| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2019/0383/З |
| Дугаар | 378 |
| Огноо | 2019-06-17 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 378
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “БДС” ХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Э , Ц.Э .
Гомдлын шаардлага: “...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайханзаяа, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Ц.Э, Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: “...“БДС” ХК нь Багануур дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангаж ажилладаг төрийн өмчит компани юм. Эрчим хүчний үнэ тарифыг төрөөс зохицуулдаг тул эрчим хүчний компаниудын алдагдлыг багасгах, үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх зорилгоор улсын төсвөөс татаас олгодог боловч татаасны мөнгийг Сангийн яамнаас ямагт хугацаа хожимдуулж шилжүүлдэг байна.
Гэтэл дулааны станцын үйлдвэрлэл тасралтгүй явагддаг, нэг хоног ч зогсоож болохгүй онцлогтой билээ. Иймд борлуулалтын орлогын мөнгөн хөрөнгийг эхний ээлжид үйлдвэрлэлээ тасалдуулахгүй явуулах, ажилтнуудын цалин хөлсийг хугацаанд нь тавихад зарцуулж иржээ. Харин татаасны мөнгө орж ирсэн даруйд татварын төлбөрүүд болон бусад шаардлагатай зардлуудаа санхүүжүүлдэг байна. Зүйрлэж тайлбарлавал, төрийн өмчит компани улсын төсөвт татвар төлөх үүрэгтэй, эргээд улсын төсвөөс татаас авдаг гэдэг нь төрийн нэг халааснаас нөгөө халаас руу хийж байгаатай чанарын ялгаагүй билээ. Тиймээс татаасны мөнгө хожимдож орж ирснээс шалтгаалан татварыг 1-30 хоног хугацаа хожимдуулж төлсөнд татварын байцаагчид торгууль, алданги ногдуулж, төрийн өмчит компанийн хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, алдагдлыг нэмэгдүүлэхэд хүргэж байгаа нь зохимжгүй юм.
Энд анхааруулахад, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4.3-д “тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож тодорхойлсон эсэх”-эд татварын алба хяналт тавих үүрэгтэй гэж заасан байтал, сар бүр НӨАТ-ын тайланг гаргаж өгч байхад нь зөрчилгүй хэмээн хүлээн авч байсан байдаг. Татварын улсын байцаагчид бодит байдлыг зөв тогтоогоогүй, татварын тайлангаа тогтмол өгч, татвараа төлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан татвар төлөгчийн Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан хууль ёсны эрх, ашиг зөрчсөн байна. Тухайн компанийн зохион байгуулалт, аж ахуйн үйл ажиллагааны онцлог, бүтээгдэхүүн үйдвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдалд анхаараагүйгээс алдаатай дүгнэлт хийжээ.
Дээрх бүгдээс үзэхэд, компани гэм буруугүй байтал татварын байцаагчид хэт нэг талыг барьж төлбөр тавьсан нь хууль зүйн болон эдийн засгийн хувьд үндэслэлгүй байна. Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын - нөөц . ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна.., 12.2-т Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно” гэж заасан.
а/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна. 5.2. Энэ хуулийн 5.1-д заасан албан татвар төлөгчийг Монгол Улсад байнга байрладаг, байрладаггүй албан татвар төлөгч гэж ангилна. 5.3.Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна: 5.3.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж” гэж заасан,
б/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.., 5.2.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” гэж заасныг үзвэл “Б*******” ТӨХК нь татварын тайлангаа хуулийн хугацаанд өгч, хуульд заасан хугацаанд татвараа төлөх үүрэгтэй бодохыг дээрх хуулиудад тодорхой заасан байна.
“Б*******” ТӨХК нь Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуйн нэгж мөн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 43.5-д заасан “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж заасан заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Нөгөө талаар татвар төлөгч хувь. хүн, аж ахуйн нэгж, төрийн өмчийн компаниудыг эрчим хүчний, уул уурхайн, мал аж ахуйн гэх мэт ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлдгээс хамаарч татвар төлөгчийг тодорхойлоогүй бөгөөд татвар төлөх хугацааг ч ялгавартай авч үзэх, хууль эрх зүйн заалт, зохицуулалт байхгүй болно.
Гомдол-1. Татвар төлөгч гомдолдоо “Эрчим хүчний үнэ тарифыг төрөөс зохицуулдаг тул эрчим хүчний компаниудын алдагдлыг багасгах, үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх зорилгоор улсын төсвөөс татаас олгодог боловч татаасны мөнгийг Сангийн яамнаас ямагт хугацаа хожимдуулж шилжүүлдэг байна. Гэтэл дулааны станцын үйлдвэрлэл тасралтгүй явагддаг, нэг хоног ч зогсоож болохгүй онцлогтой билээ. Иймд борлуулалтын орлогын мөнгөн хөрөнгийн эхний ээлжинд үйлдвэрлэлээ тасалдуулахгүй явуулах, ажилтнуудын цалин хөлсийг хугацаанд нь тавихад зарцуулж иржээ. Харин татаасны мөнгө орж ирсэн даруйд татварын төлбөрүүд болон бусад шаардлагатай зардлуудаа санхүүжүүлдэг байна” гэсэн байна.
Тайлбар-1: Татварын хяналт шалгалтаар 2015 онд 1.1 тэрбум, 2016, 2017 онд тус бүр 1.0 тэрбум төгрөгийн татаасыг Сангийн яамнаас олгосныг “Б*******” ТӨХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын сар бүрийн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын улирал, жилийн эцсийн тайланд тусгагдсан байдаг. Тус компанийн 2015 оны борлуулалтын орлогын 20.64 хувийг, 2016 оны борлуулалтын орлогын 17.4 хувийг, 2017 оны борлуулалтын орлогын 16.4 хувийг Сангийн яамнаас санхүүжүүлсэн татаасны орлого бүрдүүлдэг бөгөөд нийт борлуулалтын орлогын 79.3-83.6 хувийг өөрсдийн үйл ажиллагааны борлуулалтын орлого эзэлж байна. Иймд Сангийн яамнаас татаасны мөнгө хугацаа хожимдож орж ирдгээс шалтгаалан татварыг хугацаандаа төлж чаддаггүй гэж үзэх нь үндэслэлгүй байна. Нэмж тайлбарлахад “Б*******” ТӨХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд ирүүлэх, ирүүлсэн тайлангаар татвар ногдуулах орлоготой, татвар төлөхөөр тайлагнасан бол төлөх хугацааг Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 2006 оны болон 2015 онд шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн‘албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1 дэх хэсэгт заасан байна. Эдгээр хуулийн зүйл заалтуудыг дээр дэлгэрэнгүй тэмдэглэж бичсэн болно. Мөн хавсралтаар нэмэгдсэн өртгийн албан татварын 2015, 2016, 2017 оны сар бүрийн тайлангаарх нийт борлуулалтын орлого, татаасны орлогын мэдээг хүснэгтээр хүргүүлж байна.
Гомдол-2: Төрийн өмчит компани улсын төсөвт татвар төлөх үүрэгтэй, эргээд улсын төсвөөс татаас авдаг гэдэг нь төрийн нэг халааснаас нөгөө халаас руу хийж байгаатай чанарын ялгаагүй билээ. Тиймээс татаасны мөнгө хожимдож орж ирснээс шалтгаалан татварыг 1-30 хоног хугацаа хожимдуулж төлсөнд татварын байцаагчид торгууль, алданги ногдуулж, төрийн өмчит компанийн хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, алдагдлыг нэмэгдүүлэхэд хүргэж байгаа нь зохимжгүй юм гэсэн байна.
Тайлбар-2: “БДС” ТӨХК нь Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд мөн бөгөөд татвар төлөх үүрэгтэй болно. Улсын төсвийн санхүүжилт, татаас, урамшуулалд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ 7.1 Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ; 7.2 Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна: 7.2.15-д (өрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал; гэж заасан учир татвар ногдуулж төлөхөөр байна.
Гомдол-3: Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4.3-д “тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож тодорхойлсон эсэх”-д татварын алба хяналт тавих үүрэгтэй гэж заасан байтал, сар бүр НӨАТ-ийн тайланг гаргаж өгч байхад зөрчилгүй хэмээн хүлээн авч байсан байдаг гэсэн байна.
Тайлбар-3: Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана. 47.2-д Татварын хяналт шалгалтыг татварын алба хийж гүйцэтгэнэ. 47.3.1-д татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх нөхцөлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг тогтмол хөтөлж, татварын тайлангаа хугацаанд нь гарган тушааж, татвараа төлж буй эсэхийг тогтоох” гэж заасныг үндэслэн “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21180300117 тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Гомдол-4: Татварын улсын байцаагчид бодит байдлыг зөв тогтоогоогүй, татварын тайлангаа тогтмол өгч, татвараа төлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан татвар төлөгчийн Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн байна” гэсэн байна.
Тайлбар-4: Мөн Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл “Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”-ийн 14.2-т ’Татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно гэж заасан байгаа нь дээрх удирдамж, томилолтоор татварын хяналт шалгалтыг хийсэн нь татварын алба, татварын улсын байцаагч нар тухайн компанийн хууль ёсны эрх ашгийг, зөрчөөгүй болох нь нотлогдож байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “БДС” ХК нь “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар” нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нар гомдол гаргагч “БДС” ХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийж, татварын улсын байцаагчдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02******* тоот шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “БДС” ХК-ийг “татварыг хуулийн хугацаанд төлөөгүй” гэх үндэслэлээр нийт 88,248,491.50 төгрөгийг төлүүлэх шийтгэл ногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцагч нар дээрх маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлтэй байна.
Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа, ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.1-д “Тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-д зааснаар ... жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн заалтын дагуу татвар төлөгч “БДС” ХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх учиртай.
Хавтаст хэрэгт авагдсан татварын улсын байцаагч нарын “Б*******” ХК-ийн 2015, 2016, 2017 оны дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын торгууль, алданги ногдуулсан тооцооны маягтаас үзэхэд тус компани нь хуульд заасан хугацаанд татваруудаа төлж байгаагүй болох нь тогтоогдож байхын зэрэгцээ нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой маргадаггүй, харин хугацаа хэтрүүлсэн байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарладаг.
Тодруулбал, гомдол гаргагчаас “дулааны станцын үйлдвэрлэл тасралтгүй явагддаг, нэг хоног ч зогсоож болохгүй онцлогтой. Иймд борлуулалтын орлогын мөнгөн хөрөнгийг эхний ээлжинд үйлдвэрлэлээ тасалдуулахгүй явуулах, ажилтнуудын цалин хөлсийг хугацаанд нь тавихад зарцуулж ирсэн, харин татаасны мөнгө орж ирсэн даруйд татварын төлбөрүүд болон бусад шаардлагатай зардлуудаа санхүүжүүлдэг. Татаасны мөнгө хожимдож орж ирснээс шалтгаалан татварыг 1-30 хоног хугацаа хожимдуулж төлсөнд татварын байцаагчид торгууль, алданги ногдуулж төрийн өмчит компанийн хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, алдагдлыг нэмэгдүүлэхэд хүргэж байна” гэжээ.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д заасны дагуу “БДС” ХК нь татвар төлөгчийн хувьд татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байтал дээрх үүргээ биелүүлээгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татварыг хожимдуулж төлөх нь алдангиас чөлөөлөх боломжтой талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй байна.
Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...ямар тохиолдолд хөнгөлж, чөлөөлдөг тухай татвар төлөгчид зөвлөгөө өгөх ёстой, татварын албаны буруутай үйл ажиллагаа байгаа ... 60 хоногоор сунгуулах тухай албан бичгээ 10 хоногийн дотор өг гэж зөвлөх ёстой. Гэтэл тэгж зөвлөөгүй” гэжээ.
Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ...хуульд заасан хугацаанд татварын өрийг төлж чадахааргүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар хугацааг нь 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно” гэж заасан байх бөгөөд гомдол гаргагчаас энэ талаар хүсэлтээ Татварын ерөнхий газарт гаргаагүй байхын зэрэгцээ хууль мэдэхгүй байх нь дээрх актад дурдсан алдангиас чөлөөлөх үндэслэл биш болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “БДС” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “БДС” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА