Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00912

 

С.Э-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2019/00025 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар магадлалтай, 

С.Э-ын нэхэмжлэлтэй

Говь-Алтай аймаг дахь НБ-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2005 онд Говь-Алтай аймаг дахь НБ-д галчаар ажилд орсон, үүнээс хойш тасралтгүй ажиллаж байсан. Тус байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, жил бүрийн 5 дугаар сарын 01-нээс амраад 10 дугаар сарын 01-нд ажилдаа ордог байсан. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр амраад 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох гээд ирэхэд ярилцаж байгаад утсаар чинь дуудъя гээд явуулсан. Түүнээс хойш дуудахгүй байхаар нь 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ ирж уулзаж ажилдаа орох гэхэд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Нисэх буудлын даргын 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээж авлаа. Намайг хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт урд онуудад 6, 7, 8, 9 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бичилт хийж явдаг байсан тул 6, 7, 8, 9 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бичилт хийлгэж, 10, 11, 12, 2019 оны 1 сарын ажилгүй байсан 77 хоногийн цалинд 3.853.311 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...С.Э- нь 2005 оноос манай байгууллагад уурын зуухны галчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд ажлын онцлогоос шалтгаалан үндсэн ажилтан биш, хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нисэх буудлын дарга Д.Батбаяр нь С.Э-тай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Үүнд С.Э- нь өөрийн биеэр танилцаж гарын үсэг зурсан. Гэрээний хугацааны хувьд С.Э- хэлсэн. Уурын зуухны ажил 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилладаг. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлын биш амралтын өдөр байсан учраас 10 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үйл ажиллагаа болон цалин нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс бодогдсон. 2018 оны 3 сард төрийн аудитын газраас Нисэх буудлын 2016, 2017 оны үйл ажиллагаанд нийцлийн аудит хийгээд хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галч нарын гэрээний хугацааг дууссан тохиолдол болгонд гэрээг дуусгавар болгон буцаан авах эсэхийг байгууллага шийдвэрлэж бай гэсэн зөвлөмж өгсөн. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар зөвхөн үндсэн ажилчдын ажиллаагүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлнө гэсэн заалт байдаг. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр С.Э-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан тул Б/09 дугаартай Нисэх буудлын даргын тушаалаар гэрээг дуусгавар болгон галч Б.Амаржаргал, С.Э- нарт тухайн өдөр мэдэгдсэн байна. Б.Амаржаргал нь тухайн өдөр тушаалыг авч гарын үсэг зурсан. Харин С.Э- нь санаатайгаар ирээгүй. Энэ талаар бичиг хэргийн ажилтан удаа дараа дуудсан боловч тушаалыг хүлээн аваагүй. Нисэх буудлын зүгээс С.Э-ыг гэрээний хугацаа дуусаад 11 сард авах эсэх асуудлыг шийдвэрлээд С.Э- нь сахилгын шийтгэл авч байсан, олон нийтийн ажилд оролцдоггүй, эргэх холбоо байдаггүй зэргийг нь харгалзан ажилд авах боломжгүй болсон. Үүнээс харахад С.Э- нь гэрээ дуусах хугацааг мэдээгүй гэж хэлсэн нь үндэслэлгүй байна. С.Э- анх гэрээ байгуулахдаа дуусах хугацааг мэдэж байсан бөгөөд өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулсан. Мөн өөрийн буруутайгаас болж тушаалаа аваагүй. Хөдөлмөрийн тухай хуульд гэрээг цуцалсан болон халсан тохиолдолд шийдвэрийг заавал мэдэгдэх заалт байгаа боловч дуусгавар болоход заавал шийдвэрийг мэдэгдэх болон гардуулан өгөх талаар заагаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2019/00025 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Харнууд овогт Сосорбарамын Энхбатыг Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 77 хоногийн олговорт 3.765.762 /гурван сая долоон зуун жаран таван мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75.202 /далан таван мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлаас гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч О.Энхжаргал улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцлийг зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахад ажил олгогчийн шахалт, шаардлага хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээгээ хугацаатай байгуулах эрхтэй байх боловч ажил олгогч халаалт эхлэх үеэр ажилд авч хөдөлмөрийн гэрээг хугацаа зааж байгуулдаг талаар талууд тайлбарлаж байх тул 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр хугацаатай байгуулсан эсэх нь эргэлзээтэй байна гэжээ. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15_д заасан байнгын ажлын байранд ажиллаж байгаа ажилтантай тухайн хийж гүйцэтгэх ажлын онцлогоос шалтгаалан харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулах үүрэгтэйг хуульчлан зохицуулжээ” гэжээ. Монгол улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 1.3 дахь хэсгийн г-д “...Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар тус тус хугацаатай гэрээ байгуулж болох ба харин бусад тохиолдолд шинээр орж байгаа ажилтантай түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж үзнэ.” гэж заажээ. Нэгэнт шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь нөхцөл байгаагүй талаар талууд маргаагүй. Өөрөөр хэлбэл, С.Э-ын ажил үүрэг нь улирлын шинж чанартай ажил байгаа талаар талууд маргаагүй болно. С.Э- 2005 оноос улирлын шинж чанараар хөдөлмөрийн гэрээ байгуулж, жил бүрийн 5 дугаар сард хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргуулж, жил бүрийн 10 дугаар сард хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар 13 жил ажилласан болохыг шүүх үнэлээгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийг үндэслэл болгосон байх бөгөөд 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсгийг үндэслээгүй, хэрэглээгүй нь хэрэглэх ёстой байсан хуулийн заалтыг орхигдуулсан гэж үзэхээр байна. Нөгөө талаар 23.2.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хүч хэрэглэн хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан мэтээр хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд (Тэмдэглэлийн 6 дугаар тал) “...даргалагчаас: 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан уу? гэхэд нэхэмжлэгч: байгуулсан гэв. Даргалагчаас: Үүн дээр гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байна уу? гэхэд нэхэмжлэгч: зөвшөөрч байна гэв. Даргалагчаас: Гэрээний хугацаа 7 сар гэж заасан байна гэхэд нэхэмжлэгч: Тийм. Манайх угаасаа л 7 сар гэж заадаг гэв” Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тэмдэглэлээс нэхэмжлэгч өөрийн гарын үсэг мөн болох, хүсэл зоригийн илэрхийлэл байсныг хүлээн зөвшөөрсөн, нөгөө талаар 7 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг болохыг ойлгосон атал шүүхээс хүч хэрэглэсэн, сайн дурын үндсэн дээр байгуулаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн түхай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, С.Э- нь 2005 оноос хойш жил бүрийн 5 дугаар сард Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгодог байх бөгөөд жил бүрийн 10 дугаар сард хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг үйл баримтыг шүүх үнэлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдэх боломжтой байсан хугацааг шүүх авч үзээгүй байна. Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ажлаа 5 дугаар сард хаяад явсан талаар үйл баримтыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь үгүйсгээгүй болохыг шүүх үнэлээгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тушаалыг хуулбарлан авсан гэдэг үйл баримт нь иргэн өөрт хамааралтай шийдвэрийг хэдийд ч хуулбарлаж авах боломжтой бөгөөд энэ нь тушаалыг сүүлд гардан авсан гэх үндэслэл болохгүй, нөгөө талаар хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Э-, Говь-Алтай аймаг дахь НБ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Э-  нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч Говь-Алтай аймаг дахь НБ-д 2005 оноос галчаар ажиллаж байгаад тус буудлын даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн,  тушаалд  Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдах боломжгүй гэсэн үндэслэл заасан байна.

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд, гэрээний  хугацааг 7 сар гэж заасан, галчийн гүйцэтгэх ажил үүрэг нь улирлын чанартай хэдий ч уг ажлын байр нь байнгын ажлын байраас гадна нэхэмжлэгч тухайн байгууллагад 14 жил ажилласан, энэ хугацааны туршид гэрээг хугацаатай байгуулж байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Жил бүрийн 05 дугаар сараас 10 дугаар сар хүртэл ажилтанг амруулж энэ хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  хөдөлмөрийн гэрээгээр хугацаа заасан нь тодорхой үндэслэл шалтгаантай, ажилтан үүнийг бүрэн ойлгож гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна. Иймээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид сунгахгүй гэсэн үндэслэлээр С.Э-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.3, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулсан нь зөв байна.

Галчийн гүйцэтгэх үүрэг нь улирлын чанартай учир нэхэмжлэгч С.Э-тай жил бүр 10 дугаар сараас 5 дугаар сар хүртэл хугацаатай гэрээ байгуулдаг байсан үйл баримтыг үнэлээгүй гэсэн нь үндэслэлгүй хэрэгт 2017 оны хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ авагдаагүй байна.

Ажил олгогч 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сард С.Э-ад гардуулан өгснөөр нэхэмжлэгч нь тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр  зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2019/00025 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

             ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ