Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2223

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, ******* тоотод оршин байх “И*******” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо 13 дугаар хороолол ******* тоотод оршин байх “Э*******” ХХК-нд холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 664.072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны оршин суугчид 2013 оны 9 дүгээр сарын 15-нд болсон бүх гишүүдийн хурлаас СӨХ байгуулагдах шийдвэр гаран 2013 оны 12 дугаар сарын 01-нээс “И*******” СӨХ үйл ажиллагаагаа эхэлсэн. “И*******” СӨХ нь 75 дугаар байранд сууц өмчлөгч 200 гишүүнтэй. Тус холбооны гишүүн 14 ба 217 тоотын өмчлөгч “Э*******” ХХК захирал Г.Одгэрэл нь 2015 оны 7 дугаар сараас эхлэн 2017 оны 6 дугаар сар хүртэл 14 тооттой холбоотой нийт 24 сарын СӨХ-ны төлбөр болох 477.552 төгрөг, 217 тооттой холбоотой 182.720 төгрөг нийт 660.272 төлөөгүй байгаа болно. 14 тоотод оногдох төлбөрийг бусад СӨХ-ны нэг сарын төлбөр нь 19.898 төгрөг. Уг тоотод хамаатай нэг сард оногдох төлбөрийг бусад СӨХ-ны жишиг дундажыг баримтлан тогтоосон ба тухайн ******* тоотод хамаарах орон сууцны талбайн м.кв-ыг үндэслэн засвар үйлчилгээнд 8748 төгрөг, лифтний үйлчилгээнд 5000 төгрөг, цэвэрлэгээнд 2500 төгрөг, хог 2000 төгрөг, гэрэлтүүлэг 1500 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг байхаар мөн 217 тоотод хамаарах орон сууцны м.кв-ыг үндэслэн засвар үйлчилгээнд 14.698 төгрөг, лифтний үйлчилгээнд 5000 төгрөг, цэвэрлэгээнд 2500 төгрөг, хог 2000 төгрөг, гэрэлтүүлэг 1500 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг байхаар тус тус бүх гишүүдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд СӨХ-ны удирдах зөвлөл тогтоосон байдаг. Өмчлөгч Г.Одгэрэлийн төлөх дээрх тооттой холбоотой СӨХ-ны төлбөр нь тухайн сар бүр шууд зардлаар тухайн тоотуудад хамааран авдаг үйлчилгээний төрөлд хүрдэггүй. Энэ тухай ултай тооцох, сонсохыг ч хүсдэггүй, удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан. Санхүү эрхэлсэн захирал Оюунчимэгтэй энэ талаар утсаар, албан бичгээр болон биечлэн уулзаж ярилцаж байсан. Тухайн нэг өрхөд оногдох зардлыг тооцон үзвэл лифт хариуцсан мэргэжлийн байгууллагаас авдаг үйлчилгээнд нэг сард дунджаар 10.000 төгрөг СӨХ-ны ажиллагчдын цалингийн зардалд 10.700 төгрөг, хог тээвэрт 2000 төгрөг, дундын өмчлөлийн орон зайн халаалт, усны хэрэглээнд дунджаар 1000-2000 төгрөг, бусад зардалд 2000 төгрөг гардаг талаар дараах тооцоог хийн 2016, 2017 онд удаа дараа биечлэн уулзаж, утсаар ярин танилцуулж ярилцсан боловч өөрийн өмчлөл дэх 14 тоотод оногдох СӨХ-ны төлбөр болох нэг сарын 19.898 төгрөг нийтдээ нийт 24 сарын СӨХ-ны төлбөр болох 477.552 төгрөг, 217 тоотод хамаарах 182.720 төгрөг нийт 660.272 төгрөгийг төлөхгүй байсаар “И*******” СӨХ-ны санхүүд хүндрэл учруулж, дундын өмчлөлийн орон зайд урсгал засвар, үйлчилгээ хийх боломжгүй болгож, төлбөрөө хугацаандаа төлдөг бусад гишүүдийн эрх ашгийг хохироож байна. Иймд “Э*******” ХХК-иас 14 тоотод оногдох 24 сарын СӨХ-ны төлбөр 477.552 төгрөг, 217 тоотод оногдох 182.720 төгрөг нийт 660.272 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 217 тоотод оногдох 182.720 төгрөгийг төлсөн тул 14 тоотод оногдох 477.552 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И*******” СӨХ-ны нэхэмжлэлтйн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* тоот ба 217 тоот байрнуудын СӨХ-ын төлбөр болох 664.072 төгрөгийг гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ. 75 дугаар барилгыг манай “Э*******” ХХК ерөнхий захиалагчаар ажиллан хөрөнгө оруулагчаар “Э*******” ХХК орж уул барилгыг барьж 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулж орон сууцнуудыг тухайн жилдээ борлуулж дууссан. Дээр дурдсан 14 тоот болон 217 тоот байрнууд нь манай компаний өмчлөлийн байр биш болно. Иймд манай компани энэхүү хэргийн хариуцагч биш болно гэв.         

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч “Э*******” ХХК-д холбогдуулж дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 660.272 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 182.720 төгрөгөөр багасгаж 477.552 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч хариуцагчийг “Э*******” ХХК гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хүсэлт гаргаагүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно” гэж заасан.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны оршин суугчдын хурлын тогтоолыг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга “И*******” Сууц өмчлөгдчийн холбоо”-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэж 61 дугаартай гэрчилгээг олгосон байна./х.х-ийн 5 дугаар тал/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй, сууц өмчлөгчдийн санаачлагаар байгуулагддаг хуулийн этгээдийн эрхгүй байгууллага боловч иргэний эрх зүйн харилцааны оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

Нэхэмжлэгч “И*******” Сууц өмчлөгчдийн холбооны хувьд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны орон сууц өмчлөгчөөс дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй байна.

Харин Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж зохицуулснаар орон сууцын өмчлөгчийн үүргийг тодорхойлсон.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараар “Э*******” ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ******* тоот орон сууцны өмчлөгч биш болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгсэлээр тогтоогдоно” гэж зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд, хариуцагчийн тухайн орон сууцны өмчлөгч биш гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд “Э*******” ХХК гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Нэхэмжлэгч “И*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ******* тоот орон сууцны өмчлөгчөөс дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Э*******” ХХК-иас 477.552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И*******” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ