Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/02697

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 12 сарын 04 өдөр

         Дугаар 183/ШШ2018/02697                                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.А

 

 Нэхэмжлэгч: Ц.Ц

 

 Нэхэмжлэгч: О.Б

 

Нэхэмжлэгч: П.Ц нарын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Х.Г ХХК-д холбогдох

 

Орон сууцны талбайн зөрүү 19.978.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, алдангид 10.756.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А,  Н.Ц,  О.Б нарын өмгөөлөгч Н.Баярхүү, нэхэмжлэгч П.Ц, хариуцагч Х.Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Н.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ нар оролцов. 

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Н.А нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь Рапид харш хорооллын 25 дугаар байрны 63 тоот орон сууцыг захиалан бариулахаар Х.Г ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тус компани 98.9 мкв талбай бүхий орон сууцыг барьж өгөх, нэхэмжлэгч 138.460.000 төгрөг буюу 1 м.кв тутамд 1.400.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны үнийг төлж, төлбөр тооцоог дуусгасан. Нэхэмжлэгч Н.Ц нь 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Рапид харш хорооллын 25 дугаар байрны 25 тоотыг захиалж, гэрээний дагуу тус компани 94.55 м.кв талбай бүхий орон сууцыг барьж өгөх, нэхэмжлэгч 132.370.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, тэрээр гэрээнд заасан хугацаанд орон сууцны үнийг төлж, төлбөр тооцоог дуусгасан. Нэхэмжлэгч О.Б Х.Г ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Рапид харш хорооллын 27 дугаар байрны 142 тоотыг захиалан гэрээний дагуу тус компани 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 1 м.кв-ыг 1.400.000 төгрөгөөр тооцож, 138.460.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээнд заасан хугацаанд үнийг төлж, төлбөр тооцоог бүрэн дуусгасан. Гэвч Х.Г ХХК-ийн барьсан эдгээр орон сууцнууд нь гэрээнд заасан талбайн хэмжээнээс дутуу болохыг нэхэмжлэгч нар тусгай зөвшөөрөл бүхий хэмжилтийн компаниар шалгуулж мэдсэн. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, гомдлыг шалгаж, тус газрын улсын ахлах байцаагч Ч.Батбаатараас Х.Г ХХК-ийн худалдсан орон сууцанд илүү төлбөр авсан учраас зөрүү талбайн үнийг 2014 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж, иргэдийн хохирлыг барагдуулах тухай 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн огноотой 7/494 дугаартай албан шаардлагыг Х.Г ХХК-нд гаргаж, уг албан шаардлагад нэхэмжлэгч нарын нэр, орон сууцны дутсан хэмжээ зэргийг дурдсан байсан. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Барилга хот байгуулалтын яамны Зураг төсөл, Эрдэм шинжилгээний институтаар дахин хэмжилтийг хийлгэсэн ба мөн л орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заагдсанаас дутуу болох нь тогтоогдсон. Гэвч хариуцагч тал дээрх дүгнэлтүүдийг эс зөвшөөрч шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар шүүгчийн захирамжаар Тоонот констракшн ХХК-ийг томилж, дүгнэлт гарсан. Гэхдээ хариуцагч тал талбайн хэмжээ зөрүүтэй байгаа нь дээрх орон сууц тагттай, эсхүл верандтай баригдсан эсэх тал дээр маргаж, үүнийг шинжээчээр тогтоолгоно, хэрэв шинжээчийн дүгнэлтээр верандтай баригдсан гэвэл талбайн зөрүү нь хамааралгүй, тагттай бол талбайн зөрүүг төлнө гэж өмнөх шүүх хурлууд дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр дээрх орон сууц нь тагттай баригдсэн болохыг дүгнэсэн, гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар өөр тайлбар гаргаж, маргаж байна. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар доголдол байвал ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хуулийг буруу тайлбарлан маргаж байгаа боловч дээрх хуулийн 349.1-т...барилга байшингийн “Ийм” дутагдал гэдгийг хуулийн дээрх заалтаар тодотгож байна гэж үзэж байна. Хэвийн ашиглалтын хугацаатай холбоотой гомдолд 3 жилийн хугацааг тооцохоор байгаа ба ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргана гэж заасан тул нэхэмжлэгч нар хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлагаа гаргасан гэж үзэж байна. Иймд  шүүхээс томилсон Тоонот констракшн ХХК-ийн үнэлсэн үнэлгээг үндэслэж, Н.Аын орон сууцны дутуу хэмжээ 3.43 м.кв талбайг 1м.кв-ын үнэ 1.400.000 төгрөгөөр тооцож, 4.802.000 төгрөг, Н.Цын орон сууцны дутуу хэмжээ 4.88 м.кв талбайг 1м.квын үнэ 1.400.000 төгрөгөөр тооцож,  6.832.000 төгрөг, О.Бийн орон сууцны дутуу хэмжээ 3.88 м.кв талбайг 1м.кв-ын үнэ 1.400.000 төгрөгөөр тооцож, 5.432.000 төгрөгийг тус тус Х.Г ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Х.Г ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь Рапид харш хорооллын 27 дугаар байрны 39 тоотыг захиалан бариулж, гэрээний дагуу тус компани 52.64 м.кв талбай бүхий орон сууцыг барьж өгөх, миний бие нэг м.кв-ыг 1.400.000 төгрөгөөр тооцож, 73.696.000 төгрөг төлөхөөр тохирсон ба гэрээнд заасан хугацаанд үнийг төлж, төлбөр тооцоог дуусгасан. Орон сууцаа 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан, энэ хугацаан дээр маргахгүй. Эхлээд орон сууцны м.кв зөрүүтэй эсэхийг мэдээгүй. Шинээр баригдаж буй орон сууцнуудын м.кв гэрээнд зааснаас багаар баригдаж, иргэдийг хохироож байгаа талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас телевизорээр мэдээлэл хийсэн тул байрны оршин суугчид нийлж, тусгай зөвшөөрөлтэй хэмжилтийн компаниар шалгуулахад бидний хүлээж авсан орон сууцнаас м.кв бага, зөрүүтэй байсан. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, тус газрын улсын ахлах байцаагч Х.Г ХХК-ийн худалдсан орон сууцанд илүү төлбөр авсан учраас зөрүү үнийг 2014 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж, иргэдийн хохирлыг барагдуулах тухай албан шаардлагыг Х.Г ХХК-нд хүргүүлсэн байдаг. Гэвч тус компани төлбөрийг төлөөгүй тул бидний 4 иргэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Х.Г ХХК нь О.Бтэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд нэг м.кв-ын үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож тохирсон бөгөөд нөгөө 3 нэхэмжлэгчтэй энэ талаар гэрээнд тусгаагүй нь үнэн. Хэдий тийм боловч гэрээ байгуулах үед нэг м.кв-ын үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож байгаагаа хэлж, бид м.кв-ын хэмжээ, нийт үнийн дүнг сонсож, үнийн дүнг м.кв-ын хэмжээнд хуваахад нэг м.кв-ын үнэ 1.400.000 төгрөг гарч байсан, тэгэхээр гэрээнд тохироогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хариуцагч компанийн барьсан бидэнд хүлээлгэн өгсөн орон сууцны хэмжээ дутуу болох нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хандсан тусгай зөвшөөрөл бүхий компанийн дүгнэлт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Барилга хот байгуулалтын яамны Зураг төсөл, Эрдэм шинжилгээний институтаар дахин хэмжилт хийлгэсэн дүгнэлт, шүүхээс томилсон Тоонот констракшн ХХК-ийн дүгнэлтүүд бүгд хэмжээ дутуу болохыг тогтоосон. Тоонот констракшн ХХК-ийн м.кв-ын хэмжээ, хэмжилт хийсэн нөгөө хоёр компаниас арай бага боловч дээрх шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэж  зөрүү 2.08 м.кв-ыг 1.400.000 төгрөгөөр тооцож, 2.912.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

        Хариуцагч Х.Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд Н.А 98.09 м.кв талбай бүхий орон сууцыг 138.463.000 төгрөгөөр, Н.Ц 94.55 м.кв талбай бүхий орон сууцыг 132.374.000 төгрөгөөр, О.Б 98.99 м.кв талбай бүхий орон сууцыг 138.460.000 төгрөгөөр, П.Ц 52.64 м.кв талбай бүхий орон сууцыг 73.696.000 төгрөгөөр тус тус худалдаж авахаар хариуцагч талтай гэрээ байгуулсан байдаг. Үүний дагуу Х.Г ХХК-иас Н.Ат 2013 оны 3 дугаар сард, Н.Цт 2013 оны 5 дугаар сард, П.Цт 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, О.Бд 2013 оны 5 дугаар сард орон сууцыг тус тус хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 349.1-т... “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нар орон сууц хүлээн авсан хугацаан дээр маргаагүй, гэтэл нэхэмжлэлээ 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нь дээрх шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Учир нь: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т... “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан. Мөн нэхэмжлэгч нар гэрээний дагуу болон сууцаа хүлээн авахдаа шалгаж авах байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа 3 жилийн хугацаа нь барилга байгууламжийн хэвийн ашиглалт болон түүний чанартай холбоотой асуудлаар яригддаг. Энэ хэргийн тухайд чанар болон ашиглалттай холбоотойгоор маргаагүй, талбайн хэмжээний талаар маргаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний зорилго нь ажил гүйцэтгэх болон ажлыг хүлээн авах, хөлс төлөх байдаг. Нэхэмжлэгч талаас орон сууц хүлээн авсанд маргахгүй байгаа. Тэгэхээр ажлыг хүлээж авахдаа биет байдлын доголдолтой эсэхийг шалгаж авах нь захиалагчийн үүрэг бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Барилга байгууламжийн хэвийн ашиглалт болон чанартай холбогдуулан доголдлын талаар хуульд заасны дагуу 3 жилийн хугацаанд гаргах эрхтэйгээр хуульчилсан байдаг. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д доголдол гэдэгт барилгын даац, нийтийн үйлчилгээг хангах цэвэр, бохир усны доголдолтой холбоотой асуудал хамаарах ба өөрөөр хэлбэл барилгын хийц, бүтэц гэдэгт дам нуруу, хана, шал, тааз орно, энэ тохиолдолд 3 жилийн хугацаанд гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нараас хуульд заасан 6 сарын хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, хуульд заасан шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Х.Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Г ХХК-тай нэхэмжлэгч нар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан ба уг гэрээний 2.1 дэх хэсэгт төлбөр төлөх хуваарийг тохирсон. Гэтэл О.Б, Н.А нар гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүйгээс Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч О.Б нь 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Х.Г ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 98.9 мкв талбай бүхий орон сууцыг 138.460.000 төгрөгөөр бариулахаар тохирч гэрээний төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохирсон боловч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Тухайлбал 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөх төлбөрөөс 11.538.000 төгрөгийг 116 хоног хоцорч төлсний алданги 1.338.000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлөх 41.000.000 төгрөгийн үүргээ 10 хоног хоцорч төлсний алданги 410.000 төгрөг, мөн өдрийн үүргийн үлдэгдэл төлбөр 28.000.000 төгрөгийн үүргээ 26 хоног хоцорч гүйцэтгэсний төлбөр 741.000 төгрөг, гэрээний эцсийн төлбөр болох 55.348.000 төгрөгийн үүргээ 73 хоног хоцорч төлсний алданги 4.000.000 төгрөг нийт 6.489.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Н.А нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус компанитай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг 138.460.000 төгрөгөөр бариулахаар тохирч гэрээний төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохирсон боловч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Үүнд: 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлөх 41.00.000 төгрөгийн үүргээ 4 хоног хоцорч төлсний алданги 166.000 төгрөг, 21.500.000 төгрөг дутуу төлсний алданги 774.000 төгрөг, үлдэгдэл төлбөр болох 55.460.000 төгрөгийн үүргээ 60 хоног хоцорч төлсний алданги 3.327.000 төгрөг нийт 4.267.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нараас өмнө нь ямар нэгэн тооцоо байхгүй байсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Н.А, О.Б нарт холбогдуулан алданги шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүргийн гүйцэтгэлтэй хамтатган анз болон алдангийг тооцдог. Эдгээр хүмүүсийн тухайд төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа байраа хүлээн авч, гэрчилгээ тэдний нэр дээр гарсан байдаг. Гэтэл хариуцагч талаас алданги нэхэмжилсэн байна. Хариуцагч болж байгаа Н.А, О.Б нар нь үндсэн үүргээ биелүүлээгүй, үүргийн гүйцэтгэлийг дутуу биелүүлсэн бол Иргэний хуулийн 232.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алданги нэхэмжлэх эрхтэй. Гэрээнд орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх байсан бөгөөд орон сууцыг хэзээ хүлээлгэн өгсөн болох нь хүлээн авсан талаарх баримтаас харагдаж байна. Х.Г ХХК-ийн тухайд мөн адил гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Тэгэхээр үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагч үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар анз төлөх үүрэг хүлээхгүй. Мөн зохигчид төлбөр төлөх хугацаагаа тохирч захиалагч нар төлбөрөө хувааж төлж байсан ба Иргэний хуулийн 236 дугаар зйүлийн 236.5-д заасан шаардлагыг хангаагүй тул алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

             Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                               

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.А, Н.Ц, О.Б, П.Ц нар Х.Г ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүнд 19.978.000 төгрөг гаргуулах, Х.Г ХХК Н.А, О.Б нарт холбогдуулан алдангид  10.756.000  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.          

 

Х.Г ХХК нь Н.Атай 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, Н.Цтой 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, О.Бтэй 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, П.Цтай 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус тус орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Н.А  98.9 м.кв талбай бүхий орон сууцыг 138.460.000 төгрөгөөр, Н.Ц 94.55 м.кв талбай бүхий орон сууцыг 132.370.000 төгрөгөөр, О.Б 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг 138.460.000 төгрөгөөр, П.Ц 52.64 м.кв талбай бүхий орон сууцыг 73.696.000 төгрөгөөр худалдан авах, гүйцэтгэгч Х.Г ХХК гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр тохирсон болох нь тэдний хооронд байгуулсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Дээрх гэрээнүүдийн дагуу Х.Г ХХК нэхэмжлэгч нарт захиалсан орон сууцыг хүлээлгэн өгч, захиалагч нар төлбөрөө төлж, хэн аль нь гэрээний үүргээ биелүүлсэн боловч гүйцэтгэгч Х.Г ХХК дутуу талбайтай орон сууц /доголдолтой хөрөнгө/ шилжүүлсэн гэж талбайн зөрүүнд нэхэмжлэгч нар нийт 19.978.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээ, түүний зөрүүг мэдэх боломжтой байсан, түүнчлэн хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа болно.

 

Зохигчдын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь Рапид харш хорооллын 25 дугаар байрны 63, 25 дугаар байрны 25, 27 дугаар байрны 142, 27 дугаар байрны 39 тоот орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцуудыг Н.А, Н.Ц, О.Б, П.Ц нарын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т... “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба хариуцагч Х.Г ХХК орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгсөн боловч биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн гэж маргаж, нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний байгууллагаар хэмжилт хийлгэхэд дээрх 4 орон сууцны талбайн хэмжээ дутуу, м.кв-ын зөрүүтэй байснаас  Н.А 3.43 м.кв-ын зөрүү үнэ 4.802.000 төгрөг, Н.Ц 4.88 м.кв-ын зөрүү үнэ 6.832.000 төгрөг, О.Б 3.88 м.кв-ын үнэ 5.432.000 төгрөг   П.Ц  2.08 м.в-ын зөрүү үнэ 2.912.000 төгрөгийг тус тус нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

 Х.Г ХХК нь Н.А, Н.Ц, О.Б, П.Ц нартай  2011 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, тус компани 2012 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээж, улмаар орон сууцыг  Н.Ат 2013 оны 3 дугаар сард, Н.Цт 2013 оны 5 дугаар сард, П.Цт 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, О.Бд 2013 оны 5 дугаар сард тус тус хүлээлгэн өгсөн нь байр хүлээлцэх акт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээр нотлогдож байх ба дээр дурдсан нотлох баримт, хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд Х.Г ХХК, нэхэмжлэгч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

          Орон сууц захиалан бариулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, зохигчид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т...” Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй”, 349 дүгээр зүйлийн 349.1-т... “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгч нарыг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд зааснаар /6 сар, нэг жилийн хугацаанд/ гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т... “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасантай нийцэж байгаа, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар гэрээний дагуу болон сууцаа хүлээн авахдаа шалгаж авах байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

 

  Харин нэхэмжлэгч тал хариуцагчийг Иргэний хуулийн 349.1-т гомдлын шаардлага гаргах 3 хугацааг тодорхой заасан байхад зөвхөн 6 сар, нэг жилийн хугацаанд гаргана гэсэн хугацааг салган авч, өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, “...барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасныг үгүйсгэж өөрөөр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д...”Барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтэц.... зэрэг хэвийн ашиглалтын хугацаа 3-аас доошгүй жил байна” гэж зааснаар нэхэмжлэлээ гаргасан гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд дээрх хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө уг орон сууцны м.кв-ыг тусгай зөвшөөрөл бүхий компаниар хэмжүүлсэн гэж хоёр байгууллагын шинжээчийн дүгнэлт ирүүлсэнд хариуцагч тал эргэлзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар Тоонот констракшн ХХК, түүнчлэн дээрх орон сууцнуудыг тагтай эсвэл верандтай баригдсан эсэхийг тодруулах хүсэлт гаргаснаар Тод үнэлгээ ХХК шинжээчээр тус тус ажиллаж, дүгнэлтээ ирүүлсэн байна.

 

Тоонот констракшн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр: Н.Ат хүлээлгэн өгсөн Рапид харш хотхоны 25 дугаар байрны 25 тоот орон сууцны хэмжээ 89.92 м.кв буюу 3.43 м.кв-ын, Н.Цт хүлээлгэн өгсөн 25 дугаар байрны 63 тоот орон сууцны хэмжээ 95.85 м.кв буюу 4.88 м.кв-ын, О.Бт өгсөн 27 дугаар байрны 142 тоот орон сууцны хэмжээ 95.14 м.кв буюу 3.88 м.кв-ын, П.Цт хүлээлгэн өгсөн 27 дугаар байрны 39 тоот орон сууцны хэмжээ 50.83 м.кв буюу 2.08 м.в-ын зөрүүтэй байгааг тогтоож,

 

Тод үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр:  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхон, 25 дугаар байрны 63, 25, 27 дугаар байрны 142, 39 тоот орон сууцнууд нь верандтай биш “...тагттай...” болохыг тогтоож, тус тус холбогдох баримтыг хавсаргаж, дүгнэлтийг ирүүлсэн байна.

 

          Дээрх шинжээчдийн дүгнэлт хууль зөрчсөн, эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хариуцагч тал шинжээчийн дүгнэлттэй танилцаж, уг дүгнэлтийн талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасан  журмын дагуу гомдол гаргаагүй болно.        

         

  Нэхэмжлэгч нар хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт байгаа, шүүхийн журмаар томилсон шинжээчийн дүгнэлт нь нөгөө 2 дүгнэлтээс  м.кв-ын зөрүү арай бага боловч шүүхийн журмаар томилсон Тоонот констракшн ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж, талбайн зөрүүг нэхэмжилж байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” Монгол Улсын стандарт MNS 6058:2009-ыг  үндэслэн гаргасан мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Х.Г ХХК-иас 18.928.000 төгрөг гаргуулж, Н.Ат /3.32х1.400.000/=4.648.000 төгрөг, Н.Цт /4.63х1.400.000/=6.482.000 төгрөг, П.Цт /1.81х1.400.000/=2.534.000 төгрөг, О.Бд /3.76х1.400.000/=5.264.000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.050.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Х.Г ХХК нь О.Бөөс алдангид 6.489.000 төгрөг, Н.Ааас 4.267.000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаардсныг шүүх дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Х.Г ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Н.Атай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг 138.460.000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг гэрээнд зааснаар 2011 оны 10 дугаар сарын 27-нд 26.000.000, 10 дугаар сарын 30-нд 15.500.000, 2012 оны 6 дугаар сарын 27-нд 41.500.000, 12 дугаар сарын 30-нд 55.460.000 төгрөг тус тус төлөхөөр, О.Бтэй 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг 138.460.000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг гэрээнд зааснаар 2011 оны 8 дугаар сарын 31-нд 5.000.000, 2011 оны 9 дүгээр сарын 20-нд 36.538.000, 2012 оны 8 дугаар сарын 20-нд 41.538.000, 2012 оны 12 дугаар сарын 30-нд 55.334.000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцжээ.

 

          Хариуцагч Х.Г ХХК нь Н.А, О.Б нартай төлбөр төлөх хугацаан дээр тохирч, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохирсон, гэтэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэж тайлбарлан Н.Ааас 4.267.000 төгрөг, О.Бөөс 6.489.000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

          О.Б, Н.А нарын өмгөөлөгч нь захиалагч нар орон сууцны үнийг төлснөөр төлбөр тооцоог дуусгаж, гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгч, улсын бүртгэлийн гэрчилгээг авсан, хэдийгээр гэрээнд заасан хугацаанаас зарим нэг төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн боловч гүйцэтгэгч орон сууцыг хугацаандаа барьж хүлээлгэн өгөөгүйгээс мөнгө төлөх хугацаа адил хойшилсон, үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн нь хүү, анз авах эрхээ алдана, түүнчлэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5-д заасан шаардлагыг биелүүлээгүй тул алданги нэхэмжлэх шаардах эрхгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

 

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т... “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран дараахь үүрэг үүснэ, 224.2.3-т... “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз, авах эрхээ алдана гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гүйцэтгэгч Х.Г ХХК орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч, захиалагч нарт орон сууцыг хугацаа хэтрүүлж, 2013 оны 3 дугаар сараас хүлээлгэн өгсөн нь нотлогдож байх ба дээрх үндэслэлээр хариуцагч тал анз төлөхөөс татгалзаж байгааг буруутгах боломжгүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 236 дугаар зүлийн 236.5-д... “ Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээнд төлбөрийг тодорхой хугацаанд хувааж төлөхөөр тохирч О.Б, Н.А нар зарим төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж төлсөн боловч, сүүлийн төлбөрийг төлөх үед ямар нэгэн хүү, алданги тооцох талаар тооцооны маргаан гараагүй, төлбөр тооцоог дуусгаж, орон сууцыг хүлээлгэн өгч, улсын бүртгэлийн гэрчилгээ тэдний нэр дээр гарсан болох нь нотлогдож байх тул захиалагч нараас орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг биелүүлээгүй гэж алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд Х.Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр дээрх орон сууцнуудын талбайн хэмжээг тогтоолгохоор Тоонот констракшн ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн ажлын хөлс 912.285 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Г ХХК-иас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.448 төгрөг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр төлсөн 85.000 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Г ХХК-иас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч тус бүрт олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                      

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Х.Г ХХК-иас 18.928.000 төгрөгийг гаргуулж Н.Ат 4.648.000 төгрөг, Н.Цт 6.482.000 төгрөг, О.Бд 5.264.000 төгрөг, П.Цт 2.534.000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.050.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Н.Ааас 4.267.000 төгрөг, О.Бөөс 6.489.000 төгрөг гаргуулах тухай Х.Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.448 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээр төлсөн 85.000 төгрөгийг  улсын төсөвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Г ХХК-иас 362.648 төгрөгийг гаргуулж Н.Ат 89.318 төгрөг, Н.Цт 118.662 төгрөг, О.Бд 99.174 төгрөг, П.Цт 55.494 төгрөгийг тус тус олгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Х.Г ХХК-иас 912.285 төгрөгийг гаргуулж Барилгын зураг төслийн Тоонот констракшн ХХК-д олгосугай.  

 

5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                        Д.ДАВААСҮРЭН