Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/02188

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/02188

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ШШГЕГХ х 421 а холбогдох, 

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.180.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б-Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... 2015 оны 03 дугаар сард ШШГЕГ х 421 ад нүүрс буулгахаар тохиролцсоны дагуу 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 06 дугаар  сарын 01-нийг хүртэлх хугацаанд 4 машин буюу 76 тонн нүүрс бэлтгэн нийлүүлсэн. Уг бэлтгэн нийлүүлсэн 76 тонн нүүрсний төлбөрийн талаар тооцоо нийлж, хорих 421 дүгээр анги нь 4.180.000 төгрөгийг Б-Э-д төлөхөөр тохиролцсон. Хорих 421 дүгээр анги нь дээрх төлбөрийг төлөхгүй өдий хүрсэн тул 4.180.000 төгрөг гаргуулж өгнө үү“ гэв.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421 дүгээр анги шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Тус ангитай 2015 онд Б-Э ХХК нь худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй, тухайн үед ажиллаж байсан ахлах нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдсэн эсэх нь тодорхой бус, мөн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ахлах нягтлан бодогчдын ажил хүлээлцсэн актад энэ тухай дурдаагүй байна. Мөн ангийн рапортод нүүрстэй 4 машин орсон гэж байгаа боловч гарахдаа хоосон байсан эсэхийг нотлоогүй. Тухайн үед манай байгууллага “Цагийн аяс”ХХК-тай гэрээтэй байсан. Иймд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б-Э нь хариуцагч ШШГЕГ х 421а-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний үнэ 4.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ШШГЕГ х 421а нь худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, нүүрс хүлээлгэн өгсөн баримт байхгүй, ахлах нягтлан бодогчийн ажил хүлээлцэхэд энэ өглөгийн талаар тусгагдаагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б-Э нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, тооцооны үлдэгдлийн баталгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хариуцагчийн гаргасан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/717 дугаар албан бичиг, рапортын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл баримтуудыг шүүхэд гаргасан /хх-3-6/.

 

Зохигч байгууллагуудын нягтлан бодогч нар 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хугацааны тооцоо нийлж, хариуцагч нь нэхэмжлэгчид 4.180.000 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан, мөн хариуцагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Б-Э-аас 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4 машин буюу 76 тонн нүүрс буулгасныг хүлээн авсан боловч бүртгэлд тооцоонд тусгалгүй орхигдуулсан тухай дурдаж орлогод авах зөвшөөрөл хүссэн байна. Түүнчлэн хариуцагч байгууллагад хөтлөгдсөн харуул хамгаалалтын рапортын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд УНХ, УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нийт 4 удаа нүүрс буулгахаар орсон талаар бичигджээ.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлаа шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн дээрх нотлох баримтыг шүүхэд баримт гаргаж үгүйсгээгүй.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ахлах нягтлан бодогчийн ажил хүлээлцсэн актыг хавсаргасан байх боловч уг баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Мөн хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр ёстой гэж маргаж байх боловч энэ төрлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлага хуулиар тавигдаагүй. 

 

Харин Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно”, мөн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон нэхэмжлэгчийн гаргасан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид 76 тонн нүүрс худалдсан, уг нүүрсний үнэ 4.180.000 төгрөг болох нь нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэстэй.

 

Иймд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421 дүгээр ангиас  нүүрсний үнэ 4.180.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-Э-д олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421 дүгээр ангиас  4.180.000 /дөрвөн сая нэг зуун наян мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-Э-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421 дүгээр ангиас  81.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-Э-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА