Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч: С.Э-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Иргэний нисэхийн Ерөнхий газар, Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд Говь-Алтай аймаг дахь Нисэх буудалд галчаар ажилд орсон, үүнээс хойш тасралтгүй ажиллаж байсан. Тус байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, жил бүрийн 5 дугаар сарын 01-нээс амраад 10 дугаар сарын 01-нд ажилдаа ордог байсан. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр амраад 10 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох гээд ирэхэд ярилцаж байгаад утсаар чинь дуудъя гээд явуулсан. Түүнээс хойш дуудахгүй байхаар нь өнөөдөр буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ ирж уулзаж ажилдаа орох гэхэд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Нисэх буудлын даргын 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээж авлаа. Намайг хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь Нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э нь 2005 оноос галч гэдэг албан тушаалаар 2018 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байгаа. Ажлаас халагдсан 05 сарын 01-ний өдрийн тушаалыг 2018 оны 11 сарын 01-ний өдөр авч хуулбар үнэн даруулж, энэ өдрөө шүүхэд хандсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр орсон бичиг хэргийн ажилтан нь 2018 оны 11 сарын 01-ний өдөр тушаалаа авсан. хуулбар үнэн хөтөлдөг дэвтэрт тэмдэглэл хөтлөөд өөрөөр нь гарын үсэг зуруулаад өгсөн гэдгийг нотолж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байгаа. Энэ хүн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2018 оны 11 сарны 01-ний өдөр аваад 1 сарын дотор шүүхэд хандсан. Үүн дээр ямар нэгэн хуулийн хугацаа хэтрүүлээгүй байна. Уг тушаалыг 2018 оны 05 сарын 01-ний өдөр гаргаад мэдэгдэж байсан гэж байгаа боловч энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш гэхээр мэдэгдсэн нь хамаагүй. Мэдэгдсэн талаар бичиг хэргийн эрхлэгч танилцууллаа. Мэдэгдсэн энэ хүний хувийн хэрэгт хийсэн. Яг гардуулсан нь 11 сарын 01-нд гэж гэрчилж өгсөн учраас үүн дээр маргаан байхгүй байх. Энхбат нь хуулийн хугацаанд шүүхэд хандсан гэж үзэж болохоор байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасныг үндэслэж чөлөөлсөн байгаа. 2005 оноос хойш 14 жил ажиласан энэ байгууллагын үндсэн ажилтан байгаа. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байгаа боловч ямар нэгэн маргаан байхгүй. Гэхдээ энэ хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаар шалтгаан нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд дурдаж байгуулж өгөөгүй байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон гэж байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаад цаашид сунгагдахгүй болсон шалтгаанаа юу гэж байна гэхээр энэ хүн олон нийтийн ажилд оролцдоггүй байсан. Сахилгын арга хэмжээ авагдсан. Эргэх холбоогүй гэж байгаа боловч сахилгын арга хэмжээ авагдсан тушаалыг харахаар архи уусан хүнийг хэлээгүй гээд сахилгын арга хэмжээ нэг сарын хугацаагаар авагдсан. Хугацаа нь дууссан. Хэрэгт энэ талаар тушаал байгаа. Мөн олон нийтийн ажилд оролцдоггүй. Эргэх холбоо байхгүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт байхгүй байна. Мөн хавтаст хэрэг шинжлэн судлахад 6 сард худаг засаж ажиллаад цалин хөлсөө авсан байгаа. Тэгэхээр эргэх холбоо байхгүй гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Энэ хүн тухайн амралтын хугацаанд шаардлага гараад дуудсан үед нь ажлаа хийдэг гэдэг нь цалин авсан баримтаар харагдах байх гэж бодож байна. Энэ ажлын байр байнгын ажлын байр. Үүн дээр 4 хүн ажилладаг гэсэн Энэ хүнийг ажлаас нь чөлөөлөөд өөр хүн авсан гэж байгаа. 4 галч ажиллаж байгаа гэдэг нь шүүх хуралдаан дээр ярьсан нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Хөдөлмөрийн хуулийн 23.1 дээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хийхээр заасан боловч хугацаагүй хийсэн гэсэн дээр ямар шалтгаанаар хугацаагүй хийсэн нь хөдөлмөрийн гэрээнд тогтоогдохгүй байна. Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж бичээгүй байна. Дээрээс батлагдсан орон тооны дагуу энэ хүний цалин хөлс орж ирдэг. Тэгэхээр энэ байнгын орон тоо учраас цалин хөлс дээрээсээ батлагдаж ирдэг. Ажилтан ажил олгогч хоёрын хооронд ганцхан хөдөлмөрийн гэрээ байгуулна. Өөр ямар нэгэн гэрээ байгуулахыг хориглосон байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 37-г үндэслэл болгоод хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод байгаа бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг заавал барих ёстой байсан боловч үүнийг бариагүй. Ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэдгээр чөлөөлсөн боловч ямар нэгэн хуулийн заалт үндэслэл заагаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж галчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Нийгмийн даатгалын дэвтэрт урд онуудад 6, 7, 8, 9 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бичилт хийж явдаг байсан тул 6, 7, 8, 9 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бичилт хийлгэж, 10, 11, 12, 2019 оны 1 сарын ажилгүй байсан 77 хоногийн цалинд 3.853.311 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э нь 2005 оноос манай байгууллагад уурын зуухын галчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд ажлын онцлогоос шалтгаалан үндсэн ажилтан биш, хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нисэх буудлын дарга Батбаяр нь С.Э-тай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Үүнд С.Энхбат нь өөрийн биеэр танилцаж гарын үсэг зурсан. Гэрээний хугацааны хувьд С.Э хэлсэн. Уурын зуухны ажил 10 сарын 01-ний өдрөөс 05 сарын 01-ний өдөр хүртэл ажилладаг. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлын биш амралтын өдөр байсан учраас 10 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үйл ажиллагаа болон цалин нь 2017 оны 10 сарын 01-ний өдрөөс бодогдсон. 2018 оны 03 сард төрийн аудитын газраас Нисэх буудлын 2016, 2017 оны үйл ажиллагаанд нийцлийн аудит хийгээд хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галч нарын гэрээний хугацааг дууссан тохиолдол болгонд гэрээг дуусгавар болгон буцаан авах эсэхийг байгууллага шийдвэрлэж бай гэсэн зөвлөмж өгсөн. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар зөвхөн үндсэн ажилчдын ажиллаагүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлнө гэсэн заалт байдаг. 2018 оны 05 сарын 01-ний өдөр С.Энхбаттай байгуулсан гэрээний хугацаа дууссан тул Б09 дугаартай Нисэх буудлын даргын тушаалаар гэрээг дуусгавар болгон галч А, С.Э нарт тухайн өдөр мэдэгдсэн байна. Б.А нь тухайн өдөр тушаалыг авч гарын үсэг зурсан. Харин С.Энхбат нь санаатайгаар ирээгүй. Энэ талаар бичиг хэргийн ажилтан удаа дараа дуудсан боловч тушаалыг хүлээн аваагүй. Нисэх буудлын зүгээс С.Энхбатыг гэрээний хугацаа дуусаад 11 сард авах эсэх асуудлыг шийдвэрлээд С.Энхбат нь сахилгын шийтгэл авч байсан, олон нийтийн ажилд оролцдоггүй, эргэх холбоо байдаггүй зэргийг нь харгалзан ажилд авах боломжгүй болсон. Үүнээс харахад С.Э нь гэрээ дуусах хугацааг мэдээгүй гэж хэлсэн нь үндэслэлгүй байна. С.Э анх гэрээ байгуулахдаа дуусах хугацааг мэдэж байсан бөгөөд өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулсан. Мөн өөрийн буруутайгаас болж тушаалаа аваагүй. Хөдөлмөрийн тухай хуульд гэрээг цуцалсан болон халсан тохиолдолд шийдвэрийг заавал мэдэгдэх заалт байгаа боловч дуусгавар болоход заавал шийдвэрийг мэдэгдэх болон гардуулан өгөх талаар заагаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаарджээ /хх-1/.

Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын дарга нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн галчаар ажиллаж байсан С.Э-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /хх-6/.

Нэхэмжлэгч С.Э нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь нисэх буудалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан /хх-1-р хуудас арын хуудас/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог. Харин мөн зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.

Нэхэмжлэгч С.Э-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг ажил олгогчоос 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуулбарлан авсан талаарх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж, маргаагүй бөгөөд гэрчээр оролцсон тухайн байгууллагын бичиг хэргийн эрхлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуулбарлан нэхэмжлэгч С.Э-д өгсөн талаар мэдүүлсэн /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/ тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна /хх-6/.

Түүнчлэн С.Э нь Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудалд галчаар, галч-аэродромын ажилтанаар тус тус ажиллаж байсан болох нь дээрх байгууллагын даргын 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ажилд томилсон 02 дугаартай, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан Б/31 дугаартай, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон Б/09 дугаартай тушаалуудын хуулбар, нотариатаар батлуулсан хуулбар, 736422, 000014341 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, хөдөлмөрийн гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдсон /хх-5, 31, 6, 28,  45, 3-4, 7-12, 22-27/.

Ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Э-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэсэн байх бөгөөд дээрх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...нэхэмжлэгч С.Э-тай хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаатай байгуулсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон талаар өөрөө сайн мэдэж байгаа, С.Э-ыг 11 сард ажилд авах эсэх асуудлыг шийдвэрлэхэд түүнийг сахилгын шийтгэл хүлээж байсан, олон нийтийн ажилд оролцдоггүй, эргэх холбоо байдаггүй зэргийг нь харгалзан ажилд авах боломжгүй болсон. С.Э анх гэрээ байгуулахдаа дуусах хугацааг мэдэж байсан бөгөөд өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулсан. Мөн өөрийн буруутайгаас болж тушаалаа аваагүй, Хөдөлмөрийн тухай хуульд гэрээг цуцалсан болон халсан тохиолдолд шийдвэрийг заавал мэдэгдэх заалт байгаа боловч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход заавал шийдвэрийг мэдэгдэх болон гардуулан өгөх талаар заагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан /хх-21, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Э-ыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь нисэх буудалд 2005 онд галчаар түр хугацаагаар томилсон байх боловч 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 736422 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт ажил, албан тушаалыг уурын зуухны галч гэж, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нээсэн 000014341 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 736422 дугаартай дэвтрийн үргэлжлэл гээд ажил, албан тушаал галч-аэродромын ажилчин 2016 оны 03 дугаар сарын 01, Б/04 гэсэн бичилт хийгдэж гарын үсэг зурагдаж тамга дарсан байх боловч уурын зуухны галчаас чөлөөлөв 2018 оны 05 дугаар сарын 01 Б/09 гэсэн бичилтийн ард тамга тэмдэг дарагдаагүй, гарын үсэг зурагдаагүй байна /хх-5, 45, 3-4/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр”-нд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “...улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор тус тус заасан.

Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахад ажил олгогчийн шахалт, шаардлага хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээгээ хугацаатай байгуулах эрхтэй байх боловч ажил олгогч халаалт эхлэх үеэр ажилд авч хөдөлмөрийн гэрээг хугацаа зааж байгуулдаг талаар талууд тайлбарлаж байх тул 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр хугацаатай байгуулсан эсэх нь эргэлзээтэй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн байгууллагад галчийн ажлын байрны 4 орон тоо байдаг бөгөөд 2 нь галч-аэродромын туслах ажилтан гэх ажлын байранд, 2 нь галч буюу түр хугацаагаар ажилладаг гэж тайлбарлаж байх боловч аль ажлын байр үндсэн буюу байнгын ажлын байр, аль нь гэрээтээр ажиллах түр ажлын байр болохыг нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй болно.

Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний талаар талууд маргаагүй, уг гэрээнд ажилтаны ажлын байрыг “уурын зуухны галч”, хөдөлмөрийн гэрээний хугацааг “7 сар” гэж тусгасан байх /хх-7-12, 22-27/ боловч нэхэмжлэгчийн ажлын байр байнгын эсхүл улирлын чанартай түр ажил эсэх талаар гэрээнд тодорхой тусгаагүй байх бөгөөд зохигчдын хэрэгт нотлох баримтаар гаргасан нэг огноотой хоёр хөдөлмөрийн гэрээний “1.5”-д заасан зохицуулалт өөр өөр буюу нэхэмжлэгчийн гаргасан хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсний талаар бичилт хийгдээгүй байхад хариуцагч талаас гаргасан гэрээнд цалингийн шатлал тоо бичигдсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй /хх-7-12, 22-27/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч С.Э-ыг “сахилгын шийтгэл хүлээж байсан, олон нийтийн ажилд оролцдоггүй, эргэх холбоо байдаггүй зэргийг нь харгалзан ажилд авах боломжгүй болсон” гэж түүнийг эгүүлэн ажилд авах боломжгүй шалтгааныг тайлбарладаг боловч ажлын байранд архи ууж согтуурсан ажилтнуудыг нуун дарагдуулж, худал ярьсан үндэслэлээр ажилтанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар 1 сарын хугацаагаар сануулах сахилгын арга хэмжээ авснаас хойшхи хугацаанд тэрээр дахин сахилгын зөрчил гаргасан болох нь нотлогдоогүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөдөлмөрийн тухай хуульд гэрээг цуцалсан болон халсан тохиолдолд шийдвэрийг заавал мэдэгдэхээр байгаа боловч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход заавал мэдэгдэх, гардуулан өгөх талаар заагаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа ажил олгогчийн үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх тул хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудал нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал шийдвэрээ ажилтанд өгөх үүргээ ажил олгогч биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр С.Э-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн тушаал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч С.Э-ыг Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын галчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон талаар өөрөө мэдсэн боловч ирж тушаалаа аваагүй, олон нийтийн ажилд оролцдоггүй, эргэх холбоо байдаггүй гэх боловч уг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй байх тул тухайн байдалд ач холбогдолгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно...” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо 000014341 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2018 оны 5, 4, 3 дугаар сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 982.915 + 1.145.228 + 1.099.657 =  3.227.800 : 3 сар = 1.075.933 : 22 = 48.906 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч С.Энхбатын ажилгүй байсан хугацааг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажлын 77 өдрөөр тооцож олговорт 3.765.762 /гурван сая долоон зуун жаран таван мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Ажил олгогчийн ажилтаны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаалын үндэслэлийн талаар талууд маргасаны улмаас шүүхээс нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй, улирлын шинжтэй ажил, ...байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлөх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.3-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч С.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудалд даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75.202 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ыг Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 77 хоногийн олговорт 3.765.762 /гурван сая долоон зуун жаран таван мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75.202 /далан таван мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар Говь-Алтай аймаг дахь нисэх буудлаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                              Д.ЯНЖИНДУЛАМ