү төлбөр авсан учраас зөрүү талбайн үнийг 2014 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж, иргэдийн хохирлыг барагдуулах тухай 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн огноотой 7/494 дугаартай албан шаардлагыг Х Г ХХК-нд гаргаж, уг албан шаардлагад нэхэмжлэгч нарын нэр, орон сууцны дутсан хэмжээ зэргийг дурдсан байсан. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Барилга хот байгуулалтын яамны Зураг төсөл, Эрдэм шинжилгээний институтаар дахин хэмжилтийг хийлгэсэн ба мөн л орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заагдсанаас дутуу болох нь тогтоогдсон. Иймд Н.М-ын орон сууцны дутуу хэмжээ 3.43 м.кв талбайг 1м.кв-ын үнэ 1.400.000 төгрөгөөр тооцож, 4.802.000 төгрөг, Ц.Ц-ын орон сууцны дутуу хэмжээ 4.88 м.кв талбайг 1 м.кв-ын үнэ 1.400.000 төгрөгөөр тооцож, 6.832.000 төгрөг, О.Б-ийн орон сууцны дутуу хэмжээ 3.88 м.кв талбайг 1 м.кв-ын үнэ 1.400.000 төгрөгөөр тооцож, 5.432.000 төгрөгийг тус тус Х Г ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Х Г ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь Рапид харш хорооллын 27 дугаар байрны 39 тоотыг захиалан бариулж, гэрээний дагуу тус компани 52.64 м.кв талбай бүхий орон сууцыг барьж өгөх, миний бие нэг м.кв-ыг 1.400.000 төгрөгөөр тооцож, 73.696.000 төгрөг төлөхөөр тохирсон ба гэрээнд заасан хугацаанд үнийг төлж, төлбөр тооцоог дуусгасан. Орон сууцаа 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан, энэ хугацаан дээр маргахгүй. Хариуцагч Х Г ХХК нь О.Б-тэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд 1 м.кв-ын үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож тохирсон бөгөөд нөгөө 3 нэхэмжлэгчтэй энэ талаар гэрээнд тусгаагүй нь үнэн. Хэдий тийм боловч гэрээ байгуулах үед 1 м.кв-ын үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож байгаагаа хэлж, бид м.кв-ын хэмжээ, нийт үнийн дүнг сонсож, үнийн дүнг м.кв-ын хэмжээнд хуваахад 1 м.кв-ын үнэ 1.400.000 төгрөг гарч байсан. Иймд талбайн зөрүү 2.08 м.кв-ыг 1.400.000 төгрөгөөр тооцож, 2.912.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х Г ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нар орон сууц хүлээн авсан хугацаан дээр маргаагүй, гэтэл нэхэмжлэлээ 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нь дээрх шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Мөн нэхэмжлэгч нар гэрээний дагуу болон сууцаа хүлээн авахдаа шалгаж авах байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа 3 жилийн хугацаа нь барилга байгууламжийн хэвийн ашиглалт болон түүний чанартай холбоотой асуудлаар яригддаг. Энэ хэргийн тухайд чанар болон ашиглалттай холбоотойгоор маргаагүй, талбайн хэмжээний талаар маргаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний зорилго нь ажил гүйцэтгэх болон ажлыг хүлээн авах, хөлс төлөх байдаг. Нэхэмжлэгч талаас орон сууц хүлээн авсанд маргахгүй байгаа. Тэгэхээр ажлыг хүлээж авахдаа биет байдлын доголдолтой эсэхийг шалгаж авах нь захиалагчийн үүрэг бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Барилга байгууламжийн хэвийн ашиглалт болон чанартай холбогдуулан доголдлын талаар хуульд заасны дагуу 3 жилийн хугацаанд гаргах эрхтэйгээр хуульчилсан байдаг. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт доголдол гэдэгт барилгын даац, нийтийн үйлчилгээг хангах цэвэр, бохир усны доголдолтой холбоотой асуудал хамаарах ба өөрөөр хэлбэл барилгын хийц, бүтэц гэдэгт дам нуруу, хана, шал, тааз орно, энэ тохиолдолд 3 жилийн хугацаанд гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нараас хуульд заасан 6 сарын хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, хуульд заасан шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х Г ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч нар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан ба уг гэрээний 2.1 дэх хэсэгт төлбөр төлөх хуваарийг тохирсон. Гэтэл О.Б-, Н.М- нар гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүйгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч О.Б- нь 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Х Г ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 98.9 мкв талбай бүхий орон сууцыг 138.460.000 төгрөгөөр бариулахаар тохирч гэрээний төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохирсон боловч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Тухайлбал 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөх төлбөрөөс 11.538.000 төгрөгийг 116 хоног хоцорч төлсний алданги 1.338.000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлөх 41.000.000 төгрөгийн үүргээ 10 хоног хоцорч төлсний алданги 410.000 төгрөг, мөн өдрийн үүргийн үлдэгдэл төлбөр 28.000.000 төгрөгийн үүргээ 26 хоног хоцорч гүйцэтгэсний төлбөр 741.000 төгрөг, гэрээний эцсийн төлбөр болох 55.348.000 төгрөгийн үүргээ 73 хоног хоцорч төлсний алданги 4.000.000 төгрөг нийт 6.489.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Н.М- нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус компанитай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг 138.460.000 төгрөгөөр бариулахаар тохирч гэрээний төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохирсон боловч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Үүнд, 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлөх 41.00.000 төгрөгийн үүргээ 4 хоног хоцорч төлсний алданги 166.000 төгрөг, 21.500.000 төгрөг дутуу төлсний алданги 774.000 төгрөг, үлдэгдэл төлбөр болох 55.460.000 төгрөгийн үүргээ 60 хоног хоцорч төлсний алданги 3.327.000 төгрөг нийт 4.267.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Н.М-, О.Б- нар нь үндсэн үүргээ биелүүлээгүй, үүргийн гүйцэтгэлийг дутуу биелүүлсэн бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алданги нэхэмжлэх эрхтэй. Гэрээнд орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх байсан бөгөөд орон сууцыг хэзээ хүлээлгэн өгсөн болох нь хүлээн авсан талаарх баримтаас харагдаж байна. Х Г ХХК-ийн тухайд мөн адил гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Тэгэхээр үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагч үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч нар анз төлөх үүрэг хүлээхгүй. Мөн зохигчид төлбөр төлөх хугацаагаа тохирч захиалагч нар төлбөрөө хувааж төлж байсан ба Иргэний хуулийн 236 дугаар зйүлийн 236.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02697 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Х Г ХХК-иас 18 928 000 төгрөгийг гаргуулж Н.М-т 4 648 000 төгрөг, Ц.Ц-т 6 482 000 төгрөг, О.Б-д 5 264 000 төгрөг, П.Ц-т 2 534 000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 050 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Н.М-аас 4 267 000 төгрөг, О.Б-өөс 6 489 000 төгрөг гаргуулах тухай Х Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 448 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээр төлсөн 85 000 төгрөгийг улсын төсөвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х Г ХХК-иас 362 648 төгрөгийг гаргуулж Н.М-т 89 318 төгрөг, Ц.Ц-т 118 662 төгрөг, О.Б-д 99 174 төгрөг, П.Ц-т 55 494 төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Х Г ХХК-иас 912 285 төгрөгийг гаргуулж Барилгын зураг төслийн Тоонот констракшн ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02697 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул орон сууцны талбайн зөрүү 19 978 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х Г ХХК-д холбогдох Н.М-, Ц.Ц-, О.Б-, П.Ц- нарын нэхэмжлэл, Н.М-, О.Б- нараас алданги 10 756 000 төгрөг гаргуулах тухай Х Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөх, шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т ...үлдээж, хариуцагч Х Г ХХК-иас 362 648 төгрөгийг гаргуулж Н.М-т 89 318 төгрөг, Ц.Ц-т 118 662 төгрөг, О.Б-д 99 174 төгрөг, П.Ц-т 55 494 төгрөгийг тус тус олгож гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 362 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Маргааны хувьд нэхэмжлэгч нарын захиалсан орон сууцны талбайн хэмжээ дутуугаас үүдэн дутуу м.кв-д төлсөн зөрүү үнийг буцаан шаардсан хэрэг бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа доорх тодорхой дүгнэлтүүдийг хийсэн. Тухайлбал, нэхэмжлэгч нар нь төлбөр тооцоогоо бүрэн төлсөн, хариуцагч Х Г ХХК нь нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээнд заасан хэмжээнээс дутуу талбайтай орон сууц хүлээлгэн өгсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагч доголдолтой үр дүн хүлээлгэн өгсөн, талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан харилцаа үүссэн, анхан шатны шүүхийн эдгээр дүгнэлтүүдийг давж заалдах шатны шүүхээс зөв гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар “орон сууцны үнэ буурсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, зохигчид маргаагүй, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа ажлын үр дүнгийн үнэ буурсан гэх нөхцөл бүрдсэнийг нотлох баримт байхгүй” учир талбайн зөрүү үнийг гаргуулах боломжгүй гэсэн. Нэхэмжлэгч нар анх нэхэмжлэл өгөхдөө л мэргэжлийн эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлтээр орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг тогтоолгож, улмаар шүүхийн шатанд шинжээч нарын дүгнэлтээр энэ нь баталгаажсан буюу тухайн ажлын үр дүн нь төлсөн төлбөрт тохирохгүй байсныг нотолсон баримт хангалттай тодорхой хэрэгт авагдсан байсан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш ажлын үр дүн нэгэнт доголдолтой тул тэрхүү доголдолд тохирох хэмжээгээр хөлсийг бууруулах үндэслэлтэй гэж маргасан. Гэвч давж заалдах шатны шүүх үүн дээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсан. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр м.кв-ийн хэмжээ дутуу нь орон сууцны үнэ буурах үндэслэл биш болж байна. Орон сууцны үнийг анхнаасаа м.кв-аар тогтоосон болохыг дүгнэсэн хэрнээ тэрхүү м.кв дутуу нь үнэ буурах үндэслэл биш гэж үзэж байгаа нь ойлгомжгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, тогтоох хэсгийн 352.2.2 гэснийг 352.2.3 болгон бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.М-, Ц.Ц-, О.Б-, П.Ц- нар Х Г ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү нийт 19.978.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч Н.М-, О.Б- нараас алданги 10.756.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Н.М-  2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг 138.460.000 төгрөгөөр, Ц.Ц- 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 94.55 м.кв талбай бүхий орон сууцыг 132.370.000 төгрөгөөр, О.Б- 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг 138.460.000 төгрөгөөр, П.Ц- 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 52.64 м.кв талбай бүхий орон сууцыг 73.696.000 төгрөгөөр тус тус захиалан бариулахаар Х Г ХХК-тай тус бүр “орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан байна.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ дүгнэжээ. Хариуцагч орон сууц барьж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нар ажлыг хөлс төлөх үүргээ тус тус биелүүлсэн талаар зохигч маргаагүй, харин орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу болох нь тогтоогдсон байна.

Доголдолтой ажлын үр дүн хүлээлгэн өгсөн тохиолдолд захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэхээр зохицуулсан Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заалтыг баримтлан орон сууцны дутуу м.кв-ын зөрүүг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ  анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь зардал гаргуулах бус төлбөрийг илүү төлсөн гэх агуулгатай байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.3-т зааснаар ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой бол захиалагч төлөх хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй боловч  зохигчийн хооронд байгуулагдсан зарим гэрээнд орон сууцны үнийг талбайн хэмжээтэй харьцуулж  тогтоогдоогүйгээс гадна хөрөнгийн үнэ доголдлоос шалтгаалж буурсан нь тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Х Г ХХК-ийн алдангид Н.М-аас 4.267.000 төгрөг, О.Б-өөс 6.489.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, тус компани орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч уг хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдана.

Хэргийн баримт, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362.648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ