Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2017/00055/И |
Дугаар | 00637 |
Огноо | 2017-03-22 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 00637
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг гудамж, 9 дүгээр байрны 4 тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар станцын зүүн талд задгай хашаанд байрлах Чинсэтгэлтийнхэн овогт Хужины Алтангэрэл /РД:МЮ64062370/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Засгийн газрын 14 дүгээр байр, өргөтгөлийн байранд байрлах "Эрчим хүчний хөгжлийн төв“ ААТҮГ-т холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал, түүний өмгөөлөгч Ц.Давхарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Алтангэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ээлжийн амралт авах хүсэлтээ гаргаж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа авч, 2016 оны 10 сард ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилдаа ороход миний оронд өөр хүн ажилд авсан байсан. Миний өрөөний цоожийг эвдэж чадахгүй болохоор хаалгыг нь нугасаар нь салгаж өрөөнд ороод миний бүх бичиг баримтыг хайрцагт хийж тавин, миний өрөөнд Мөнбаатар гэх хүнийг авсан байдаг. Миний бие амралтаа авч, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хөдөө орон нутаг руу явсан. Гэтэл миний утсанд өргөдлөө өгнө үү гэсэн мессеж ирсэн. Би тэр мессэжний учрыг сайн ойлгоогүй. Эрчим хүчний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Бүрэнтогтохтой уулзахад 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн Б54 дүгээр тушаалаар ажлаас халсан гэсэн. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би өөрийнхөө зүйлийг хүлээн авч албаны зүйлээ хүлээлгэж өгсөн. Миний эд зүйлийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хайрцаглаж байхад манай байгууллагын 10 нягтлан хажууд нь байлцаж, гарын үсэг зурсан байдаг. Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул өмнө нь эрхэлж байсан ажлын байранд томилогдох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие Эрчим хүчний хөгжлийн төвийн ААТҮГ-т 34 жил удирдах албан тушаалтны ажил хийж байсан. Мөн яамны дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад Хөгжлийн төвийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажилласан. Энэ хөгжлийн төв 100 гаруй ажилтантай. Миний бие тухайн албан тушаалд 2 жил гаруй хугацаагаар ажилласан. Тухайн ажил, ажлын байрандаа сайн ажилласан гэж дүгнэж байна. Би ажиллаж байх хугацаандаа хуулиа дээдэлж ажилладаг байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, хамт олно дээдэлж харьцдаг байсан. Миний бие 4 удаа эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан ч гэм буруугүй байсан тул ямар нэгэн арга хэмжээ авхуулаагүй. Намайг ажлаа хүлээж аваад 7 хонож байхад Бүрэнтогтох өрөөндөө дуудаж уулзаад 15-аас доошгүй хүнийг ажлаас халах гэж байгаа тул 15 доошгүй хүний нэрсийн жагсаалт гаргаж өг гэсэн. Ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа 15 ажилтныг ажлаас халах эрх надад байхгүй. Иймд би Бүрэнтогтоход надад зүгээр ажлаа хийж байгаа 15 хүний нэрсийн жагсаалт гаргаж ажлаас халах эрх байхгүй гэдгээ хэлсэн. Эрчим хүчний хөгжлийн газрын дарга Бүрэнтогтох намайг ажлаас халсан тушаал танилцуулаагүй, мөн хуульд заасны дагуу 30 хоногийн дотор албан мэдэгдэл өгөх ёстой өгөөгүй. Би 1, 2 дугаар гарын үсэг зурдаг хүн биш тул тэтгэвэртэй холбоотой асуудал надад хамааралгүй. Иймд хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Х.Алтангэрэл нь Эрчим хүчний яамны хяналт шинжилгээний үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, эрчим хүчний яамны төрийн нарын бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 тоот тушаалаар Эрчим хүчний хөгжлийн төвд түр хугацаагаар буюу захиргаа удирдлагын хэлтсийн дарга Сүхбаатарыг гадаад улсад суралцаж байх хугацаанд томилогдсон. Уг тушаалын хэрэгжилтийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б08 тоот тушаалаар Эрчим хүчний хөгжлийн төвийн захиргаа удирдлагын төвийн захирлаар томилогдсон. Х.Алтангэрэл нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Х.Алтангэрэл нь ээлжийн амралтаа 2016 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөс эдлэх ёстой байсан. Гэтэл Х.Алтангэрэлийг ээлжийн амралтаа эдлэхээс нь өмнө буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б54 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг Х.Алтангэрэлд захирал өрөөндөө оруулж танилцуулсан байдаг. Ингэхдээ Х.Алтангэрэлийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж, ажлаа хүлээлгэж өгөх талаар ярилцсан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 09 цагийн үед захиргаа удирдлагын албаны дарга Х.Алтангэрэлийг Эрчим хүчний хөгжлийн газрын дарга өөрийн өрөөндөө хүлээн авч, таны ажлаа хүлээж авснаас хойших ажилтай танилцсан. Энэ хугацаанд та өөрийн ажил, албан тушаалдаа хайхрамжгүй хандсан байна. Миний зүгээс өгсөн хэд хэдэн шаардлагыг хангалтгүй биелүүлсэн байна. Иймд таныг албан үүргээ хангалгүй биелүүлж, байгууллагад учирсан хохирлыг бүрэн хариуцлага хүлээх хэрэгтэй гэж үзэж таныг ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж гэж хэлэхэд Х.Алтангэрэл уурлаж, Бүрэнтогтох захирлыг хэл амаар доромжилж гарч явсан байдаг. Үүнээс хойш Х.Алтангэрэл нь ажлын байрандаа ирэхгүй өрөөгөө түгжээд явсан байдаг. Х.Алтангэрэлийг ажлаас чөлөөлөх тушаалыг аман болон бичгийн хэлбэрээр өгсөн гэх тэмдэглэлийг тухай бүрдээ хийсэн байдаг. Мөн Х.Алтангэрэл нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, удаа дараа хууль бус үндэслэлгүй тушаал гаргаж байгууллагад хохирол учруулсан. Үүнд өндөр насны тэтгэмж эрх үүссэн ахмадад салбарт ажилласан жилийг Улсад ажилласан жилээр тооцож, тэтгэмж олгосон. Энэ тушаалыг өөрөө боловсруулж, өөрөө гардаж хийснийхээ дараа устгасан үйлдэл удаа дараа гарсан байдаг. Мөн албан тушаалаа ашиглан зохисгүй үйлдэл гаргадаг байсан. Мөн захирал болон ажилтнуудын хооронд зан харилцааны хувьд асуудал үүсгэдэг байсан. Удирдах албан тушаалтны хувьд ажилтнуудыг хэл амаар доромжлох асуудал гаргаж энэ нь хурлаар хэлэлцэгдэж байсан. Иймд Х.Алтангэрэлийг ажлаас халсан үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Алтангэрэл нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг "Эрчим хүчний хөгжлийн төв“ ААТҮГ-т холбогдуулан гаргажээ.
Хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төв“ ААТҮГ хариу тайлбартаа “...Ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа сахилгын зөрчил удаа дараа гаргасан” хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.
Хэргийн нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд Х.Алтангэрэл нь тус компанид 2015 оноос эхлэн ажилласан, "Эрчим хүчний хөгжлийн төв“ ААТҮГ-ын захирлын 2015.01.27-ны өдрийн Б/8 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар гадаад улсад суралцаж байгаа Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ц.Сүхбаатарын ажлыг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байна.
"Эрчим хүчний хөгжлийн төв“ ААТҮГ-ын захирлын 2016.08.31-ний өдрийн Б/54 дүгээр “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.6.11, 7.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.2, 4.2.5, 4.2.10 дахь заалтыг тус тус үндэслэн Захиргааны хэлтсийн дарга Х.Алтангэрэлийн хөдөлмөрийн гэрээг 2016.08.31-ний өдрөөс эхлэн цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Талуудын хооронд байгуулсан 2015.01.13-ны өдрийн 04 тоот хөдөлмөрийн гэрээний 4.2.2, 4.2.5, 4.2.10 дахь заалтаас харахад удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа /2-оос дээш/ биелүүлээгүй буюу биелүүлэх чадваргүй нь тогтоогдсон, ажил хүлээлцэлгүй дур мэдэн ажлын байраа орхисон, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлүүдийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд Х.Алтангэрэлийн тухайд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймд Х.Алтангэрэлийг “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гаргасан нь нотлогдоогүй гэж шүүх үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан ажил буюу "Эрчим хүчний хөгжлийн төв“ ААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд нь эгүүлэн тогтоов.
Түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу шүүх Х.Алтангэрэлийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн сүүлийн 3 сарын цалин / 2 075 100 + 4 667 597 + 5 411 700 /-гийн дундажаар тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс илүү гарч байгаа болно.
Иймд нэхэмжлэгч Х.Алтангэрэл нь 2016.10.07-ноос 2017.03.22-ны өдрийг хүртэлх сарын цалингийн дэлгэрэнгүй тооцооллыг үндэслэн ажилгүй байсан хугацааны олговорт нийтдээ 12 440 489 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзээд хариуцагчаас 12 440 489 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул Х.Алтангэрэлийн ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч талд даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төв“ ААТҮГ-аас 213 997 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
"Эрчим хүчний хөгжлийн төв“ ААТҮГ-ын захирлын 2016.08.31-ний өдрийн Б/54 дүгээр “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг Х.Алтангэрэлд 2016.10.10-ны өдрийн 9 цаг 55 минутад танилцуулж, хүлээлгэн өгсөн болох нь тушаалын ар талын тэмдэглэгээгээр тогтоогдсон, нэхэмжлэгч тал шүүхэд 2016.11.02-нд гомдол гаргасныг 2016.11.09-ний өдрийн 05621 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, уг захирамжид заасан зөрчлийг арилгаж 2016.12.08-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд дахин гомдол гаргасан байна.
Дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Алтангэрэлийг "Эрчим хүчний хөгжлийн төв“ ААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төв“ ААТҮГ-аас 12 440 489 төгрөг гаргуулан Х.Алтангэрэлд олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Алтангэрэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч "Эрчим хүчний хөгжлийн төв“ ААТҮГ-аас 213 997 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ