Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00026

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2018        06             28                                           2018/ДШМ/26

 

 

 

М.М-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор:Ц.М,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Т.А,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.А,

Нарийн бичгийн дарга: П.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолтой М.М-т  холбогдох 1738002510144 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт М- ын М, 1983 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РЮ................./.

Шүүгдэгч М.М нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн Ниссан террано маркийн 53-25 ХӨА улсын дугаартай авто машин жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар тэнсэж,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.М-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.М-аас 615.420 /зургаан зуун арван таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Д-д олгож, Эрүүгийн 1738002510144 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан М.М-ын №785852 дугаартай А,В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ниссан Террано маркийн 53-25 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Ч.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нар нь сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, эмчилгээний болон бусад зардал 2.845.100 төгрөг нийт 7.845.100 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.М-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Д болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нар давж заалдах гомдолдоо: ... Ч.Д миний хувьд эмчилгээ хийлгэсэн, эмчилгээ хийлгэхэд дагалдаж гарч байгаа бусад зардал, өвдөж шаналж байсан сэтгэл санааны хохиролд нийт 14.471.120 төгрөгийн хохирлыг нэхэмжилснээс анхан шатны шүүх 6.626.020 төгрөгийн хохирол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, харин үлдсэн 7.845.100 төгрөгийн хохирол нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлогдохгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би зам тээврийн осолд орсны улмаас баруун талын дунд чөмөгт ясны толгой түнхний үе рүү цөмөрсөн хугарал, баруун талын сүүжний дэлбээ, умдаг ясны дээд салаа, их бие суудал ясны их нум зэргийг хамарсан зөрүү ихтэй нийлмэл хугарал,  ... зэрэг гэмтэл учирсан. ... Шүүгч хэргийг тал бүрээс нь бодит байдалд тулгуурлан өөрийн дотоод итгэл үнэмшлээр сэтгэл санааны хохирлыг үнэлж дүгнэх бүрэн бололцоотой байсан боловч зөвхөн цаасан дээрх баримтыг л үнэлж дүгнэнэ гэж хэтэрхий туйлширсан байдлаар дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Шүүх Орон сууц хөлслөх гэрээний он, сар засвартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулаагүй гэж дүгнэн нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй шийдвэрлэсэн. Намайг гэмтлийн эмнэлэгт 32 хоног мэс заслын эмчилгээ хийлгэн хэвтэн эмчлүүлээд, эмнэлгээс гипстэй хэвтэрт гарахад 2 сар эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай гээд Улаанбаатар хотод түр байх орон байр хөлсөлж суусан. Хүүхдүүд маань уг хөлсний байрны төлбөрийг урьдчилж хүнээс зээлж авч өгсөн байдаг. ... Энэ байдлыг шүүгдэгч М огт мэдрэхгүй, шүүх хуралдаан дээр гэмшиж байна гэх боловч хохирол төлбөрийг шүүхээс хэрхэн яаж шийднэ тэрийг нь өгнө гэж бидэнд хэлдэг. Түүний энэ байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшсэн хүн гэж үзэх боломжгүй. М нь зам тээврийн осол гаргаад түргэн тусламж үзүүлэх боломжтой байсан боловч согтууруулах ундаа хэрэглэсэн байснаа нуун далдлах гэж санаатайгаар ослын газрыг орхин зугтаасанд маш их гомдолтой байдаг. Тэрээр осол гаргасан орой эрүүлжүүлэх байранд баривчлагдан хоригдсон байдаг. Түүнийг согтолтын хүнд зэрэгт хамаарагдах хэмжээг тодорхойлсон байдлыг шүүх үнэлж дүгнээгүй.  Иймд миний зүгээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч болон түүний төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.М нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн Ниссан террано маркийн 53-25 ХӨА улсын дугаартай автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1.А-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Д-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч Ч.Д болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.А нарын “...Ч.Д миний хувьд эмчилгээ хийлгэсэн, эмчилгээ хийлгэхэд дагалдаж гарч байгаа бусад зардал, өвдөж шаналж байсан сэтгэл санааны хохиролд нийт               14 471 120 төгрөгийн хохирлыг нэхэмжилснээс анхан шатны шүүх 6 626 020 төгрөгийн хохирол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, харин үлдсэн 7 845 100 төгрөгийн хохирол нотлох баримтын шаардлага хангахгүй нотлогдохгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт шүүх бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан байхад сэтгэл санааны хохирлын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн тухайд хохирогч Ч.Д-д “...баруун талын дунд чөмөгт ясны толгой түнхний үе рүү цөмөрсөн хугарал, баруун талын сүүжний дэлбээ, умдаг ясны дээд салаа, их бие, суудал ясны их нум зэргийг хамарсан зөрүү ихтэй нийлмэл хугарал, зүүн талын сүүжний ясны дэлбээний ар хэсгийн зөрүүтэй, умдаг ясны дээд салаа хэсгээр зөрүүгүй хугарал, баруун дунд 1/3 хэсгийн далд хугарал бүхий амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарах” гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12202 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба 2017 оны 9 дүгээр сарын 20, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд мэс засалд орж удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн нь 10279 дугаартай өвчний түүх, мэс заслын тэмдэглэлүүдээр тогтоогдож байна.

Хохирогч нь хүнд гэмтлийн улмаас удаан хугацаагаар хэвтэж, сэтгэл санаагаараа хохирсон болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байхад хохирлыг тооцох аргачлал байхгүй гэх шалтгаанаар сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, шийтгэх тогтоолоор шийдвэрлэхгүй орхих нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заалттай нийцэхгүй тул хохирогчийн нэхэмжилсэн хэмжээгээр буюу сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх сэтгэл санааны хохирол, эмчилгээний болон бусад зардал, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нь өөрт учирсан сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж ойлгогдохоор заасан нь буруу болжээ. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Мөн Ц.Б, Т.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-ний хөлслүүлэгч Булганзаяа нь хөлслөгч Амартүвшинд орон сууцаа хэдий хугацаанд хөлслүүлж буйг илэрхийлсэн огноо нь хэдийгээр засвартай байх хэдий ч гэрээ байгуулсан өдөр болон бусад хэсэг нь дээрх засвартай хэсгийг үгүйсгэж байх тул нотлох баримтад үнэлж, Ч.Д-ын эмчилгээ хийлгэхдээ Улаанбаатар хотод байр хөлсөлсний төлбөр 2 400 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь дээрх 2 400 000 төгрөгийг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т заасан “хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар” гэж үзсэн болно.

Дээрх хохирлуудаас гадна 445 100 төгрөгийн эмчилгээний зардлын талаарх нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй тул энэхүү зардал болон цаашид гаргах эмчилгээний зардлаа хохирогч Ч.Д нь шүүгдэгч М.М-аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “615.420 /зургаан зуун арван таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөг” гэснийг        “8 015 420 /найман сая арван таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөг” гэж, 8 дахь заалтын “ , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нар нь сэтгэл санааны хохирол        5 000 000 төгрөг, эмчилгээний болон бусад зардал 2 845 100 төгрөг нийт 7 845 100 төгрөгийн” гэснийг “нь эмчилгээний зардал 445 100 /дөрвөн зуун дөчин таван мянга нэг зуу/ төгрөгийн” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Т.ГАНБАТ

                                                                                Н.БАЯРХҮҮ