Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5-124 тоотод байрлах “Протек” ХХК /РД:2618982/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр, “Номун Интер Трейд” ХХК-ийн байранд байрлах “Мегапластик системс” ХХК /РД:5708524/-д холбогдох,

хаалга захиалгын урьдчилгаанд төлсөн 2 464 000 төгрөгийг  буцаан гаргуулах  үндсэн нэхэмжлэлтэй, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 824 200 төгрөг гаргуулах  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, Л.Энхжаргал, нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, чанарын шаардлагад нийцээгүй ажил гүйцэтгэсэн учраас шүүхэд нэхэмжлэгч  тал нэхэмжлэл гаргасан. Анх хариуцагч компанитай Чинбаатар нь аман хэлцэл байгуулсан. Барилгын захиалгачаар Протек компани, гүйцэтгэгчээр “Таван Од” ХХК нь ажилласан. Хариуцагч тал хариу тайлбарт Чинбаатарын нэрийг Чинбат гэх зэргээр андуурч бичсэн нь гэрээний нөхцлийг хэнтэй бүрэн гүйцэт тохиролцсон эсэх тодорхойгүй байна. Хариуцагч компанид нэхэмжлэгч тал 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн чанарын  шаардлага хангахгүй хаалгыг эвдрэл гэмтлийг засварлах зохих ёсны зардалд 464.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал 180.000 төгрөг нийт  2 464 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2016 онд анхан шатны шүүх хуралдаанаар шинжээч томилж хойшлуулахад хариуцагч компанитай хаалгыг засаад өгчих, эвдрэл гэмтлийг засварлаад өгөх хугацаа байсан. Хариуцагч компани нь биет байдлын доголдолтой хаалга суурилуулсан гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд доголдлыг арилгах хугацаа байсан. Хаалганы бариулыг дээш татаж онгойлгодог зэргээс харахад эд хөрөнгийн доголдолтой хаалга нийлүүлсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Хариуцагч тал хариу тайлбартаа 3-4 удаа хаалганд үйлчилгээ засвар хийж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч бичсэн, анхнаасаа чанарын шаардлага хангаагүй хаалга суурилуулсан гэдэг нь нотлогдож байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ буюу аман хэлцэл байгуулсан. Анх Протек ХХК нь нэг ширхэг хуванцар гадна хаалга захиалсан. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа төлбөр блох 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Урьдчилгаа төлбөр нэхэмжлэгч талаас орж ирснээр захиалга баталгаажиж, ажил хийгдсэн. Хаалганы материал Гярман Улсаас захиалж авчирдаг учраас матераил ирэх гэж удна гэдгийг нэхэмжлэгч талд сануулж байсан. Герман улсаас хаалгын материал 2015 оны 2 дугаар 02-ны өдөр ирээд 2 дугаар сарын 15-ны өдөр хаалгыг суурилуулсан. Протек ХХК-д 2015 оны 2  сард хүлээлгэн өгсөн тухайн үед ямар нэгэн биет байдлын доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгөөгүй, захиалагч компаний зүгээс гомдлын шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч 1 жилийн дараа буюу 2016 оны 2 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Протек ХХК-ийн хүсэлтийн дагуу хаалганы шил солих зэрэг ажиллагааг 2-3 удаа хийж өгсөн. Захиалагч компани нь бариул нь таалагдахгүй байна сольж өг гэхээр нь бид нар сольж өгч байсан. Анх уг хэрэг маргаан үүсэх болсон шалтгаан нь жижиг бариул байна том хаалга хийж өг гэж хэлснээр үүссэн. Тухайн үед ямар эд хөрөнгийн доголдолтой хаалга хүлээлгэн өгсөн гэдгийг нотлох баримт  хэргийн материалд авагдаагүй байна. Хаалгыг хүлээлгэн өгснөөс хойш гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн. Хариуцагч компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийн доголдолгүй хаалгыг хүлээлгэн өгсөн. Иймд одоо гэрээний аль нэг гэрээнээс татгалзах эрхгүй. Ирээдүйд гарах зардлын тооцоог нотолсон нотлох баримт байхгүй учир үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талд бид нар итгэхгүй байна. Манай талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлж, хэвийн ашиглах боломжтой хаалгыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. 2-3 удаа тухайн хаалганд засвар үйлчилгээ хийсэн нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэх зорилгоор нэмэлт үйлчилгээ хийсэн. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулсан байхыг шаарддаг боловч талууд гэрээ байгуулаагүй бол тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжтой байхыг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзнэ гэх заалтын дагуу хэвийн ашиглах боломжтой хаалгыг хариуцагч компани хүлээлгэн өгсөн. 2.824.200 төгрөгийгөөр уг маргаан бүхий хаалгыг суурилуулахаар талууд тохиролцсноос нэхэмжлэгч компани 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд үлдэгдэл 824.200 төгрөгийг нэхэмжлэгч компаниас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Биет байдлын доголдолтой хаалга хүлээлгэн өгөөгүй. Тухайн маргаан бүхий хаалгыг хүлээлгэн өгснөөс 2 жилийн дараа нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Дээрх 2 жилийн хугацаанд хаалга эзэмшигч ашиглалтын явцад хаалганд элэгдэл, хорогдол үүссэн байх магадлалтай гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцэцэг сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Талууд гүйцэтгэсэн ажлыг акт үйлдэж биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгч тал нь бүрэн хүлээн авсны дараа үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан учраас үлдэгдэл төлбөрийг хариуцагч талд шилжүүлээгүй. Үлдэгдэл төлбөрийг аман хэлцэл ёсоор акт үйлдэж хаалгыг хүлээлгэн өгсний дараа төлхөөр талууд тохиролцсон байсан. Биет байдлын доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгсөн учраас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байна. Анхнаасаа биет байдлын доголдолтой хаалга суурилуулсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэв.

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “Протек” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагч “Мегапластик системс” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Протек” ХХК нь хаалга захиалгын урьдчилгаанд төлсөн  2 464 000 төгрөгийг  буцаан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 824 200 төгрөгийг нэхэмжлэгч компаниас шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Протек” ХХК-нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтэд байрлах барилгад Германы Rehau брендийн Geneo S980 загварын материалаар хийгдсэн, 1,460х2,200 хэмжээтэй 1 ширхэг хаалгыг хийлгэхээр хариуцагч “Мегапластик системс” ХХК-д захиалга өгсөн, хариуцагч тал захиалсан хаалгыг бэлтгэж, суурилуулж өгөх үүргийг хүлээж, уг ажлын хөлсийг 2 824 200 төгрөгөөр талууд тохирсон байна.

 

Захиалгын дагуу 2014.11.04-ний өдрөөс эхлэн 6 сарын дотор ажлыг гүйцэтгэсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг, харин хариуцагч тал 2014.12.03-ны өдөр урьдчилгаа 2 000 000 төгрөгийг шилжүүлсэнээр захиалга баталгаажсан,  2015.02.15-нд хаалгыг бэлдэж суурилуулж өгсөн гэжээ.

 

Талууд хоорондоо бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч хэлцлийн гол нөхцөлийн талаар амаар хэлэлцэн тохиролцсон байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авсанаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлагыг гаргаж болно.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэсэн болон хаалгыг хүлээлгэн өгсөн талаар акт үйлдээгүй бөгөөд хариуцагч талаас “2015.02.15-ны өдөр хаалгыг суурилуулж өгсөн, 2015 оны 5 сард хаалганы бариулыг нэмж хийсэн, 2015 оны 6 сард хаалганы шилийг сольж өгсөн, тохиргоо үйлчилгээг 3-4 удаа хийсэн” гэж, харин нэхэмжлэгч тал “2015 оны 6 сард хаалгыг буцаан авч засвар оруулахаар болсон боловч хаалганы шилийг гэмтээн хагархай болгосон” гэж тус тус тайлбарлажээ.

 

Дээрх тайлбараас үзэхэд гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэж үзсэн тохиолдолд “Протек” ХХК-ийн шаардах эрх 2015 оны 6 сард үүсэх бөгөөд нэхэмжлэгч тал 2016.02.29-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан “...шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Нөгөөтэйгүүр гэрээний аль нэг тал нь үүргээ ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд Иргэнийн хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шаардах эрх үүсэхгүй, мөн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан бол захиалагч тал Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2, 352.2.3 дахь хэсэгт заасан шаардлагуудыг гаргах эрхтэй болно.

 

Иймд нэхэмжлэгч “Протек” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзээд     нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

 

Хариуцагч “Мегапластик” ХХК-ийн “...хаалганд удаа дараа тохиргоо хийж өгсөн, хаалганы бариул болон шилийг сольсон” гэх хариу тайлбараас үзэхэд ажил гүйцэтгэгч тал хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх нь эргэлзээтэй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлсэн талаар  нотолсон баримтгүй байна.

 

Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2016.10.20-ний өдрийн 07/102/432 тоот дүгнэлт, Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ийн 2016.12.02-ны өдрийн 34 тоот шинжээчийн дүгнэлтээр ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох 1,460х2,200 хэмжээтэй Geneo S980 хаалга нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа, Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Хуванцар цонх хаалга” MNS 5830-2008 стандартад нийцээгүй болох нь тогтоогдсон байна.

 

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, талуудын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 73  дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Мегапластик системс“ ХХК-иас хаалга захиалгын урьдчилгаанд төлсөн  2 464 000 төгрөгийг  буцаан гаргуулахыг хүссэн “Протек” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “Протек” ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 824 200 төгрөг гаргуулахыг хүссэн “Мегапластик системс“ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Протек” ХХК-ийн  төлсөн 54 380 төгрөг,  хариуцагч “Мегапластик системс“ ХХК-ийн төлсөн 24 330 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЭНХЦЭЦЭГ