Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00910

 

ИД /LD/-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00130 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 417 дугаар магадлалтай, 

ИД /LD/-ний нэхэмжлэлтэй

Т.Цд холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 423.485.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 38.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...БНСУ-ын иргэн ИД Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 47 дугаар байрны зоорийн давхарт байрлах 405 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм. Уг үл хөдлөх эд хөрөнгөд караоке, паб-ын зориулалтаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч, ажиллуулж ирсэн. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Т.Цтой худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 700.000.000 төгрөгөөр худалдсан. Гэрээний дагуу караоке, паб-ын зориулалтаар ашиглах бүх тусгай зөвшөөрөл, эрхийн гэрчилгээг шилжүүлэхийн тулд 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр бүх тусгай зөвшөөрлийг шилжүүлж, баримт бичиг хүлээлцсэн акт үйлдэж Т.Цгийн эзэмшилд шилжүүлсэн. Гэрээнд зааснаар Т.Ц урьдчилгаа төлбөрт 400.000.000 төгрөг төлөх, үлдэх 300.000.000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Гэтэл тэрээр урьдчилгаа төлбөрт 350.000.000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр төлж, гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй. Т.Ц 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 38.500.000 төгрөг төлсөн. Бид гэрээнд төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг Т.Цгийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Т.Ц одоо болтол уг үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, орлого олсоор байгаа мөртлөө гэрээний үүргээ биелүүлээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр байгаа учраас татварын албанаас татвар төлөх мэдэгдлийг надад өгч, хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж байсан учраас би Т.Цгийн өмнөөс 2015, 2016 оны татварт нийт 6.075.000 төгрөг төлж хохирч байна. Уг татварын төлбөрийг Т.Цг төлөхийг удаа дараа шаардахад төлөөгүй болно. Иймд Т.Цгоос худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 311.500.000 төгрөг, алданги 105.910.000 /1.557.500 х 68 хоног/ төгрөг, татварын төлбөрт төлсөн 6.075.000 төгрөг, нийт 423.485.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Цгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...ИД, Т.Ц нар 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 1.3-т заасны дагуу барилгыг 350.000.000 төгрөгөөр, байгууламжийг 350.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд харилцан тохиролцож, өнөөдрийн байдлаар Т.Ц барилгад 350.000.000 төгрөг, байгууламжийн үнэд 38.500.000 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүргийн биелэлт буюу үлдэгдэл төлбөр 311.500.000 төгрөг, алданги 105.910.000 төгрөг, татварын төлбөрт төлсөн 6.075.000 төгрөг, нийт 423.485.000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон ч гэрээнд заасан байгууламж болох бохирын гол шугам урсдаг хоолойг стандартын дагуу хийж гадна талд гаргах, гадагшаа төв хаалганы хажууд буюу зүүн тал руу хаалга гаргах, хана хоорондын дуу чимээ намсгах зориулалтын хавтанг өрөө тус бүрт хийж өгөх, барилгын агааржуулалтын системийг иж бүрнээр нь хийж өгөх тохиролцоогоо өнөөдрийг болтол биелүүлээгүйн улмаас хариуцагчийн хувьд подвал болох уг барилгыг хэвийн ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Түүнчлэн дээр дурдсан байгууламжуудыг хийж өгөх талаар удаа дараа нэхэмжлэгч ИД болон түүний бие төлөөлөгч буюу тухайн үед барилгын сууц өмчлөгчдийн холбооны дарга Э.Жаргалсайханд мэдэгдэж байсан боловч байгууламжийг хийж өгөх аливаа оролдлого гаргаагүй учир байгууламжийн үнэнд төлсөн 38.500.000 төгрөгийг буцаан авах эрхтэй гэж үзэж байна. Иймд маргаан бүхий байгууламжийг хийж гүйцэтгээгүй учраас хариуцагч гэрээний дагуу 311.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, алданги 105.910.000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй, үл хөдлөхтэй холбоотой татварыг өмчлөгч этгээд төлөх ёстой, байгууламжийг хүлээж аваагүй, манайд нэрээ шилжүүлж өгөөгүй тул өмчлөгч хариуцах тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангаравын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...ИД, Т.Ц нар 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 1.3-т заасны дагуу барилгыг 350.000.000 төгрөгөөр, байгууламжийг 350.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд харилцан тохиролцож, Т.Ц барилгад 350.000.000 төгрөг, байгууламжийн үнэд 38.500.000 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч талаас байгууламж болох бохирын гол шугам урсдаг хоолойг стандартын дагуу хийж гадна талд гаргах, гадагшаа төв хаалганы хажууд буюу зүүн тал руу хаалга гаргах, хана хоорондын дуу чимээ намсгах зориулалтын хавтанг өрөө тус бүрт хийж өгөх, барилгын агааржуулалтын системийг иж бүрнээр нь хийж өгөх тохиролцоогоо өнөөдрийг болтол биелүүлээгүй зөвхөн агааржуулалтын хоолой гаргах болон гаднах хаалга гаргах хэмжээ авах, шугам татах ажил эхлүүлснээс өөрөө ямар ч үйлдэл хийгээгүйн улмаас хариуцагчийн хувьд подвал болох уг барилгыг хэвийн ашиглаж чадахгүй байна. Дээр дурдсан байгууламжуудыг хийж өгөх талаар удаа дараа нэхэмжлэгч ИД болон түүний бие төлөөлөгч буюу тухайн үед барилгын сууц өмчлөгчдийн холбооны дарга Э.Жаргалсайханд мэдэгдэж байсан боловч байгууламжийг хийж өгөх талаар оролдлого гаргаагүй учир байгууламжийн үнэд төлсөн 38.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний зүйл доголдолтой гэж тайлбарлаж байгаа тохиолдолд маргааны зүйл болох обьектын доголдолтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Т.Ц нь обьектыг эзэмшилдээ авсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилийн хугацаа дууссан байна. Хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан аваад 3 жил болсон байхад доголдлын талаар нэг ч удаа мэдэгдэл, шаардлага гаргаж байгаагүй. Түүнчлэн уг үл хөдлөх эд хөрөнгө доголдолтой гэдгээ баримтаар нотлоогүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00130 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.Цгоос худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 311 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ИДд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111 985 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Цгийн 38.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ИДийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 2 272 875 төгрөг, 3 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Цгоос улсын тэмдэгтийн хураамжид 1 715 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ИДд олгож, хариуцагч Т.Цгоос улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 350 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 417 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 715 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...БНСУ-ын иргэн ИДий нэхэмжлэлтэй Т.Цд холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болсон. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалд “...ИД нь Э.Нарангаравт 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгосон итгэмжлэл...” гэжээ. Нэхэмжлэгч ИДээс Э.Нарангарав гэх хүнд итгэмжлэл огт олгоогүй, тэрээр Г.Ганбатад Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэл олгосон болно. БНСУ-ын иргэн ИД нь шүүхэд өөрийнхөө өмнөөс нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг, ШШГА-нд өөрийг нь бүрэн төлөөлөн оролцох эрхтэй итгэмжлэлийг Г.Ганбатад 2017.05.03-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар олгож, уг итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж олгосон. Мөн тэрээр Монгол хэлийг сайн мэддэг, Монгол Улсад 2007 оноос амьдарч, тодорхой чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан болох нь Т.Цтой байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, БГД-ийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тэрээр өөрөө бие даан эрх зүйн харилцаанд Монгол хэлээр оролцож байсан болох нь тогтоогддог. ИД нь хэдийгээр Монгол хэлийг маш сайн эзэмшсэн, хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийг Г.Ганбатад олгосон боловч итгэмжлэл олгох хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн болохоо бататгаж БНСУ-ын хэл дээр ямар эрхтэй итгэмжлэл олгож байгаагаа бичгээр илэрхийлж түүнийгээ Монгол хэл рүү орчуулж, орчуулгын тэмдэг дарсан хувийг шүүхэд давхар өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс и...БНСУ-ын иргэнээс олгосон дээрх итгэмжлэл Монгол хэл дээр бичигдсэн байхад нэхэмжлэгч уг итгэмжлэлийг бүрэн ойлгосон гэж үзэх нь эргэлзээтэй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлсэнгүй. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 36.2 дугаар зүйлүүдэд итгэмжлэлийг заавал орчуулах хэлбэрийн шаардлагыг мөрдлөг болгоогүй. Давж заалдах шатны шүүхээс шинжээч томилсон захирамжийн биелэлт хангагдаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үндэслэлгүй дүгнэсэн. Тодруулбал, хариуцагч нь талуудын маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-тай холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “...гэрээгээр бохирын гол шугам хийх, агааржуулалтын системыг худалдагч хийж өгөхөөр төхиролсон боловч уг үүргээ гүйцэтгээгүйгээс өөрсдийн хөрөнгөөр дээрх ажлыг хийсэн ажлын хөлс 38.500.000 төгрөг гаргуулах” тухай юм. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад м.кв-тай холбоотой ямар ч шаардлага гаргаагүй атлаа гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 405 м.кв-аар бүртгэсэн нь буруу, 405 м.кв-д хүрэхгүй гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулах, гэрээний үүрэг биелүүлэх хугацааг сунгах зорилгоор үндэслэлгүй хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, талуудын маргааны зүйл болоогүй үйл баримтад шинжээч томилсон. Шүүх ингэж шинжээч томилсоноороо нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан алдаа гаргасан. Шүүхээс томилсон шинжээч болох Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газруудаас дүгнэлт гаргах боломжгүй талаар хариу ирүүлсэн. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасныг зөрчөөгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх маргаанд ямар ч хамааралгүй дүгнэлт буюу “...405 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн сууц өмчлөгчдийн холбоонд хэдэн м.кв оногдох талаар томилогдсон шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд сууц өмчлөгчдийн холбооны эрх ашиг хөндөгдөөгүй, СӨХ-нд хамаарах м.кв хэд байх нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй юм. Үүнд дахин дурдахад үндсэн нэхэмжлэлийн шаардлага бол худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол гэрээний зүйлийг засварласны зардал гаргуулах билээ. Нөгөө талаар Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг үндэслэж нэхэмжлэгч ИД нь үл хөдлөх хөрөнгө авч, уг эд хөрөнгөө цааш нь Т.Цд худалдсан. Улсын бүртгэл уг үл хөдлөх эд хөрөнгийг 405 м.кв гэж бүртгэж, барилга байгууламжийг улсын комисс хүлээн авахдаа мөн 405 м.кв гэж хүлээж авсан үйлдэлд нэхэмжлэгч ямар буруутай вэ. Хариуцагч нь Захиргааны хэргийн шүүхэд 405 м.кв-аар бүртгэсэн бүртгэл нь буруу гэж УБЕГ-ыг хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Улсын бүртгэл үл хөдлөх эд хөрөнгийг зөв, буруу бүртгэсэн эсэх үйлдэлд нэхэмжлэгч ямар ч хамааралгүй. Хэрвээ хариуцагч 405 м.кв-аар бүртгэсний улмаас хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо гаргуулах эрх нь нээлттэй. Гэтэл давж заалдах шатны шүүх улсын бүртгэлтэй холбоотой буюу үл хөдлөх эд хөрөнгө нь 405 м.кв мөн эсэх, СӨХ-нд хэдэн м.кв хамаарч байгаа эсэх үйл баримтыг тодруулахаар шинжээч томилсон захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

БНСУ-ын иргэн И.Дүшин /Lee Doosin/ Т.Цгоос худалдах-худалдан авах гэрээний үнэд 311.500.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 105.910.000 төгрөг, хохирол 6.075.000 төгрөг, нийт 423.485.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч байгууламжийн үнэд төлсөн 38.500.000 төгрөгийг буцаан  гаргуулах  сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг зохигч хэн аль нь зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгчийн төлөөлөгчид олгосон итгэмжлэл эргэлзээтэй, нэхэмжлэгчийн нэрийг өөр өөрөөр байдлаар бичсэн, хариуцагчийн хүсэлт шийдвэрлэсэн захирамжийн биелэлт хангагдаагүй” гэсэн үндэслэл заасан ба магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд Монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр ...шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй, гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулуулсан байхыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.4-т заажээ.

Нэхэмжлэгч И.Д /Lee Doosin/ өөрийн эх хэл дээр төлөөлөгч Г.Ганбатад итгэмжлэл олгоогүй, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Г.Ганбатад олгосон гэх итгэмжлэл нь Монгол хэл дээр бичигдсэнийг нотариатч гэрчилсэн байх хэдий ч нотариатч уг үйлдлийг хийхдээ Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “үйлчлүүлэгч Монгол хэл мэдэхгүй бол орчуулагч, хэлмэрчийг оролцуулах“ тухай зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлсэн тухай баримт авагдаагүй тул нэхэмжлэгч итгэмжлэлийн агуулгыг бүрэн ойлгосон гэж үзэхэд эргэлзээтэй байна. Энэ байдлыг анхан шатны шүүх тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тухай давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Түүнчлэн хэргийн 23-р талд байгаа Солонгос хэл дээр бичигдсэн баримтад огноо, хугацаа заагаагүйгээс гадна тухайн баримтыг нэхэмжлэгч И.Д /Lee Doosin/ бичсэн  нь тогтоогдоогүй тул уг баримт, түүний орчуулгыг И.Д-ээс /Lee Doosin/ Г.Ганбатад олгосон хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэх нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Энэ үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч Lee Doosin-ний овог, нэрийг монгол хэл дээр галиглахдаа нэг байдлаар бичвэл зохино.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангаравын хүсэлтээр эхлээд Барилгын хөгжлийн төв, дараа нь Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрыг тус тус шинжээчээр томилж, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг тогтоохыг даалгасан боловч эдгээр шинжээчид дүгнэлт гаргахаас татгалзжээ. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд дахин Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасныг шүүх, “тус төв нь дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага биш гэж дүгнэлт гаргахаас өмнө нь татгалзсан, түүнчлэн хариуцагч нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ажиллагаатай холбоотой Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул дахин шинжээч томилох шаардлагагүй“ гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 417 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 717.875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ