Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1601

 

 

     “Цэлмэг ханир” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 102/ШШ2017/01309 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Батмөнхөд холбогдох

 

            Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 36.450.000 төгрөг гаргуулах,

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 27.123.511 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        У.Түвшин

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          С.Намжилмаа

Хариуцагчийн өмгөөлөгч                                    А.Гантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-ийн төлөөлөгч М.Болормаа болон У.Түвшин нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Цэлмэгханир” ХХК-ийн өмчлөлийн 61-69 УНИ “Northbenz” маркийн автоцистерний толгойг Ж.Батмөнх нь зээлээр худалдан авахаар тохиролцох саналыг тавьсан ба уг саналын дагуу дээрх автомашины толгойг худалдахаар болсон. 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “Цэлмэг ханир” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Болортуяа, Ж.Батмөнхтэй гэрээ байгуулж урьдчилгаа 4.500.000 төгрөгийг худалдан авагчаас хүлээн авсан. Ж.Батмөнх нь 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч байсан. Гэрээний дагуу 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр машины эзэмшлийг шилжүүлсэн ба 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулсны дараагаар машины өмчлөлийг шилжүүлэх байсан. Гэвч 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдөр үлдсэн мөнгийг төлөөгүй тул 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс худалдан авагчаас татгалзаж буйгаа удаа дараа мэдэгдсэн боловч Ж.Батмөнх нь 2 жил гаруй манай байгууллагын машиныг үнэгүй хэрэглэж бидний эрх ашгийг илтэд хохироож байна. Нэхэмжлэлийн шаардлага Ж.Батмөнхтэй байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс худалдагч тал нь татгалзсан тул 61-69 УНИ дугаартай авто цистерний толгойг Ж.Батмөнхийн эзэмшлээс гаргуулан “Цэлмэг ханир” ХХК-д олгуулах, 2014 оны 01 үгээр сарын 13-ны өдрийн 4.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1.000.000 төгрөгийг худалдагч “Цэлмэг ханир” ХХК-д учирсан хохирол зардалд тооцуулан гаргуулна.

Ж.Батмөнхтэй урьдчилгаа 4.500.000 төгрөгийг худалдан авагчаас 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Ж.Батмөнх нь 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч байсан. 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулсны дараагаар машины өмчлөлийг шилжүүлэх байсан. Ж.Батмөнх нь өнөөдрийг хүртэл манай байгууллагад уг машины үлдэгдэл төлбөрийг төлөхгүй. Манай байгууллагыг илтэд хохироож байна. Манай байгууллагаас Ж.Батмөнхөд ямар ч эвдрэл, гэмтэлгүй машиныг хүлээлгэн өгсөн. Манай байгууллагыг эвдэрхий машин шилжүүлэн өгсөн мэтээр хууль, шүүхийн байгууллагад илтэд худал тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 23.300.000 төгрөгийг иргэн Ж.Батмөнхөөс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.300.000 төгрөг, алданги 12.150.000 төгрөг, нийт 36.450.000 төгрөгийг иргэн Ж.Батмөнхөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Батмөнх болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намжилмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

н.Болортуяа Ж.Батмөнх нарын хооронд гэрээ байгуулсан зүйл байхгүй. Ж.Батмөнх уг машины толгойг худалдаж авахаар санал тавьсан гээд байгаа. н.Болортуяагийн жолооч н.Баянмөнх гэдэг хүн өмнө нь тэр машиныг барьж байсан. Ж.Батмөнх ганцхан толгойгоор тээврийн ажил хийнэ гэж байхгүй. Ж.Батмөнхөд чиргүүл нь байдаг. Ж.Батмөнх ганцхан н.Болортуяагаас толгой худалдаж авсан. Нэг тал нь толгой нийлүүлж нөгөө тал нь чиргүүл нийлүүлж тээвэрлэлтэд яваад ашиг олоод, тээвэрт явсан мөнгөөрөө уг машины толгойг төлнө гэж тохирсон. Машины эвдрэл гэмтлийг огт хэлээгүй зарсан. Машинаа асаагаад та ав, би тээврийн асуудлыг даана гэж хэлсэн. Ачаа ачаад олсон мөнгөөрөө машиныхаа 35.000.000 төгрөгийг төлөөрэй гэсэн. Машин засаад ажилд гарсан. 5 толгой хүрэлгүй машин нь эвдэрсэн. Машин эвдэрсэн талаар н.Болортуяагийн нөхөр н.Ууганбаярт хэлэхээр, Та өөрийнхөө мөнгөөр сэлбэг аваад засчих дараа нь төлбөрөө тооцохдоо хасъя гэж хэлсэн. Ажил эхлээд мөн удаагүй порсунк нь эвдрээд Улаанбаатар хот руу ирээд н.Ууганбаяртай уулзахад нь өөрийнхөө мөнгөөр ав гэж хэлсэн байдаг. Ж.Батмөнх нь өөрийн эзэмшлийн “Соната 5” маркын машиныг ломбарданд тавиад машиныг янзлуулж байсан. Машин замд эвдэрсэн байхад н.Ууганбаяр ирээд ачааг нь аваад Таван толгой яваад буцаад эвдэрсэн машинаа чирээд Улаанбаатарт ирсэн. Машинаар ашиг олох биш эвдрэл гэмтлийг нь зассаар байгаад Ж.Батмөнх нийт 27.123.511 төгрөгийн сэлбэг авч тавьсан байгаа. Энэ машины эвдрэлийг н.Болортуяа н.Ууганбаяр хоёрт хэлээд, тэр 2 өмнөх жолоочоо цагдаад өгсөн байгаа. Цагдаа нь машин эвдсэн жолоочийг нь эрж хайгаад хүн нь олдохгүй гээд одоо болтол явж байна. “Цэлмэг ханир” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Тээвэрт явуулна, ашигаараа машиныхаа үнийг дарна гэж л тохирсон. Одоо машин нь зарагдахгүй болоод ирэхээр нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Анхнаасаа тохиролцоо нь бол хамтран ажиллах байсан юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хариуцагч Ж.Батмөнх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие “Цэлмэг ханиар” ХХК-ийн өмчлөлийн 61-69 УНИ улсын дугаартай автоцистернийн толгойг 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулан урьдчилгаа 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч байсан. Анх машиныг хүлээн авахад кроп бүрэн задарсан, угсарч чадахгүй байхад нь би НИК-ийн хашаанд 2 сар гаруй хугацаанд засварлаж, кроп сольж, мотор бүрэн ээлж хийж, моторын ламп, тоормозны системийг бүрэн засварлаж, дөрвөн мембран тавьж, засварлаад 2014 оны 2 сарын 15-ны өдөр Таван Толгойн тээвэрт яваад, замдаа эвдэрч 7 хоног хээр н.Цэндхүүгийн хамт байж байгаад н.Цэндхүүг сэлбэгэнд явуулж, НИК-ийн агуулахын нярав н.Мэндсайхан гурван машин явуулж, ачааг минь соруулж аваад, Таван Толгойн төв рүү айл бараадан 14 хоног айлын гадаа машинаа засч Улаанбаатарт ирсэн. Иймд моторын ээлж хийхэд, мотор засварлахад 4.356.627 төгрөг, кроп засварлахад 4.691.884 төгрөг, аппартур, форсунк шалгуулах засварлахад 575.000 төгрөг, мотор боолгох, кроп тавиулахад хоол унааны зардал 1.800.000 төгрөг /кроп мотор авч тавиулахад/, урьдчилгаа 4.500.000 төгрөг, мөн 500.000 төгрөг, /ажлын хөлс 5.700.000 төгрөг/, Максын н.Ганбаатарын хурдан удмын азарга 5.000.000 төгрөг, нийт 27.123.511 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Ж.Батмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намжилмаа сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

 Ж.Батмөнхийг ачаа тээвэрт явуулна тэгээд мөнгөө төл гэсэн. Нэг ч удаа ачаа ачаад ашиг олсон зүйл байхгүй. Ж.Батмөнх машины урьдчилгаанд 2014 оны 1 сарын 3-ны өдөр 4.500.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Эвдрэлтэй байсан машиныг нь 2 сарын хугацаанд засч янзалсан. Таван толгой руу тээвэрт яваад машин нь замдаа эвдрээд н.Ууганбаярт хэлэхэд өөр машинтай ирж ачааг ачиж авч явсан. Мөн Таван толгойгоос буцахдаа Улаанбаатар хот руу машинаа чирч авчирсан. Машиныг нь эргүүлэн өгч машинд хийсэн засвар үйлчилгээ, сэлбэгийн үнийг нэхэмжилж байгаа. Манайх машиныг авахгүй. Бид нар мөнгөө л авна. Тэр машинд моторын ээлж засвар 4.356.627 төгрөг, кроп 4.691.884 төгрөг, апратур пронсок 575.000 төгрөг мотор боолгох хроп тавиулах хоол унааны зардалд 1.800.000 төгрөг, урьдчилгааны 4.500.000, 500.000, 1.000.000 5.700.000 төгрөг, нийт 10.700.000 төгрөгийг өгсөн байгаа. н.Ганбаатарын азаргыг 5.000.000 төгрөгөөр тооцсон. Ломбарданд "Соната" маркын машинаа 3.500.000 төгрөгт тавьсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага маань 27.123.511 төгрөг болж байгаа” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл дээрээ худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж маргасангүй. Гэрээний дагуу биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаад байгаа. Тээврийн хэрэгсэл  жил болгон үзлэгт ороод явдаг. Ийм зүйл дээр эвдрэл яриад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжилж байгаа зардлуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Машинд моторын ээлж хийсэн кроп боосон гэх хүнийг гэрчээр асуулгасан. Тэгэхэд нарийн тодорхой зүйл хэлээгүй. Машиныг хүлээж авснаас хойш шаардлага гаргаагүй. Хариуцагчид шүүхэд өгснөөс хойш эвдрэл гэмтэл ярьж байгаа. Хүний машиныг 2, 3 жил хэрэглэчхээд мөнгө өгөхгүй, шүүхэд өгөхөөр кроп мотор апратур эвдрээд мотор хроп тавиад байгаа нь нотлогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас биет байдлын доголдолтой эд хөрөнгө байсан гэдгийг нотолж байгаа баримт нэг ч байхгүй.  Доголдол байхгүй эд хөрөнгө хөрөнгө шилжүүлж байсан. Хэдийгээр машиныг хүлээлгэн өгөх үед машин эвдэрхий байсан гэж үзсэн ч хариуцагч нь түүнд шаардлага гаргах эрхээ иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” 255.1.1.-д “эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол” гэж хуульчилсан байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Азаргыг аваагүй н.Болортуяа н.Ууганбаяр “Цэлмэг ханир” ХХК ч аваагүй. Азаргыг хэнд шилжүүлсэн тэрнээсээ нэх. Бид нар шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ж.Батмөнхөөс 30.375.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.075.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 27.123.511 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Батмөнхийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340.200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.570 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батмөнхөөс 309.825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намжилмаа давж заалдах гомдолдоо:

...”Цэлмэг Ханир” ХХК-ийн захирал н.Болортуяа, Ж.Батмөнх нар анх хэлэлцэж тохирохдоо Норд Бенз автоцистерийн толгой н.Болортуяад, машины чиргүүл Ж.Батмөнхөд байснаас ачааг н.Болортуяа олж, Ж.Батмөнх машинаар шатахууныг тээвэрлэхээр тохиролцсон боловч цистерийн толгой ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй эвдэрхий байсныг Ж.Батмөнхөд мэдэгдээгүйн улмаас Ж.Батмөнх анхны тээвэрт яваад машины эвдрэлийг мэдсэн хариуцагчийн талаар гэрч н.Цэндхүүгийн мэдүүлгээр тогтоогдсон.

“Цэлмэг Ханир” ХХК нь авто цистерийн толгойг Ж.Батмөнхөд шилжүүлээгүй, уг автоцистерийн толгой “Цэлмэг Ханир” ХХК-ийн өмчлөлд хэвээрээ, хариуцагч Ж.Батмөнх 10.700.000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжилсэн. “Цэлмэг Ханир” ХХК нь доголдолгүй эд хөрөнгийг Ж.Батмөнхөд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд зааснаар Ж.Батмөнхийн өмчлөлд баримт бичиг эд хөрөнгийг шилжүүлээгүй, Ж.Батмөнх эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжгүй байсан. Ж.Батмөнх машины эвдрэлийг анхны тээвэрт яваад мотор цохиж эвдэрсэн талаар хариуцагч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. “Цэлмэг Ханир” ХХК автоцистерийн толгойг Ж.Батмөнхийн өмчлөлд шилжүүлээгүй, харин Ж.Батмөнх 2 сард эхний түлш тээвэрлэж явах замдаа мотор эвдэрсэн, моторыг урьдчилан мэдэх боломжгүй, явж байгаад эвдэрсэн тухай тайлбарласан. Нэхэмжлэгч цистерийн толгойг Ж.Батмөнхөд очихоос өмнө эвдрэлтэй талаар хэлээгүй. Хариуцагч Ж.Батмөнх уг доголдлыг мэдэх боломжгүй байсан. Нэхэмжлэлд доголдлын талаар хэлээгүй учир мэдэх боломжгүй, моторыг гаднаас нь хараад эвдэрсний мэдэх боломжгүй, мотор эвдэрсэн талаар хариуцагч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, зөвхөн цистерийн толгойгоор шатахуун тээвэрлэх боломжгүй, харин хамтарч ажилласнаар шатахуун тээвэрлэж, хөлсийг н.Болортуяа авч байгаа байдал, н.Болортуяагийн НИК ХХК-тай шатахуун тээвэрлэх гэрээ хийсэн зэрэг баримтаар хамтран ажиллах хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Талууд хамтран ажиллах талаар тохиролцсоны дагуу НИК-ийн хашаанд Ж.Батмөнх хроп солих, мотор бүрэн ээлж хийх, засварласан нь хамтран ажиллахын тулд хийгдэж байгаа үйлдэл. Эвдэрхий зүйлд хөрөнгө оруулалт хийж, түүнийгээ худалдаж авна гэсэн үндэслэл байхгүй. Ж.Батмөнх бусдаас авсан хурдан удмын морийг “Цэлмэг Ханир” ХХК-д төлбөрт өгсөн, уг хурдан удмын азарга “Цэлмэг Ханир” ХХК-д байгаа, уг морь 5.000.000 төгрөгийн үнэтэй талаар сумын Засаг даргын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байхад шүүх шийдвэрлэхдээ нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тухайн машины эвдрэл гэмтлийг мэдэх гэрч Ж.Баянмөнхөөс мэдүүлэг аваагүй, мөн хариуцагчийн тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлийг шүүх хүлээн аваагүй, тэмдэгтийн хураамж төлж нэхэмжлэлийг 2 хувь бичсэн байхад шүүх хэрэг түдгэлзүүлсэн учир ажиллагаа хийхгүй, шүүх хуралд өгөхөд шүүгч хүлээн авахгүй гээд хавтаст хэрэгт нэхэмжлэлийг хавсаргаагүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах санал гаргахад шүүх хүлээн авалгүйгээр шүүх хурлын танхимаас өмгөөлөгчийг гаргаж шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Шүүх “Цэлмэг ханир” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Ж.Батмөнхийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шийдсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

 

            Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК нь хариуцагч Ж.Батмөнхөд холбогдуулж худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 24.300.000 төгрөг, алдангид 12.150.000 төгрөг үүрэгт 36.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзаж, 27.123.511 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Зохигчид 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан “Цэлмэг ханир” ХХК-ийн эзэмшлийн 61-69 УНИ “Northbenz” маркийн цистерн автомашиныг Ж.Батмөнх 35.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авах, хариуцагч урьдчилгаанд 4.500.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 1-ний дотор төлөх, хугацаа хэтэрвэл хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан  хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв болжээ.

 

             Зохигчид худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Цэлмэг ханир” ХХК нь хариуцагч Ж.Батмөнхөөс худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

            Хариуцагч Ж.Батмөнх гэрээний үүрэгт 10.700.000 төгрөг төлсөн асуудлыг нэхэмжлэгч байгууллага үгүйсгээгүй байна.  

           

            Харин хариуцагч Ж.Батмөнх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...машин хүлээж авахаас өмнө эвдэрсэн байсан, эвдрэлийг засч тээвэрт явсан...” гэж зааж,

 

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...автомашиныг хүлээж авахдаа өөрөө шалгаж хүлээж авсан гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

 

            Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Харин худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээж авах үедээ тухайн эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алддаг.

 

Талуудын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болдог бөгөөд анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэргийн бусад баримтыг үндэслэн хариуцагч Ж.Батмөнхийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 27.123.511 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 

Хариуцагч Ж.Батмөнх худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж автомашины үнийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул анхан шатны шүүх автомашины үнийн үлдэгдэл төлбөрт 24.300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Талууд гэрээндээ гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги төлөхөөр тохиролцон тохиролцоог үндэслэн анхан шатны шүүх хариуцагчаас 12.150.000 төгрөгийн алданги гаргуулахаар тооцож, алданги нь үндсэн төлбөртэй харьцуулахад хэт их хэмжээтэй байна гэж дүгнэн алдангийг 6.075.000 төгрөг байхаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6,  232.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.  

 

Анхан шатны шүүх хариуцагч Ж.Батмөнхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 102/ШШ2017/01309 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын “...Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д заасны дагуу...” гэснийг “...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намжилмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Ж.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.825 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                             ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО