Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 388

 

Ч.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0584 дүгээр магадлалтай, Ч.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Б.Сарантуяа, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Отгонцэцэг нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: 1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.4, 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Сарантуяа, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Отгонцэцэг нараас дахин шинэ акт гарах хүртэл Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/16 тоот  “Ээлжийн амралтын тооцоо хийх тухай”, нийгмийн хамгааллын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23-06-040/17 тоот “Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай” актыг тус тус 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Төмөрбаатарын Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Сарантуяад холбогдуулан гаргасан “2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд төлсөн 70200, нийгмийн хамгааллын улсын байцаагч Л.Отгонцэцэгт холбогдуулан гаргасан “2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-40/17 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 дугаар улсын байцаагчийн акт, нийгмийн хамгааллын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-40/17 дугаар актыг тус тус хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0584 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Сарантуяа, Л.Отгонцэцэг нар анхнаасаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн акт гаргасан. Иргэн Н.Даваасүрэн бид 2 хоёулаа хуулийн өмнө эрх, тэгш байх ёстой атал зөвхөн намайг буруутгасанд би гомдолтой байна. Н.Даваасүрэн нь ялгаагүй бас л дэлгүүр ажлуулж байсан, дэлгүүрт нь түүний ээж н.Наранцэцэг худалдагчаар, өөрөө барааг борлуулдаг юм.

Хуулийг зөрчиж хэн ч болохгүй гэтэл, намайг хөдөлмөрийн гэрээг хийсэн байна гэж анхан шатны шүүх үзсэн, үүнийг давж заалдах шатны шүүх зассангүй. Хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр хийсэн хэлбэржсэн байхыг хууль санаачлагч нар хуульд тусгажээ. Харин иргэн Н.Даваасүрэн бид 2 хоорондоо амаар “хэлцэл” хийсэн хөлсөө тохирсон, тэр талаар ямар ч маргаангүй 3-4 жил болсон. Тэгээд Н.Даваасүрэн нь миний өмнө амаар тохирсон хэлбэрээ зөрчиж, ... бараа борлуулж байхдаа ашиглаад хохирол учруулж бас машин эд зүйлээ шатаах гэсэн оролдлого гараад цагдаад шалгуулах болсон, улмаар улсын байцаагч Б.Сарантуяад хандаж, тэр нь албан тушаал эрх мэдлээрээ түүнд тусалдаг, тэгээд акт дүгнэлт гаргадаг нь шударга ёсонд нийцэхгүй байгаад гомдолтой байна. Улсын байцаагч Б.Сарантуяа надтай уулзаад дүгнэлт гаргах боломжгүй юм. Надад ямар ч цалингийн цэс болон гэрээний холбоотой ямар ч баримт байхгүй. Нэг ёсондоо үзүүлэх юм алга. Улсын байцаагч Л.Отгонцэцэг нь надтай ерөөсөө уулзаагүй юм. Зөвхөн Б.Сарантуяа байцаагчийн зөвлөснөөр акт гаргасан юм.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд гомдол гаргагч иргэн нь гомдолдоо хавсаргах ёстой баримтаа заавал хавсаргах ёстой байтал тийм юм юу ч үгүй байхад шууд түүнд тусалж, улмаар акт үйлдэж, дүгнэлт гаргаж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна.

Н.Даваасүрэнгийн гомдох хугацаа дууссан байхад заавал акт үйлдэх ёстой юу гэдэгт би эргэлзэж байна. Би Н.Даваасүрэнд яахаараа цалинг олгоогүй, яахаараа мөнгө өгөөгүй, яахаараа амралт эдлүүлээгүй зэргийг ойлгохгүй байна. Улсын байцаагч Б.Сарантуяа нь “Н.Даваасүрэнгээс та юуг нь авдаг юм бэ? Юу ч үгүй шүү дээ” гээд өмөөрөөд намайг элдвээр дарамтлаад байгаагаас үзэхэд энэ акт, дүгнэлт хувийн сонирхолтой мэт надад санагдаж байгаа юм.

Анхан шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй акт болон дүгнэлтийг давж заалдах шатны шүүх дүгнэж чадаагүй. Намайг 5 үндэслэлээ тайлбарлаж чадаагүй гэдгээр хэвээр баталж, байгаад би гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг сайн нягталж актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 дугаар “Ээлжийн амралтын тооцоо хийх тухай” актаар амралтын олговор 849999 төгрөг Ч.Төмөрбаатараас гаргуулж, Н.Даваасүрэнд олгох,

 “Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай” Нийгмийн хамгааллын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 дугаар актаар 5,197.500 төгрөгийг нийгмийн даатгалын холбогдох дансанд нөхөн төлүүлэхийг “Өсөх идэр” дэлгүүрийн эзэн Ч.Төмөрбаатарт хариуцуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дээрх маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Ч.Төмөрбаатар шүүхэд гаргасан, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээний асуудлаар хэргийн оролцогчид  маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчид олгож байсан цалингийн талаарх баримтууд эргэлзээтэй, Н.Даваасүрэн нь 7 хоногт хэдэн цаг ажиллаж, ямар цалин авч байсан нь тодорхой биш, энэ талаарх нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зөрүүтэй байна.

Шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд дээрх нотлох баримтууд зайлшгүй шаардлагатай, хариуцагчийн зүгээс хяналт шалгалтыг хийхдээ холбогдох баримтыг нягтлан шалгаагүйгээс шүүх нотлох баримт бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргаан бүхий Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 23-06-025/16, Нийгмийн хамгааллын улсын байцаагчийн мөн оны 23-06-040/17 дугаар актуудыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцсэн байх тул “... нотлох баримтыг зөв дүгнээгүй...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/584 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийнорлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

    ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ