Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/01912/и

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол, 47 байр, 34 тоотод оршин суух Тольтон бургууд овогт Гончигийн Энхбаатар /РД:ПЮ68072677/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Жуковын өргөн чөлөө өөрийн байр хаягт байрлах Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоох, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Энхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөр, Б.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/150 дугаар тушаалын дагуу тус газарт автобаазын жолооч албан тушаалд ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар байгууллага сул зогссон ба тушаалын хавсралтын Авто бааз хэсгийн 5-д зааснаар намайг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд сул зогсоосон. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр амралтын өдөр байсан тул дараагийн ажлын өдөр болох 2017 оны 04 дүгээр сарын 03-нд ажилдаа орохоор очиход намайг ажлаас халсан гэж мэдэгдсэн. Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний Б/58 дугаар тушаалаар намайг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулсан. Уг тушаалд бичсэнээр албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын машиныг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй авч яван хувийн хэрэгцээнд ашигласан, байгууллагын өмч хөрөнгөнд зөвшөөрөлгүй халдаж цахилгаан хулгайлсан гэж буруутгасан. Би сул зогсолттой байсан тул байгууллагын машиныг даргын зөвшөөрөлгүй авч унах нь бүү хэл зөвшөөрөлтэй ч унаагүй. Надад хариуцуулан өгсөн сагстай өргөгч автомашиныг сул зогсох хугацаанд миний нөгөө ээлжийн жолооч болох Ганбаатар байгууллагын хэрэгцээнд унаж байсан. Ийм учир тушаалд дурдсан зөрчил нь огт үндэслэлгүй юм. Байгууллагын өмч хөрөнгөнд халдаж цахилгаан хулгайлсан гэсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь би байгууллагын цахилгаанаас хулгайлж авсан үйлдэл огт байхгүй. Б/58 дугаар тушаалд дурдсан зөрчлүүдийг хэзээ, хаана гаргасан талаар заагаагүй, намайг илт гүжирдсэн байх ба тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай жуулийн 40.1.4-т заасныг үндэслэсэн гэжээ. Гэтэл 2016 оны Б/150 дугаартай хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэхийг заагаагүй. Иймд Г.Энхбаатар намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоох, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, зохих журмын дагуу баталгаажилт хийхийг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь Г.Энхбаатартай 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/289 тоот тушаалаар Г.Энхбаатарт Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны А/14 дүгээр тушаалаар батлагдсан Хариуцлагын тухай журам-ыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь, Г.Энхбаатар нь хамт ажилладаг инженер Б.Болдбаатартай зүй бус харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мөн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Авто баазаас зөвшөөрөлгүй машин авч явсан тул нэг сарын хугацаагаар цалинг 20% бууруулсан байдаг. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр даргын А/21 тоот тушаалаар нийт ажилчдыг сул зогсоож үүнд хавсралтаар Авто баазын жолооч Г.Энхбаатарыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сул зогсох тушаал гарсан. Сул зогсолтонд байсан Г.Энхбаатар нь албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын машиныг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй авч явж хувийн хэрэгцээнд ашигласан, нийслэлийн нийтийн эзэмшлийн цахилгааныг бусдад хулгайгаар ашиглуулах гэсэн хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаснаар 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын дүрмийн 2.12.3 дах заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Иймд Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь Г.Энхбаатартай цаашид хамтран ажиллах боломжгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхбаатар нь хариуцагч Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоох, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Г.Энхбаатар нь хариуцагч Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын Авто баазад жолоочоор ажиллаж байсан болох нь даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/150 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, зохигчдын тайлбараар тогтоогджээ /хх-3-4, 8, 10/.

 

Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн жолооч Г.Энхбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын машиныг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй авч явж хувийн хэрэгцээнд ашигласан, нийслэлийн нийтийн эзэмшлийн цахилгааныг бусдад хулгайгаар ашиглуулах гэсэн хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан байна /хх-9/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заажээ.

Хэрэгт нэхэмжлэгч Г.Энхбаатарт сахилгын сануулах арга хэмжээ авсан ажил олгогчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/245 дугаар тушаал, 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Авто баазаас машин зөвшөөрөлгүй авч явсан талаарх баримт, мөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Авто баазын хурлын тэмдэглэл, фото зураг зэрэг баримт авагджээ /хх-29, 32, 33-34, 35/.

 

Түүнчлэн гэрч Б.Дамба ... манай ТҮЦ-ний тог тасарсан, утсыг хөөгөөд шитэнд ирэхэд шитнээс утсыг нь салгаад авсан байсан. Улаанбаатар нэгтгэл гэсэн хувцастай хүн ирсэн, гэрч Б.Баатархүү ... 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тохиргоо хийгээд явж байтал тог тасарсан, шит дээр яваад очиход энэ хүн шит оролдоод байж байсан, юу хийж байгаан гэхэд тог залгаж байна гэсэн, бид зургийг нь авсан, гэрч Г.Мягмарсүрэн ... Энхбаатар машиныг гараашаас дураараа авч гардаг, хүмүүсээс сонсоход хувиараа халтуур хийдэг, сул зогсолттой үед ажил гараад дуудахад ирдэггүй мөртлөө 3 дугаар эмнэлгийн ойролцоо тог хулгайлж байгаад баригдсан, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хурал болсон гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/58 дугаар тушаалд дурдсан албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын машиныг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй авч явж хувийн хэрэгцээнд ашигласан зөрчлийг нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байх ба уг зөрчилд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сануулах арга хэмжээ авагджээ.

 

Мөн нэхэмжлэгч Г.Энхбаатар нь жолоочийн ажил үүрэг гүйцэтгэдэг атлаа 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгууллагын хариуцдаг цахилгааны щитийг дур мэдэн оролдож иргэн Б.Дамбад цахилгаан залгаж өгөхийг завдсан болох нь Авто баазын ажилтнуудын хурлын тэмдэглэл, гэрч Б.Дамба, Б.Баатархүү нарын мэдүүлэг, фото зургаар нотлогджээ.

 

Хэрэгт авагдсан Хариуцлагын тухай журмын 2.7.1-2.7.8 дахь хэсэгт хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг тодорхойлохдоо 2.7.3 дахь хэсэгт байгууллагын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсан үйлдэл нь баримтаар нотлогдсон гэж заасан /хх-26/ байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчилд юу хамаарах талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй байна. Иймээс нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцох үндэслэлгүй юм /хх-3-4/.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн үйлдэлд сахилгын арга хэмжээ авах нэг сарын хугацаа өнгөрсөн байжээ.

 

Ажил олгогчийн Б/58 дугаар тушаалд өмнө сахилгын арга хэмжээ тооцсон 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зөрчлийн талаар зааснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлд хамааруулсан байж болох бөгөөд нэхэмжлэгчийн өмнөх зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрөөгүй хэдий ч сүүлийн зөрчилд арга хэмжээ тооцох хуулийн хугацаа хэтэрчээ.

 

Иймд нэхэмжлэгч Г.Энхбаатарыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын Авто баазын жолоочийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх үндэстэй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д зааснаар сард 274.627 төгрөг /314.580+301.560+194.740/3/-ийн дундаж цалин авч байсныг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлын 21 өдрийн цалинтай тэнцэх олговор 268.233 төгрөг /274.627/21.5*21/-ийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлд ажил олгогчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгохыг шаардсан байх боловч энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай адил агуулгатай байх тул шүүх бие даасан шаардлага гэж үзээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Энхбаатарыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын Авто баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-аас 268.233 /хоёр зуун жаран найман мянга хоёр зуун гучин гурван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхбаатарт олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Энхбаатарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 8.697 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                      ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА