Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1600

 

“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/01019 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Төгсзаяа болон “Бльюбарлэй” ХХК нарт холбогдох

  55.333.016 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

хариуцагчийн гаргасан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж,

168.493.080 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Д.Гантөмөр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                Э.Хангай

Хариуцагчийн өмгөөлөгч                                          Б.Энхзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од шүүхэд гаргасан тайлбартаа:

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 27 дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “Хадгаламж банк” ХХК-ийн өмчлөх эрхэд шилжүүлэн авч, улсын бүртгэлийн байгууллагаас 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 000283600 дугаартай гэрчилгээг “Хадгаламж банк” ХХК-д олгосон. Тус хөрөнгийн өмчлөх эрх Хадгаламж банкинд шилжихээс өмнө буюу 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өмнөх өмчлөгч болон хариуцагч Э.Төгсзаяа нарын хооронд “Түрээсийн гэрээ” байгуулагдсан. Уг гэрээгээр дээрх түрээсийн зүйлийг мөн өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт нэг сарын 10000 ам.долларыг төлөхөөр тохиролцсон байсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасны дагуу “Хадгаламж банк” ХХК нь Э.Төгсзаяатай байгуулсан Түрээсийн гэрээний тухайд өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авсан өдрөөс эхлэн түрээслүүлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлж байна. Энэ тухай мэдэгдлийг Э.Төгсзаяад хүргүүлэхээр тус байранд очсон боловч Э.Төгсзаяагийн ээж О.Энхмаа гэх эмэгтэй мэдэгдлийг хүлээн авсан. Үүнээс хойш тус байранд засварын ажил хийгдэж эхэлсэн ба түрээслэгч Э.Төгсзаяа болон түүний ээж О.Энхмаа нартай уулзах гэсэн боловч олдохгүй, уг байранд засварын ажил гүйцэтгэж байсан ажилчдаас өөр хүнгүй байсан бөгөөд тэдний зүгээс бид ажлаа хийхээс өөр зүйл мэдэхгүй гэж байсан. 2014 оны 4 дүгээр сараас уг байрны засварын ажил хийгдэж дуусаж “Суоно Лоунж караоке” нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өдөр тутмын үйл ажиллагааг нь “Бльюбарлэй” ХХК хариуцаж байсан. Түүнээс хойш уг караокений эзэмшигч Т.Тэлмэн нь нийт 30.380.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг барагдуулсан. Үүнийг түрээсийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ам.долларын албан ханш 1.410.68 төгрөгөөр тооцоход 21.854.7 ам.доллар болж байна. Энэ нь 2014 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөр 10.000 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 10.000 ам.доллар, 5 дугаар сарын түрээсийн төлбөрийн 1.854.7 ам.долларыг тус тус тооцогдох ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2014 оны 5 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 8.145.2 ам.доллар, 2014 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10.000 ам.доллар, 7 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаагаар тооцсон 6.451.61 ам.доллар, нийт 24.596.81 ам.долларын түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний 5.1.4-д зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгийн 0.03 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцсон ба уг заалтын дагуу алдангийг тооцон үзэхэд 2014 оны 8 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 430 хоног * 7.37 ам.доллар=3.169.1 ам.доллар байна. Иймд “Бльюбарлэй” ХХК болон Э.Төгсзаяа нараас 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрт 24.596.81 ам.доллар, алданги 3.169.1 ам.доллар, нийт 27.765.91 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ханш 1.992.84 төгрөгөөр тооцон, нийт 55.33.016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Бльюбарлэй” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангай шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Төрийн банк” ХХК-д тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн өдрөөс эхлэн нэхэмжлэгч тал болох “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчтай Э.Төгсзаяа, мөн тухайн объектод үйл ажиллагаа эрхэлж буй “Бльюбарлэй” ХХК, түүний гүйцэтгэх захирал Т.Тэлмэн нарын хооронд гэрээний тал дээр үл ойлголцол, зөрчил үүссээр ирсэн. Өнөөдрийн байдлаар “Бльюбарлэй” ХХК-ийн зүгээс тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болоод өнгө үзэмж, гадна дотор засал, сантехникийн зардал, түрээсийн гэрээнд заасан үйлчилгээний зориулалтаар цаашид өмчлөгч ашиглахад үзэмж дэмжлэг үзүүлэхээр 120.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Бид 2014 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн “Суоно Лоунж” Караоке ресторан үйлчилгээний төвийг ажиллуулж ирсэн бөгөөд нийт тухайн үйлчилгээний газарт тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сантехник болоод тохижилт, аюулгүй байдал, гадаад болон дотоод засалд зориулж 300.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн түрээсийн гэрээний 2.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч тал 480 м.кв талбайг хариуцагч талд санал болгохоор заасан байдаг ч үйл ажиллагаа явуулж байх хугацаанд “Бльюбарлэй” ХХК-ийн зүгээс мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж үзэхэд гэрээнд заасан 480 м.кв талбайд хүрэхгүй үзүүлэлт буюу 391 м.кв талбай байсныг тайлбарт баримтын хамт дурдаж байна. Нэхэмжлэгчийн шаардаж буй 55.333.016 төгрөгийн үнийн дүн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр З.Анхбаяр нь гэрээний зүйл болох тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш болсныг 2 дугаар сарын эхээр мэдсэн. Гэрээний 7.1 дэх хэсэгт заасанчлан “Түрээслүүлэгч нь гэрээг байгуулах өдрөөр Түрээслэгчийн гэрээг байгуулах эрмэлзлийг өөрчилж болохуйц түрээсийн байртай холбоотой гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн аливаа өр, авлага, үүрэг хариуцлага байхгүй бөгөөд түрээсийн байрыг бусдад барьцаалуулаагүй, баталгаа, батлан даалт гаргаагүй болохыг үүгээр баталж байна” гэсэн баталгаа гаргаж өгч байсан тул бид гэрээний үндсэн зорилгод нийцүүлэн засвар тохижилтын ажил хийж хөрөнгө оруулалт нэмж оруулж байсан. Өнөөдрийн байдлаар хариуцагч “Бльюбарлэй” ХХК болон Э.Төгсзаяа нарын зүгээс тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болоод өнгө үзэмжид нөлөөлөх сантехник, цэвэр бохир ус, дэд бүтцийн ихээхэн хэмжээний засвар хийж, тодорхой зардал гаргасан бөгөөд энэ нь 92.225.880 төгрөг болж, тухайн хөрөнгийн үнийг тэр хэмжээгээр нэмэгдүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт болсон. Хариуцагч нь “Суоно Лоунж” караоке ресторан үйлчилгээний төвийг ажиллуулахын тулд тухайн үйлчилгээнд зориулсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тохижилт, аюулгүй байдал, гадаад болон дотоод засалд зориулж оруулсан хөрөнгө оруулалт дээрх дүнд орж тооцогдоогүй юм. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” мөн 318.4 дэх хэсэгт заасны дагуу “Энэ хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан бөгөөд үндсэн нэхэмжлэлийн болон энэхүү сөрөг нэхэмжлэлийн гол эрх зүйн үндэс болох “Түрээсийн гэрээ” нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байгаа тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж үзэж, түүнийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан ёсоор манай төлсөн 50000 ам.доллар буюу 76.267.200 төгрөг, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тэр хэмжээгээр нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалт болох сантехник, цэвэр бохир ус, дэд бүтцийн ихээхэн хэмжээний засварт зарцуулсан 92.225.880 төгрөг, нийт 168.493.080 төгрөгийг “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний  агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсныг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гэрээг бүртгүүлээгүй хэдий ч талууд гэрээний агуулгыг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо бодитойгоор илэрхийлсэн нь агуулгын хувьд байж болох хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд гэрээг талуудын хүсэл зоригоос гадуур хийгдсэн гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаар хариуцагчаас түрээсийн төлбөрт 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 17.679.400 төгрөг, 4 дүгээр сарын 3-ны өдөр 150.600 төгрөгийг тус тус Хадгаламж банкны дансаар шилжүүлэн төлж байсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8 дахь хэсэгт заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасантай нийцэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Бльюбарлэй” ХХК, Б.Э.Төгсзаяа нараас 49.017.506 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,315,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 168.493.380 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч “Бльюбарлэй” ХХК, Б.Э.Төгсзаяа нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162.810 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 131.880 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагч “Хавтгай Өтөг” ХХК-иас 95.417 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монгол Солонгосын Политехник коллеж”-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангай давж заалдах гомдолдоо:.. "Хадгаламж банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй учир эрх хүлээн авагч болон хариуцагч нарын хооронд үүрэг үүсэхгүй гэж үзнэ." гэж дүгнэсэн атлаа "Зарчмын хувьд үүрэг үүсээгүй ч энэ хугацаанд өөрийн өмчлөлийн хөрөнгийг ашиглуулсны төлбөрт 21.596 ам долларыг хариуцагч нараас авсан 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үл хөдлөх хөрөнгөө ашиглуулсны төлбөрийг гаргуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцсэн байх тул 24.596 ам доллар буюу 49.017.506 төгрөгийг хариуцагч Э.Төгсзаяа "Бльюбарлэй" ХХК нараас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв" гэж өмнөх дүгнэлттэйгээ зөрчилдсөн дүгнэлт хийж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг үндсэнд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэгэнт хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулж болохгүй гэж дүгнэж байгаа юм бол түүнээс үүдэлтэй бүх үйл ажиллагаа хууль бус болох учиртай байтал анхан шатны шүүх ингэж "нэхэмжлэгч тал нь түрээсийн үйл ажиллагаа явуулж олох ёстой байсан ашиг, үр шимийг хариуцагч талаас шаардах эрхтэй" гэсэн утгатай эргэлзээ бүхий дүгнэлт хийснээрээ нөгөө талдаа нэхэмжлэгчийг Банкны тухай хуулиар хориглосон "түрээсийн гэрээ"-ний үр шимийг хүртэх эрхгэй мэт болгож хууль зүйн ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргах нөхцөл боллоо.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг хариуцагчийн зүгээс ойлгохдоо "нэхэмжлэгч тал нь өмчлөгчийн хувьд тус үл хөдлөх хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах замаар ашиг олон үр шимийг хүртэх эрхтэй боловч тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээслэн үр шимийг хүртэн ашиг олохыг тус хууиар хориглосон" хэмээн үзэж байна.

Мөн "Хадгаламж Банк" ХХК дахь эрх хүлээн авагч нь тус үл хөдлөх хөрөнгийг худалдах, ашиглах ёстой байснаас үүссэн олох ёстой байсан үр шимийн талаар, мөн хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг харуулсан баримтын аль аль нь хэрэгт авагдаагүй байхад шүүхийн шийдвэрт дурьдсан 24.596 ам.доллар буюу 49.017.506 төгрөгийг чухам яаж, юуг үндэслэж гаргаж ирээд байгааг ерөөс ойлгохгүй байна.

Анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага, түүнтэй холбоотойгоор түрээсийн зүйлээс салгаж үл болох засан сайжруулалтын зардлын талаархи нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 42 дугаар зүйлийг буруу тайлбарласан болно. Хуулийн энэ заалт нь бусад заалтаар "тусгайлан" зохицуулаагүй харилцааны тухайд хэрэглэгдэх заалт болохоос биш Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт ямар ч эргэлзээгүйгээр заасан зохицуулалттай давхцуулан хэрэглэх ёсгүй заалт гэж үзэж байна. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нэг үндэслэлээ гэрээнд засан сайжруулалтын талаар,"зөвшөөрөл"-ийн талаар тодорхой заагаад өгчихсөн байхад "...анхны түрээслүүлэгч болох З.Анхбаяраас зөвшөөрлөө авсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй... " гэж үзсэн нь учир дутагдалтай болсон. Энэ бүхэнд хууль зүйн дагуу зөв дүгнэлт хийсэн бол Монгол банкны лавлагааны баримтын ханшаар нийтдээ 76.267.200 төгрөг болон тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тэр хэмжээгээр нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалт болох сантехник, цэвэр бохир ус, дэд бүтцийн ихээхэн хэмжээний засварт зарцуулсан 92.225.880.31 төгрөг нийтдээ 168.493.080 төгрөгийг "Хадгаламж Банк" ХХК дахь эрх хүлээн авах эрх хариуцагчид олгох шийдвэр гарах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт "Хадгаламж Банк" ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангасан тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Э.Төгсзаяа болон “Бльюбарлэй” ХХК нарт холбогдуулан 55.333.016 төгрөг гаргуулахаар нэхэмжилсныг хариуцагч эс зөвшөөрөн маргаж, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 168.493.080 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Э.Төгсзаяа нь Т.Баярхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анхбаяртай 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 27 дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 3 жилийн  хугацаагаар түрээслэхээр тохиролцжээ. /хх 10-15/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Т.Баярхүүгийн өмчлөлд 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдэж, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс “Хадгаламж банк” ХХК-ийн өмчлөлд бүртгэгджээ.  /хх 16, 22/

 

“Хадгаламж банк” ХХК нь Т.Баярхүүтэй 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 27 дугаартай барилгын 2-3 давхар, зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан талаарх 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаар мэдэгдлийг “Бльюбарлэй” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн нэг О.Энхмаад хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан байна.  / хх 141, 147/

 

Хариуцагч нар нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 27 дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийг хариуцагч бодитойгоор эзэмшилдээ байлгаж,  үйл ажиллагаа явуулж байсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан 2014 оны 3,4,5 дугаар сарын төлбөрт 30.830.000 төгрөг буюу 21.584.7 ам.долларыг төлсөн асуудлаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч нараас үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны төлөгдөөгүй үлдсэн төлбөрт 24.596.81 ам.доллар буюу 49.017.506 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн зөв болжээ.

 

Зохигчид хуулийн шаардлага хангаагүй түрээсийн гэрээ байгуулсан байгаа боловч уг гэрээг байгуулагдсанаас хойш түрээсийн зүйлийг ашиглан, ашигласан хугацааныхаа төлбөрийг төлж байсан байдлууд хэргийн баримтаар тогтоогдсон байх тул эд хөрөнгө ашигласны төлбөрт төлсөн 50.000 ам.доллар буюу 76.267.200 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

 

Мөн түрээсийн байранд салгаж үл болох засан сайжруулалт хийсний зардалд 92.255.880 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа боловч уг засварыг хийхэд нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан эсэх, ямар ажил хийсэн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримт болон фото зургуудаар дээрх шаардлагыг нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй юм. 

 

Анхан шатны шүүх хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Харин талуудын хооронд 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний  өдрийн 102/ШШ2017/01019 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д зааснаар 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 168.493.380 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч “Бльюбарлэй” ХХК, Э.Төгсзаяа нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч хариуцагч “Бльюбарлэй” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.066.000 төгрөг, Т.Тэлмэнгээс төлсөн 180.000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                              ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО