Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 964

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2017/00964

Улаанбаатар хот

 

                                                                  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 76 байр, 12 тоотод оршин суух Хөвхөр овогт Оюунгэрэлийн Мөнх-Уянгын /РД:НО91083009/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, 1 байр, 2 давхар 4 тоотод оршин суух Галзууд овогт Энхээгийн Очбаярт /РД:ХЛ86090513/ холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, 1 байр, 2 давхар 4 тоотод оршин суух Галзууд овогт Энхээгийн Очбаярын /РД:ХЛ86090513/ сөрөг нэхэмжлэлтэй,

 Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 76 байр, 12 тоотод оршин суух Хөвхөр овогт Оюунгэрэлийн Мөнх-Уянгад /РД:НО91083009/ холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Мөнх-Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин /ШТЭҮ-0539/, Г.Ганцэцэг /ШТЭҮ-1953/, хариуцагч Э.Очбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр /ШТЭҮ-0662/, гэрч Н.Оюунтуяа, Н.Оюунгэрэл, Н.Гантулга, Д.Энхээ, Д.Дашдэмбэрэл, М.Билгүүн, С.Нямдаваа, С.Билгүүнжаргал, Н.Ариунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    

     Нэхэмжлэгч О.Мөнх-Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Мөнх-Уянга би Э.Очбаяртай 2013 оны 1 дүгээр сард АНУ-аас оюутны амралтаар ирээд амарч байхдаа танилцаж, улмаар 2013 оны 7 сараас хамтран амьдарч байгаад 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан.Биднийг хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны 7 дугаар сарын 28-нд хүү Төгөлдөр төрсөн. Бид хоёр анх үерхэж байхад намайг их харддаг байсан хэдий ч жирэмсэн болсон тул би хүүхэд төрөөд гайгүй болох байх гэж бодоод гэр бүл болсон. Гэсэн ч намайг жирэмсэн байхад хүртэл хардаж, ажил дээр ажил тарах цагаас 2 цагийн өмнө хүлээдэг. Үерхэж эхэлсэнээс хойш байнга утасны дуудлага, мессэж байнга шалгадаг. Сүүлдээ энэ явдал даамжирч нөхөр Очбаяр нь намайг удаа дараа бүх биеийг минь няцартал зодож байсан боловч би нэг ч удаа цагдаад өргөдөл гаргаж байгаагүй. Энэ намайг зодсон үйлдэл болгоныг бичих юм бол дуусахгүй. Иймд ноцтой гэмтэл учруулсан хэдэн тохиолдлыг бичье.

1.Нөхөр Э.Очбаяр нь намайг 7 сартай жирэмсэн тогоо шиг том гэдэстэй байхад согтуу орж ирээд надтай маргалдаж хардаж, үсдэж чирээд, орон дээр хэвтүүлж байгаад дээрээс маань багалзуурдаж, нүүр нүдгүй цохиж, хөх эрээн болтол зодсон. Энэ үед үүнээс болж хүүхэд доошилж эндэх эрсдэлтэй болж “Номун” эмнэлэгт хэвтэж хүүхэд тогтоолгох эмчилгээ хийлгүүлсэн хэдий ч цагдаад өргөдөл өгөөгүй.

2.Мөн төрсний дараа дөнгөж 14 хоногтой байхад бас согтуу орж ирээд нүүрлүү цохиж газар унагааж зодсон. Үүний дараа бид тусдаа байр хөлсөлж амьдрах болсон. Хүүхэд 9 сартай байхад намайг шөнө согтуу орж ирээд шөнөжингөө намайг зодож тамлаж хоносон. Намайг үсдэж коридороор чирч, нүүр нүдгүй балбаж өшиглөн, миний утас болон компьютерийг хага шидэж, дахин ашиглах боломжгүй болгон орцонд хөл нүцгэн хөөж гаргасан. Ингэж зодуулсанаас болж миний нүүр гарны мөрөөр хоёр хөл хоёулаа хөхөрсөн, чих хөхөрсөн, дээд уруул язарч цус алдсан, хөл зүсэгдсэн, нэг гар бүхэлдээ, хоёр хөл хоёулаа битүү хөхөрсөн. Энэ үед би хөл нүцгэн гарч хадмындаа очиж илүү түлхүүр аваад хадмуудын хамт буцаж очоод хүүгээ аваад өөрийн ээж дээр очиж амьдрах болсон. Тухайн үед би өөрийн нөхөр, хүүхдийн минь төрсөн эцэг учраас цагдаад өгөөд яахав миний л сонгосон хүн, хүүхдээ эцэггүй өсгөхгүй гэж бодоод цагдаад хандаагүй. Үүнээс хойш 14 хоног надад дахиж хэзээ ч гар хүрэхгүй, дахиж архи уухгүй гэж өөрийн ээж аавын хамт удаа дараа ирж гуйсан учраас би уучилсан.

3.Хамгийн сүүлд 2017 оны 2 дугаар сарын 12-ны едөр аав нь хүртэл намайг багалзуурдаж, хажуунаас нь хадам ээж хүртэл багалзуурдаж миний гараас хүүхдийг минь татаж аваад айлган сүрдүүлж биед минь халдаж, хүүхдийг минь булааж байна. Үүгээр ч зогсохгүй миний хүүхдийг надаас булааж, надтай уулзуулахгүй байгаад маш их гомдолтой байна. Хадам аав намайг дахиад ирвэл алчихна шүү гэж сүрдүүлсэн. Одоо гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Э.Очбаяр бид гэр бүлээ батлуулснаас хойш Очбаярын аав Д.Энхээгийнд амьдардаг байсан ба хүү Төгөлдөрийгөө 6 сар хүртэл хөхүүлж байгаад 2015 оны 2 сард Сингапур улсад эрчимжүүлсэн 2 сарын сургалтад сууж шалгалтаа өгөөд ирсэн. Сингапураас 2015 оны 5 сард Монголд буцаж ирээд хүү маань 9 сартай байхад бид гурав Кристал таунд байр хөлсөлж амьдарч эхэлсэн. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 30-нд Их Британы Нэгдсэн вант улс руу явсан. Явахдаа хүүгээ ээждээ үлдээх гэсэн ч хадмууд эсэргүүцсэн тул тэдэнд үлдээгээд явсан.

2016 оны 3 сарын 18-нд хичээлийн амралтаараа Монголд хүү дээрээ ирэн хамт байж байгаад 2016 оны 4 сарын 18-нд Англи руу буцсан. Үүний дараагаар миний хичээл 2016 оны 6 сарын 24-нд дахиж амрахад, нөхөр Англи улсад үлдэж би ганцаар 2016 оны 7 сарын 29-нд Монголд ирэн хүүгээ хадмууд дээрээсээ аваад ээжийндээ амьдарч байгаад 2016 оны 11 сарын 02-ны өдөр хичээлдээ явсан.

Улмаар Э.Очбаяр нь 2017 оны 1 сарын 18-нд сургуулиа төгсөөд түрүүлж ирсэн, би 2017 оны 2 сарын 0З-нд  ирсэн. Би хүүхэддээ санаа зовохын эрхэнд бас энэ хүнийг сайн мэдэх хүний хувьд хүүхдээ ийм гэр бүлийн хүчирхийлэгчтэй хамт амьдруулахгүйн тулд сургуулиа хаян ирсэн.

Э.Очбаяртай анх танилцаж байх үедээ л архи дарс байнга хэрэглэдэг байсан ба эрүүл байх үедээ ч намайг байнга зодож, ямар ч шалтгаангүйгээр байнга хардан гэр бүлийн хүчирхийлэлд намайг амьдруулсаар ирсэн ба эцэг хүний хувьд хүүхдээ асарч, хүмүүжүүлэх, хоол унд хийж үзээгүй нэг ч удаа хүүхдийнхээ баасыг цэвэрлэж, живхийг нь сольж үзээгүй хүн. Одоо би энэ хүнтэй цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй учир гэр бүлээ цуцлуулах, өөрийн хүү О.Төгөлдөрийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Иймд Э.Очбаярыг хариуцагчаар татан бидний гэр бүлийг шүүхийн журмаар цуцлан миний хүүхэд О.Төгөлдөрийг миний асрамжинд үлдээж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийг муу аав байсан гэж бодохгүй байна. Биднийг гадаадад яваад ирэх хооронд хүүхдийг хариуцагчийн ээж, аав нь хардаг байсан, сайн ч хардаг байсан. Хүүхдийг харах хугацаанд хариуцагч нь нэг ч удаа, хүүхдийн живх сольж байгаагүй. Хариуцагч нь найзууддаа ч гэсэн шөнө хүүхэд уйлдаггүй, өөрөө шөнө босдоггүй байсан талаар ярьж л байсан. Бид 3 сар яваад буцаж ирээд, дахин 3 сарын дараа ирдэг байсан. Гэр бүлийн хүчирхийлэл бол хаалганы цаана болдог, тухайн үед цагдаа дуудаагүйгээс болж би одоо ингэж хохирлоо. Би одоо дахин хүнтэй сууж чадахгүй. Миний нүүрлүү дандаа цохидог, миний хамар хүртэл хугархай. Хариуцагчтай танилцахаас өмнө би Америк улсад 3 дугаар курс хүртлээ сурч байсан бөгөөд сургалтын төлбөр 40,000 ам доллар болдог байсан. Хариуцагчтай хамт байсан байгаагүй өөрийгөө болон хүүхдээ аваад л явна. Би одоо бол хамт амьдарч чадахгүй, хүүхдийнхээ сайн эцэг эх нь байя гэж байгаа. Э.Очбаяр хамт байхдаа намайг байнга хардаж, надтай эд хөрөнгө мэт харьцаж зовоодог, тиймээс эвлэрч амьдрах боломжгүй гэв.

 

Хариуцагч Э.Очбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Мөнх-Уянга шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдээ асрамжиндаа авах нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн гэр бүл цуцлуулахыг зөвшөөрч, хүү О.Төгөлдөрийг асрамжиндаа авах хүсэлтийг зөвшөөрөхгүй байна.

Нэг. Нэхэмжлэл гаргах болсон шалтгааны тухайд. Эхнэр О.Мөнх-Уянгын гаргаж байгаа энэхүү нэхэмжлэлд нөхөр Э.Очбаяр намайг “хүчирхийлэгч, дарангуйлагч этгээд” болгож ойлгуулах, мөн миний эцэг, эхийг “хүчирхийлэгч, дарангуйлагч гэр бүл” гэж ойлгуулахыг ихэд хичээж, гэр бүлийн ариун ёс журмыг эвдэж үйлдсэн өөрийн бузар хэрэг явдлаа нуун дарагдуулж, ор үндэслэлгүй гүжир гүтгэлэг зохиож, хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх зорилгоор, миний болон эцэг, эхийн нэр төрийг ичгүүр сонжуургүй, маш бүдүүлгээр илтэд гутаан доромжилж, гүжирдэн гүтгэжээ. Би 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл эхнэр О.Мөнх-Уянгад итгэж, хайрлаж, хүндэлж явсан. Хамт амьдрах хугацаандаа түүний бие махбодод нэг ч удаа гар хүрч, зодож цохиогүй ба хайртай бүсгүйгээ хэл амаар ч доромжилж байгаагүй. 2017 оны 1 дүгээр сарын 23, 24-ний үеэр эхнэр О.Мөнх-Уянгын утас нь холбогдохгүй, түүнтэй холбоо барих гэж удаа дараа оролдоод болохгүй байсан учир би өөрийн нээсэн, миний овог, нэр, хаяг дээр бүртгэлтэй ID хаягаар анх удаа өөрийн хуучин утсандаа нэвтэрхэд доорх зүйлүүд гарч ирсэн. О.Мөнх-Уянга 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Англи улсын нийслэл Лондон хотод суралцаж, амьдарч байх үедээ, бүр надтай хамт байж байхдаа аймшиггүйгээр АНУ-ын Сан-Франциско хотод бүртгэлтэй “дэлхийн баячуудад биеэ үнэлэгч охид, бүсгүйчүүдийг зуучилдаг” бүлэглэлд санаатайгаар гишүүнээр элсэн вэбсайтад нь бүртгүүлж, өөрийн танилцуулгадаа “миний нэр Jane Yuna нөхөргүй.хуухэдгүй, 25 настай, ганц бие эмэгтэй, жаргамаар байна, эрхэлмээр байна” гэж бичээд өөрийнхөө элдэв янзын фото зурагнууд байршуулсан байсан. Энэ нь нилээд хэдэн харилцагчтай болж өргөжсөн байсан. Лондонгийн Хилтон, Чилтерн гэх мэт өндөр зэрэглэлийн үнэтэй хэд хэдэн зочид буудлуудаар шөнийн цагаар орж гарсан байсан. Өөрийн үйлчлүүлэгч болох гадаадын иргэний фото зураг, өөрлүү нь утасдаж үйлчилгээ авдаг гэх гадаадын 10 гаруй хүний утасны дугаар зэргийг утсандаа хадгалсан байсан. Эхэндээ би нилээд гүн шоконд орж, итгэж ядан, дахин дахин үзсэн. Ингээд арга буюу хэсэг хугацааны дараа өөрөөс нь “Яагаад ингэж байгаа юм бэ? Хүүгээ боддоггүй юм уу? Ээж, аавд юу гэх билээ” гэж асуухад, ичиж уучлал гуйх байтугай, бүр хүлээн зөвшөөрч, “дөнгөж эхэлж байна, маш олон клиенттэй болсон, мөнгө олигтой олоогүй байна” гэж пал хийтэл надад хэлсэн.

Эхнэр О.Мөнх-Уянгын хийсэн энэ үйлдлийг миний хувьд хүлээн зөвшөөрч цаашид нэг гэр бүл гэж хамтран амьдрах ёс суртахууны болон хайр сэтгэлийн ямар ч үндэсгүй болсноо ойлгож, өөрийг нь ирэхлээр эв зүйгээр ярилцаж, түүний энэ бузар булайг хожим хүүдээ болон бусдад илчлэхгүйгээр, ухаалгаар харилцан ойлголцож, хуулийн дагуу харилцан тохиролцсон “Хэлцэл” хийж гэрлэлтээ цуцлуулья гэж бодож байсан юм.

 Хийсэн хэрэг, үйлдэл нь илэрмэгц Монголд бушуухан ирж ямар нэгэн байдлаар хэрүүл шуугиан үүсгэж, намайг болон, эцэг, эхийг минь гүтгэж, хэрэгт төвөгт холбогдуулахыг урьдаас бодож төлөвлөн, хууль хяналтын байгууллагын нэр хүндийг ашиглан далайлган сүрдүүлж, бага насны хүүг минь барьцаа болгож, булаан авах зорилготой, нэг ёсны хүчирхийлэл үйлдэж байна гэж би үзэж байна. Тэгээд ч надаас салах тухайгаа Англид сургуульд явахаас өмнө буюу 2015 оны 6 дугаар сард ахын эхнэр Б.Дашдэмбэрэлд “Очбаяраар төлбөрөө хийлгээд, сургуулиа төгсөнгүүт салнаа” гэж ярьж байсан тухай саяхан бэр эгч маань хэлсэн.

Хоёр. 2017 оны 02 дугаар сарын 13 - ны едөр болсон явдлын тухайд. Эхнэр О.Мөнх-Уянга урьдчилж хэлэлгүйгээр 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэнэт Англи улсаас ирж, өөрийн ээж Н.Оюунгэрэлийн хамтаар энэ өдөртөө шууд манай гэрт ирсэн. Хүүхдийн өдрийн унтлагын цаг болж байсан тул би хадам ээжид хандаж “Та нар одоо ингээд явцгаадаа, хүүхэд унтах цаг болсон байна” гэж хэлтэл хадам ээж Н.Оюунгэрэл ширээ шаан босож ирээд “Монгол улсын хуулиар хүүхэд эх дээрээ байдаг юм, бид хүүхдээ авна, Монголын шүүх, цагдааг бүгдийг нь худалдаж аваад та нарын эсрэг болгоно, та нарыг цусаар уйлуулна, тэгээд та нарыг яахыг чинь үзнэ” гээд л хашгичаад эхэлсэн. Энэ үед О. Мөнх-Уянгын үйлдлийн талаар огт мэдээгүй байсан аав, ээж хоёр гайхаж, яав, юу болов, гэрт битгий хашгичиж хэрүүл хий, нялх нойтон хүүхэд байна,  тайван суугаад ярилцья гэж хадам ээжид хэлээд дийлээгүй. Би ээж, аавд О.Мөнх-Уянгын нүцгэн шалдан зургийг үзүүлж, “энэ хүн биеэ үнэлэгч болжээ, би энэ хүнтэй цаашид хамт амьдрахгүй, ийм хүнд хүүгээ ч өгч явуулахгүй” гэж анх удаа үнэн явдлыг хэлсэн.

Тэр үед О.Мөнх-Уянга хүүг гэрийн хувцастай нь хөтлөөд гарах хаалга руу зүглэж байхад миний ээж хүүг тэврэн авч унтлагын өрөө рүү алхтал, О.Мөнх-Уянга араас нь гар далайж, баруун мөрнөөс нь угзчин татаж, цамцыг нь урж, баруун гарыг нь арагш нь мушгин гөжиж, ээж, хүү хоёрыг минь шалан дээр унагаах шахсан. Үүнийг харсан аав ширээний араас босож О.Мөнх-Уянгын өмнүүр орж хүү, ээж хоёрыг хамгаалан, тэднийг гэрээс гарч явахыг шаардсанаар тэд гарсан. Ийм л дүр зураг бүхий үйл явдал хоромхон зуур болоод өнгөрсөн. Гэтэл энэ явдлыг мушгин гуйвуулж, яарч сандран, энэ өдөртөө аав, ээжид болон надад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр ХУД-ийн Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, мөн О.Мөнх-Уянга ээжийг гэмтээж бэртээсэн тухайд Хан-Уул дүүргийн Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болно.

Гурав. Надтай холбогдуулж нэхэмжлэлд дурдсан асуудлуудын тухайд. Намайг танилцаад л маргааш өдрөөс нь эхлэн хардаж сэрддэг, зодож нүддэг мэтээр бичжээ. Би сэхээтэн айлд төрж өссөн, ах, дүү хоёртой, манай гэр бүл элэг бүтэн, элдэв гаж зуршил үгүй, аав, ээж хоёр үр хүүхэд бидний эрүүл мэнд, хүмүүжил, боловсролд онцгой анхаарал тавьдаг, шаардлага өндөртэй, хариуцлагатай, дээд боловсролтой, өндөр насны тэтгэвэртээ сууж байгаа, 60 настай хүмүүс. Намайг хэд хэдэн удаа зодож байсан гэжээ. Ийм явдал бидний хооронд урьд өмнө болж байгаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан цаг хугацааны хувьд тэр үеийн фото зурагнуудаас энэ хүн ямар сайхан зүс царайтай, ямар сайхан баяр баясгалантай байсан зэргийг харж болно. 7 сартай жирэмсэн байхад зодсон гэжээ. Би энэ үеэр харин ч О.Мөнх-Уянгыг тайван сайхан байлгах, сэтгэл санааг нь өргөж сэргээх зорилгоор хамтдаа Бээжин хотод сайхан аялж, шоппинг хийж, амарч яваад ирсэн. Нэхэмжлэлд, төрсний дараа 14 хоногтой байхад мөн л зодсон гэжээ,  О.Мөнх-Уянга 2014 оны 7 дугаар сарын 28-нд төрөөд манай гэрт буюу аав, ээжийнд гарсан. Төрөөд хийсвэр хагалгаа хийлгээд гэдсэндээ олон оёдолтой, түүндээ шаналаад инээж чадахгүй, нуруу нь ч тэнийж чадахгүй байгаа нялх биетэй хүнд гар хүрсэн гэж гүтгүүлэх ямар логикгүй асуудал вэ. Төрөөд эмнэлгээс гарснаас хойш өнөөг хүртэл хүү маань манай гэрт эмээ, өвөөгийнхөө асрамжинд эрүүл чийрэг, өсөн бойжиж байна. Аав, ээж маань хүүг 5 хоногтойгоос нь эхлэн усанд оруулж, агаар салхинд гаргаж, асран халамжилж, эрүүл чийрэг өсгөж байгаа билээ. Би ч бас хүүгээ асрах, хүүтэйгээ тоглох, усанд оруулах дуртай. Мөн эхнэр О.Мөнх-Уянга аав, ээжийн гэрт хүүгээ хөхүүлж байгаа, тайван сайхан амарч байгааг харуулсан тэр цаг үеийн сайхан зурагнууд байгаа. Бид залуу ээж, аавын хувьд үр хүүхдээ өөрсдөө харж, асарч сурья гээд ээж, аавын байрны ойролцоо, Зайсанд, агаар нь тунгалаг, утаагүй учир, байр түрээслэн 3 сар орчим хугацаанд ээж, ааваас тусдаа гурвуулаа амьдарсан. Энэ хугацаанд манай хоёр хөгшин өглөө, өдөр, орой гээд өдөрт 2-3 удаа ирдэг, хүүг салхинд гаргадаг, оройд нь хүүг усанд оруулаад явдаг байсан. Бидний найз нөхөд ч гэсэн тогтмол гэр орноор орж гардаг байсан. Хүүхэд 9 сартай байхад мөн л зодсон гэж гүтгэжээ. Бид 2015 оны 1 дүгээр сарын 21-нд Сингапур улсад сургалтанд гурван сар яваад 2017 оны 4 дүгээр сарын 28 -нд ирцгээсэн. Харин Мөнх-Уянга үл ялих зүйлээс болж уцаарлаж уурлахдаа унтаж байгаа миний дээрээс түмпэн дүүрэн хүйтэн ус асгана, хутга шөвөг барина, хашгирна. Өрөөний хаалга цөм өшиглөж, бөөн шуугиан тариад гэрээс гарна. Шөнө дөлөөр эцэг, эхийн гэрт очиж тэднийг сэрээн “танай хүү намайг зодоод хөөгөөд байна” гэж худал хэлж сандаргана.Шөнийн 02 цагт хүүхдийн памперс зардаг залуу ярьлаа гэх мөртөө цочмог уурлаж, хийх хийхгүй үйлдэл, зан авир гаргасныг одоо бодоход “памперс зардаг” гэх утсаар ярьсан тэр хүнийг нуух, өөрийнх нь булхай илрэх вий гэсэндээ ингэж нэг ёсны худал жүжиг зохиож байжээ.

Дерөв. Эхнэр О.Мөнх-Уянгыг асран, халамжилж байсан тухайд. Эхнэр О.Мөнх-Уянга жирэмсний хордлого эхлэж байгааг мэдэлгүй, жирэмсэн болсон эсэхээ ч мэдэлгүй, турж ядраад байгаа тул эмнэлгээр явж эмчид үзүүлж байсныг санаж байна. Тэр үед, “Номун” эмнэлэгт хэвтэж, ердөө нэг хоногийн дараа өөрөө “муухай эмнэлэг байна” гээд гарч байсан. Эхнэр О.Мөнх-Уянгыг жирэмсэн байх хугацаанд би өөрийн аав, ээжийн хамтаар тогтмол агаар салхинд хотоос гадагш авч явдаг, бүх төрлийн шинэ жимс, жимсгэнэ авч идүүлдэг, тахианы мах, загасны махтай хоол унд тогтмол хийж өгдөг, жирэмсэн эмэгтэйчүүдийн төвд хичээлд суулгаж, гимнастик, дасгалд явуулдаг, усан бассейнд хүртэл явуулж, арчилж тойглож байсан. Интэрмед эмнэлгийн хяналтанд бүртгүүлж, 2014 оны 6-р сард нэг удаа, 7- р сард нэг удаа тус тус хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. Өөрөө төрнө гэж байсан хүн гэнэт төрж чадахаа болилоо гээд эмч нар 2014 оны 7 дугаар сарын 28-нд эх, хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбоотой учир “кесарево сечение” хийж хүүг төрүүлсэн. Эхнэр О.Мөнх-Уянга 2015 оны 7 дугаар сард хамрын ханиад хүрээд байна, аллерги хөдлөөд байна, хамраараа амьсгал авахад хүндрэлтэй байна, толгой өвдөж байна гээд хамрын дусаалга нафазолин эмийг долоо хоногт 2-3 ширхэгийг хэрэглээд байхлаар нь Сонгдо болон 1-р эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчид үзүүлж, улмаар хамрын хөндлөвч муруйлттай, амьсгалын зам бөглөж байна гэх үндэслэлээр хагалгаа хийлгэж засуулж байсан. Энэ тухайгаа өөрөө багадаа хөдөө хурдны морь унадаг байсан, морьноос унаад ингэсэн байх гэж хэлж байсан.

Тав. Эхнэр О.Менх-Уянгын хусэлт, шаардлагыг биелуүлж байсан тухайд. Эхнэр О.Мөнх-Уянга надтай танилцаж гэр бүл болохоос өмнө АНУ-ын Сан- Франциско хотод хувцас загвар-дизайнерийн чиглэлээр сургуульд сурч байсан тул сургуулийг нь төгсгөх зорилгоор хамтдаа АНУ - д явахаар төлөвлөж АНУ-ын ЭСЯ-нд виз авахаар мэдүүлэхэд надад виз олгоогүй юм. Ийнхүү бид хамтдаа АНУ-д явах боломжгүй болсон тул өөр улс оронд, тухайлбал Англи улсад эхнэрийн мэргэжлийн ямар сургууль байдаг, түүнд хэрхэн элсэн орж болох талаар судалж, улмаар 2015 оны 1 дүгээр сарын 21-нд Сингапур улсад суралцахаар явсан. Сингапурт байх хугацаанд бид хамтдаа Малайз, Тайланд улсад аялж, амарцгааж байсан. Мөн зун нутагтаа ирээд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байх халуун рашаан сувилалд амарч, Архангай аймгийн нутагт байх үзэсгэлэнт сайхан газруудаар аялж амарч явж байсан. Энэ үеэр бид хүү О.Төгөлдөрийг эмээ, өвөөгийнх нь асрамжинд үлдээгээд явдаг байсан. Ингээд 2015 оны 7, 8 дугаар сард Англи улсын холбогдох сургуулиудаас суралцах урилга ирж, би 2015 оны 9 дүгээр сарын 16-нд, О.Мөнх-Уянга 2015 оны 10 дугаар сарын 09-нд тус тус Англи улсыг анх удаа зорьцгоосон юм.

 

Эхнэр О.Мөнх-Уянгыг дэлхийн шилдэг дизайнеруудын суралцаж төгссөн, олон улсын түвшинд тэргүүлэх зэргийн сургууль болох Лондонгийн Урлагийн Их сургуульд загвар зохион бүтээгч-дизайнерийн мэргэжлээр суралцуулах ховор аз завшаан тохиосон явдалд би маш их баярлаж, түүний сургалтын төлбөр, замын зардал, амьдрах түрээсийн байрны төлбөр, хоол ундны гээд гарч болох бүхий л зардлыг хариуцан төлж байсан.

Би сая ирэхдээ эхнэр О.Мөнх-Уянгын сургалтын төлбөрийн урьдчилгааг төлөөд, байрны түрээсийн 3 сарын төлбөр, хоол ундны мөнгийг хангалттай үлдээгээд ирсэн. Тэгээд ч би Лондонгийн Брунелийн их сургуулийн докторын сургалтанд хамрагдахаар урилгаа хүлээж байсан бөгөөд тун удахгүй хүү болон өөрийн ээжийн хамтаар Лондонд буцаад очих төлөвлөгөөтэй байсан. Одоо энэ төлөвлөгөө өөрчлөгдөж байна. Би цаашид Англид явж үргэлжлүүлэн суралцах асуудлаа больж байгаа бөгөөд нутагтаа, гэртээ хүүгээ өсгөн бойжуулах болно.

Зургаа. Хүү О.Төгөлдөрийн тухайд. Миний хүү О.Төгөлдөр 2014 оны 7 дугаар сарын 28-нд миний анхны хүү болон төрсөн, манай гэрт эмнэлгээс гарч ирсэн. Өнөөг хүртэл хүү О.Төгөлдөр эмээ, өвөөгийнхөө асрамжинд эрүүл, саруул бойжиж байна. Миний хүү О.Төгөлдөр одоо хоёр ой найман сартай. Эхнэр О.Мөнх-Уянга бид хоёр хүүгээ 5 сартайд нь буюу 2015 оны 1 дүгээр сарын 21-нд Сингапур улсад явахдаа хүү О.Төгөлдөрийг эмээ, өвөөгийнх нь асрамжинд үлдээсэн. 2015 оны намар бид Англи улсад суралцахаар явахдаа хүүгээ эмээ, өвөөгийнх нь асрамжинд албан ёсоор үлдээж нотариатаар баталгаажуулсан “Итгэмжлэх” баримт бичиг үйлдсэн. Ийнхүү миний аав, ээж хоёр хүү О.Төгөлдөрийг өнөөдрийг хүртэл өсгөн бойжуулж байгаа нь хүү Э.Очбаяр, бэр О.Мөнх-Уянга бид хоёрын сурч боловсрох үйлс, ирээдүйн сайн сайхан амьдралд маань үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, тусалж, дэмжиж байна гэж ойлгон сэтгэл хангалуун, аз жаргалтай байлаа. Эхнэр О.Мөнх-Уянга виз сунгуулах зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 29- нд Улаанбаатарт ирээд 2016 оны 10 дугаар сарын 08-нд Англи улсад буцаж очсон. Энд байх хугацаандаа хүүг авч өөрийн ээжийнд очиж хэсэг хугацаанд байсан бөгөөд ингэж байх үедээ хүүг минь ээжийнхээ эгчийн охин, сургуулийн сурагч хүүхдээр харуулж байсан. 2016 оны 10 дугаар сарын 08-нд Англид буцдаг өглөөгөө хүүг минь эмээ, өвөөд нь онгоцны буудал дээр өгөөд явсан байсан. Хүү О.Төгөлдөр эмээ, өвөөдөө ирэхдээ турсан, гэдэс нь гүйлгэсэн, ханиадтай ирсэн тул өрхийн эмчид үзүүлж эмчилж эдгээсэн юм билээ. Хүү О.Төгөлдөр өнгөрсөн хугацаанд хадам ээжийнд түр хугацаагаар очоод ирэх болгондоо ханиад томуу хүрсэн байдалтай ирдэг байсан, хадам ээж хүүг өвдөөд, өвчин нь даамжраад байхад нь ”бушуухан эмээ, өвөөд нь аваачиж өг” гэж О.Мөнх-Уянгад хэлж байсан. Хүү О.Төгөлдөр ийнхүү хүндээр өвчилсний улмаас Интэрмед эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байсан.

Долоо. Хүү О.Төгөлдөрийн өсч байгаа орчин нөхцлийн тухайд. Манай гэр Хан-Уул дүүргийн Зайсанд байдаг. Улаанбаатар хотын утаагүй, маш цэвэр агаартай орчин. Төв замаас хол учир чимээ шуугиан багатай, тоос шороогүй, маш сайн тохижуулсан ногоон орчинтой, хотхондоо хүүхдэд зориулсан тоглоомын цэгүүдтэй, амарч зугаалах хангалттай том талбайтай, СӨХ-ийн үйлчлэгчид өдөр бүр цэвэрлэгээ хийж хотхоныг цэвэр цэмцгэр байлгадаг, хотхон 24 цагийн харуул хамгаалалттай, видео камерын хяналттай болно. Гэрийн гаднах ийм аятай тухтай эрүүл орчинд миний хүү О.Төгөлдөр өсөн торниж байна. Хүү О.Төгөлдөрийн өсөн бойжиж байгаа манай гэр хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх стандарт шаардлагыг бүрэн хангасан, 136 кв метр талбайтай, өөрт нь зориулж бэлтгэсэн тусгай өрөө, ор дэвсгэр, хувцасны шүүгээ, ойр зуурын хэрэгцээнийх нь эд зүйлсийн тусгай тавиуртай. Бага насны онцлогт нь тааруулж хэрэглэж байгаа тусгай зориулалтын ширээ, сандалтай, өөрийн гэсэн аяга, халбага, тавагтай, усанд орох тусдаа ваннатай, савлуур тоглоомтой, машин, мотоцикл, скутер, унадаг дугуй зэрэг хүүхдэд хэрэгцээтэй бүх төрлийн том жижиг тоглоомтой. Автомашинд авч явах зориулалтын сандалтай. Ой, ухааныг нь хөгжүүлэх зурагт ном болон хүүхдийн баруун, зүүн тархийг хөгжүүлэх тусгай дасгалын номтой, өнгө болон дүрс ялгах, эвлүүлж өрдөг тоглоомуудтай. Эмээтэйгээ өглөө бүр 30 минут “хичээл” хийдэг, хүү О.Төгөлдөрт зарцуулагдах бүх зардлыг эцэг Э.Очбаяр би өөрөө хариуцах бөгөөд, эх О.Мөнх-Уянгаас хүүхдийн тэтгэлэг шаардахгүй.

Найм. Хүү О.Төгөлдөрийг өөрийн асрамжид үлдээх шаардлагын тухайд. Одоогоор эхнэр О.Мөнх-Уянга гадаадад суралцаж байгаа оюутан, хүссэн мэргэжлээрээ суралцаж төгсөхөд 3-4 жилийн хугацаа байна, энэ хугацаанд сургуулийн төлбөр, амьжиргааны зардал гээд багагүй зардал гарах нь ойлгомжтой. Хүүг гадаад руу, дасаагүй орчин, танихгүй хүмүүсийн орчинд авч явж болзошгүй юм. Хичээл, сургуулийн хажуугаар бага насны хүүхэд асарч харна гэдэг өөрт нь бэрхшээлтэй. Нэгэнт биеэ үнэлэх алхам хийсэн энэ хүн цаашид хэрхэн засарч төлөвшихийг хэлж мэдэхгүй. Энэ бүгд нь хүүхдийн өсөлт, хүмүүжилд харшлах нь тодорхой. Ийм хүнд, өөрийгөө хамгаалах чадваргүй, хүсэл бодлоо үгээр илэрхийлж ойлгуулж чадахгүй, тодорхой орчинд дасан зохицож өсөн бойжиж байгаа бага насны балчир хүүхдийг итгэж үлдээнэ гэдэг хэр зөв алхам бол. Дассан орчноо үгүйлж, өдөр тутамд өвөр дээр нь эрхэлж байдаг эмээ, өвөөгөөсөө холдож, нэгэнт дасаж, ухаа орж эхэлж байгаа нялх үр минь тэднийгээ санаж бэтгэрэхийн хэрээр сэтгэхүйн шоконд орж сэтгэл мэдрэлийн өвчин эмгэгтэй болвол хэн энэ хариуцлагыг хүлээх вэ. Энэ нялх хүүгийн минь амьдралаар ингэж тоглож болохгүй ээ. О.Мөнх-Уянга эх хүний хувьд, үнэхээр хүүдээ хайртай бол, түүний хойч ирээдүйд сайн сайхныг хүсч байгаа бол миний энэ саналыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээд ч, нэгэнт биеэ үнэлэх зам сонгосон ээж, мах цусны холбоогүй, хэн нэгэн хөндлөнгийн танихгүй хүний дэргэд энэ хүүхэд яаж өсөж хүмүүжих вэ? Ийм хүмүүсийн гараар төрсөн хүүгийнхээ ирээдүй, хувь заяаг шийдүүлэх хүсэлгүй байна. Хүүг минь 5 сартайгаас нь, өөрсдөө хүүхэд төрүүлсэн юм шиг л, харж хандан, асран халамжилж, өсгөн бойжуулж байгаа ээж, аав хоёрыгоо даралтаа хэмжиж, зүрхээ чагнаж, цагдаагийн байгууллагад дуудагдаж, эмнэлгээр явааг харахлаар зүрх шимширч байна.

Миний хувьд, эхнэр О.Мөнх-Уянгын биеэ үнэлсэн энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч цаашид нэг гэр бүл гэж хамт амьдрах ёс суртахууны болон хайр сэтгэлийн ямар ч үндэсгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, харин хүүг асрамжиндаа авахыг зөвшөөрөхгүй байгаа болно. О.Мөнх-Уянга бид хоёрт дундын өмч хөрөнгө, мөнгөн хадгаламж байхгүй тул өмч хөрөнгийн маргаан байхгүй.

Би “Оюу толгой” компанид техник, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хувийн “ЭСО” XX компанитай, “Энержи ресурс” компанийн баяжуулах үйлдвэрт магнетит хийлүүлдэг “Дархан Говь Феоре” ХХК-ийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч, Монголын Хөл бөмбөгийн холбооны дээд лигт өрсөлддөг “ФС Улаанбаатар” багийн Гүйцэтгэх захирлын алба хашиж байна. Би орлогын хангалттай эх үүсвэртэй.

О.Мөнх-Уянга 2016 оны 10 дугаар сарын 07-нд гадаадад явснаас хойш хүүхдээ нэг ч удаа асууж утсаар ярьж байгаагүй, 2017 оны 2 дугаар сарын 13-нд ирэхдээ хүүд минь нэг ширхэг чихэргүй бэлэггүй ирж байгаа нь түүнийг хүүхэддээ хэрхэн ханддаг болохыг харуулж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин хүү О.Төгөлдөрийг өөрийнхөө асрамжид авна, учир нь нэхэмжлэгч нь хүүгээ өсгөн нөхцөл боломжгүй, хэдхэн хоног авч харахдаа гэрээ санаад эмээ өвөөгөө, тоглоомоо санаад уйлахаар нь чихэр их өгснөөс болж хамаг биеэр нь тууралт гарсан байдалтай, хөл нь гэмтсэн ирсэн. Тэгээд ч нэг болохоор хүүхэдгүй ганц бие болчихдог, нэг болохоор хүүгээ авна гээд байгааг ойлгохгүй байна. Тиймээс энэ хүнтэй цаашид эвлэрч амьдрах боломжгүй, энэ хүн надтай өөр зорилгоор гэрлэсэн юм шиг байгаа юм. Тиймээс гэрлэлтээ цуцлуулна, хүүгээ өөрөө өсгөнө, харин ээжтэй нь хүссэн үед нь уулзуулахад татгалзахгүй гэв.

 

 

Хариуцагч Э.Очбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Очбаяр би О.Мөнх-Уянгатай 2013 онд танилцан, 2015 оны 1 сарын 7-нд гэрлэсэн, 2014 оны 7 сарын 28-нд хүү О.Төгөлдөр төрсөн. Бид 2014 оны 4 дүгээр сараас, О.Мөнх-Уянгыг 8 сартай жирэмсэн байхаас эхлэн миний аав, ээжтэй хамт амьдарч эхэлсэн. Хүү О.Төгөлдөр 2014 оны 7 сарын 28-ны өдөр төрсөн цагаасаа хойш мөн энэ хаягт миний ээж, аавын асрамжинд өсөн торниж байгаа ба тус хорооны “Амгалан - Өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд байгаа болно.

Залуу аав, ээжийн хувьд хүүгээ өөрсдөө харж, асарч сурахын тулд ээж, аавын байрны ойролцоо, байр түрээслэн 3 сар орчим хугацаанд гурвуулаа амьдарсан. Бид хоёр хүүгээ 5 сартайд нь Сингапур улсад гурван сарын хугацаатай явж суралцсан, ингэж явахдаа хүү О.Төгөлдөрийг эмээ, өвөөгийнх нь асрамжинд үлдээсэн. 2015 оны 7, 8 дугаар сард Англи улсын холбогдох сургуулиудаас бидэнд суралцах урилга ирж, би 2015 оны 9 дүгээр сарын 16-нд, О.Мөнх-Уянга 2015 оны 10 дугаар сарын 09-нд тус тус Англи улсыг зорьцгоосон. Ийнхүү бид Англи улсад урт хугацаанд суралцахаар явахдаа хүүгээ эмээ, өвөөгийнх нь асрамжинд албан ёсоор үлдээж баримт бичиг үйлдсэн болно. Би 2016 оны 12 дугаар сарын 15-нд Англи улсад сурч байсан сургуулиа төгсөөд 2017 оны 01 дүгээр сарын 19-нд эх орондоо ирж ажиллаж, амьдарч байгаа ба хүүгээ өөрөө асран хүмүүжүүлж байна.

Эмэгтэй хүн, ээжийн хувьд, О.Мөнх-Уянга гэр бүлийн амьдралаас илүү биеэрээ мөнгө олох ажлыг сонгохдоо эцэг, эхтэйгээ тайван орчинд өсч хүмүүжих ёстой хүүхдийнхээ ирээдүйг бодсон уу, энэ хүн, яаж хүүхдээ асрамжиндаа авна гэж хэлж чадаж байна вэ? Миний хувьд, “ФС Улаанбаатар” ТББ-ын Гүйцэтгэх захирал, “Битумина Сэнтрал Азиа” ХХК-ийн зөвлөх, “Дархан Говь Феоре” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, өөрийн гэх орлоготой, мөн СБД-ийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 10 - 238 тоотод байрлах 2 өрөө өөрийн байртай, хүүхдээ асрах бүрэн боломжтой, ямар нэг буруу дадал, зуршил байхгүй. Иймд хүү О.Төгөлдөрийг аав Э.Очбаяр миний асрамжинд үлдээж өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгч О.Мөнх-Уянга шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Хариуцагчийг муу аав байсан гэж бодохгүй байна. Биднийг гадаадад яваад ирэх хооронд хүүхдийг хариуцагчийн ээж, аав нь хардаг байсан, сайн ч хардаг байсан. Хүүхдийг харах хугацаанд хариуцагч нь нэг ч удаа, хүүхдийн живх сольж байгаагүй. Хариуцагч нь найзууддаа ч гэсэн шөнө хүүхэд уйлдаггүй, өөрөө шөнө босдоггүй байсан талаар ярьж л байсан. Бид 3 сар яваад буцаж ирээд, дахин 3 сарын дараа ирдэг л байсан. Гэр бүлийн хүчирхийлэл бол хаалганы цаана болдог, тухайн үед цагдаа дуудаагүйгээс болж би одоо ингэж хохирлоо. Би одоо дахин хүнтэй сууж чадахгүй. Миний нүүрлүү дандаа цохидог, миний хамар хүртэл хугархай. Хариуцагчтай танилцахаас өмнө би Америк улсад 3 дугаар курс хүртлээ сурч байсан бөгөөд сургалтын төлбөр 40,000 ам доллар болдог байсан бөгөөд хариуцагчтай хамт байсан байгаагүй өөрийгөө болон хүүхдээ аваад л явна. Би одоо бол хамт амьдарч чадахгүй, хүүхдийнхээ сайн эцэг эх нь байя гэж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Мөнх-Уянга нь хариуцагч Э.Очбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э.Очбаяр нь нэхэмжлэгч О.Мөнх-Уянгад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

О.Мөнх-Уянга Э.Очбаяр нар нь 2013 оны 1 сард танилцаж, 2013 оны 7 сараас хамтран амьдарч байгаад 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүү О.Төгөлдөр төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №1119000008 тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, Очбаярын Төгөлдөрийн №1119002547 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 7-8-р хуудас/

Нэхэмжлэгч О.Мөнх-Уянга нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №26 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай” баримтаар О.Мөнх-Уянга нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж, нөхөр Э.Очбаяр байнга гэр бүлийн хүчирхийллийн дарамтанд байлгадаг, аав, ээжтэйгээ нийлж зодсон тул цагдаад гомдол гарган шалгуулж байгаа гэж шүүхээр шийдвэрлүүлэхээр өргөдлөө эргүүлэн татах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан байна. /хэргийн 5-р хуудас /

Нэхэмжлэгч нь эвлэрлүүлэн зуучлах ажиллагааг явуулахаас татгалзаж, гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаар шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 132 дугаар зүйлийн 132.4-т “Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлаж болно” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Очбаярыг хардаж зоддог, утасны дуудлага дуут шууданг байнга шалгадаг, хэл амаар доромжилж, байнгын хүчирхийлэл дарамтанд байлгадаг, хүүхэдтэй уулзуулахгүй гэж эцэг эхтэйгээ нийлж зодсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч О.Мөнх-Уянгыг хамт амьдрах хугацаандаа хэл амаар доромжилж, зодож байгаагүй, намайг болон гэр бүлийг минь хүчирхийлэгч, дарангуйлагч гэж ойлгуулахаар худлаа тайлбар гаргасан, АНУ-д бүртгэлтэй дэлхийн баячуудад биеэ үнэлэгч охид бүсгүйчүүдийг зуучилдаг бүлэглэлд гишүүнээр элссэн сайтад бүртгүүлж, зургаа байршуулсан, зочид буудлуудаар орж гарч байсан болохыг нь мэдсэн тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, зодуулж байсан боловч холбогдох газарт хандаж байгаагүй, 7 сартай жирэмсэн байхад зодсоноос болж “Номун” эмнэлэгт хэвтэж хүүхэд тогтоолгох эмчилгээ хийлгэсэн, төрөөд 14 хоногтой байхад согтуугаар нүүр лүү цохиж зодсон, хүүхэд 9 сартай байхад мөн л согтуугаар хөх няц болтол зодож, хөл нүцгэн хөөж гаргасан, зодуулсны улмаас хамар муруйсан, эцэг эхтэйгээ нийлж зодсон үйлдлийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гэрэл зураг, гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно гэсэн боловч “Номун” клиникийн эмнэлгийн “...2014 оны 3 дугаар сарын 28-с 2014 оны 4 дүгээр сарын 28-ны хүртэл хэвтэн эмчлүүлээгүй байна” гэсэн албан бичиг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өвчний түүхэд “...1 жилийн өмнөөс хамар битүүрдэг болсон, амьсгал 2 талдаа саадтай, таславч зүүн тийш муруй” гэсэн нь зодуулсны улмаас үүссэн, хариуцагчийн учруулсан гэмтэл гэж дүгнэх боломжгүй, хэрэгт авагдсан гэрэл зураг нь хэний зураг болох нь тодорхойгүй, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрэл зурагт байгаа тавилга манай гэрийн болон хамт амьдарч байсан байр, нэхэмжлэгчийн байранд аль алинд байдаггүй гэж маргасан болно. /хэргийн 146-151,124-р хуудас/

Мөн шүүх хуралдаанд гэрчээр дуудагдсан Н.Оюунтуяа, Н.Гантулга, Н.Оюунгэрэл нар нь О.Мөнх-Уянгыг удаа дараа зодуулсан, хөх няц болсон байхыг харсан гэж, гэрч Д.Энхээ, Д.Дашдэмбэрэл нар нь О.Мөнх-Уянгыг зодуулсан байхыг харж байгаагүй гэж мэдүүлсэн, зохигч талууд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хэн аль нь шалгагдаж байгаа талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул хариуцагч Э.Очбаярыг байнгын хүчирхийлэл үйлддэг, нэхэмжлэгч О.Мөнх-Уянга байнгын хүчирхийлэл дарамтад байдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв. 

Хариуцагчаас нэхэмжлэгч О.Мөнх-Уянгыг биеэ үнэлэгчдийн сайтад хүүхэдгүй гэж бүртгүүлсэн нь гэр бүлийн үнэ цэнийг алдсан үйлдэл тул цаашид эвлэрч амьдрах боломжгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь Seekingarrangement.com сайтад “Jane Yuna” нэрээр бүртгүүлсэн болохыг хүлээн зөвшөөрсөн боловч зөвхөн хариуцагчийг уурлуулах зорилгоор бүртгүүлсэн, зураг байршуулаагүй, өөр зорилгоор ашиглаагүй, байнга хардаж, эд хөрөнгө мэт харьцаж, итгэхгүй байгаа тул эвлэрэх хүсэлгүй гэсэн болно.

 Иймд нэхэмжлэгч нь эвлэрэх боломжгүй, цаашид энэ хүнтэй амьдрах хүсэлгүй гэж тайлбарласан, хариуцагч нь гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн маргаагүй, гэрлэгчид цаашид эвлэрч амьдрах боломжгүй тул гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан журмыг зөрчөөгүй байна гэж үзэж, гэрлэгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эвлэрүүлэх хугацаа авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан, гэрлэлтээ цуцлуулах талаар хэн аль нь зөвшөөрсөн маргаагүй нөхцөл байдлыг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийн хувьд нэхэмжлэгч О.Мөнх-Уянга нь 2 настай хүү О.Төгөлдөрийгөө өөрийнхөө асрамжид авна, хариуцагч нь гэр бүл болсноос хойш байнга зодож гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг байсан, хүүхдээ асарч халамжилж байгаагүй, Э.Очбаяр биш эмээ, өвөө нь хүүхэд хардаг байсан гэж тайлбарласан.

Хариуцагч Э.Очбаяр нь хүү О.Төгөлдөрийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрөхгүй, хувийн байдлын хувьд хүүхэд өсгөх боломжгүй, хүүхдийн багаасаа өссөн дассан орчинг өөрчилж, сэтгэл санааны хувьд хямдралд оруулах шаардлагагүй гэж маргаад хүү О.Төгөлдөрийг өөрийнхөө асрамжид авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно”, 14.6-д “гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэхээр заажээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь хүү О.Төгөлдөр 2 нас 8 сартай  бага насны хүүхэд тул эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй, эх О.Мөнх-Уянга нь хүүгээ халамжлах, асран хамгаалах бүрэн боломжтой гэж тайлбарлаад нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэр, О.Төгөлдөрийн эх О.Мөнх-Уянгын хамт байгаа орчинг харуулсан гэрэл зургийг шүүхэд ирүүлсэн бөгөөд О.Мөнх-Уянга нь “Монгол савхи” ХХК-ний 20 хувийн хувьцааг эзэмшдэг, мөн өөрийн өмчлөлийн орон сууцыг түрээслэн орлого олох бүрэн боломжтой гэсэн. / хэргийн 115-129, 140-р хуудас /

Хариуцагч нь хүү О.Төгөлдөрийг халамжлан өсгөх бүрэн боломжтой гэж тайлбарлаад хүүгийн өсөж байгаа орчинг харуулсан гэрэл зургууд, мөн хүүхдээ асрах бүрэн боломжтой болохыг нотлоно гэж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хөлсөөр ажиллах гэрээтэй зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна. /хэргийн  134-138, 157-163-р хуудас/

Зохигч талуудын шүүхэд ирүүлсэн баримтууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар О.Мөнх-Уянга, Э.Очбаяр нар нь хэн аль нь хүүхдийг асран халамжлахад харшлах зүйлгүй байна гэж үзэв.

Гэвч нэхэмжлэгч О.Мөнх-Уянга, хариуцагч Э.Очбаяр нар нь хүү О.Төгөлдөрийг 6 сартай байхад Сингапур улсад 3 сарын хугацаатайгаар сургалтад, мөн 1 нас 3 сартай байхад нь Их Британи улсад суралцахаар явсан, амралтаараа болон виз сунгуулахдаа ирж хүүтэйгээ хамт байдаг байсан болох нь хил хамгаалах газрын лавлагаа, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй, хүү О.Төгөлдөр өвөө, эмээ нарын асрамжид эрүүл энх өсөж бойжиж байсан болох нь гэрчийн мэдүүлэг, өрхийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 144-156-р хуудас/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Мөнх-Уянга нь эх Х.Оюунгэрэл, Н.Гантулга нарын хамт амьдардаг, эх Х.Оюунгэрэл, Н.Гантулга нар нь хувийн бизнесийг эрхэлдэг, хариуцагч Э.Очбаяр нь эцэг Д.Энхээ, эх Сүнжидмаа нарын хамт амьдардаг, эцэг эх нь тэтгэвэрт байдаг, хүүхдийг багаас нь өсгөсөн, цаашид ч харж халамжлахад туслах бололцоотой гэж тайлбарласан.

Мөн хариуцагч Э.Очбаяр нь Сүхбаатар дүүрэг, 7 хороо, 11 хороолол, 10 байрны 238 тоот орон сууцны зориулалтай 30м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000163514 дугаар гэрчилгээгээр, “Дарханговь феоре” ХХК-ийн үүсгэн байгуулагч болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байх бөгөөд “Битумина сэнтрал Азиа” ХХК-нд хөлсөөр ажиллах гэрээтэй ажилладаг болох нь нотлогдож байна. /хэргийн 134-138-р хуудас/

Нэхэмжлэгч О.Мөнх-Уянга нь “Монгол савхи” ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшдэг, өөрийн өмчлөлийн байрны түрээсээр орлого олох боломжтой гэж тайлбарласан боловч тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. 

Иймд хүү О.Төгөлдөр нь насны хувьд 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 2 нас 8 сартай бага насны боловч эцэг, эхийн халамж, хүүхдийн өссөн дассан орчин, ахуйн нөхцөл бололцоог харгалзан эцэг Э.Очбаярын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасан байна.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар хүү О.Төгөлдөрийг 7 хоногт 3 удаа эх О.Мөнх-Уянгатай уулзуулж байхыг эцэг Э.Очбаярт даалгах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэж тайлбарласан болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Э.Очбаярын шүүхэд ирүүлсэн О.Мөнх-Уянгын интернэтийн түүхээс авсан, сайтаас үзсэн бичлэгүүд гэх англи хэл дээрх баримтууд, Самохин И.А гаргасан тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан “гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулсан байна” гэснийг, У.Баярсайхан, С.Цэдэв нарын гэр бүлээс гаргасан, Д.Солонго, Ч,Ганбат, Л.Жаргал нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолтууд нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-д “гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан нөхцөлд гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг дуусгавар болсонд тооцох”-оор заасан тул тус шүүхийн 2017 оны 3 сарын 27-ны  өдрийн №183/ШЗ2017/03561 дугаар захирамжаар авсан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг дуусгавар болсонд тооцох нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хөвхөр овогт Оюунгэрэлийн Мөнх-Уянга, Галзууд овогт Энхээгийн Очбаяр нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.Төгөлдөрийг эцэг Э.Очбаярын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг О.Мөнх-Уянга, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Э.Очбаярт даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Мөнх-Уянга нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар хүү О.Төгөлдөрийг 7 хоногт 3 удаа эх О.Мөнх-Уянгатай уулзуулж байхыг эцэг Э.Очбаярт даалгасугай.

 

6. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын өмчийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Очбаяраас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Мөнх-Уянгад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Мөнх-Уянгаас 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Э.Очбаярт олгосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-д зааснаар тус шүүхийн 2017 оны 3 сарын 27-ны өдрийн №183/ШЗ2017/03561 дугаартай захирамжаар авсан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг дуусгавар болсонд тооцсугай.

 

9.Хэрэгт авагдсан хүү О.Төгөлдөрийн №1119002547 дугаартай Хүүхдийн төрсний гэрчилгээ, Эрүүл мэндийн ягаан дэвтэр, хүүхдийн Е1735385 дугаартай гадаад паспортыг хариуцагч Э.Очбаярт буцаан олгосугай.

 

10.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар О.Мөнх-Уянга, Э.Очбаяр нар нь эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдсугай.  

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН