Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1670

 

О.Мөнх-Уянгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00964 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Мөнх-Уянгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Очбаярт холбогдох

           

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэнйи хэргийг

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                        О.Мөнх-Уянга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                 А.Энхтүвшин

                                                                             Г.Ганцэцэг                                  

Хариуцагч                                                            Э.Очбаяр

Хариуцагчийн  өмгөөлөгч                                  Ц.Давхарбаяр                                             

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Э.Очбаяртай 2013 оны 1 дүгээр сард АНУ-аас оюутны амралтаар ирээд амарч байхдаа танилцаж, улмаар 2013 оны 7 дугаар сараас хамтран амьдарч байгаад 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны 7 дугаар сарын 28-нд хүү О.Төгөлдөр төрсөн. Бид хоёр анх үерхэж байхад намайг их харддаг байсан хэдий ч жирэмсэн болсон тул би хүүхэд төрөөд гайгүй болох байх гэж бодоод гэр бүл болсон. Гэсэн ч намайг жирэмсэн байхад хүртэл хардаж, ажил дээр ажил тарах цагаас 2 цагийн өмнө хүлээдэг. Сүүлдээ энэ явдал даамжирч нөхөр Э.Очбаяр намайг удаа дараа бүх биеийг минь няцартал зодож байсан боловч би нэг ч удаа цагдаад өргөдөл гаргаж байгаагүй бөгөөд ноцтой гэмтэл хэд хэдэн удаа учруулсан. Хамгийн сүүлд 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр аав нь хүртэл намайг багалзуурдаж, хажуунаас хадам ээж хүртэл багалзуурдаж миний гараас хүүхдийг минь татаж аваад айлган сүрдүүлж биед минь халдаж, хүүхдийг минь булааж байна. Үүгээр ч зогсохгүй миний хүүхдийг надаас булааж, надтай уулзуулахгүй байгаад маш их гомдолтой байна. Хадам аав намайг дахиад ирвэл алчихна шүү гэж сүрдүүлсэн. Одоо гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Э.Очбаяр бид гэрлэлтээ батлуулснаас хойш Э.Очбаярын аав Д.Энхээгийнд амьдардаг байсан.  Хүү О.Төгөлдөрийг 6 сар хүртэл хөхүүлж байгаад 2015 оны 2 дугаар сард Сингапур улсад эрчимжүүлсэн 2 сарын сургалтад сууж шалгалтаа өгөөд ирсэн. Сингапураас 2015 оны 5 дугаар сард Монголд буцаж ирээд хүү 9 сартай байхад бид гурав Кристал таунд байр хөлсөлж амьдарч эхэлсэн. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 30-нд Их Британы Нэгдсэн вант улс руу явсан. Явахдаа хүүгээ ээждээ үлдээх гэсэн ч хадмууд эсэргүүцсэн тул тэдэнд үлдээгээд явсан. 2016 оны 3 дугаар сарын 18-нд хичээлийн амралтаараа Монголд хүү дээрээ ирээд хамт байж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 18-нд Англи улс руу буцсан. Үүний дараа миний хичээл 2016 оны 6 дугаар сарын 24-нд дахиж амрахад, нөхөр Англи улсад үлдэж би ганцаар 2016 оны 7 дугаар сарын 29-нд Монголд ирэн хүүгээ хадмууд дээрээсээ аваад ээжийндээ амьдарч байгаад 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хичээлдээ явсан. Улмаар Э.Очбаяр 2017 оны 1 дүгээр сарын 18-нд сургуулиа төгсөөд түрүүлж ирсэн, би 2017 оны 2 дугаар сарын З-нд ирсэн. Би хүүхэддээ санаа зовохын эрхэнд бас энэ хүнийг сайн мэдэх хүний хувьд хүүхдээ ийм гэр бүлийн хүчирхийлэгчтэй хамт амьдруулахгүйн тулд сургуулиа хаян ирсэн. Э.Очбаяртай анх танилцаж байх үедээ архи дарс байнга хэрэглэдэг байсан. Эрүүл байх үедээ ч намайг  зодож, ямар ч шалтгаангүйгээр хардан гэр бүлийн хүчирхийлэлд амьдруулсаар ирсэн. Эцэг хүний хувьд хүүхдээ асарч, хүмүүжүүлэх, хоол унд хийж үзээгүй нэг ч удаа хүүхдийнхээ баасыг цэвэрлэж, живхийг нь сольж үзээгүй хүн. Одоо би энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэр бүлээ цуцлуулах, хүү О.Төгөлдөрийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү О.Төгөлдөрийг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эхнэр О.Мөнх-Уянгын гаргаж байгаа нэхэмжлэлд нөхөр Э.Очбаяр намайг “хүчирхийлэгч, дарангуйлагч этгээд” болгож ойлгуулах, мөн миний эцэг, эхийг “хүчирхийлэгч, дарангуйлагч гэр бүл” гэж ойлгуулахыг ихэд хичээж, гэр бүлийн ариун ёс журмыг эвдэж үйлдсэн өөрийн бузар хэрэг явдлаа нуун дарагдуулж, ор үндэслэлгүй гүжир гүтгэлэг зохиож, хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх зорилгоор, миний болон эцэг, эхийн нэр төрийг ичгүүр сонжуургүй, маш бүдүүлгээр илтэд гутаан доромжилж, гүжирдэн гүтгэжээ. Би 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл эхнэр О.Мөнх-Уянгад итгэж, хайрлаж, хүндэлж явсан. Хамт амьдрах хугацаандаа түүний бие махбодод нэг ч удаа гар хүрч, зодож цохиогүй. Хайртай бүсгүйгээ хэл амаар ч доромжилж байгаагүй. 2017 оны 1 дүгээр сарын 23, 24-ний үеэр эхнэр О.Мөнх-Уянгын утас холбогдохгүй, түүнтэй холбоо барих гэж удаа дараа оролдоод болохгүй байсан учир би өөрийн нээсэн, миний овог, нэр, хаяг дээр бүртгэлтэй ID хаягаар анх удаа өөрийн хуучин утсандаа нэвтрэхэд доорх зүйлүүд гарч ирсэн. О.Мөнх-Уянга 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Англи улсын Лондон хотод суралцаж, амьдарч байх үедээ, бүр надтай хамт байж байхдаа аймшиггүйгээр АНУ-ын Сан-Франциско хотод бүртгэлтэй “дэлхийн баячуудад биеэ үнэлэгч охид, бүсгүйчүүдийг зуучилдаг” бүлэглэлд санаатайгаар гишүүнээр элсэн вэбсайтад нь бүртгүүлж, өөрийн танилцуулгадаа “миний нэр Jane Yuna нөхөргүй, хүүхэдгүй, 25 настай, ганц бие эмэгтэй, жаргамаар байна, эрхэлмээр байна” гэж бичээд өөрийнхөө элдэв янзын фото зурагнууд байршуулсан нь нилээд хэдэн харилцагчтай болж өргөжсөн байсан. Лондонгийн Хилтон, Чилтерн гэх мэт өндөр зэрэглэлийн үнэтэй хэд хэдэн зочид буудлуудаар шөнийн цагаар орж гарсан байсан. Эхнэр О.Мөнх-Уянгын хийсэн энэ үйлдлийг миний хувьд хүлээн зөвшөөрч цаашид нэг гэр бүл гэж хамтран амьдрах ёс суртахууны болон хайр сэтгэлийн ямар ч үндэсгүй болсноо ойлгосон. “Хэлцэл” хийж гэрлэлтээ цуцлуулья гэж бодож байсан юм. Хийсэн хэрэг, үйлдэл нь илэрмэгц Монголд бушуухан ирж ямар нэгэн байдлаар хэрүүл шуугиан үүсгэж, намайг болон эцэг, эхийг минь гүтгэж, хэрэг төвөгт холбогдуулахыг урьдаас бодож төлөвлөн, хууль хяналтын байгууллагын нэр хүндийг ашиглан далайлган сүрдүүлж, бага насны хүүг минь барьцаа болгож, булаан авах зорилготой, нэг ёсны хүчирхийлэл үйлдэж байна гэж би үзэж байна. Тэгээд ч надаас салах тухайгаа Англид сургуульд явахаас өмнө буюу 2015 оны 6 дугаар сард ахын эхнэр Б.Дашдэмбэрэлд “Очбаяраар төлбөрөө хийлгээд, сургуулиа төгсөнгүүт салнаа” гэж ярьж байсан тухай саяхан бэр эгч маань хэлсэн.

О.Мөнх-Уянгын үйлдлийн талаар огт мэдээгүй байсан аав, ээж хоёр гайхаж юу болов, гэрт битгий хашгичиж хэрүүл хий, нялх нойтон хүүхэд байна, тайван суугаад ярилцья гэж хадам ээжид хэлээд дийлээгүй.

Намайг танилцаад л маргааш өдрөөс нь эхлэн хардаж сэрддэг, зодож нүддэг мэтээр бичжээ. Би сэхээтэн айлд төрж өссөн, ах, дүү хоёртой, манай гэр бүл элэг бүтэн, элдэв гаж зуршилгүй, аав, ээж хоёр үр хүүхэд бидний эрүүл мэнд, хүмүүжил, боловсролд онцгой анхаарал тавьдаг, шаардлага өндөртэй, хариуцлагатай, дээд боловсролтой, өндөр насны тэтгэвэртээ сууж байгаа, 60 настай хүмүүс. Намайг хэд хэдэн удаа зодож байсан гэжээ. Ийм явдал бидний хооронд урьд өмнө болж байгаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан цаг хугацааны хувьд тэр үеийн фото зурагнуудаас энэ хүн ямар сайхан зүс царайтай, ямар сайхан баяр баясгалантай байсан зэргийг харж болно.

Миний хүү 2014 оны 7 дугаар сарын 28-нд анхны хүү болон төрж манай гэрт эмнэлгээс гарч ирсэн. Өнөөг хүртэл хүү О.Төгөлдөр эмээ, өвөөгийнхөө асрамжид эрүүл, саруул бойжиж байна. Миний хүү О.Төгөлдөр одоо хоёр ой найман сартай. Эхнэр О.Мөнх-Уянга бид хоёр хүүгээ 5 сартайд нь буюу 2015 оны 1 дүгээр сарын 21-нд Сингапур улсад явахдаа хүү О.Төгөлдөрийг эмээ, өвөөгийнх нь асрамжинд үлдээсэн. 2015 оны намар бид Англи улсад суралцахаар явахдаа хүүгээ эмээ, өвөөгийнх нь асрамжид албан ёсоор үлдээж нотариатаар баталгаажуулсан “Итгэмжлэх” баримт бичиг үйлдсэн. Ийнхүү миний аав, ээж хоёр хүү О.Төгөлдөрийг өнөөдрийг хүртэл өсгөн бойжуулж байгаа нь хүү Э.Очбаяр, бэр О.Мөнх-Уянга бид хоёрын сурч боловсрох үйлс, ирээдүйн сайн сайхан амьдралд маань үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, тусалж, дэмжиж байна гэж ойлгон сэтгэл хангалуун, аз жаргалтай байлаа. Эхнэр О.Мөнх-Уянга виз сунгуулах зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 29-нд Улаанбаатарт ирээд 2016 оны 10 дугаар сарын 8-нд Англи улсад буцаж очсон. Энд байх хугацаандаа хүүг авч өөрийн ээжийнд очиж хэсэг хугацаанд байх үедээ хүүг минь ээжийнхээ эгчийн охин, сургуулийн сурагч хүүхдээр харуулж байсан. 2016 оны 10 дугаар сарын 08-нд Англи буцдаг өглөө хүүг минь эмээ, өвөөд нь онгоцны буудал дээр өгөөд явсан байсан. Хүү О.Төгөлдөр эмээ, өвөөдөө турсан, гэдэс нь гүйлгэсэн, ханиадтай ирсэн тул өрхийн эмчид үзүүлж эдгээсэн юм. Хүү О.Төгөлдөр өнгөрсөн хугацаанд хадам ээжийнд түр хугацаагаар очоод ирэх болгондоо ханиад томуу хүрсэн байдалтай ирдэг байсан, хадам ээж хүүг өвдөөд, өвчин нь даамжраад байхад ”бушуухан эмээ, өвөөд нь аваачиж өг” гэж О.Мөнх-Уянгад хэлж байсан. Хүү О.Төгөлдөр ийнхүү хүндээр өвчилсний улмаас Интэрмед эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан.

Харин хүү О.Төгөлдөрийг өөрийнхөө асрамжид авна. Учир нь: нэхэмжлэгч хүүгээ өсгөх нөхцөл боломжгүй, хэдхэн хоног авч харахдаа гэрээ санаад эмээ өвөөгөө, тоглоомоо санаад уйлахаар нь чихэр их өгснөөс болж хамаг биеэр нь тууралт гарсан байдалтай, хөл нь гэмтсэн ирсэн. Тэгээд ч нэг болохоор хүүхэдгүй ганц бие болчихдог, нэг болохоор хүүгээ авна гээд байгааг ойлгохгүй байна. Тиймээс энэ хүнтэй цаашид эвлэрч амьдрах боломжгүй, энэ хүн надтай өөр зорилгоор гэрлэсэн юм шиг байгаа юм. Тиймээс гэрлэлтээ цуцлуулна, хүүгээ өөрөө өсгөнө, харин ээжтэй хүссэн үед нь уулзуулахад татгалзахгүй гэжээ.

  

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Мөнх-Уянгатай 2013 онд танилцан, 2015 оны 01 дүгээр сарын 7-нд гэрэлсэн, 2014 оны 7 дугаар сарын 28-нд хүү О.Төгөлдөр төрсөн. Бид 2014 оны 4 дүгээр сараас, О.Мөнх-Уянгыг 8 сартай жирэмсэн байхаас эхлэн миний аав, ээжтэй хамт амьдарч эхэлсэн. Хүү О.Төгөлдөр 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн цагаасаа хойш мөн энэ хаягт миний ээж, аавын асрамжид өсөн торниж байгаа ба тус хорооны “Амгалан-Өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд байгаа. Залуу аав, ээжийн хувьд хүүгээ өөрсдөө харж, асарч сурахын тулд ээж, аавын байрны ойролцоо, байр түрээслэн 3 сар орчим хугацаанд гурвуулаа амьдарсан. Бид хоёр хүүгээ 5 сартайд нь Сингапур улсад 3 сарын хугацаатай явж суралцсан, ингэж явахдаа хүү О.Төгөлдөрийг эмээ, өвөөгийнх нь асрамжид үлдээсэн. 2015 оны 7, 8 дугаар сард Англи улсын холбогдох сургуулиудаас бидэнд суралцах урилга ирж, би 2015 оны 9 дүгээр сарын 16-нд, О.Мөнх-Уянга 2015 оны 10 дугаар сарын 9-нд тус тус Англи улсыг зорьцгоосон. Ийнхүү бид Англи улсад урт хугацаанд суралцахаар явахдаа хүүгээ эмээ, өвөөгийнх нь асрамжид албан ёсоор үлдээж баримт бичиг үйлдсэн болно. Би 2016 оны 12 дугаар сарын 15-нд Англи улсад сурч байсан сургуулиа төгсөөд 2017 оны 1 дүгээр сарын 19-нд эх орондоо ирж ажиллаж, амьдарч байгаа ба хүүгээ өөрөө асран хүмүүжүүлж байна. Манай гэр Хан-Уул дүүргийн Зайсанд байдаг. Улаанбаатар хотын утаагүй, маш цэвэр агаартай орчин. Төв замаас хол учир чимээ шуугиан багатай, тоос шороогүй, маш сайн тохижуулсан ногоон орчинтой, хотхондоо хүүхдэд зориулсан тоглоомын цэгүүдтэй, амарч зугаалах хангалттай том талбайтай, СӨХ-ны үйлчлэгчид өдөр бүр цэвэрлэгээ хийж хотхоныг цэвэр цэмцгэр байлгадаг, хотхон 24 цагийн харуул хамгаалалттай, видео камерын хяналттай. Гэрийн гаднах ийм аятай тухтай эрүүл орчинд миний хүү О.Төгөлдөрийн өсөн бойжиж байгаа манай гэр хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх стандарт шаардлагыг бүрэн хангасан, 136 м.кв  талбайтай, өөрт нь зориулж бэлтгэсэн тусгай өрөө, ор дэвсгэр, хувцасны шүүгээ, ойр зуурын хэрэгцээнийх нь эд зүйлсийн тавиуртай. Бага насны онцлогт нь тааруулж хэрэглэж байгаа тусгай зориулалтын ширээ, сандалтай, өөрийн гэсэн аяга, халбага, тавагтай, усанд орох тусдаа ваннатай, савлуур тоглоомтой, машин, мотоцикл, скутер, унадаг дугуй зэрэг хүүхдэд хэрэгцээтэй бүх төрлийн том жижиг тоглоомтой. Автомашинд авч явах зориулалтын сандалтай. Ой, ухааныг нь хөгжүүлэх зурагт ном болон хүүхдийн баруун, зүүн тархийг хөгжүүлэх тусгай дасгалын номтой, өнгө болон дүрс ялгах, эвлүүлж өрдөг тоглоомуудтай. Эмээтэйгээ өглөө бүр 30 минут “хичээл” хийдэг, хүү О.Төгөлдөрт зарцуулагдах бүх зардлыг эцэг Э.Очбаяр би өөрөө хариуцах бөгөөд эх О.Мөнх-Уянгаас хүүхдийн тэтгэлэг шаардахгүй. Миний хувьд, “ФС Улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал, “Битумина Сэнтрал Азиа” ХХК-ийн зөвлөх, “Дархан Говь Феоре” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, өөрийн гэх орлоготой, мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны 238 тоотод байрлах 2 өрөө өөрийн орон сууцтай, хүүхдээ асрах бүрэн боломжтой, ямар нэг буруу дадал, зуршилгүй. Иймд хүү О.Төгөлдөрийг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч О.Мөнх-Уянга шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн  тайлбартаа: Хариуцагчийг муу аав байсан гэж бодохгүй байна. Биднийг гадаадад яваад ирэх хооронд хүүхдийг хариуцагчийн ээж, аав нь хардаг байсан, сайн ч хардаг байсан. Хүүхдийг харах хугацаанд хариуцагч нь нэг ч удаа, хүүхдийн живх сольж байгаагүй. Хариуцагч найзууддаа ч гэсэн шөнө хүүхэд уйлдаггүй, өөрөө шөнө босдоггүй байсан талаар ярьж л байсан. Бид 3 сар яваад буцаж ирээд, дахин 3 сарын дараа ирдэг л байсан. Гэр бүлийн хүчирхийлэл бол хаалганы цаана болдог, тухайн үед цагдаа дуудаагүйгээс би хохирлоо. Би одоо дахин хүнтэй сууж чадахгүй. Миний нүүр рүү дандаа цохидог, миний хамар хүртэл хугархай. Хариуцагчтай танилцахаас өмнө би Америк улсад 3 дугаар курс хүртлээ сурч байсан бөгөөд сургалтын төлбөр 40 000 ам.доллар болдог байсан бөгөөд хариуцагчтай хамт байсан байгаагүй өөрийгөө болон хүүхдээ аваад явна. Би хамт амьдарч чадахгүй, хүүхдийнхээ сайн эцэг эх нь байя гэж байгаа гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хөвхөр овогт Оюунгэрэлийн Мөнх-Уянга, Галзууд овогт Энхээгийн Очбаяр нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.Төгөлдөрийг эцэг Э.Очбаярын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг О.Мөнх-Уянга, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Э.Очбаярт даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Мөнх-Уянга нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар хүү О.Төгөлдөрийг 7 хоногт 3 удаа эх О.Мөнх-Уянгатай уулзуулж байхыг эцэг Э.Очбаярт даалгаж, Гэрлэгчид хамтран өмчлөх дундын өмчийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Очбаяраас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Мөнх-Уянгад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Мөнх-Уянгаас 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Э.Очбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-д зааснаар тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27 өдрийн №183/ШЗ2017/03561 дугаартай захирамжаар авсан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг дуусгавар болсонд тооцож,  Хэрэгт авагдсан хүү О.Төгөлдөрийн №1119002547 дугаартай Хүүхдийн төрсний гэрчилгээ, Эрүүл мэндийн ягаан дэвтэр, хүүхдийн Е1735385 дугаартай гадаад паспортыг хариуцагч Э.Очбаярт буцаан олгож, Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар О.Мөнх-Уянга, Э.Очбаяр нар нь эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх миний 3 нас ч хүрээгүй нялх үр О.Төгөлдөрийг аав Э Очбаярын асрамжид үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх анхнаасаа нэхэмжлэлийг хүлээж авах үеэсээ аав, ээж нь гадаадад оюутан байсан, хүүхдийг өвөө эмээгийндээ өссөн байна тэгэхээр тэр орчиноос нь салгах шаардлага байна уу гэх мэтээр хариуцагчийн талд шийдвэрлэх нь ойлгомжтой үйлдэл гаргаж байсан. Миний бие өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухайн үедээ цагдаа сэргийлэхэд хандаж байгаагүйдээ, гадагшаа сурч боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр явахдаа нялх үрээ өвөө эмээгийнд нь үлдээгээд явсныхаа төлөө өнөөдөр амьдын хагацалд ороод байна. Би 10 cap тээж төрүүлж, хөхүүлж өсгөсөн нялх үрээ өөрийн асрамжид өсгөмөөр байна. Хүү О.Төгөлдөр нь хэдийгээр 2 настай байнга хөхөөр хооллодоггүй ч гэсэн надтай байхдаа мөөмөө барьж унтдаг, мөөмөө идэж эрхэлдэг. Анхан шатны шүүх хүү О.Төгөлдөрийг аавынх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн ч одоо өвөө, эмээгийн асрамжид байгаа. Аав Э.Очбаяр нь ажилтай гээд гэрийн бараа хардаггүй. Энэ шүүхийн шийдвэрээр хүүхдийг өвөө эмээгийнх нь асрамжид үлдээснээс өөрцгүй боллоо.

Э.Очбаяр намайг янхан, биеэ үнэлэгч хэмээн гүтгэн шүүх хуралдааны явцад маш ихээр доромжилсон. Үүнээс энэ хүний ямар ёс зүйтэй хүн бэ гэдэг нь илт харагдаж байсан. Юу нь мэдэгдэхгүй сайтанд бүртгүүлсэн үйлдлийг биеэ үнэлсэн үйлдэл хэмээн үндэслэлгүйгээр гүтгэж гутаан доромжилсон. Намайг ална, өөрийнхөө авсан миний хагас нүцгэн зургийг интернэтээр цацна хэмээн айлган сүрдүүлж мессэж бичсэн талаар шүүх хуралдаан дээр хэлж, утсандаа үзлэг хийлгэх хүсэлт гаргахад хангаагүй хирнээ Э.Очбаярын юу нь мэдэгдэхгүй гадаад сайтад үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь өөрийн эрхгүй шударгаар шийдвэрлэсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг 4 хана эхнэр, нөхөр хоёрын дунд болдог асуудал. Нэхэмжлэл өгөх хүртлээ нөхөртөө зодуулж, нөхрөө цагдаад өгвөл ял шийтгэл авна гэж эмээн хайрлаж, засрана гэж итгэн цагдаагийн байгууллагад хандахгүй байснаараа өнөөдөр эсрэгээрээ нөхрөө гүтгэсэн хүн болж хувираад байна. Одоо ч Э.Очбаяр миний хамрыг хугалсан гэмтэл эдгээгүй байгаа. Миний хувьд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой, тодорхой эрхэлсэн ажилтай, гэр оронтой. Манайх 176.4 м.кв 4 өрөө 2 давхар Пентхауст би өөрийн ээж, аав, хүү О.Төгөлдөрийн хамт амьдардаг байсан. Дээд давхартаа ээж, аавын унтлагын өрөө, хүү бид хоёрын унтлагын өрөө, хүү О.Төгөлдөрийн тоглоомын өрөөтэй, доод давхартаа гал тогоо, зочины өрөө байрладаг. Хүү аливаа эрсдэлд учрахгүй байх бүрэн тохижилттой. Харин Э.Очбаяр мөн ээж, аавын хамт амьдардаг бөгөөд 130 м.кв 2 өрөө орон сууцны нэг өрөөнд Э.Очбаярын дүү, нөгөө өрөөнд ээж аав нь, зочины өрөөндөө өөрөө амьдардаг. Тэнд миний хүүхдийн гэвэл төрөхдөө авсан хүүхдийн эвхэгддэг ор л байгаа. Хэдийгээр Э.Очбаяр нь өөрийн 11 дүгээр хороололд байдаг орон сууцны гэрчилгээг нотлох баримтаар өгсөн хэдий ч тэндээ амьдардаггүй, хоосон байдаг бөгөөд гэрэл чийдэн ч байхгүй харанхуй байшин. Гэтэл намайг нотлох баримтаа өгөөгүй гэсэн хирнээ Э.Очбаяр ч бас хүүхдийн амьдрах орчины талаар ямар ч нотлох баримт өгөөгүй байхад зөвхөн тэр хүний хэлснээр тусдаа өрөөтэй гэсэн үгэнд итгэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Намайг нөхөртэйгээ хамт амьдарч эхэлснээс хойш нөхрийн талынхан дандаа эд хөрөнгө эрх мэдэл, танил талаараа асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Одоо эргээд энэ нь миний хүүхдийг надаас салгалаа гэж би үзэж байна. Эцэст нь хэлэхэд нялх үр минь ээжтэйгээ байж, зөв хүн болж төлөвшин, хүчирхийлэгч биш зөөлөн хүн болж өсөөсэй гэж хүсч байна. Хүний амьдралд эд хөрөнгөөс илүү гэр бүлийн хайр халамж, халуун дулаан уур амьсгал л чухал. Ямар ч хүн юмнаасаа айхаараа ээжийгээ дууддаг. Миний хүү унтахдаа ээжийгээ тэврээд, мөөмөө бариад унтдаг. Эх, хүүхдийн хүйн холбоог юу ч салгаж чадахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүү О.Төгөлдөрийг миний асрамжид үлдээж, эх үрийг амьдын хагацлаас салгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.  

 

Нэхэмжлэгч О.Мөнх-Уянга нь хариуцагч Э.Очбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Мөнх-Уянга нь хариуцагч Э.Очбаярт нар 2013 оны 7 дугаар сараас хамран амьдарч байгаад 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд 2014 оны 7 дугаар сард хүү О.Төгөлдөр төрсөн, гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа зэрэг үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч О.Мөнх-Уянга гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд байлгадаг гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан байна.

 

Гэрлэгчид цаашид хэн аль нь эвлэрч хамтран амьдрах хүсэл сонирхолгүй, тусдаа амьдарч байгаа  зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Мөнх-Уянга нь хариуцагч Э.Очбаяр нар хүү О.Төгөлдөрийг 6 сартай байхад Сингапур улсад 3 сарын хугацаагаар сургалтад, 1 нас 3 сартай байхад нь Их Британи улсад суралцахаар явсан, амралтаараа болон виз сунгуулахаар ирэхдээ хүүхэдтэйгээ хамт байдаг байсан гэсэн тайлбар гаргаж, уг байдал нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар шүүх гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шийдвэрлэдэг.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн бага насны хүүхдийн асрамжийн талаарх маргааны талаар дүнэлт хийхдээ хүүхдийн өсөж, бойжсон энэгшин дассан орчин ахуй, нөхцөлийг харгалзан хүүхдийн эцэг Э.Очбаярын асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Харин гэрлэгчид хүүхдийн асрамжтай холбоотой асуудлаар шинжээч томилуулж шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хэн аль нь гаргаагүй байна.

 

       Гэр бүлийн хуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул мөн хуулийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох тул нэхэмжлэгчийг хүүхэдтэйгээ уулзах саналыг хариуцагч хязгаарлах эрхгүй. 

 

   Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд О.Мөнх-Уянга нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.

 

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүүхдийн асрамжийн асуудлаар давж заалдсан О.Мөнх-Уянгын давж заалдах гомдлыг хангагүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00964 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, О.Мөнх-Уянгын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Мөнх-Уянгаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАТЗОРИГ

             ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

                                                             Ц.ИЧИНХОРЛОО