Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2335

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Г.Амаржаргалан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЦБ56090901 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, глобын 36 байр, 3 тоотод оршин суух Борлог овогт Монголын Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 2074793 регистрийн дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, гачууртын зам Г-57 тоотод оршин байх  “Мяралзаа” ХХК-д холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5.674.744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цолмон, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ариунаа, иргэдийн төлөөлөгч Э.Бүрэнбэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Наранцэцэг миний бие 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг орчмын үед Сэлэнгэ зочид буудлын автобусны буудлаас унаанд суухаар зогсож байтал “Мяралзаа” ХХК-ийн 32-81 УНГ дугаартай автобус нэг чиглэлийн өөр нэг автобустай буудал булаацалдан шахцалдан ирж зогссон. Би 2 буудал явж Сансарын тунель орох ёстой байсан тунелийн буудал руу эргээд зогсоол дээр очихдоо огцом тоормосолсон. Энэ үед би суудлаасаа босож буухаар зэхэж бариулаас барьж зогссон байсан. Огцом тоормосолноос болж өрөөсөн гараараа барьж байсан ба гараа алдаж урагш шидэгдэж баруун эгнээний хоёрдахь сандал мөргөн унаж, цээжин бие сандал доор чихэгдсэн. Хэсэг амьсгаа авч чадахгүй хэвтэж байтал хоёр охин намайг өргөж суудалд суулгасан. Би буух буудал дээрээ бууж чадаагүй. Жолооч Цолмон зүгээр үү гэж асуучихаад зорчигчдоо авч цааш хөдөлсөн. Хөгжим бүжгийн буудал орох хүртэл арайхийн жолоочийг дуудаж, нуруу гэмтчих шиг боллоо эмнэлэг хүргээд өгөөч, цагдаад дуудаад өг гэж шаардсаны дагуу зорчигчдоо буулгаж өөр автобусанд суулгаж намайг буулгасан. Эмнэлэгт хүргээд өгөөч гэхэд надад мөнгө байхгүй гээд зогсоод байсан, шаардсаны дагуу диспетчиртэйгээ ярьж тэр нь цагдаа дуудахыг зөвлөсөн. Тэгээд цагдаа ирж гомдолтой бол өргөдлөө өг гээд явсан. Би нөхрөө дуудаж гэмтлийн эмнэлэгт автобусаар нь очиж үзүүлэхэд нуруу өвдөөд гишгэж чадахаа больж тэргэнцэрээр түрүүлж явсан бөгөөд эмнэлэгт очиж зургаа авахуулж, эм бичүүлж аваад гэртээ харьж хэвтсэн. Тэр шөнөө би цусаар бөөлжиж шоконд орж, түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдэн, яаралтай хагалгаанд норкозтой орж, сэхээний тасагт 8 хоног, эрчимт эмчилгээнд 2 хонож эмчлүүлээд өртөг зарда өндөр тул арга буюу эмнэлэгээс гэртээ гарсан. Маш их зовиуртай, тулгуур эрхтэн тул босож, хэвтэж чадахгүй хүний асрамжид байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал болон эм тариа бусад зардалд 5.674.744 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би мөнгө зээлж эмнэлгийн төлбөрийг барагдуулсан, би тэтгэврийн хөгшин хүн бие болон сэтгэлээр маш их хохирсон гэв.

 

 Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр чиглэлийн дагуу ажлаа хийж яваад, сансрын түнелийн тэнд зогсоод баруун тийш эргэсэн. Энэ үед М.Наранцэцэг гэх хүн унасан гэсэн. Сансрын тунелээр эргэхэд гэрлэн дохион дээр зогсоож, баруун эргэхэд 10-20 метрийн зайтай байдаг. Энэ хооронд хүчтэй тоормослох зай байхгүй. Би улаан гэрэл асахад зогсоод ногоон гэрэл асахад би баруун тийш эргээд харахад М.Наранцэцэг суугаа байдалтай байсан. Хүн уначихлаа гэсэн учраас би очиж, та зүгээр үү гэж асуухад миний нуруу өвдөөд байна гэж хэлсэн учраас би анхан шатны тусламжийг үзүүлж, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Нэг буудал явж байхад би буумаар байна, харимаар байна гэсэн. Би очиж та яасан бэ гэхэд нуруу өвдөөд байна гэсэн учраас би диспетчер лүүгээ ярихад энд нэг хүн нуруу нь өвдөөд байна гэнээ гэхэд цагдаа дууд гэж хэлсэн. Би цагдаа дуудаж, хүмүүсээ буулгасан. Цагдаа ирж, анхны тусламж үзүүл гэж хэлсэн учраас би автобустайгаа шууд явж, гэмтлийн эмнэлэгт очиж зургийг нь авахуулсан. Эмч үзэж, угаасаа нурууны 4-р үеийн суулттай юм байна гэж хэлсэн. Томо графикт толгой, нуруу, сээрээ харуул гэж хэлсэн. Мөн эмч хэвтрийн дэглэм сахи гэж хэлсэн учраас би гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь М.Наранцэцэг эгч залгаж, мөнгө их хэрэг болох нь дээ гэж хэлсэн. Манай автобус тоноглосон автобус байсан учраас М.Наранцэцэг эгч өөрөө барьж явах ёстой байсан. Тэр үед автобусны суудал хоосон байсан. М.Наранцэцэг эгчийн дүү нь залгаж, чиний ясыг чинь цайлгана гэх мэтээр дарамталсан. Дараа нь охин нь над руу залгаж, танай бааз руу чинь ярьсан. Чиний ажлыг чинь хийлгэхгүй гэсэн. Би өвөлжин ажил хийлгээгүй, цагдаагийн хэсэг дээр байсан. Ийм л зүйл болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М.Наранцэцэг автобусны бичлэг яагаад байдаггүй юм бэ гэж хэлж байна. Гэтэл нэхэмжлэгч талаас бичлэг гаргуулах хүсэлт тавиагүй. Бид М.Цолмон үнэхээр буруугүй юм шүү гэдгийг нотлохыг тулд замыг бичлэг, автобусны бичлэгийг шүүлгээд үзэхэд бичлэг байгаагүй учраас харсан хүнээр нь бид гэрчлүүлсэн. Бүх автобус хурдалж явдаг гэх мэтээр бусдын жишгийг дагуулж, нэг хүнд бурууг тохож болохгүй. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой асуудал яригдаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд 2 тал хариуцлага хүлээж оролцдог. Ямар нэгэн асран хамгаалагч байхгүй онцгой харилцаа юм. Нэхэмжлэгч өөрөө автобусны бариулаас барилгүй явж байгаад автобусанд унасан нь миний буруу биш гэж хэлж байна. Автобусанд сууснаараа унаж бэртэж, үүний хариуцлагыг жолооч үүрнэ гэдэг зүйл байхгүй. Хууль зүйн үндэслэл байх ёстой. Эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзсан тогтоол шүүхэд нотлох баримтаар ирсэн байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг харахад М.Наранцэцэг гэдэг хүний хэлсэн зүйл бүгд байдаг. Өөрөөр хэлбэл унаад бэртсэн гэх гомдлоо ярьсан. М.Цолмон нь автобусны картаа уншуулж байхдаа өөрөө аюулгүй байдлаа хангаагүй байна. Карт уншуулсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Талуудын тайлбар байдаг. Цагдаагийн байгууллага шалгаж, бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Ямар хууль зүйн үндэслэлээр гэм хор, хохирол учруулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэдгээ өмгөөлөгч нь тайлбарлаж яриагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Наранцэцэг нь хариуцагч “Мяралзаа” ХХК-нд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5.674.744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч осол гаргасан гэм буруугийн талаар маргаж байна.

Нэхэмжлэгч М.Наранцэцэг нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүрэг “Сэлэнгэ” зочид буудлын автобусны буудлаас хариуцагч “Мяралзаа” ХХК-ийн 32-81 УНГ улсын дугаартай автобусаар зорчиж яваад автобус тоормозлосны улмаас унаж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2476 тоот дүгнэлт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1649 дугаартай “Прокурорын тогтоол” зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 49-51, 132-133 дугаар тал/

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч М.Наранцэцэгийн биед тодорхой хэмжээний сөрөг үр дагавар учирсан буюу хохирсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх боловч тухайн үр дагаврыг хариуцагч “Мяралзаа” ХХК-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс учруулсан хохирол, гэм хор мөн эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зохицуулсан нь гэм буруутай этгээдээс бусдад учруулсан гэм хорыг арилгах ерөнхий үндэслэл юм.

Хэн нэгний биеийн хүчний үйлчлэлээр бус тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдад гэм хор учруулсан байж болох үндэслэлүүд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тусгагдаж байх тул дээрх дурдсан ерөнхий үндэслэлээр бус

 харин тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын тусгай зохицуулалт хамаарахаар байна.

Харин тус тээврийн хэрэгслийг жолоодож буй буюу эзэмшигч этгээд нь өөрийн нэрийн өмнөөс замын хөдөлгөөнд оролцох бус бусдын өмнө хүлээсэн гэрээний үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэн тээврийн хэрэгслийг ашиглаж байсан тул тухайн ажилтнаас бусдад гэм хор учруулсан хариуцлагыг ажиллуулагч байгууллага хариуцана гэж үзэн “Мяралзаа” ХХК-ийг хариуцагчаар татсаныг буруутгах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр буюу байгууллагаас бусдад учруулсан гэм хорын үр дагаврыг арилгуулах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдсон, хариуцагчийг татсан байх бөгөөд энэ үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгээр зохицуулжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч М.Наранцэцэгийн зорчиж явсан “Мяралзаа” ХХК-ийн 32-81 УНГ улсын дугаартай автобусны жолоочоор 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус компаний ажилтан М.Цолмон ажиллаж байсан, ажил үүргээ гүйцэтгэж явсан талаар хариуцагч маргахгүй байна.

Хуульд тусгайлан зохицуулснаар ажил олгогч буюу байгууллага хариуцлага хүлээхэд “ажилтны гэм буруутай үйлдэл /эс үйлдлээр/ бусдад гэм хор учруулсан байх” хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн байх ёстой бөгөөд ажилтан буюу жолооч гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэл гаргасныг тогтоох шаардлагатай юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “Мяралзаа” ХХК-ийн 32-81 УНГ улсын дугаартай автобусны жолооч огцом тоормозлосны улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлнэ гэж тодорхойлж байх бөгөөд жолооч “огцом тоормозлосон” нь гэм буруутай үйлдэл гэж тайлбарлаж байна. 

Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагчийн гэм бурууг тодорхойлох боломжгүй байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагч хууль болон тодорхой журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1649 дугаартай “Прокурорын тогтоол”-р 32-81 УНГ улсын дугаартай автобусны жолооч М.Цолмон нь бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 132-133 дугаар тал/. Шүүх тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 00201 дугаартай шүүхийн тогтоолын дагуу ирүүлсэн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1649 дугаартай “Прокурорын тогтоол”-ыг үнэлсэн болно.

Хэдийгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд хамааруулан гэм буруугийн асуудалд дүгнэлт хийсэн нь иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл, гэм бурууд дүгнэлт хийж байгаа хэрэг биш боловч тухайн үйл баримт, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

Талуудын маргаж буй энэхүү иргэний хэргийн хувьд жолоочийн үйлдлийг гэм буруутай гэж нэхэмжлэгч тал үзэж байх бөгөөд хариуцагч гэм буруугүй гэж маргадаг.

Гэм буруутай үйлдлийг “огцом тоормозлосон” гэж тайлбарлаж байгаа ч замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хувьд хэрхэн, ямар байдлаар, ямар нөхцөлд, яагаад тоормозлосныг гэм буруутай үйлдэл гэж үзэж байгааг нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч тал тодорхойлж, нотлох үүрэгтэй бөгөөд нотолгооны хэрэгслийн хувьд зохигчийн тайлбараар гэм буруутай үйлдэл хийснийг тогтоох боломжгүй юм.

Иймд, “Мяралзаа” ХХК-ийн 32-81 УНГ улсын дугаартай автобусны жолоочийн гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байх тул уг автобусанд зорчиж явсан зорчигч М.Наранцэцэгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь жолоочийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нэгэнт нэхэмжлэгч талд учирсан үр дагавар, хохирлыг хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалсан гэм хор гэж шүүх үзээгүй тул тухайн хохиролд тодорхой ямар хохирол хамаарах, тэдгээр нь ямар нотлох баримтаар нотлогдох болон хохирлыг нотлохоор ирүүлсэн бичгийн баримтуудад шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

  Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мяралзаа” ХХК-иас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 5.674.744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.746 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                                                                                                                                                                                                                                                          Л.ЭНХЖАРГАЛ

 

 

                                                                                                                                                            ШҮҮГЧИД,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Г.АМАРЖАРГАЛАН

 

 

З.БАЯРМАА