Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/00130

 

 

 

 

 

 

 

 

      2019 оны 01 сарын 10 өдөр

                Дугаар 183/ШШ2019/00130

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И-ийн нэхэмжлэлтэй,

/ /

 

Хариуцагч: Т.Ц-д холбогдох,

/ /

 

            Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 414.140.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 38.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, түүний өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, гэрч А, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И нь Баянгол дүүргийн ..... байрлах 405 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм. Уг үл хөдлөх эд хөрөнгөд караоке, паб-ын зориулалтаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч, ажиллуулж ирсэн. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Т.Ц-той худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 700.000.000 төгрөгөөр худалдсан. Гэрээний дагуу караоке, паб-ын зориулалтаар ашиглах бүх тусгай зөвшөөрөл, эрхийн гэрчилгээг шилжүүлэхийн тулд 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр бүх тусгай зөвшөөрлийг шилжүүлж, баримт бичиг хүлээлцсэн акт үйлдэж Т.Ц-ийн эзэмшилд шилжүүлсэн. Гэрээнд зааснаар Т.Цнь урьдчилгаа төлбөрт 400.000.000 төгрөг төлөх, үлдэх 300.000.000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж дуусгахаар тохиролцсон. Гэтэл тэрээр урьдчилгаа төлбөрт 350.000.000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр төлж, түүнээс хойш гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байна. Т.Цнь 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд цувуулж бага багаар нийт 38.500.000 төгрөг төлсөн. Бид гэрээнд төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг Т.Ц-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Т.Ц нь одоо болтол уг үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, орлого олсоор байгаа мөртлөө гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр байгаа учраас татварын албанаас татвар төлөх мэдэгдлийг надад удаа дараа өгч, хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж байсан учраас би Т.Ц-ийн өмнөөс 2015, 2016 оны татварт нийт 6.075.000 төгрөг төлж хохирч байна. Уг татварын төлбөрийг Т.Ц-г төлөхийг удаа дараа шаардахад төлөөгүй, татварын мэдэгдэл надад ирээд байсан болно. Иймд Т.Ц-оос худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 311.500.000 төгрөг, алданги 105.910.000 /1.557.500х68 хоног/ төгрөг, татварын төлбөрт төлсөн 6.075.000 төгрөг, нийт 423.485.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, Т.Ц нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан аваад 3 жил болсон бөгөөд энэ хугацаанд эд хөрөнгийн доголдолын талаар нэг ч удаа мэдэгдэл, шаардлага гаргаж байгаагүй гэв.

 

Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И, Т.Цнар 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ“ байгуулсан. Гэрээний 1.3-т заасны дагуу барилгыг 350.000.000 төгрөгөөр, байгууламжийг мөн 350.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд харилцан тохиролцож, өнөөдрийн байдлаар хариуцагч Т.Ц нь барилгад 350.000.000 төгрөг, байгууламжийн үнэд 38.500.000 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо гэрээний үүргийн биелэлт буюу үлдэгдэл төлбөр 311.500.000 төгрөг, алданги 105.910.000 төгрөг, татварын төлбөрт төлсөн 6.075.000 төгрөг, нийт 423.485.000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон ч гэрээнд заасан байгууламж болох бохирын гол шугам урсдаг хоолойг стандартын дагуу хийж гадна талд гаргах, гадагшаа төв хаалганы хажууд буюу зүүн тал руу хаалга гаргах, хана хоорондын дуу чимээ намсгах зориулалтын хавтанг өрөө тус бүрт хийж өгөх, барилгын агааржуулалтын системийг иж бүрнээр нь хийж өгөх тохиролцоогоо өнөөдрийг болтол биелүүлээгүйн улмаас хариуцагчийн хувьд подвал болох уг барилгыг хэвийн ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс маргаан бүхий байгууламжийг хийж гүйцэтгээгүй учраас хариуцагч гэрээний дагуу 311.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, түүний алданги 105.910.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй, үл хөдлөхтэй холбоотой татварыг өмчлөгч этгээд төлөх ёстой, байгууламжийг хүлээж аваагүй учир манайд нэрээ шилжүүлж өг гэхээр шилжүүлж өгөөгүй тул өмчлөгч хариуцах тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин И нь дээр дурдсан байгууламжуудыг хийж өгөх талаар удаа дараа нэхэмжлэгч И болон түүний бие төлөөлөгч буюу сууц өмчлөгчдийн холбооны дарга Э.Ж-д мэдэгдэж байсан боловч нэхэмжлэгч болон Э.Ж-ны зүгээс байгууламжийг хийж өгөх аливаа оролдлого гаргаагүй учир байгууламжийн үнэнд төлсөн 38.500.000 төгрөгийг хариуцагч И Д-ээс буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            И /-ийн нэхэмжлэлтэй, Т.Ц-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 414.140.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, 38.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Т.Ц, И нар 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр худалдагч И нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ...... байрлах үйлчилгээний зориулалттай 405 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 700.000.000 төгрөгөөр /барилга 350.000.000 төгрөг, байгууламж 350.000.000 төгрөг/ худалдах, худалдан авагч Т.Цнь хэлэлцэн тохирсон үнэ 700.000.000 төгрөгийн 400.000.000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлөх, үлдэх 300.000.000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон талаар маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна.

 

            Уг гэрээний дагуу худалдагч И нь гэрээний зүйл болох Баянгол дүүргийн ..... байрлах үйлчилгээний зориулалттай 405 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар нь худалдан авагч Т.Ц-д шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж дуусах хүртэл хугацаанд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, худалдан авагч Т.Цнь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 350.000.000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 38.500.000 төгрөгийг худалдагч И Д-д төлсөн, үлдэх 311.500.000 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаагүй болно.

 

            Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд “...үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэгдэл төлбөр болох 311.500.000 төгрөг”-ийг хариуцагч Т.Ц-оос гаргуулан нэхэмжлэгч И-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэж байна.

 

            Харин нэхэмжлэгчийн “...алдангид 105.910.000 төгрөг, татварын төлбөрт төлсөн 6.075.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Учир нь гэрээний 3.2.1-д “Т.Ц нь үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг /сар бүрийн 25-ны өдөр/ шударгаар баримтлах ёстой бөгөөд хожимдуулсан тохиолдолд 1 өдрийн үлдэгдэл төлбөрийн дүнгийн 0.5 хувиар нэмэгдүүлсэн дүнгээр төлж барагдуулна” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний талууд алдангийн талаар харилцан тохиролцсон байна гэж үзэх боломжгүй юм.

 

            Мөн нэхэмжлэгч талын “...Т.Ц-ийн өмнөөс 2015 он, 2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 6.075.000 төгрөгийг төлсөн тул гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн /хавтаст хэргийн 19  дүгээр талд авагдсан/ Улаанбаатар хотын банкны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Орлогын мэдүүлэг нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болох Баянгол дүүргийн .... байрлах үйлчилгээний зориулалттай 405 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлсөн болохыг нотлохгүй байна.

 

            2. Хариуцагч Т.Ц-ийн “...гэрээнд заасан байгууламж болох бохирын гол шугам урсдаг хоолойг стандартын дагуу хийж гадна талд гаргах, гадагшаа төв хаалганы хажууд буюу зүүн тал руу хаалга гаргах, хана хоорондын дуу чимээ намсгах зориулалтын хавтанг өрөө тус бүрт хийж өгөх, барилгын агааржуулалтын системийг иж бүрнээр нь И хийж өгөхөөр амаар тохиролцсон боловч өнөөдрийг болтол биелүүлээгүйн улмаас Т.Ц-ийн хувьд подвал болох уг барилгыг хэвийн ашиглаж чадаагүй тул байгууламжийн үнэнд төлсөн 38.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ”-нд худалдагч И нь Баянгол дүүргийн ...... байрлах үйлчилгээний зориулалттай 405 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бохирын гол шугам урсдаг хоолойг стандартын дагуу хийж гадна талд гаргах, гадагшаа төв хаалганы хажууд буюу зүүн тал руу хаалга гаргах, хана хоорондын дуу чимээ намсгах зориулалтын хавтанг өрөө тус бүрт хийж өгөх, барилгын агааржуулалтын системийг иж бүрнээр нь хийж өгөх талаар тусгаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар дээрх байдлаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 311.500.000 төгрөгийг хариуцагч Т.Ц-оос гаргуулан нэхэмжлэгч И-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111.985.000 төгрөг буюу “...алдангид 105.910.000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн 6.075.000 төгрөг”-ийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Ц-ийн “...38.500.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.Ц-с худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 311.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111.985.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Ц-ийн “...38.500.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 2.272.875 төгрөг, 3.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид 1.715.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И-д олгож, хариуцагч Т.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 350.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.СЭМЖИД