Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2016/01279/И |
Дугаар | 00394 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 00394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 6-32 тоотод оришин суух, Зуутраг овогт Мягмарын Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Евротаун хотхон, 68-а тоотод байрлах “Мотиваци” ХХК-д холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27 624 400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Мотиваци” ХХК-тай 2015.10.31-нд бараа материал өгөөд 12 сарын 01 гэхэд тооцоо дуусахаар гэрээ хэлцэл хийж урьдчилгаа авч ажилласан. Гэвч хугацаандаа гэрээ биелээгүй учир 2016.09.28-нд шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл хугацаанд бид 5 удаа уулзаж бичгээр гэрээнд нэмэлт хийж байсан бөгөөд сүүлд нь хариуцагч талын захиралтай ярилцаад хүү, алданги тооцохоор болсон. Учир нь хариуцагч тал хотхон барьж байгаа бөгөөд хэдэн тэрбум төгрөгний ашиг олох боломжтой. Иймээс биднийг хохиролгүйгээр үндсэн төлбөрийг өгөх боломжтой гэж үзэж байгаа. Хэрэв өөрт нь бараа материал байвал бартер хийж болно. Хэрэв байхгүй бол бартер хийх боломжгүй. Гэвч хариуцагч талд бэлэн бартер хийх бараа материал байхгүй боловч барьсан барилга нь дулаанаа авсан байр нь ашиглалтад орж борлуулалт хийж байгаа учир манай тал бэлэн мөнгө авах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015.10.31-нд “Мотиваци” ХХК болон иргэн Алтанцэцэг хоёрын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 30 сая төгрөгний үнэ бүхий барааг нийлүүлсэн. Хариуцагч тал 2015.12.01-нд төлөх ёстой байсан төлбөрийг төлөөгүй гэрээний заалтыг биелүүлэхгүй байсан тул үлдэгдэл төлбөр болох 22,160,000 төгрөг дээр 2016.09.10-ныг хүртэл гэрээг сунгаж 9 сарын хугацаа хэтрүүлсэн алданги, торгууль 3 сая төгрөг нэмж төлөх тодруулбал 25,160,000 төгрөгийг Алтанцэцэгт төлөхөөр тохирсон байна. Хэрэв 2016.09.10-нд төлөөгүй тохиолдолд төлөх ёстой байсан төлбөр 25,160,000 төгрөгөөс хоног тутам 0,5%-н алданги тооцох болзолтой гэрээнд нэмэлт өөрчлөлт хийсэн. Иймээс 2015.10.31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр нь 22,160,000 төгрөг бөгөөд 2016.06.27-нд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр тогтоосон тооцоо нийлэх акт болон бусад материалаар 3 сая төгрөгийн алданги өгөхөөр тохирсон. 2016.06.27-нд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр тохирсон 22,160,000 төгрөгөөс 0,5%-ийн алданги, 2016.09.10-наас 2016.12.12-ныг хүртэл хоногт 140,800 төгрөгийг 90 хоногоор үржүүлээд нийт 9,972,000 төгрөгийг нэмж нийтдээ 35,132,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Алтанцэцэгтэй 2015.10.31-ний өдөр гэрээ байгуулж нийт 30 сая төгрөгөөр үнэлсэн хуучин лотки худалдаж авахаар болсон. Урьдчилгаанд 6 сая төгрөг өгсөн бөгөөд лоткиг 10.3-нээс 12.18-ныг хүртэл хүлээж авсан. Нийлүүлсэн бараа материалын ихэнх нь чанарын шаардлага хангаагүй байсан бөгөөд ашиглах боломжгүй материал өгсөн нь одоо ч манай талбай дээр байгаа. Манай компаниас гадна сантехникийн ажил гүйцэтгэсэн “Хос нуурын овоо” компанийн зүгээс гэрээнд заасан чанар, стандартын дагуу бараа материал нийлүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Гүйцэтгэгч компанийн захирал Лхагвасүрэн нь өөрийн биеэр шаардлага гаргаж байсан. Чанар стандартын шаардлага хангаагүй, оосор, бүчгүй материал нийлүүлсэнтэй холбогдож өдрийн 300,000 төгрөгөөр кранаар 7 хоногт хийж гүйцэтгэх боломжтой байсан хэдий ч чанарын шаардлага хангаагүйгээс өдрийн 1,200,000 төгрөгөөр экскаватор хөлсөлж 14 хоног орчим гүйцэтгэсэн. 2015 оны эцсээр 25,160,000 төгрөгний үлдэгдлээр тооцоо нийлж байсан. Бид 6 сая төгрөг өгөөд сүүлд 3 сая төгрөгийн хайрга нийлүүлсэн. Гэсэн хэдий ч 2 тал аль аль нь алдагдлаа хүлээх ёстой байсан. Гэсэн ч Алтанцэцэг нь байнга төлбөрөө нэхэж янз бүрийн хүмүүс дагуулан ирж дарамталж хүү, алданги авахаар баримт бүрдүүлж авсан. Иймээс манай зүгээс өмнөх 25 сая төгрөгний тооцооллыг тооцох боломжгүй гэж байна. Манай компанийн хүсэл зоригоос гадуур биднийг айлган сүрдүүлж хэлцэл нэртэй хийсэн 35,132,000 төгрөгний шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манай талаас хуучин материалын үнийг бодитой үнэд тааруулан тохиролцох боломжтой байгаа. Гэвч одоогоор бодитойгоор тооцох боломжгүй байна. Гэрээний нэмэлтийг нэхэмжлэгч талаас хүмүүс авчирч төлбөрөө шаардаж байгаад хийсэн гэрээ гэж үзэж байгаа. Мөн 2016.06.27-ны өдөр нэмэлт нөхцөл гэсэн гэрээний 2-дахь хуудсанд “Мотиваци” ХХК-ийн захирал гэж гарын үсэг зурсан байгаа боловч яг гэрээнд нэмэлт нөхцөл орсон гэж дурдагдсан зүйл байхгүй, тамга тэмдэг байхгүй байгаа. Мөн иргэний хэрэг 2016.10.05-ны өдөр шүүгчийн захирамжаар хэрэг үүссэн байхад 2016.10.06-ны өдөр нэмэлт нөхцөл бүхий хэлцэл хийлгэсэн гэх баримтуудаас шалтгаалан манай зүгээс хүлээн зөвшөөрөх боломж байхгүй байна. Нэхэмжлэгч талаас чанар, стандартын шаардлага хангасан бараа, материал нийлүүлээгүй болно гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч “Мотиваци” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 25 160 000 төгрөг, алданги хүү 2 464 400 төгрөг нийтдээ 27 624 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч М.Алтанцэцэг анх шүүхэд хандсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 9 972 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн үнийн дүнг 35 132 000 төгрөгөөр тодорхойлсон боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 32 132 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “Мотиваци” ХХК-нь 2015.10.31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг М.Алтанцэцэгтэй байгуулсан, гэрээний 4.2-т зааснаар лотки сувгийн Л-7 нийтдээ 75 иж бүрдэлийг худалдан авсан ба гэрээний үнийн дүнг 30 000 000 төгрөгөөр тохирч, гэрээ байгуулсанаар урьдчилгаа 20 хувь буюу 6 000 000 төгрөг, 2015.12.01-нд үлдэгдэл 80 хувь буюу 24 000 000 төгрөгийг тус тус хариуцагч тал төлөхөөр төлбөрийн нөхцөлийг тохирсон байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.
2015.10.31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний 11.1-д “энэхүү гэрээний нөхцөлийг талуудын хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан баримт бичгийн дагуу өөрчилж, нэмж болно”, мөн гэрээний 8.2-т “...аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний хүчин төгөлдөр хугацаанд шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзвал нөгөө талдаа торгууль төлнө” гэжээ.
Дээрх заалтын дагуу 2016.06.27-ны өдрийн нэмэлт нөхцөлөөр 2015.10.31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний 5, 8 дугаар заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар талууд тохиролцсон байх бөгөөд “...төлбөрийг барагдуулах хугацааг 2016.09.10-нд дуусгахаар, 2015 оны 12 сарын 9-ний өдрөөс хойш 9 сарын алданги торгуульд 3 000 000 төгрөг төлөх, үндсэн төлбөр 22 160 000 төгрөг, 3 000 000 төгрөг нэмээд 25 160 000 төгрөг төлөх, шинэчилсэн төлбөр барагдуулах хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцох”-оор өөрчлөлт оруулсан байна.
Мөн 2016.10.06-ны өдөр гэрээний нэмэлт нөхцөлөөр 2016.10.17-ны өдөр төлбөр тооцоог барагдуулах, энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд 2016.09.10-наас хойш алданги тооцохоор дахин тохирсон байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар торгууль төлөхөөр гэрээндээ тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар торгуулийн хэмжээг тогтоосон байх ёстой бөгөөд талуудын хоорондын гэрээнд энэ талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгчийн “9 сарын алданги торгуульд 3 000 000 төгрөг” гэж тооцсоныг хангах үндэслэлгүй байна.
Харин гэрээний нэмэлт нөхцөлүүдээр төлбөр төлөх хугацааг сунгаж 2016.09.10-ныг дуустал, энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохирсон байх тул үлдэгдэл 22 160 000 төгрөгийн 0.5 хувиар алданги, хэтрүүлсэн хугацааг 2016.09.10-наас 2016.12.12-ныг хүртэл 90 хоногоор тооцож, 9 972 000 төгрөгийн алданги нэмж нийтдээ 32 132 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “...хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэх бөгөөд нэхэмжлэгч талын алдангийн тооцоолол хуульд нийцсэн гэж үзлээ.
Талуудын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2015.10.31-ний өдрөөс 2015.12.31-нийг дуустал хугацаанд тооцоо нийлж, 25 160 000 төгрөгийг “Мотиваци” ХХК төлөхөөр өртэй гарсаныг харилцан баталсан байх бөгөөд “Мотиваци” ХХК-ийн захирал Д.Энхтүвшингийн 2016.03.02-ны өдрийн тодорхойлолтоос үзэхэд “үлдэгдэл тооцоо нийлж 25 160 000 төгрөг төлөхийг, 2016.04.30-ний өдрөөс өмнө төлж барагдуулах”-ыг зөвшөөрсөн байна.
Гэрээнд заасан 75 иж бүрдэл барааг хүлээлгэсэн өгсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч энэ талаар талууд маргаагүй, хариуцагч талаас урьдчилгаанд 6 000 000 төгрөг шилжүүлсэн, мөн 3 000 000 төгрөгний үнэ бүхий блок хүлээн авсанаа нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, тооцооны үлдэгдэлийн баталгаагаар 22 160 000 төгрөгний өрийн үлдэгдэл гарсан, торгууль 3 000 000 төгрөгийг нэмж нийт 25 160 000 төгрөгийг төлөхөөр харилцан баталсан болохыг шүүх хуралдааны явцад талууд тайлбарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5 дахь хэсэгт зааснаар “Мотиваци” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 32 132 000 төгрөг гаргуулж М.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Мотиваци” ХХК-иас 318 609 төгрөг гаргуулж М.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 431 143 /296 072+135 071/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ