Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2074

 

 

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/02074

 

 

М.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02335 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК -д холбогдох

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5 674 744 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Н-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “М” ХХК -ийн 32-81 УНГ дугаартай автобусаар зорчиж байтал автобус огцом тоормозолсон. Энэ үед би суудлаасаа босч, буухаар зэхэж бариулаас барьж зогссон байсан. Огцом тоормозолноос болж гараа алдаж урагш шидэгдэж баруун эгнээний хоёрдахь сандал мөргөн унаж, цээжин бие сандал доор чихэгдсэн.

Хэсэг амьсгаа авч чадахгүй хэвтэж байтал хоёр охин намайг өргөж суудалд суулгасан. Жолооч н.Цолмон “зүгээр үү” гэж асуучихаад зорчигчдоо авч цааш хөдөлсөн. Би жолоочийг эмнэлэгт хүргээд өгөөч, цагдаа дуудаад өг гэж шаардсаны дагуу зорчигчдоо  өөр автобусанд суулгаж, намайг буулгасан. “Эмнэлэгт хүргээд өгөөч” гэхэд надад мөнгө байхгүй гээд зогсоод байсан ба миний шаардсаны дагуу диспетчиртэйгээ ярихад цагдаа дуудахыг зөвлөсөн.

Цагдаа “гомдолтой бол өргөдлөө өг” гэж хэлсэн. Би нөхрөө дуудаж гэмтлийн эмнэлэгт автобусаар нь очиж үзүүлэхэд нуруу өвдөөд гишгэж чадахаа больж тэргэнцэрээр түрүүлж явсан бөгөөд эмнэлэгт очиж зургаа авахуулж, эм бичүүлж аваад гэртээ харьж хэвтсэн.

Тэр шөнө би цусаар бөөлжиж шоконд орж, түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдэн, яаралтай хагалгаанд наркозтой орж, сэхээний тасагт 8 хоног, эрчимт эмчилгээнд 2 хоног эмчлүүлээд өртөг зардал өндөр тул арга буюу эмнэлгээс гарсан.

Нуруу маш их зовиуртай, тулгуур эрхтэн тул босож, хэвтэж чадахгүй хүний асрамжид байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал болон эм тариа, бусад зардалд 5 674 744 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би мөнгө зээлж эмнэлгийн төлбөрийг барагдуулсан. Би тэтгэврийн хөгшин хүн бие болон сэтгэлээр маш их хохирсон гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жолооч М.Цолмон 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр чиглэлийн дагуу ажлаа хийж яваад автобусаар сансрын тунелийн буудлаас баруун тийш эргэхэд М.Н- унасан гэсэн. Сансрын тунелээр эргэхэд гэрлэн дохион дээр зогсоож, баруун эргэхэд 10-20 метрийн зайтай байдаг. Энэ хооронд хүчтэй тоормозлох зай байхгүй. Би улаан гэрэл асахад автобусаар зогсоогоод ногоон гэрэл асахад баруун тийш эргээд, харахад М.Н- суугаа байдалтай байсан.

Хүн уначихлаа гэсэн учраас би очиж, “та зүгээр үү” гэж асуухад “миний нуруу өвдөөд байна” гэж хэлсэн учраас би анхан шатны тусламжийг үзүүлж, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Нэг буудал явж байхад “би буумаар байна, харимаар байна” гэсэн. Би очиж “та яасан бэ” гэхэд нуруу өвдөөд байна гэсэн учраас би диспетчер лүүгээ ярихад цагдаа дууд гэж хэлсэн. Би цагдаа дуудаж, хүмүүсээ буулгасан.

Цагдаа ирж, анхны тусламж үзүүл гэж хэлсэн учраас би автобустайгаа шууд явж, гэмтлийн эмнэлэгт очиж зургийг нь авахуулсан. Эмч үзэж, угаасаа нурууны 4 дүгээр үеийн суулттай юм байна гэж хэлсэн. Томографт толгой, нуруу, сээрээ харуул гэж хэлсэн. Мөн эмч хэвтрийн дэглэм сахь гэж хэлсэн учраас би түүнийг гэрт нь хүргэж өгсөн.

Маргааш нь М.Н- залгаж, “мөнгө их хэрэг болох нь дээ” гэж хэлсэн. Манай автобус тоноглосон автобус байсан учраас М.Н- өөрөө барьж явах ёстой байсан. Тэр үед автобусны суудал хоосон байсан. М.Н-ийн дүү болон охин нь над руу залгаж сүрдүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл нэхэмжлэгч талаас автобусны бичлэг гаргуулах хүсэлт гаргаагүй. Бичлэгийг шүүлгэхэд үзэхэд бичлэг байгаагүй учраас харсан хүнээр нь гэрчлүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мяралзаа ХХК-иас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 5 674 744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 746 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэлд нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь бодит байдлаар үнэлж дүгнэж, үнэн зөв шийдвэр гаргасангүй. Нэхэмжлэгч би 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “М” ХХК -ийн 32-81 УБД дугаартай автобусанд зорчин явахад уг автобус буудал дээр огцом тоормозлосон ба би урагш шидэгдэж суудал мөргөн цээжин бие сандал дор чихэгдэн биедээ гэмтэл авсан.

Миний нурууны яс хугарч, улмаар гэмтэл авсан шөнөдөө ходоодны шарх сэдэрч цусаар бөөлжин шоконд орж Сонгдо эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орж эмчлүүлж, цаашид мөнгөний боломжгүй болсон тул эмнэлгээс гарсан. Нийт зардал 5 600 000 орчим төгрөг болсон. Шүүх М.Н- миний биед “М” ХХК -ийн жолооч М.Цолмонгийн огцом тоормозлосны улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, намайг гэмтсэнийг үнэн зөвөөр мэдүүлж буй М.Цолмонгийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн прокурорын газрын тогтоол гэх нотлох баримтаар тогтоосоор байхад хариуцагчийг гэм буруугүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд хэргийг хянан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

            Нэхэмжлэгч М.Н- нь хариуцагч “М” ХХК -д холбогдуулан эрүүл мэндийн гэм хорын хохиролд 5 674 744 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            М.Н- нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “М” ХХК -ийн 32-81 УНГ дугаартай автобусанд зорчиж байхад автобусанд унасан үйл баримт тогтоогдсон.

 

М.Н-ийн мөн өдөрт нь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, талуудын тайлбар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэг /хх 7 дахь тал/-ээр тогтоогджээ.

 

Автобус хөдөлгөөн хийж байхад М.Н- унасан нь М.Жанчивдоржийн “...жолооч автобусаар дөнгөж эргээд зогсоход зорчигч унахад нь манай жолооч очоод босгож байгааг нь харсан..., автобусны заалны голд унасан байхыг харсан...” гэх мэдүүлгээр /хх 78-80 дахь тал/ тогтоогдсон.

 

Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл жолооч автобусаар эргэх хөдөлгөөн хийхэд зорчигч М.Н- унасан, унасан чиглэл нь автобусны ар талын хаалганаас мөн хаалганы арын хоёр сандлын завсарт байна.

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үзлэг, бичиж эмчилгээнээс үзвэл зорчигч М.Н-ийн нуруу гэмтсэн байх магадлалтай байсан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр М.Н-ийн биед сээрний 10 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн хонго, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон.

 

М.Н-т учирсан эрүүл мэндийн гэм хорын хохирол нь хариуцагч байгууллагын жолоочийн үйлдэлтэй шууд холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдад учруулсан гэм хорыг хариуцагч арилгах үүрэгтэй.

 

Харин гэм хор учруулсан этгээд нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч байгууллагад ажилладаг тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцагч арилгах үүрэг хариуцагч байгууллагад үүсчээ.

 

Хариуцагч байгууллагын жолоочийн буруугаас гэм хор учирсан гэх байдлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нотлоогүй байна.

 

            Эрүүл мэндэд учирсан гэм хохирлын хэмжээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлно.

 

Нэхэмжлэгч эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын хэмжээг 5 674 744 төгрөг болсон гэж тодорхойлж холбогдох зардлын баримтыг нотлох баримтаар хавсаргажээ.

 

Уг баримтаас эмчийн магадлагаа болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн байдлыг харгалзан үзэж дараах төлбөрийг хохиролд тооцов.

 

Үүнд бөгтөр засагч нурууны бүс 85 000 төгрөг /хх 11 дэх тал/, бөгтөр засагч хатуу тулгуур 90 200 төгрөг /хх 12 дахь тал/, эм тариа 16 550 /5000+3600+7950/ төгрөг /хх 4, 5, 8 дахь тал/, Компьютерт томографикийн шинжилгээний төлбөр 80 000 төгрөг /хх 9 дэх тал/, шинжилгээний төлбөр 3000 төгрөг /хх 10 дахь тал/ нийт 274 750 төгрөг болж байх бөгөөд үүнийг нотолсон байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тухайн үеийн цаг хугацаанд хамааралтай байна.

 

            Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэхдээ гэмтэл авсны улмаас ходоодны шарх сэдэрч, “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хагалгаанд орж, эмчлүүлсэн гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч уг учирсан гэм хор нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн хооронд шалтгаант холбоотой гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

 

            Иймд хариуцагч байгууллагаас эрүүл мэндийн гэм хорын хохиролд 274 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02335 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК -иас 274 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 399 994 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “М” ХХК -иас 8 892 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 746 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА