Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01309

 

 

     2017 оны 05 сарын 05 өдөр

          Дугаар 102/ШШ2017/01309

               Улаанбаатар хот

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 35а байрны 22 тоотод байрлах, “Цэлмэг ханир” ХХК /РД:5226724/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-2-1 тоотод оршин суух, Чойжин ургийн овогтой Жигжидийн Батмөнх /РД:ГЮ67072571/-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 36,450,000 төгрөг гаргуулах,

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 27,123,511 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Ж.Батмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намжилмаа, түүний өмгөөлөгч А.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цэлмэгханир” ХХК-ийн өмчлөлийн 61-69 УНИ “Northbenz” маркийн автоцистерний толгойг Ж.Батмөнх нь зээлээр худалдан авахаар тохиролцох саналыг тавьсан ба уг саналын дагуу дээрх автомашины толгойг худалдахаар болсон. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Цэлмэг ханир” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Болортуяа, Ж.Батмөнхтэй гэрээ байгуулж урьдчилгаа 4,500,000 төгрөгийг худалдан авагчаас хүлээн авсан. Ж.Батмөнх нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч байсан. Гэрээний дагуу 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр машины эзэмшлийг шилжүүлсэн ба 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулсны дараагаар машины өмчлөлийг шилжүүлэх байсан. Гэвч 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үлдсэн мөнгийг төлөөгүй тул 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс худалдан авагчаас татгалзаж буйгаа удаа дараа мэдэгдсэн боловч Ж.Батмөнх нь 2 жил гаруй манай байгууллагын машиныг үнэгүй хэрэглэж бидний эрх ашгийг илтэд хохироож байна. Нэхэмжлэлийн шаардлага Ж.Батмөнхтэй байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс худалдагч тал нь татгалзсан тул 61-69 УНИ дугаартай авто цистерний олгойг Ж.Батмөнхийн эзэмшлээс гаргуулан “Цэлмэгханир” ХХК-д олгуулах, 2014 оны 01 үгээр сарын 13-ны өдрийн 4,500,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1,000,000 төгрөгийг худалдагч “Цэлмэг ханир” ХХК-д учирсан хохирол зардалд тооцуулан гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэхдээ: “Цэлмэг ханир” ХХК-ийн өмчлөлийн 61-69 УНИ “Northbenz” авто цистерний толгойг Ж.Батмөнх нь зээлээр худалдан авахаар тохиролцох саналыг тавьсан ба уг саналын дагуу дээрх автомашины толгойг худалдахаар болсон. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Цэлмэг ханир” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал М.Болортуяа, Ж.Батмөнхтэй гэрээ байгуулсан. Урьдчилгаа 4,500,000 төгрөгийг худалдан авагчаас 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Ж.Батмөнх нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч байсан. 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулсны дараагаар машины өмчлөлийг шилжүүлэх байсан. Ж.Батмөнх нь өнөөдрийг хүртэл манай байгууллагад уг машины үлдэгдэл төлбөрийг төлөхгүй. Манай байгууллагыг илтэд хохироож байна. Манай байгууллагаас Ж.Батмөнхөд ямар ч эвдрэл, гэмтэлгүй машиныг хүлээлгэн өгсөн. Манай байгууллагыг эвдэрхий машин шилжүүлэн өгсөн мэтээр хууль, шүүхийн байгууллагад илтэд худал тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,300,000 төгрөгийг иргэн Ж.Батмөнхөөс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.300.000 төгрөг, алданги 12,150,000 төгрөг, нийт 36.450.000 төгрөгийг иргэн Ж.Батмөнхөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цэлмэгханир” ХХК-ийн өмчлөлийн 61-69 УНИ Нортбенз авто цистерний толгойг Ж.Батмөнх нь худалдан авах саналыг тавьсан. Уг саналын дагуу дээрх автомашины толгойг “Цэлмэг ханир” ХХК-ийн зүгээс  худалдахаар болсон. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Цэлмэгханир”  ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал н.Болортуяа,  Ж.Батмөнхтэй гэрээ байгуулж урьдчилгаа 4,500,000  төгрөгийг худалдан авагчаас хүлээн авсан.  Гэрээний дагуу 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр машины эзэмшлийг шилжүүлсэн ба 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулсны дараагаар машины өмчлөлийг шилжүүлэх байсан. Ж.Батмөнх нь өнөөдрийг хүртэл манай байгууллагад уг машины үлдэгдэл төлбөрийг төлөхгүй. Манай байгууллагыг илтэд хохироож байна. Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,300,000 төгрөг, алданги 12,150,000 төгрөг нийт 36,450,000 төгрөгийг иргэн Ж.Батмөнхөөс гаргуулж “Цэлмэг ханир” ХХК-д олгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:  Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл дээрээ худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж маргасангүй. Гэрээний дагуу биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаад байгаа. Тээврийн хэрэгсэл  жил болгон үзлэгт ороод явдаг. Ийм зүйл дээр эвдрэл яриад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжилж байгаа зардлуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Машинд моторын ээлж хийсэн кроп боосон гэх хүнийг гэрчээр асуулгасан. Тэгэхэд нарийн тодорхой зүйл хэлээгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн яриад байгаа зүйл нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Машинд засвар үйлчилгээ хэдэн сараас хийсэн гэсэн зүйл авагдаагүй. Машинд засвар хийж байгаа бол эвдрэл гэмтэлтэй байж засвар хийсэн байх шаардлагатай. Машиныг хүлээж авснаас хойш шаардлага гаргаагүй. Хариуцагчид шүүхэд өгснөөс хош эвдрэл гэмтэл ярьж байгаа. Хүний машиныг 2, 3 жил хэрэглэчихээд мөнгө өгөхгүй, шүүхэд өгөхөөр кроп мотор апратур эвдрээд мотор хроп тавиад байгаа нь нотлогдохгүй байна. Нэхэмжилж байгаа үндэслэл шаардлагаа хариуцагч нотлох ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас биет байдлын доголдолтой эд хөрөнгө байсан гэдгийг нотолж байгаа баримт нэг ч байхгүй.  Доголдол байхгүй эд хөрөнгө хөрөнгө шилжүүлж байсан. Хэдийгээр машиныг хүлээлгэн өгөх үед машин эвдэрхий байсан гэж үзсэн ч хариуцагч нь түүнд шаардлага гаргах эрхээ иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д “Дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” 255.1.1.-д “эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол” гэж хуульчилсан байна. Хэргийн материалын 71 дэх талд байгаа хариуцагчийн хариу тайлбарт “Би н.Болориууяад эвдэрхий машин худалдан авах саналыг эхэлж тавиагүй, харин н.Болортуяа нь өөрийн ажил үйлчилгээнд явж чадахгүй болсон машинаа, миний машиныг өөрийнхөө зардлаар засч тээвэрт явдаг болгооч гэсэн” хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй худал тайлбар бөгөөд эвдэрхий гэж үзсэн хууль зүйн хариуцагч нь эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрхээ гэрээ байгуулагдаж байх үед алдсан байна. Өөрөөр хэлбэл автоцестирний толгойг хүлээн авах үед эвдрэл гэмтэлтэй байсан байлаа гэж бодоход хариуцагч нь тухайн үед техникийг 35,000,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн ямар хэмжээний завсар үйлчилгээ орох болон шинээр ямар тоног төхөөрөмж авч тавих ёстойг мэдэж байсан учраас дээрх хуулийн заалтын дагуу шаардах эрхээ алдах юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Азаргыг аваагүй н.Болортуяа н.Ууганбаяр “Цэлмэг ханир” ХХК ч аваагүй. Азаргыг хэнд шилжүүлсэн тэрнээсээ нэх. Бид нар шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

 

Хариуцагч Ж.Батмөнх болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намжилмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: н.Болортуяа Ж.Батмөнх нарын хооронд гэрээ хийсэн зүйл байхгүй. Ж.Батмөнх уг машины толгойг худалдаж авахаар санал тавьсан гээд байгаа. н.Болортуяагийн жолооч н.Баянмөнх гэдэг хүн өмнө нь тэр машиныг барьж байсан. Ж.Батмөнх ганцхан толгойгоор тээврийн ажил хийнэ гэж байхгүй. Ж.Батмөнхөд чиргүүл нь байдаг. Ж.Батмөнх ганцхан н.Болортуяагаас толгой худалдаж авсан. Нэг тал нь толгой нийлүүлж нөгөө тал нь чиргүүл нийлүүлж тээвэрлэлтэд яваад ашиг олоод, тээвэрт явсан мөнгөөрөө уг машины толгойг төлнө гэж тохирсон. Машины эвдрэл гэмтлийг огт хэлээгүй зарсан. Машинаа асаагаад та ав, би тээврийн асуудлыг даана гэж хэлсэн. Ачаа ачаад олсон мөнгөөрөө машиныхаа 35,000,000 төгрөгийг төлөөрэй гэсэн. Машин засаад ажилд гарсан. 5 толгой хүрэлгүй машин нь эвдэрсэн. Машин эвдэрсэн талаар н.Болортуяагийн нөхөр н.Ууганбаярт хэлэхээр, Та өөрийнхөө мөнгөөр сэлбэг аваад засчих дараа нь төлбөрөө тооцохдоо хасая гэж хэлсэн. Ажил эхлээд мөн удаагүй порсунк нь эвдрээд Улаанбаатар хот руу ирээд н.Ууганбаяртай уулзахад нь өөрийнхөө мөнгөөр ав гэж хэлсэн байдаг. Ж.Батмөнх нь өөрийн эзэмшлийн “Соната 5” маркын машиныг ломбарданд тавиад машиныг янзлуулж байсан. Машин замд эвдэрсэн байхад н.Ууганбаяр ирээд ачааг нь аваад Таван толгой яваад буцаад эвдэрсэн машинаа чирээд Улаанбаатарт ирсэн. Машинаар ашиг олох биш эвдрэл гэмтлийг нь зассаар байгаад Ж.Батмөнх нийт 27,123,511 төгрөгийн сэлбэг авч тавьсан байгаа. Энэ машины эвдрэлийг н.Болортуяа н.Ууганбаяр хоёрт хэлээд, тэр 2 өмнөх жолоочоо цагдаад өгсөн байгаа. Цагдаа нь машин эвдсэн жолоочийг нь эрж хайгаад хүн нь олдохгүй гээд одоо болтол явж байна. “Цэлмэг ханир” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Тээвэрт явуулна ашгаараа машиныхаа үнийг дарна гэж л тохирсон. Одоо машин нь зарагдахгүй болоод ирэхээр нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Анхнаасаа тохиролцоо нь бол хамтран ажиллах байсан юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Хариуцагч Ж.Батмөнх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие “Цэлмэг ханиар” ХХК-ийн өмчлөлийн 61-69 УНИ улсын дугаартай автоцистернийн толгойг 2014 оны 1 сарын 13-ны өдөр гэрээ байгуулан урьдчилгаа 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч байсан. Анх машиныг хүлээн авахад кроп бүрэн задарсан, угсарч чадахгүй байхад нь би НИК-ийн хашаанд 2 сар гаруй хугацаанд засварлаж, кроп сольж, мотор бүрэн ээлж хийж, моторын ламп, тоормозны системийг бүрэн засварлаж, дөрвөн мембран тавьж, засварлаад 2014 оны 02 сарын 15-ны өдөр Таван Толгойн тээвэрт яваад, замдаа эвдэрч 7 хоног хээр н.Цэндхүүгийн хамт байж байгаад н.Цэндхүүг сэлбэгэнд явуулж, НИК-ийн агуулахын нярав н.Мэндсайхан гурван машин явуулж, ачааг минь соруулж аваад, Таван Толгойн төв рүү айл бараадан 14 хоног айлын гадаа машинаа засч Улаанбаатарт ирсэн юм. Тээврийн хөлс гэж н.Болортуяад төгрөг өгсөн юм. Би н.Болортуяагийн бичсэнчлэн 2 жил гаран машиныг нь хэрэглээгүй, ачаанд явах боломжгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Харин энэ хугацаанд н.Болортуяа машиныг зарах гэж хэд хэдэн удаа хүн дагуулж ирээд, машиныг 7,000,000 төгрөгөөр худалдаж авах хүн байгаагүй. н.Болортуяагийн нэхэмжлэлдээ машинаа буцаан авна гэжээ. Хэрэв буцааж авах бол би энэхүү машинд хийсэн бүх зардлаа гаргуулж авах болно. Иймд моторын ээлж хийхэд, мотор засварлахад 4,356,627 төгрөг, кроп засварлахад 4.691,884 төгрөг, аппартур, форсунк шалгуулах засварлахад 575,000 төгрөг, мотор боолгох, кроп тавиулахад хоол унааны зардал 1,800,000 төгрөг /кроп мотор авч тавиулахад/, урьдчилгаа 4,500,000 төгрөг, мөн 500,000 төгрөг, /ажлын хөлс 5,700,000 төгрөг/, Максын н.Ганбаатарын хурдан удмын азарга 5,000,000 төгрөг, нийт 27,123,511 гөгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Ж.Батмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намжилмаа сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Ж.Батмөнхийг ачаа тээвэрт явуулна тэгээд мөнгөө төл гэсэн. Нэг ч удаа ачаа ачаад ашиг олсон зүйл байхгүй. Ж.Батмөнх машины урьдчилгаанд 2014 оны 01 сарын 03-ны өдөр 4,500,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Эвдрэлтэй байсан машиныг нь 2 сарын хугацаанд засаж янзалсан. Таван толгой руу тээвэрт яваад машин нь замдаа эвдрээд Ууганбаярт хэлхэд өөр машинтай ирж ачааг ачиж авч явсан. Мөн Таван толгойгоос буцахдаа Улаанбаатар хот руу машинаа чирч авчирсан. Машиныг нь эргүүлэн өгч машинд хийсэн засвар үйлчилгээ, сэлбэгийн үнийг нэхэмжилж байгаа. Манайх машиныг авахгүй. Бид нар мөнгөө л авна. Тэр машинд моторын ээлж засвар 4,356,627 төгрөг, кроп 4,691,884 төгрөг, апратур пронсок 575,000 төгрөг мотор боолгох хроп тавиулах хоол унааны зардалд 1,800,000 төгрөг, урьдчилгааны 4,500,000, 500,000, 1,000,000 5,700,000 төгрөг, нийт 10,700,000 төгрөгийг өгсөн байгаа. н.Ганбаатарын азаргыг 5,000,000 төгрөгөөр тооцсон. Ломбарданд "Соната" маркын машинаа 3,500,000 төгрөгөнд тавьсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага маань 27,123,511 төгрөг болж байгаа” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК нь хариуцагч Ж.Батмөнхөд холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 6169 УНИ улсын дугаартай “Northbenz” маркийн цистерн автомашиныг Ж.Батмөнхийн эзэмшлээс гаргуулж “Цэлмэгханир” ХХК-д олгуулах, урьдчилгаанд төлсөн 5,500,000 төгрөгийг худалдагч “Цэлмэг ханир” ХХК-д учирсан хохиролд тооцуулан гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэн автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 24,300,000 төгрөг, алданги 12,150,000 төгрөг нийт 36,450,000 төгрөгийг Ж.Батмөнхөөс гаргуулахаар нэхэмжилжээ 

 

            Хариуцагч Ж.Батмөнх нь нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-д холбогдуулж автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 15,700,000 төгрөг, машинд хийсэн засварын зардал 11,423,511 төгрөг бүгд 27,123,511 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх “Цэлмэг ханир” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, Ж.Батмөнхийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-ийг төлөөлөн захирал н.Болортуяа, хариуцагч Ж.Батмөнх нар 2014 оны 01 сарын 13-ны өдөр “Цэлмэг ханир” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа 6169 УНИ улсын дугаартай “Northbenz” маркийн цистерн автомашиныг 35,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, хариуцагч Ж.Батмөнх урьдчилгаанд 4,500,000 төгрөг, 30,500,000 төгрөгийг 2014 оны 03 сарын 01-ний дотор төлөхөөр, хугацаа хэтэрвэл хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, гэрээг  бичгээр байгуулсан байна.

 

“Цэлмэг ханир” ХХК, хариуцагч Ж.Батмөнх нарын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний агуулгад нийцсэн, худалдагч, худалдан авчийн хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр байна. Гэрээний дагуу “Цэлмэг ханир” ХХК нь Ж.Батмөнхөд автомашиныг шилжүүлэн өгч, төлбөрт нийт 10,700,000 төгрөг авсан тухайд зохигч маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан. Талуудын байгуулсан гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Худалдагч автомашиныг худалдан авагчид шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ 2014 оны 02 сард шилжүүлснээр биелүүлсэн тул худалдан авагчаас хэлэлцэн тохирсон үнэ буюу үлдэгдэл төлбөр 24,300,000 төгрөг, хэртүүлсэн хугацааны алданги буюу 12,150,000 төгрөгийг хуулийн дагуу шаардан авах эрхтэй.

 

Хариуцагч гэрээнээс татгалзаж, маргааны зүйл болох худалдан авсан автомашиныг хүлээн авахаас өмнө эвдэрсэн байсан, хүлээн аваад эвдэрсэн зүйлийг засч тээвэрт явахад мөн эвдэрч сэлбэг авсан, ажлын хөлс /моторын ээлж 4,356,627 төгрөг, хроп 4,691,884 төгрөг, апартур просунк 575,000 төгрөг, ажлын болон хоолны зардал 1,800,000 төгрөг/ бүгд 11,423,511 төгрөг, урьдчилгаанд өгсөн 10,700,000 төгрөг, төлбөрт тооцож өгсөн хурдан морины үнэ 5,000,000 төгрөг нийт 27,123,511 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д “Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана”, 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж заажээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд “...Анх машиныг хүлээн авахад кроп бүрэн задарсан, угсарч чадахгүй байхад нь би НИК-ийн хашаанд 2 сар гаруй хугацаанд засварлаж, кроп сольж, мотор бүрэн ээлж хийж, моторын ламп, тоормозны системийг бүрэн засварлаж, дөрвөн мембран тавьж, засварлаад 2014 оны 02 сарын 15-ны өдөр Таван Толгойн тээвэрт яваад, замдаа эвдэрч...”, шүүхэд гаргасан хариу тайлбарт /хх-ийн 71 дүгээр тал/ “...Тэрчлэн энэ машин 2012 онд Гурвантэсийн Хавцал гэдэг газар унагаж эвдэрсэн байсантай би тааралдаж байсан/ зэргээр тайлбарласан нь түүнийг эд хөрөнгөд доголдлыг хүлээн авахдаа мэдэж байсан болохоо үгүйсгээгүй байна гэж үзэв.  

 

Гэрээний зүйл болох эд хөрөнгийн байдлыг хариуцагч Ж.Батмөнх өөрөө шалгаж үзэн, автомашиныг худалдаж авсан байх тул эд хөрөнгийн биет байдлын доголдлын улмаас гэрээнээс татгалзах тухай хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн дутагдлын талаар шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч төлбөрт тооцуулахаар нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийн үнэтэй хурдан морь өгсөн гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан. Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 24,300,000 төгрөгт алданги 12,150,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь алдангийн хэмжээ үндсэн төлбөртэй харьцуулахад хэт их байх тул алдангийн хэмжээг 50 хувь буюу 6,075,000 төгрөгөөр багасгав.

 

Иймд хариуцагч Ж.Батмөнхөөс 6169 УНИ улсын дугаартай “Northbenz” маркийн цистерн автомашины үнийн үлдэгдэл 24,300,000 төгрөг, алданги 6,075,000 төгрөг нийт 30,375,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,075,000 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 27,123,511 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Батмөнхийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Ж.Батмөнхөөс 30,375,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,075,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 27,123,511 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Батмөнхийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,570 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батмөнхөөс 309,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Цэлмэг ханир” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.АЗБАЯР

 

 

 

.