| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/01615/И |
| Дугаар | 00540 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 00540
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Туушин зочид буудал ХХК-ийн байрны 310 тоото, “Даией Пробис Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм ланд хотхон 4-1 тоот “Монголиан Коммодити Трейдинг” ХХК -д холбогдох,
ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нийтдээ 87 389 910 төгрөгийг гаргуулахыг шаардсан үндсэн нэхэмжлэлтэй, 2015.02.09-ний өдрийн ажил гүйцэтгэх тухай 2015/01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, урьдчилгаанд төлсөн 30 855 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шинжээч Д.Санж, Б.Туяа, нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талууд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2015/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг захиалагч талаас Монголиан коммодити ХХК, гүйцэтгэгч талаас “Даией пробис” ХХК байгуулсан. Гэрээний дагуу Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд хэрэгжүүлэх /грийн хилл/ гэх нэртэй аялал зуучлалын ерөнхий төлөвлөлтийг боловсруулах ажил гүйцэтгэхийг тохиролцож, хавсралтаар гэрээгээр хийж гүйцэтгэх ажлыг нарийвчлан тусгасан. Уг гэрээ байгуулагдахаас өмнө 2014 оны 08 дугаар сараас эхлэн талууд уулзаж эхэлсэн. Жаргалантын аманд хариуцагч компанийн өмнөх захирал Халиунбатын хувийн 2 орон сууц баригдсан бөгөөд улмаар энэхүү ажлыг төсөл болгох зорилгоор хүмүүстэй уулзаж, Монгол, Хятад, Япон гэх гурван улсаас Япон улсын компанийг сонгон авсан. “Даией пробис” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй Монгол Улсын хуулийн этгээд боловч хувьцаа эзэмшигчид нь Япон улсын иргэд байдаг бөгөөд архиктектор нь Япон улсын иргэн байсан нь давуу тал болсон. Гэрээний зүйл нь барилгын эх загвар зургийн өмнөх шатны ажил үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл скиз зургийн хамгийн эхний шатны ажил бөгөөд тусгай зөвшөөрөл шаардлагагүй ажил юм. Энэ талаар талууд анхнаасаа мэдэж байсан бөгөөд захиалагч компанийн хянагч байгууллагаар Алаган ХХК нь байнгын хяналт тавьж ажилласан. Алаган ХХК нь гүйцэтгэгч байгууллагатай 7 хоног бүр уулзалт хийж, нийт 9 удаагийн хурал хийж, 12 удаагийн зөвшөөрлийн хуудас үйлдэж, зөвшөөрлийн хуудсан дээр хийж гүйцэтгэх ажлыг зааж өгдөг байсан. Гэрээний хугацаанд ажлын гүйцэтгэл буюу хувь хэмжээг 4 удаа дүгнэсэн. 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 29.6, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 51.3, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 90,93 хувийн гүйцэтгэлтэй гэж үнэлсэн. Сүүлд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлыг бүрэн хийж дуусгаж, скиз зургийг захиалагч компани болон хяналт хэрэгжүүлж байсан Алаган ХХК-д тус тус зургийг цахим хэлбэрээр хүргүүлсэн. 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр ажлаа дахин хүлээн авсан, энэ талаар хариуцагч тал маргаан гаргаагүй. Ажлаа нэгэнт бүрэн хийж дуусгасан учраас урьдчилгаа төлбөрт 30.855.000 төгрөг буюу 30 хувийг хүлээн авсан. Гэрээний нийт төлбөрт 102.850.000 төгрөг бөгөөд үлдэгдэл 71.995.00 төгрөг үлдсэн. Захиалагч компани нь банкны баталгаа гаргах талаар нэхэмжлэгч компаниас шаардсан бөгөөд 2 удаагийн банкны баталгаа гаргасан. Гүйтэтгэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ нэгэнт хийж гүйцэтгэсэн учраас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 71.995.00 төгрөг, алданги нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр тооцож 17.062.815 төгрөг, нийт 89.057.815 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах /грийн хол/ төслийн ерөнхий төлөвлөгөөний зургийг зурах, түүнийг батлуулах гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж үэзж байна. Ажил гүйцэтгэх гэрээний гол үр дүн нь ажлын үр дүн байдаг. Бидний хүлээж байсан үр дүнд хүртэл ажиллаж чадаагүй. Учир нь кадастрын хэмжээнээс хэтрүүлэн зургийг төлөвлөсөн. Монгол улсын дархан цаазат бүс нутагт хамаардаг. 2015-05-01-ний өдөр үйлдэгдсэн Б/07 дугаартай тэмдэглэлд талууд зургийг улсын болон холбогдох ямар байгууллагуудаар батлуулдаг эсэх талаар, мөн холбогдох хууль дүрэм журам, бичиг баримтын бүрдүүлбэрийг судлахаар тохиролцсон талаар тусгагдсан. Ингээд дээрх асуудлуудыг судлахад тухайн зураг төслийг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагаар батлуулах нь зүйтэй гэдгийг мэдсэн. 2009 оны 204 дүгээр Засгийн газрын тогтоолоор зургийг тусгай зөвшөөрөлтэй ХХК-иар гүйцэтгүүлэх ёстой гэсэн заалтын дагуу шалгахад Уг гүйцэтгэгч ХХК-ийн улын бүртгэлийн гэрчилгээнээс харахад зураг төсөл боловсруулах зөвшөөрөлгүй компани байсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч компанийг төлөөлж эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Манай талаас хоорондын байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байна. Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 30.855.000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6-д зааснаар тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж дээрх ажлыг гүйцэтгэх ёстой байсан боловч энэхүү харилцаатай холбоотой хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзэж байна. Гэрээ байгуулах үед н.Чулуунсүх нь амаар итгэмжлэл авсан гэдэг нь сөрөг нэхэмжлэлийн агуулгатай уялдаж байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн боловч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хэдий ч төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд байгууллаагүй учраас гэрээг хүчин төгөлөр бус гэж үзэж байна. Эхний нэхэмжлэлийн үндсэн шаардлагын дагуу талууд гэрээг байгуулагдсан гэж үзэж боломжгүй учраас гэрээнээс татгалзах гэх үйл баримтыг тодруулах боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээг байгуулах тусгайлсан итгэмжлэл байхгүй боловч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах итгэмжлэл байсан. Шүүх хуралдаан дээр итгэмжлэлийг авчирах боломжгүй байсан. Гэрээнээс татгалзах, мөн гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан. Нэхэмжлэгч тал н.Чулуунсүхэд олгосон итгэмжлэл байгаа учраас гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзэж байна. Гэрээнээс татгалзаж байна тохиолдолд Иргэний 263 дугаар зүйлд зааснаар зохицуулагддаг. Гэрээнээс татгалзсан тохиолдолд гүйцэтгэгч байгууллагын хийсэн ажилд асуудал гарч ирнэ. Хэрвээ гэрээнээс татгалзсан тохиолдолд биет байдлаар эргээд гүйцэтгэгч ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч “Даией Пробис Монгол” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон хариуцагч “Монголиан Коммодити Трейдинг” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Даией Пробис Монгол” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нийтдээ 87 389 910 төгрөгийг гаргуулахыг шаардсан, харин хариуцагч тал эс зөвшөөрч 2015.02.09-ний өдрийн ажил гүйцэтгэх тухай 2015/01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, урьдчилгаа төлбөрт төлсөн 30 855 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2015.02.09-ний өдрийн 2015/01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу захиалагч тал “Монголиан Коммодити Трейдинг” ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Жаргалантын ам нэртэй газарт хэрэгжүүлж буй “Green hill resort” төслийн хүрээнд ерөнхий төлөвлөлтийг боловсруулан холбогдох баримт бичгийн хамт захиалагчийн өмчлөлд шилжүүлэх ажлыг гүйцэтгэгч “Даией Пробис Монгол” ХХК-иар гүйцэтгүүлэхээр, захиалагч тал нь ажлын төсөвт өртөгийг тодорхой хуваарийн дагуу олгохоор тохирсон байна.
Дээрх гэрээний 3.1, 3.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний нийт үнэ 102 850 000 төгрөг, үнийн 30 хувь буюу 30 855 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсанаас хойш ажлын 10 хоногийн дотор, гэрээний хавсралтад заасан ажлын дундах үе шатыг бүрэн гүйцэтгэсэн бол 30 хувь буюу 30 855 000 төгрөгийг, гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид актаар хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 40 хувь буюу 41 140 000 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөхөөр тохирсон байна.
Гүйцэтгэгч тал гэрээний дагуу эхний 30 хувь 30 855 000 төгрөгийг хүлээн авсан, харин гэрээний дундах болон эцсийн үе шатны төлбөрт 71 995 000 төгрөгийг төлөгдөөгүй, хугацаа хэтрүүлсэн хоногийг 2015.05.13-наас 2015.06.17-ны өдөр хүртэл 35 хоногийн 1 079 925 төгрөг, 2015.06.17-ноос 2016.01.25-ны өдөр хүртэл 222 хоногийн алданги 15 982 890 төгрөг нийтдээ 17 062 815 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн үнийн дүнг 89 057 815 төгрөгөөр тодорхойлсон байна.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээг тодруулахыг хүссэн хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилогдсон байх бөгөөд 2016.11.29-ний өдрийн 01-16 дугаар шинжээчийн дүгнэлтээс үзэхэд талуудын хоорондын гэрээгээр тохирсон ажил нь иж бүрэн ерөнхий төлөвлөгөө биш бөгөөд гэрээний дагуу хийгдсэн ерөнхий төлөвлөгөөний эскиз /загвар/-ын ажил болохыг дүгнэсэн байна.
Улмаар захиалагч талын хяналтыг хэрэгжүүлэхээр итгэмжлэгдсэн “Алага” ХХК-иас гэрээнд заасан графикийн дагуу хяналт тавьж, 7 удаагийн уулзалтаар ажлаа дүгнэж 2015.06.07-ны өдөр бүрэн хүлээлгэн өгсөн, ерөнхий төлөвлөгөөний эскиз /загвар/-ын ажил нь зураг төсөл боловсруулах зөвшөөрөлцөх, батлах дүрмийн дагуу хийгдсэн байна гэж дүгнэжээ.
Иймд ажлын явцыг “Алага” ХХК шалгаж, санал хүсэлтийг тусгаж байсан гэх 2015.03.14-ний өдрөөс 2015.05.01-ний өдөр хүртэлх нийт 7 удаагийн хурлын протокол, 2015.04.03-ны өдрөөс 2015.05.16-ны өдрийг хүртэлх 301-3012 дугаартай нийт 12 зэвшөөрлийн хуудас, ажлын үр дүнг гэрээний заалтын дагуу 60 ба 120 хоногт “Алага” ХХК хянаж 2015.05.08-ны байдлаар 90.93 хувь гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байдлаас үзэхэд гэрээний үнийн дүн 102 850 000 төгрөгний 90.93 хувийг буюу 93 521 505 төгрөгний ажлыг гүйцэтгэсэн байх бөгөөд урьдчилгаанд төлсөн 30 855 000 төгрөгийг хасаад үлдэх 62 666 505 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэгчийн хүлээх үндсэн үүрэг нь амласан ажлыг хийж гүйцэтгэх явдал байдаг бөгөөд тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгсөн байна.
Хариуцагч тал ажил гүйцэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “гэрээнд заасан ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэх байсан, гүйцэтгэгч “Даией Пробис Монгол” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй атлаа гэрээ байгуулсан” гэжээ.
Шинжээчийн дүгнэлтээр “гэрээнд заасан ажил нь ерөнхий төлөвлөгөөний эскиз учир барилгын сайдаар батлагдсан зургийн даалгаваргүй, экспертизээр батлагдах иж бүрэн зураг биш бөгөөд заавал тусгай зөвшөөрөл шаардлагагүй, туслах чанарын ажил” болохыг дүгнэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монголиан Коммодити Трейдинг” ХХК-иас 62 666 505 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Даией Пробис Монгол” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 391 310 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар “Даией Пробис Монгол” ХХК-д 2015.02.09-ний өдрийн ажил гүйцэтгэх тухай 2015/01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, урьдчилгаа төлбөрт төлсөн 30 855 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн “Монголиан Коммодити Трейдинг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Даией Пробис Монгол” ХХК-ийн төлсөн 603 240 төгрөг, хариуцагч “Монголиан Коммодити Трейдинг“ ХХК-ийн төлсөн 603 240 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, харуцагчаас 471 282 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ