Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2069

 

        Г.Э-ын нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 02-ний өдрийн 101/ШШ2017/01912 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-т холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоох, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “УБЗЗАГ”-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/150 дугаар тушаалаар авто баазын жолоочоор ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар байгууллага сул зогссон ба тушаалын хавсралтын Автобааз хэсгийн 5-д зааснаар намайг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний хооронд сул зогсоосон. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амралтын өдөр байсан тул дараагийн ажлын өдөр болох 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа орохоор очиход ажлаас халсан гэж мэдэгдсэн бөгөөд тус газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 21-ний Б/58 дугаар тушаалаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулсан.

Уг тушаалд бичсэнээр албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын машиныг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй хувийн хэрэгцээнд ашигласан, байгууллагын өмчид зөвшөөрөлгүй халдаж цахилгаан хулгайлсан гэж буруутгасан. Би сул зогсолттой байсан тул байгууллагын машин унаагүй. Сул зогсох хугацаанд надад хариуцуулан өгсөн сагстай өргөгч автомашиныг нөгөө ээлжийн жолооч н.Ганбаатар байгууллагын хэрэгцээнд унаж байсан учир тушаалд дурдсан зөрчил болон цахилгаан хулгайлсан гэдэг нь үндэслэлгүй. Би байгууллагын цахилгаанаас хулгайлж авсан үйлдэл байхгүй. Б/58 дугаар тушаалд дурдсан зөрчлүүдийг хэзээ, хаана гаргасан талаар заагаагүй, намайг илт гүжирдсэн байх ба тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай жуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг бөгөөд хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэхийг заагаагүй тул намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, “УБЗЗАГ”-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрын даргын 2016 оны А/14 дүгээр тушаалаар батлагдсан Хариуцлагын тухай журмыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/289 тоот тушаалаар Г.Э-т сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь: Г.Э хамт ажилладаг инженер Б.Б-тай зүй бус харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Авто баазаас зөвшөөрөлгүй машин авч явсан тул 1 сарын хугацаагаар цалинг 20% бууруулсан. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр даргын А/21 тоот тушаалаар нийт ажилчдыг сул зогсоож, авто баазын жолооч Г.Э-ыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сул зогсоох тушаал гарсан. Сул зогсолтонд байсан Г.Э нь албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын машиныг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй авч явж хувийн хэрэгцээнд ашигласан, нийслэлийн нийтийн эзэмшлийн цахилгааныг бусдад хулгайгаар ашиглуулах гэсэн хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаснаар 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын дүрмийн 2.12.3 дах заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Иймд Г.Энхбаатартай цаашид хамтран ажиллах боломжгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Э-ыг “УБЗЗАГ”-ын Авто баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-аас 268 233 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-д даалгаж,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 8 697 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь Г.Э-ыг сахилгын арга хэмжээ ногдуулах хэмжээний зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсныг буруу гэж дүгнээгүй, зөрчил гаргасан нь нотлогдсон гэж дүгнэсэн атлаа энэхүү дүгнэлтээ бүрэн үгүйсгээд нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг сахилгын ноцтой зөрчилд тооцохгүй гэсэн нь ойлгомжгүй. Г.Э байгууллагын хариуцсан шитийг зөвшөөрөлгүй дур мэдэн оролдож, өөрийнх нь ажил үүрэгт зааж хариуцуулаагүй, хориглосон үйлдлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хийж, зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн баримт, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, фото зургаар тогтоогдсон. Энэхүү зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2017 оны Б/58 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй.

Хариуцагчаас Б/58 дугаар тушаал гаргахдаа Г.Э-ыг "сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан" гэж түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Г.Э өмнө 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б\245 дугаар тушаалаар "сахилгын сануулах арга хэмжээ" авагдсан ба үүнээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4, 15.4.1-д заасан хуулийн хугацаа хэтрээгүй байна. Мөн 2017 оны 2 дугаар сарын 27, 28, 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд "Цагаан cap", 3 дугаар сарын 2, 8-нд бүх нийтийн амралтын өдрүүд тохиосон нь нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн үйлдэлд сахилгын арга хэмжээ авах 1 сарын хугацаа өнгөрсөн байжээ" гэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Э хариуцагч “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

      “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар авто баазын жолооч Г.Э-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

Уг тушаалд Г.Э нь албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын машиныг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр авч яван хувийн хэрэгцээнд ашигласан, байгууллагын өмч хөрөнгөнд зөвшөөрөлгүй халдаж цахилгаан хулгайлж хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч Г.Э нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгууллагын автомашиныг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй, хувийн хэрэгцээнд ашигласан зөрчилдөө, хариуцагч байгууллагын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй.

Харин ажилтан Г.Э-ын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгууллагын хариуцдаг цахилгааны шитыг дур мэдэн оролдож, иргэн Б.Дамбад цахилгаан залгаж өгөхийг завдсан үйл баримт ажичдын хурлын тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг,фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдсон. Ажил олгогчийн зүгээс ажилтны дээрхи үйлдлийг “нийтийн эзэмшлийн цахилгааныг бусдад хулгайгаар ашиглуулах гэсэн ноцтой зөрчил гаргасан” гэж үзсэн боловч “сахилгын ноцтой зөрчлийн талаар талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээрх зөрчлийг тусгайлан заагаагүй тул уг зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийн аль нь ч хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан хөөн хэлэлцэх хугацааны талаархи шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Ийм учраас анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Г.Э-ыг “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын Авто баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 268 233 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ний өдрийн 101/ШШ2017/01912 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                           Д.БАЙГАЛМАА