Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1985

 

 “Баян-Элстий” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02188 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Баян-Элстий” ХХК-ийн хариуцагч Хорих 421 дүгээр ангид холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Баян-Элстий" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421 дүгээр ангид нүүрс буулгахаар тохиролцсоны дагуу 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 4 машин буюу 76 тонн нүүрс бэлтгэн нийлүүлсэн, уг бэлтгэн нийлүүлсэн 76 тонн нүүрсний төлбөрийн талаар тооцоо нийлж, хорих 421 дүгээр анги нь 4 180 000 төгрөгийг "Баян-Элстий" ХХК-д төлөхөөр тохиролцсон. Уг төлбөрийг төлөхгүй өдий хүрсэн тул 4 180 000 төгрөг гаргуулж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421 дүгээр анги шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Тус ангитай 2015 онд "Баян-Элтсий" ХХК нь худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй, тухайн үед ажиллаж байсан ахлах нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдсэн эсэх нь тодорхой бус, мөн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ахлах нягтлан бодогчдын ажил хүлээлцсэн актад энэ тухай дурдаагүй байна. Мөн ангийн рапортод нүүрстэй 4 машин орсон гэж байгаа боловч гарахдаа хоосон байсан эсэхийг нотлоогүй. Тухайн үед манай байгууллага "Цагийн аяс" ХХК-тай гэрээтэй байсан. Иймд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна" гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421 дүгээр ангиас 4 180 000 /дөрвөн сая нэг зуун наян мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Баян-Элстий" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421 дүгээр ангиас 81 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Баян-Элстий" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Хорих 421 дүгээр ангийн дарга, хурандаа Л.Энхболд миний бие дараах гомдлыг гаргаж байна. Тус байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйилчигээ худалдан авах тухай хуулийн 3.1-т зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө. Баян элстий ХХК-нь худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, бараа материал хүлээлгэн өгөхдөө баримт үйлдээгүй, хэн хүлээж авсан нь тодорхой бус, барааг хүлээлгэн өгснөөс хойш 2 сараас 8-н сарын хугацаа өнгөрч байхад /тухай үед нүүрс хүлээж авсан хүмүүс байхад/ төлбөрөө нэхэмжлээгүй мартагдуулсан гэх зөрчлүүд гаргасан байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудыг зөрчиж үндэслэлгүйгээр 4 180 000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шиидвэрлэхдээ шалган нэвтрүүлэх байрны илтгэлийг үндэслэсэн /тус байгууллагын хашаанд Хэрэмт цамхаг УТҮГазар үйл ажиллагаа явуулдаг/, мөн Хорих 421-р ангийн дарга, хурандаа Б.Амардорж, “Баян-Элстий” ХХК-ийн захирал Г.Бадам нар харилцан тохиролцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын санхүү хангамжийн газарт хандан 2015 онд 1/717 дугаар албан бичгээр нүүрс орлогод авахыг хүссэн тоотыг хүргүүлсэн боловч "Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг тус тус зөрчсөн байна гэсэн хариу албан тоот ирсэн. / ШШГЕГ-с ирсэн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26/4855 тоот албан бичгийг хавсаргав/. “Баян-Элстий” ХХК-тай тус байгууллагыг төлөөлж тухай үед ажиллаж байсан нягтлан бодогч А.Цэндсүрэн нь тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж баталгаажуулсан боловч байгууллагын бүртгэл тооцоонд тусгагдуулаагүй орхигдуулсан тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дах хэсэгт зааснаар анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэсэн заалтын дагуу тухай албан хаагчид хариуцлага тооцох. Манай байгууллага нь 2015 оноос хойш “Цагийн аяс” ХХК-тай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажилладаг ба өмч хамгаалан байнгын комиссын бүрэлдэхүүний хамт нүүрсийг баталгаат пүүгээр жинлүүлэн хүлээн авдаг. Хово маркийн 20 тонний авто машинд дунджаар 8-9 тн нүүрс ачигдан ирдэг. /2016 онд нүүрс хүлээн авсан баталгаат пүүний бүртгэлийг хавсаргав/. Иймд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн “Баян элстий” ХХК-ний нэхэмжилсэн 4 180 000 төгрөгийг 1 980 000 төгрөг болгон бууруулах эсвэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дах хэсэгт зааснаар тухайн албан хаагчид хариуцлага тооцож, шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Нэхэмжлэгч “Баян-Элстий” ХХК нь хариуцагч Хорих 421 дүгээр ангид холбогдуулан нийлүүлсэн нүүрсний үнэ 4 180 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг /хх.1/, хариуцагч тал эс зөвшөөрч худалдах, худалан авах гэрээ байгуулаагүй, тооцоо нийлсэн акт үйлдсэн эсэх нь тодорхой бус, нүүрс хүлээлгэн өгсөн баримтгүй гэж маргажээ./хх.16,24/

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдээс нөгөө тал үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар гэрээ хэлцлийг бичгээр хийх талаар талууд хэлэлцэн тохиролцсон, эсхүл хуулиар тийм шаардлага тавиагүй бол амаар хийхээр заасан. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийх шаардлагыг хуульд тухайлан заагаагүй, талууд энэ талаар өмнө нь тохиролцсон болон гэрээг бичгээр байгуулсан тухай баримт байхгүй байгаа нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч байгууллагад 4 машин нүүрсийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх.4-6/ Тухайлбал, “Баян-Элстий” ХХК, Хорих 421 дүгээр ангийн тооцоо нийлсэн актад 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хугацааны өр төлбөрийн талаар тооцоо нийлж, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч компанид 4 180 000 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулж /хх.3/ уг баримтад хорих 421 дүгээр ангийн нягтлан бодогч гарын үсэг зурж, байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдсан байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтанд хариуцагч хорих 421 дүгээр ангийн даргаас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1/717 тоот албан бичгээр “Баян-Элстий” ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр буулгасан 4 машин буюу 76 тонн нүүрсийг хүлээн авсан боловч бүртгэл тооцоонд тусгалгүй орхигдуулсан талаар дурдсан /хх.4/, хариуцагч байгууллагын харуул хамгаалалтын ажилтны 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн рапортод 03-37 УНХ, 71-61 УНБ улсын дугаартай автомашин 10 цаг 35 минут, 14 цаг 50 минутад нүүрс буулгахаар орж, гарсан талаар тэмдэглэл үйлдсэн байна./хх.4-6/

 

Иймд хэргийн дээрх баримтад үндэслэн нэхэмжлэгч компаниас хариуцагч байгууллагад нүүрсийг хүлээлгэн өгсөн, түүнийг хариуцагч байгууллага хүлээн авсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар талуудын хооронд бодит үйлдлээр аман хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Иймд хариуцагч байгууллагын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч компаниас хүлээн авсан барааны үнийг төлөх үүрэг үүссэн, энэ талаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдах гомдолдоо зааж буй ШШГЕГ-ын 2015.12.28 2б/4855 тоот албан бичиг, 2016 онд нүүрс хүлээн авсан баталгаат пүүний бүртгэл /хх.34/ зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд гаргаж өгөөгүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримт учир давж заалдах шатны шүүх эдгээр баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Хариуцагч байгууллагын давж заалдах гомдолд дурдсан 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно” гэж, 7.5 дах хэсэгт “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 7.7 дах хэсэгт “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгахыг хатуу хориглоно” гэж заасан зохицуулалтууд нь байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлттэй холбоотой харилцаанд хамаарах журам, хариуцлагыг тогтоосон болохоос тухайн байгууллагын ажилтнууд уг журмыг мөрдөөгүй байгаа нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийг олгохгүй.

 

Мөн хариуцагч байгууллага гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төсвийн тухай хууль, дүрэм журмыг зөрчиж хийсэн хэлцэл гэж зааж байгаа боловч энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүйгээс гадна, хариуцагч байгууллагын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэхдээ дүрэм, журмаа дагаж мөрдөх асуудал нь уг байгууллагыг бусдын өмнө хүлээсэн иргэний эрх зүйн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дах хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд эрх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн маргааны талаар гаргасан нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж, мөн хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргасныг, давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд зааснаар хянан шийдвэрлэж, 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар магадлал гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурдаж буй хэргийн оролцогч биш, тус байгууллагын албан хаагчид хариуцлага тооцох болон уг этгээдэд холбогдуулан шийдвэр гаргах эрхгүй. Шүүх хуулиар эрх олгосон хүрээнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Хариуцагч Хорих 421 дүгээр ангийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     Г.ДАВААДОРЖ

                                                           

                                 ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ