Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00935

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00083 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар магадлалтай, 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

Б.Э-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 7.102.326 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч О.С, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Б.Э-тай 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 4 сар 11 хоногийн хугацаатайгаар, 4.700.000 төгрөгийг 10%-ийн хүүтэйгээр, хэрвээ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.2%-ийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болно. Тухайн үед би банкнаас мөнгө зээлж аваад мөнгөтэй байсан ба тэр үед Б.Э- нь манай нөхрийн дүү нас барсан надад мөнгө зээлээч гэсээр гуйгаад авсан юм. Б.Э-аас болж банкны зээлийг би төлж барагдуулж байсан. Б.Э- нь өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөнөөсөө цувуулж өгөөд нийтдээ 2.000.000 төгрөгийг шилжүүлснийг хүүнээс хассан болно. Иймд үндсэн зээл 4.700.00 төгрөг, хүүний үлдэгдэл 52.326 төгрөг, алданги 2.350.000 төгрөг, нийт 7.102.326 төгрөгийг Б.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие Ц.О-ээс 2014 оны 8 дугаар сард 1.600.000 төгрөгийг Дундговь аймаг явах болоод зээлж авсан. Тухайн үед бидний хооронд бичгээр гэрээ хэлцэл байгуулагдаагүй. Дундговиос ирээд мөнгийг өгч чадаагүй удсан. Ц.О- эгчтэй би нэг байгууллагад ажилладаг байсан. Ц.О- нь Oriflame-ийн бүтээгдэхүүн зардаг байсан ба манай ажлын газрынхан түүнээс бичүүлээд бүтээгдэхүүн авдаг байсан. Миний авсан зүйл 56.000 төгрөгийн үнэртэй ус 2 ширхэг, 8.000 төгрөгийн үнэтэй охидын үнэртэй ус 3 ширхэг, гарын тос, биеийн тос, биеийн шингэн саван зэрэг нийт 180.000 төгрөгийн бараа авсан. Эвлэрүүлэн зуучлалд Ц.О-т миний бие 1.600.000 төгрөг хувааж төлнө гэж бичиж өгч байсан. Бид 2 нотариатаар огт ороогүй. Намайг 2016 онд эвлэрүүлэн зуучлагчид өгсөн байсан эвлэрүүлэн зуучлагч бид хоёрыг эвлэр гэсэн. Би сар бүр 200.000 төгрөгөөр төлнө гэж тохирч байсан. 2017 онд 1.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 200.000 мянгаар 5 удаа, 2017 оны 12 сарын 01-нд 200.000, 12 сарын 06-нд 200.000 төгрөгийг тус тус өгсөн. Одоо нэхэмжилж байгаа 4.700.000 төгрөг, хүү 52.326 төгрөг, алданги 2.350.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Ц.О- эгчтэй ямар нэг гэрээ байгуулаагүй би зээлж авсан 1.600.000 төгрөгөө Oriflame барааны үнэ нийтдээ 3.200.000 төгрөг болгож төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00083 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас 4.614.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.488.326 төгрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128.600 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 88.774 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00083 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.О-ийн 7.102.326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.600 төгрөгийг, хариуцагч Б.Э-, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.774 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас тус тус буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тус тус хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа зээлийн хүүг үндэслэлгүйгээр бууруулж 2 хувиар тооцож хариуцагчаас 4.614.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, шаардлагаас 2.488.326 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.О-ийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй, хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 281.1, 282.3, 232.4, 232.6-д зааснаар тодорхойлсон боловч хүүгийн хэмжээ зээлдэгчид илт хохиролтой, өндөр тогтоогдсон байх тул банк болон барьцаалан зээлдүүлэх газрын дундаж хүүгээр буюу 2 хувиар тооцлоо гэсэн нь зээлдүүлэгчийн эрх ашигт хохиролтой шийдвэр гаргасан гэж үзэж байна. Банк болон барьцаалан зээлдүүлэх газрын хүүгийн дундаж нь 2 хувь мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн анхан шатны шүүх нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2015.12.09-ний өдрөөс 2016.04.20-ний өдөр хүртэл 4 сар байна гэж тооцсон нь үндэслэлгүй байх бөгөөд хугацааг тооцож үзвэл 4 сар 11 хоног болсон тухай нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон болно. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацааг 4 сараар тооцсон нь буруу байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүйн улмаас давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь зээлдэгч зээлдүүлэгчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд өөрийн үзэмжээр хөндлөнгөөс шинжээчийн үнэлгээг гаргаж үнэлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 3-д заасныг зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг шүүх илт зөрчиж, хариуцагчийн өмгөөлөгчийн аман тайлбарыг илт үнэлж тайлбарлаж асууж байсанд гайхал төрсөн. 2015.12.09-ний өдрөөс 2016.4.20-ний өдрийн зээлийн гэрээг хариуцагчийн зүгээс маргаж байгаагүй, хүлээн зөвшөөрдөг байхад хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед аман тайлбараар тайлбарласныг давж заалдах шатны шүүх дотоод итгэлээрээ илтэд үнэлсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зээлийн гэрээг хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй,; мөн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан нэхэмжлэгчийн нотлох баримт болох зээлийн гэрээг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 3-д зааснаар гэрээ байгуулах саналын гэрээний гол нөхцлийн дагуу талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх зээлийн гэрээг байгуулсан байдаг. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1.2-д зааснаар дээрх зээлийн гэрээг байгуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 282.1, 282.3-д байх бүх шаардлагыг хангасан зээлийн гэрээг давж заалдах шатны шүүх үнэлэхдээ эргэлзээ төрөхөөр байгаа болон зээлийн гэрээний эх хувийг конандсан хувь байж болохоор гэж шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт гаргаж байгаад эргэлзээ төрсөн. Хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн өмгөөлөгчийн аман тайлбар болон нотлогдох боломжгүй байдлыг харгалзан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хариуцагч зохигч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болон шаардлагын талаарх татгалзал тайлбараа нотлох баримтаар нотлож чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэж эсрэгээрээ нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч тэтгэврийн зээл авсан мөнгөнөөсөө хариуцагчид өгсөн гэдгээ нотлож чадаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь илтэд нэг талыг баримталсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед энэ талаар илэрхийлж байсан нь урьдаас илтэд буруутгах үнэлэмж байсанд эргэлзээ төрж байсан болно. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийнхээ дагуу хариуцагчаас зээлүүлсэн мөнгөө шаардах эрхтэй бөгөөд тэтгэврийн зээл банкнаас аваад нотариат дээр өгсөн гэдгээ нотлоогүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж буй нь үндэслэлгүй. Мөнгийг хэрхэн шилжүүлсэн хэдэн төгрөгийг ямар дэвсгэртээр өгсөн гэдгийг зээлийн гэрээнд заавал бичиж баримтжуулах шаардлагагүй юм. Хариуцагчийн 2 удаагийн тайлбар зөрүүтэй байдаг, мөн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж сар бүр 200.000 төгрөг төлж байхаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэдэг боловч хэзээ эвлэрүүлэн зуучлагчид хандсан талаар он сар өдрөө хэлж мэддэггүй, эргэлзээтэй тайлбар өгсөөр ирсэн. Хариуцагч 1.600.000 төгрөг нэхэмжлэгчээс зээлсэн гэсэн атлаа нэхэмжлэгчийн дансны хуулгаас үзэхэд цувуулж өгсөөр 2.000.000 төгрөг өгснөө хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ 1.600.000 төгрөг зээлсэн бол ямар шалтгаанаар 2.000.000 төгрөг өгсөн эсэхэд давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Мөн Ц.О-ийн зээлсэн Ориплимийн барааны үнийг төлсөн гэснээс үзвэл хариуцагч 1.600.000 төгрөг зээлсэн эсэхэд эргэлзээтэй, харин нэхэмжлэгчээс 4.700.000 төгрөг авснаа энэ бүхнээр нотлож байна гэж үзэх боломжтой. Давж заалдах шатны магадлалын үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэгч нь конандсан хувийг нотариатаар батлуулсан мэтээр үгүйсгэж хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг гаргаж байгаа нь хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна гэсэн үндэслэл байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.О-ийн Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.102.326 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг,  давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Ц.О- талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 4.700.000 төгрөгийг, 4 сар, 11 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн гэх бичгийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон байх бөгөөд хариуцагч уг гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй, өмнө нь 1.600.000 төгрөг авснаа 2.000.000 төгрөг болгон төлсөн гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “хариуцагч өөрийн татгалзлаа буюу зээлийн гэрээгээр мөнгө аваагүй гэсэн тайлбараа нотлоогүй” гэж дүгнэхдээ нотолгооны үүргийг буруу хувиарласан байна.

Нэхэмжлэгч  бичгээр байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа бол  үүргээ биелүүлж, гэрээнд заасан мөнгийг хариуцагчид хэрхэн шилжүүлснээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй, мөнгийг шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн гомдлыг хангахгүй орхив.

Харин давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заах” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг зөрчсөн байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар магадлалын  тогтоох хэсгийн 1 дэх заалтад “,нэхэмжлэгч Ц.О-ийн 7.102.326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Э-аас 7.102.326 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Г.ЦАГААНЦООЖ

                           ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ