Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2071

 

Ц.У-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02262 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.У-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х” СӨХ болон “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд тус тус холбогдох

Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, гэрээ байгуулахыг даалгах, хохирол 3 155 000 төгрөг гаргуулах, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүйд тооцуулах, “Х” СӨХ-ны “УБЦТС” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг м.кв тутамд 600 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 2 407 434 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч “Х” СӨХ-ны төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З

Хариуцагч “Х” СӨХ-ны төлөөлөгч Д.Г

Хариуцагч “Х” СӨХ-ны өмгөөлөгч Б.Б

Хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн төлөөлөгч Э.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байр, Плаззо барилгын 101 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг “А” ХХК-иас авсан. Засварын ажил хийж эхлэх гэтэл “Х” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Г нь хууль бус шаардлага тавьж, үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилсэн тул ямар шалтгаанаар 1300 төгрөгөөр тооцож дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар хийх хөрөнгийн хуримтлалын гэрээ байгуулахыг шаардаж байгааг асууж, зарцуулалт задаргааг шаардахад “бид уг асуудлыг хэлэлцээд тохирчихсон, чи төлөх ёстой, хуримтлалын задаргааг чамд үзүүлэх албагүй” гэж хэлээд тог тасалж, засварын ажлыг хойшлуулсаар байсан. Ингээд ямар учраас “Х” СӨХ сар бүр 201 500 төгрөг нэхэмжилж байгааг шалгахад тус СӨХ нь “УБЦТС” ТӨХК-д 2013 оны 5 дугаар сараас хойш цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний төлбөрөө хийгээгүй, цахилгаан эрчим хүчний ажилтан нь тоолуурын заалт харах, төлбөрийн үлдэгдлийн зөрчлөөр цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх ажил хийдэггүй, цахилгаан эрчим хүчний ажилтан, “Х” СӨХ-ны ажилтан нар тоолуурын заалтыг буруу явуулж, хүлээж авдаг байснаас “Х“ СӨХ-д 23 194 367 төгрөгийн төлбөр үүссэн байна. Гэтэл “Х” СӨХ-ны захирал Д.Г нь дээрх төлбөрийг Ц.У-аар төлүүлэхээр сард 201 500 төгрөгийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар хийх хөрөнгийн хуримтлалын гэрээ байгуулахыг шаардаж, гэрээ байгуулж төлбөр төлөөгүй тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хангахгүй гэж тулгаж, цахилгаан эрчим хүчийг тасалсан. Ц.У нь 2016 оны 08 дугаар сард уг барилгыг “А” ХХК-аас худалдаж авахад “Х” СӨХ болон “А” ХХК нар хоорондоо уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой цахилгаан болон бусад өр төлбөр байхгүй гэсэн тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн бөгөөд Ц.У нь “Х” СӨХ-өөс нэхэмжилж буй цахилгааны төлбөрийг цаг тухай бүрт нь төлсөөр байхад өөрийн хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд уг 101 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн цахилгааны тоолуур, тоолуурын заалтыг “УБЦТС” ТӨХК-д хүлээлгэн өгөхгүй, тог тасалж байна. Үүнээс болж манай байгууллага 2016 оны 08 дугаар сараас хойш 7 сарын хугацаанд засварын ажлаа хийж чадалгүй үйл ажиллагаа зогссон байдалтай байгаа тул сул зогссоноос учирсан хохирол 3 155 000 төгрөгийг “Х” СӨХ-оос гаргуулж өгнө үү.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.1.4-т зааснаар ...Плаззо барилгын өмнө үүссэн өр төлбөрийг иргэн Ц.У-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд хамааруулж хуульд заагаагүй төлбөр тооцож, метр квадрат тутамд 1 300 төгрөг байхаар шаардаж, дээрх хуульд заагаагүй эрх эдэлж, цахилгаан тасалж, Ц.У-д хохирол учруулж буй үйл ажиллагааг зогсоож өгнө үү. “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв цахилгааны төлбөрийг тухай бүрт нь төлж байгаа, өмнөх өмчлөгч “А” ХХК өр төлбөргүй талаар “Х” СӨХ-той тооцооны үлдэгдлийн баталгаа, албан тоот байхад “Х” СӨХ-ноос Ц.У-д тавьсан хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрч цахилгааны тоолуур, заалтыг хүлээн авахгүй, иргэн Ц.У-тай үндэслэлгүйгээр гэрээ байгуулахаас татгалзаж байгаа “УБЦТС” ТӨХК-ийн БЗХҮТ-ийн үйлдэл, эс үйлдэхүйг зогсоож, ...Плаззо барилгын 101 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийн цахилгааныг шалгаж тоолуур, түүний заалтыг хуульд заасны дагуу хүлээн авч, иргэн Ц.У-тай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. "Х” СӨХ-ны 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протокол, Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 16 дугаар зүйлийн 16.5, 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг тус тус зөрчсөн. Хурлын протоколд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг нэг аж ахуйн нэгжид 1 300 төгрөг болгосноор cap бүр Эрчим хүч түгээх төвд 800 000-1 000 000 төгрөгийн өр төлөх боломж гарч байгаа талаар дурдсан байна. Уг асуудал нь тухайн үеийн “Х” СӨХ-ны удирдлага болон өр үүсэх үеийн аж ахуйн нэгж байгууллагад хамаарах асуудал бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасны дагуу “Х” СӨХ-ны “УБЦТС” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг Ц.У хариуцах үүрэггүй.

Иймд "Х” СӨХ-ны 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протокол болон Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү. Мөн “Х” СӨХ-ны “УБЦТС” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаагаар сууц өмчлөгчдийн холбооны зардлыг метр квадрат тутамд 600 төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.У нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 тоот байрны 101 тоотын өмчлөгч тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасны дагуу “Х” СӨХ-ны гишүүн мөн. Иймд сууц өмчлөгчийнхөө хувьд уг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй. Миний бие 2016 оны 5 дугаар сард “Х” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд өмчилж байгаа сууцны ашиглалтын төлбөрийг харилцан адилгүй тогтоосныг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон өөрчилж, Удирдах зөвлөлийн хурлаас 1 м.кв-ын ашиглалтын зардлыг 1 300 төгрөгөөр тогтоосон. Намайг ажил авахад м.кв-ийн үнэ 1 700 төгрөг байсан бөгөөд дээрх тогтоолыг нийт сууц өмчлөгчдөд танилцуулсан, хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа.

Тооцоо нийлсэн баримтын тухайд, иргэн Ц.У-д үл хөдлөх хөрөнгө худалдсан этгээд нь манай СӨХ-нд ашиглалтын төлбөрийн өглөгтэй, түүнчлэн огт тооцоо нийлээгүй байсан болно. 2017 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн Эрчим хүч түгээх төвөөс 5 хоногийн хугацаатай нийтийн эзэмшлийн цахилгааныг түдгэлзүүлснээс үүдэн “А” ХХК ашиглалтын зардлыг энэ хугацаанд төлж барагдуулсан. Түүнээс биш Ц.У-ын тайлбарласнаар худалдаж авах үедээ огт өргүй гэсэн тооцоо нийлсэн баримт байгаа мэтээр гүтгэсэн байна. “А” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын эхний өдрүүдэд тус СӨХ-ны данс руу мөнгө шилжүүлсэн нь баримтаар нотлогдоно.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж 8 тоот орон сууцны байшингийн эрчим хүчний тооцоог толгой 3 тоолуураар тооцдог бөгөөд тоолуурын заалтыг Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан cap бүрийн 1-5-ны өдрүүдийн хооронд бичилт хийдэг. Энэхүү бичилтээс аж ахуйн нэгж тус бүрийн хэрэглэсэн цахилгааныг СӨХ-ны захирал өөрөө тус бүрээр нь бичилт хийж, хасаад үлдсэн нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн цахилгаан зарцуулалт болдог. Оршин суугчид нь эрчим хүч түгээх төвтэй тус бүртээ гэрээтэй бөгөөд харин 23 аж ахуйн нэгжээс нэгээс бусад нь эрчим хүчээр хангагдах гэрээгүй. Зөвхөн “Х” СӨХ нь үлдсэн аж ахуй нэгжүүдийн өмнөөс гэрээтэй болохоор зарим нэгэн цахилгааны төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлдэггүй, эсхүл зохих ёсоор биелүүлдэггүй өмчлөгч нарын буруугаас цахилгааны түдгэлзүүлэлт хийж, нийтээр хохирдог байсан. Энэ байдлаас гарахын тулд хэрэглэгч тус бүрийг сүүлийн үеийн электрон тоолууртай болгох, хуучин хэрэглэж байсан механик тоолуур солих, цахилгаан монтаж угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийлгэх албан шаардлагыг "УБЦТС" ТӨХК-ийн борлуулалтын хэлтсээс “Х” СӨХ-ны захиралд 2 удаа ирүүлсэн болно. Үүний дагуу тусгай зөвшөөрөл бүхий Мэргэн сор компани дээрх ажлыг хийсэн. Цахилгаан угсралтын ажил хийх явцад Ц.У-ын өрөөний зөвхөн нэг өрөөнийх нь чийдэн тоолуурт тоологддог байсан зөрчлийг илрүүлсэн. Дундын өмчлөлийн хөрөнгийн цахилгаан зарцуулалтад сард 700 000-800 000 төгрөг тогтмол төлдөг байсан. Цахилгаан угсралтын ажлын дараа СӨХ түүхэндээ 220 000-420 000 төгрөг төлж, цахилгаан эрчим хүчийг хууль бусаар хулгайн замаар хэрэглэж байсан хэрэглэгчдийг илрүүлсэн бөгөөд ийм хэрэглэгчийн нэг Ц.У юм. Иймд Ц.У-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийн БЗХҮТ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Плаззо барилгыг манай БЗХҮТ-д өнөөдрийг хүртэл бүхэлд нь буюу айл өрх, аж ахуйн нэгжийн борлуулалтыг хүлээлгэж өгөөгүй тул тухайн барилгын оршин суугчдын байгуулсан төлөөлөл буюу “Х” сууц өмчлөгчдийн холбоотой Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 30 дугаар зүйлийн 30.1.13-т тус тус заасны дагуу тус байрыг хүлээлгэж өгсний дараа айл өрх, аж ахуйн нэгж тус бүртэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулж тус тусад нь код өгч хэрэглэгчийн мэдээллийн системд бүртгэдэг. Иймд цахилгаан эрчим хүчний өр төлбөртэй, дэд станц, шугам, тоноглолыг хүлээлгэж өгөөгүй зэрэг хуульд заасан шаардлага хангаагүй учир тус байр болон Ц.У-ын 101 тоотыг дангаар салгаж хүлээн авч гэрээ байгуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” СӨХ-ны төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.У дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардалд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1 438 434 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ц.У-ын өмчлөлийн 101 тоот нь 155 метр квадрат ба 1 метр квадрат 1 300 төгрөг, нийт 201 500 төгрөг. Үүн дээр хогны төлбөр 10 000 төгрөг нийт 211 500 төгрөг төлөх ёстой. 2017 оны 01 дүгээр сард 50 000 төгрөг төлж үлдэгдэл 161 500 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 50 000 төгрөг төлж, үлдэгдэл 161 500 төгрөг, 2017 оны 3 дугаар сард 50 000 төгрөг төлж үлдэгдэл 161 500 төгрөг, 2017 оны 4 дүгээр сард 50 000 төгрөг төлж, үлдэгдэл 161 500 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 50 000 төгрөг төлж үлдэгдэл 161 500 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 50 000 төгрөг төлж, үлдэгдэл 161 500 төгрөг, бүгд 969 000 төгрөг болно. Ц.У-аас 2016, 2017 оны нийт төлбөр 2 407 434 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг төлбөрийг хэрхэн тогтоосон, ямар үнийг үндэслэл болгосон талаар хэрэгт баримт авагдаагүй. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон 1 300 төгрөгийн талаар нэхэмжлэлдээ тусгасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.3, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1.8, 30.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч "Х" сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протокол болон 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолын аж ахуйн нэгжийн ашиглалтын зардлыг 1 м.кв-ын үнийг 1 300 төгрөгөөр тогтоох заалтыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж байгаа хууль бус үйлдлийг зогсоохыг хариуцагч “Х” сууц өмчлөгчдийн холбоонд, нэхэмжлэгчтэй эрчим хүчээр хангах гэрээ байгуулахыг хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийн БЗХҮТ-д тус тус даалгаж, нэхэмжлэлээс Х сууц өмчлөгчдийн холбооны “УБЦТС” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг м.кв тутамд 600 төгрөгөөр тогтоолгох, хариуцагч "Х" сууц өмчлөгчдийн холбооноос хохирол 3 155 000 төгрөг гаргуулах шаардлагуудыг, мөн нэхэмжлэгч Ц.У-аас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 2 407 434 төгрөг гаргуулах тухай хариуцагч Хийморь сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307 360 төгрөг, хариуцагч "Х" сууц өмчлөгчдийн холбооноос төлсөн 53 468 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х сууц өмчлөгчдийн холбооноос 140 400 төгрөг, "УБЦТС" ТӨХК-ийн БЗХҮТ-өөс 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.У-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Х” СӨХ-ны төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. ...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн "Хурлын тэмдэглэл"-д дундын эд хөрөнгийн ашиглалтын зардлыг нэг аж ахуйн нэгжид 1 300 төгрөг болгосон нь ашиглалтын зардлыг шинээр тотоосон явдал бус өмнө нь СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар ашиглалтын зардлыг 1 700 төгрөгөөр тогтоосныг өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлын үүднээс багасгасан нь Ц.У-аас бусад өмчлөгч нарын эрх ашиг сонирхолд нийцсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.7-д заасны дагуу ашиглалтын зардлыг бүх өмчлөгч нар 1 300 төгрөгөөр төлдөг байхаар бууруулсан бөгөөд холбооны бүх гишүүд өөрсдийн баталсан тарифаа мөрдөж, холбооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад шүүх уг шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч БЗХҮТ-ийг шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа уг байгууллагын үүргийг СӨХ-д даалгасан нь үндэслэлгүй. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэхээр заасан. Гэтэл 8 тоот орон сууц үйлчилгээний зориулалт бүхий барилгыг барьсан "А" ХХК нь эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг БЗХҮТ-д хүлээлгэж өгөөгүйгээс цахилгааны асуудлыг СӨХ хариуцаж ирсэн. Иймд дундын өмчлөлд зарцуулагдаж байгаа цахилгааны төлбөрийг төлөхгүй байгаа этгээдийн эрчим хүчийг түдгэлзүүлсэн нь хууль бус гэж үзэхгүй. Нэхэмжлэгч Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2. 30.1.3. 30.1.4-д заасан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх, эрчим хүчээр хангагчийн төлөөлөгчийг үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах үүргээ зөрчдөг, нийтийн зориулалтай орон сууцны барилгад ганцаараа мэт амьдардаг нь зөрчил гарахад хүргэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.У хариуцагч “Х” СӨХ болон “УБЦТС" ТӨХК-ийн БЗХҮТ-д тус тус холбогдуулан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, гэрээ байгуулахыг даалгах, хохирол 3 155 000 төгрөг гаргуулах, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүйд тооцуулах, “Х” СӨХ-ны “УБЦТС” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг м.кв тутамд 600 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Х” СӨХ-оос эс зөвшөөрч, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 2 407 434 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хэрэгт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 101 тоот 115 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нэхэмжлэгч Ц.У болох талаарх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авагдсан байна. Гэвч тэрээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэгт тодорхой бус байгаагаас хамаарч хариуцагч “Х” СӨХ-ны гишүүн мөн эсэх нь эргэлзээтэй болжээ.

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч “Х” СӨХ цахилгаан тасалсны улмаас 2016 оны 8 дугаар сараас хойш засвар хийж чадаагүй, үйл ажиллагаа зогсож 3 155 000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүйгээс хэргийг хууль бус  бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийн БЗХҮТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, хэргийн материал болон нөлөөллийн мэдүүлэг танилцаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохыг дурдах нь зүйтэй.

           Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

           Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” СӨХ-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД  

                                                                                                             Д.БАЙГАЛМАА