Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 111/ШШ2020/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: В.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох

“Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай “В.Н-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 12 дугаар сарын цалин 1622000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11,5 хувиар бодож Засаг дарга Г.Батжаргалаас хувиас нь нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1088657, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45 хувь, хоолны мөнгө 110.000 төгрөгөөр тооцож, 1 сарын цалин 1688552 төгрөг, 1 өдрийн цалин 78537 төгрөг болох бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл Засаг даргаар нөхөн төлүүлэх, ээлжийн амралттай байхдаа ажлын шаардлагаар ажилласан хугацааны амралтыг биеэр эдлүүлээгүй ажлаас чөлөөлсөн ба амралтын хугацаанд ажилласан ажлын 19 өдрийн цалин 1408356 төгрөгийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Н, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашцэрэн, Д.Сарангарав, М.Дүгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Н шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: “ В.Н миний бие 2018 оны 12 сарын 10-ны өдөр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилогдсон. Гэтэл 2019 оны 10 сарын 04-ний өдөр тэтгэврийн нас хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргалаа. Засаг дарга Г.Батжаргал нь миний ээлжийн амралтыг өгөлгүй байсаар энэхүү шийдвэрийг гаргасан ба 2019 оны 10 сарын 07-ны өдөр миний нөхөр Баттулга уулзаж, энэ оны ээлжийн амралтыг 2019 оны 10 сарын 07-ны өдрөөс эхлэн авсан. Миний бие нь 2019 оны 10 сарын 23-нд Төрийн албаны зөвлөлд энэхүү захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд хугацааг 14 хоног сунгасан гэж хариуг өгсөн. Мөн би 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Засаг дарга Г.Батжаргалд төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл гаргасан. Иймд энэхүү 2019 оны 10 сарын 04-ний өдрийн Б/509 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч В.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний ээлжийн амралтыг 2019 оны 10 сарын 07-оос эхлэн олгосон бөгөөд амралтын хугацаанд ажлын шаардлагаар ажлын 19 хоног ажилласан ба энэ ажлын өдрүүдийг биеэр эдлэхээр 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Засаг дарга Г.Батжаргалд хүсэлт өгсөн боловч хүсэлтийн хариуг Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дашцэрэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн.

Иймд энэхүү 2019 оны Б/509 дүгээр захирамжийг хүчингүй болгож, намайг Эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилуулж, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ээлжийн амралттай байхдаа ажлын шаардлагаар ажилласан хугацааны амралтыг биеэр эдлүүлэлгүй ажлаас чөлөөлсөн тул амралтын хугацаанд ажилласан ажлын 19 өдрийн цалинг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч В.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг ажлаас халахдаа үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэсэн байна. 2016 онд гурван эх эндсэн асуудал гарсан байгаа. Манай аймаг бол эхийн эндэгдэл байнга гардаг аймаг байгаа. Яагаад эндсэн бэ гэдэг нь эмчилгээ үйлчилгээний дутагдалтай байсан. Эхийн эндэгдэл магадлах хурал хийсэн. Энэ үнэхээр эмчилгээ үйлчилгээний дутагдал байсан гэдгийг бүх хурлаас нотолсон байгаа. Би энэ дээр эхийн эндэгдэл бууруулахын тулд төрөх насны эмэгтэйчүүдийн нэрийн хяналтыг гаргаж Баянхонгор аймгийн Засаг дарга дээр орсон. Тэгээд энэ хэрэгжээд одоо 3 жил эхийн эндэгдэлгүй явж байгаа. Энэ бол миний хийсэн ажил гэж бахархалтайгаар хэлмээр байна. 2016 онд олон хүүхэд эндсэн асуудал гарсан байгаа. Энэ нь улс орон даяар ийм асуудал гарсан. Хүүхдийн эндэлт гарсантай холбоотой нэмэлт дархлаажуулалт хийсэн байгаа. Хамрагдахад зохих насны хүмүүсийг манай аймаг 90 хэдэн хувь хамруулсан. Манайх одоо хүүхдийн эндэгдлээр улсын дунджаас доогуур байгаа. Хамтарч ажиллахаас татгалзсан өргөдөл 2016 онд ажиллаж байсан хүмүүс өөрсдөө хэлсэн байгаа. Тамгын газраас таныг муулаад байна гээд гарын үсэг зуруулаад ир гэсэн гээд хэлсэн байгаа. Хүнийг ажлаас гаргах ажиллуулахгүй болгох гэж ингэж хүнийг гүжирдэж гүтгэхгүй байхыг хүсч байна. Авилгатай тэмцэх газраас 2016 онд надад шалгалт хийгдээгүй. Би амралттай байх хугацаандаа эхийн эндэгдэл гараад би амралттай байх хугацаандаа ажилласан учраас амралтын мөнгө цалин хоёроо давхар авсан байгаа. Үр дүнгийн гэрээ байгуулаагүй гээд байх юм. Үр дүнгийн гэрээ байгуулаад гарын үсэг зурсан байгаа. Энэ гэрээ алга болсон байгаа. Эрүүл мэндийн газрын дарга 6 мэргэжилтэнд 34.000.000 төгрөг олгосон гээд байгаа. Энэ тухайн үед Авилгатай тэмцэх газарт өгөөд 3 шатны прокурор ороод тогтоол нь гарсан байгаа. Би төрийн захиргааны байгууллагатай холбоотой тушаалуудыг би харж байдаг. 37 дугаар тогтоолын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөөг нэг удаа дүгнэх ёстой юм байна лээ. Энийг хагас жилээр дүгнэж байгааг ойлгохгүй байна. Энэ хангалтгүй биелүүлсэн гэсэн дүнгээ яагаад 6 дугаар сард өгөөгүй 9 дүгээр сард сонсох ажиллагаанд ирэхэд хэлж байгаа юм. Би Төртогтох дарга дээр ороход танайх 73 хувьтай дүгнэгдсэн танайд зөвлөмж очно гэсэн. Тэгээд дараа нь 09 дүгээр сарын 23-ны өдөр хангалтгүй гэсэн дүгнэлт өгсөн. Яагаад ийм хангалтгүй дүгнэчихсэн юм гэж асуухад М.Дүгэрмаа надад хоёр гурван удаа дүн нь солигдсон гэж хэлсэн байгаа. Эхийн ноцтой хүндрэл гэдэг чинь манай байгууллагын сайн үзүүлэлт байгаа. Ноцтой хүндрэл болоод амийг нь аварч байгаа бол манай байгууллагыг сайшаадаг. Эрүүл мэндийн салбарын онцлогийг ойлгож ажиллахыг хүсдэггүй. Намайг байгаа болохоор сайн үзүүлэлтүүдийг муу болгоод яриад байна гэж бодож байгаа. Би бүх зүйл дээр ёс зүйтэй байж өнөөдрийг хүрсэн. Жирэмсэн эхчүүдийн дунд тэмбүү өвчинг эрт илрүүлээд бүгдийг нь 90 хэдэн хувьтай байгаа. Төрөлхийн гаж хөгжил ихэссэн гэж байна. Энэ нь газрын даргаас хамаардаг зүйл биш байгаа. Охидын жирэмслэлт өндөр гэж байгаа. Одоо энэ жил багасаж байна. Бид нар нууцлах зүйлтэй байдаг. Нэгдсэн эмнэлгийн сул орон тоог 21 хоногийн дотор мэдээлэлээгүй гээд байх юм. Энийг мэдэж байгаа хүн Ц.Дашцэрэн дарга та өөрөө байна. Сонгон шалгаруулалтын журманд 21 хоногийн дотор өгнө гэж байгаа боловч албан тушаалын тодорхойлолтыг заавал хавсарга гэж байгаа. Энэ дээр төрийн албаны зөвлөлийн 25 дугаар тогтоолыг дагаж мөрдөж албан тушаалын тодорхойлолт явуулсан байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаар Захирамж нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх, Төрийн албаны тухай хуулийн 41.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.”, мөн хуулийн 46.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана.” гэх заалтуудыг ноцтой зөрсөн гэж үзэж дараах эрх зүйн дүгнэлтүүдийг гаргаж байна. Захирамжид удирдлага болгосон гол заалт нь Төрийн албаны тухай хуулийн 46.2.2 дахь хэсэгт “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх заалтын барьсан боловч тэтгэвэрт гаргах насанд хүрэхээс өмнө аймгийн Засаг даргад тэтгэвэрт гарах насны хязгаарт хүртэл цаашид ажиллах хүсэлтээ гаргасан байдаг. Хүсэлтийг шийдвэрлэхдээ түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийн харгалзан үзнэ гэх заалтын мэргэшлийн түвшингийн үнэлгээг Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоолын 4.5.1 дэх хэсэгт “сум, дүүрэг, аймаг, нийслэл дэх агентлаг, орон нутгийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын төсвийн шууд захирагч 1 дүгээр сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид” үйл ажиллагааны тайлан, илтгэх хуудсаа хүргүүлэхээр заасан байхад аймгийн Засаг дарга Г.Батжаргал нь уг журмыг зөрчиж үр дүнгийн гэрээний илтгэх хуудас дүгнэсэн нэртэй хууль бусаар гэрээгээр нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл, мэргэжлийн түвшинг үнэлэж, үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудас нэрээр үнэлсэн нь хууль зөрчсөн байгаа юм, шинэ хуулиар ажлын гүйцэтгэл, мэргэшлийн түвшингийн хуудсаар үнэлдэг болсон Төрийн албаны тухай хуулийн 52.3 дахь хэсэгт “Төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ.” гэх заалтаар нотлогдож байгаа юм. 2019 оны хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг гаргахад Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 37 дугаар тогтоолыг зөрчсөн үйлдэл байна. Нэхэмжлэгч нь 2016 оноос эхлэн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж эхэлсэн ба 2016 оны үр дүнгийн гэрээгээр “В” үнэлгээгээр дүгнүүлсэн талаар 2018 оны захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлын тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гараад 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар ажилд нь эгүүлэн томилуулах шийдвэр гараад ажилдаа эргэн орсон ба үр дүнгийн гэрээ нь байхгүй байгаа. 2019 оны үр дүнгийн гэрээг гаргаж өгсөн боловч 2020 оны 1 дүгээр сард дүгнэх боломжтой учир үр дүнгийн гэрээний илтгэх хуудас байхгүй байна. Энэ хүний үр дүнгийн гэрээг учир дутагдалтай дүгнэж байгаа нь хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 46.3 дугаар зүйлд “туршлага” гэж заасан байгаа нэхэмжлэгч нь эрүүл мэндийн салбарт 30 дахь жилдээ ажиллаж байгаа ба хүний их эмчээр ажиллаж байгаад 2016 оноос эхлэн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж эхэлсэн байгаа юм. Нэхэмжлэгчийн улсад ажиллаж байх хугацаанд улсаас үнэлэж шагнал урамшуулал авч байсан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн туршлагыг харуулж байгаа зүйл нь эрүүл мэндийн салбарт ажилласан жил, шагнал урамшуулал болон клиникийн профессор цолтой нь нэхэмжлэгчийг ажлын туршлага, ур чадварыг илтгэж байгаа үзүүлэлт юм. Нэхэмжлэгч нь биеийн байдлын хувьд эрүүл, оюун ухаан саруул, төрийн албан хаагчийн насны хязгаарт хүртэл ажиллах бүрэн боломжтой. Мөн маргаан бүхий актад барьсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.10 дахь хэсэгт зааснаар “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэх заалтыг актандаа барьсан нь Төрийн албан тухай хуулийн 46.2.2, 46.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт зааснаар хууль бус акт гэдэг нотолж байгаа юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 11.1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүл мэндийн сайд н.Сарангэрэлээс ирсэн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1а/4533 тоотоор ирсэн санал нь нэхэмжлэгчийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ үү гэсэн албан бичиг байсан ба хуулийг зөрчиж, буруу хэрэглэх тухай дурдаагүй байсан ба хариуцагч нь ажлаас чөлөөлөх гэж ойлгож хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг нээгээгүй, тайлбар авах зэрэг ажиллагаануудыг дутуу хийсэн хууль бус үйлдлүүд нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Эдгээр хэрэглэсэн хуулиуд нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх, төрийн албаны зарчим, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 40.4 дэх хэсэгт заасан зарчмуудыг тус тус зөрчсөн байна. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх зэрэг зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: В.Н нь 2015 оны сүүлээр шүүхийн шийдвэрээр Эрүүл мэндийн газрын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг бөгөөд ажиллаж байх хугацаанд нь түүний удирдах ажлын арга барил, ур чадваргүйтэй холбоотойгоор салбарын нэгдсэн удирдлага, нэгж байгууллагуудын уялдаа холбоо алдагдаж, аймгийн хэмжээнд 2016 онд эхийн эндэгдлийн 3, хүүхдийн эндэгдлийн 60 гаруй тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд онцгой анхаарал татсан аймаг болж байсан. В.Н нь багаар ажиллах чадвар дутмаг, удирдлагын манлайллыг хэрэгжүүлж ажилладаггүй талаар хамт олноос нь Засаг даргад удаа дараа гомдол ирж байсан. Түүний ажлын алдаа дутагдлын талаар удирдлаган дор ажилладаг нэр бүхий 21 хүн аймгийн Засаг даргад дахин өргөдөл ирүүлж, хамтран ажиллахаас татгалзсан учир ажлын хэсэг томилон шалгахад ажилчдын өргөдөлд дурдсан зөрчлүүд тогтоогдон дүгнэлт, зөвлөмж гаргаж байсан.

Төсөв, санхүүгийн холбогдох хуулийг зөрчдөг байдал нь 2016 онд хийсэн Авилгатай тэмцэх газрын шалгалт, 2018 онд хийсэн санхүүгийн шалгалтаар удаа дараа илэрч байсан ба аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2017 оны ажлын тайланг хэлэлцээд В.Нтай цаашид гэрээг сунгаж ажиллахгүй гэсэн шийдвэр гаргаж байсан байна. 2017 онд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1а/702 дугаартай албан бичгээр 2017 онд эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу мөнгөн тэтгэмж авах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэрсийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт хүргүүлсэн байдаг. Гэтэл тэрээр өөр нэр бүхий 8 мэргэжилтэнд 34 609 254 төгрөгийн тэтгэмжийг олгосон төдийгүй, 2013 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллаагүй Бөмбөгөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Баатарт 3 353 220 төгрөг, өөрөө эрүүл мэндийн салбарт тэтгэмж авах хугацаа болоогүй үедээ буюу 1.7 жил ажиллаад 5 185 266 төгрөгийн тэтгэмжийг өөртөө олгосон нь эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан, мөн тэтгэмж авах ёстой эмч эмнэлгийн ажилчдын эрх ашгийг ноцтой зөрчсөн зэрэг үйлдлийг гаргасан нь Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар тогтоогдож, акт тавигдан эргэж төлөгдсөн.

Үүнээс болж ажлаас халагдах асуудал яригдах үед алдаа дутагдлаа ойлгон ажлаас чөлөөлөгдөн өөр газар /Мэргэжлийн хяналтын газар/ ажиллах талаар Засаг даргатай тохиролцож, 2017 оны 07 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн ч В.Н нь эргэн шүүхэдсээр 2018 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилогдсон.

Томилогдсон үеэс хойших Эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтийг дүгнэхэд:

2019 оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 1398 эх төрснөөс эхний 6 сард эхийн ноцтой хүндрэл 4 бүртгэгдэж, 1 өрхийн эрүүл мэндийн төв, Баацагаан, Галуут, Өлзийт суманд гэрийн төрөлт бүртгэгдсэн. 0-16 насны хүүхдийн эндэгдэл урд оны мөн үеэс 14 тохиолдлоор, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 4.1 хувиар өссөн байна. Төрсний дараа эхний 7 хоногт эндсэн нярайг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 тохиолдлоор, перинаталь эндэгдлийн түвшин энэ онд 12.1 болж өссөн байна. Эмнэлгийн нас баралт эхний 8 сарын байдлаар 17 тохиолдлоор, төрөлхийн гажиг 8 тохиолдлоор тус тус нэмэгдсэн. 2019 оны эхний 8 сард осол гэмтлийн өвчлөл 674 бүртгэгдэж, 76.7 хувь болж өссөн ба осол гэмтлийн нас баралт 51 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 5.8 болж өссөн үзүүлэлттэй байна. Статистик тоон мэдээллээр эхний 8 сард 1054 халдварт өвчин бүртгэгдэж, өмнөх оноос 1.3 дахин нэмэгдсэн ба нийт халдварт өвчний 84.1 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна.

2019 оны эхний 6 сарын байдлаар статистик мэдээнд тулгуурлан шинээр жирэмсний хяналтад орсон эмэгтэйчүүдийн БЗДХ-ын байдлыг харуулахад: Хяналтад орсон 1091 эмэгтэйчүүдийн 1005 буюу 92.1 хувь нь трихомианаз, заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, трихомианаз 75, заг хүйтэн 55 илэрч, тэмбүү, ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээнд 99.6 хувь хамрагдаж, тэмбүүгийн 14 эерэг тохиолдол оношлогдож, урд оноос өвчлөлийн тоо нэмэгдсэн байгаа нь анхаарал татаж байна. Иймд дээрх эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлт ялангуяа нялхас болон хүүхдийн эндэгдэл, төрөлхийн гажиг, гэрийн төрөлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулахад салбарын хэмжээнд тодорхой бодлого барьж, шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлэхгүй удаашралтай байгаа нь өөрийн ажилдаа идэвхи санаачилгагүй, хариуцлагагүй ханддагийг илтгэж байна. В.Н аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилт, үр дүнгийн гэрээг дүгнэхэд 58 хувьтай үнэлэгдсэн. Энэ байдалд дүгнэлт хийж, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4/1175 тоот албан бичгээр үүрэг чиглэл өгсөн. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Баттогтохыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажлаас нь чөлөөлж, албан тушаалын сул орон тоо гараад 4 сар гаруйн хугацаа өнгөрсөн нь томилох эрх бүхий албан тушаалтны хувьд Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам“-ын 2.1-т заасан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш долоо хоногийн дотор төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлж, Төрийн албаны зөвлөл сул орон тооны мэдээллийг тухай бүр цахим хуудсаар олон нийтэд мэдээлэх, мөн тус журмын 2.2-т заасан “эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногт багтаан сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх” гэсэн заалтууд тус тус зөрчигдөж, мөн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалын тодорхойлолтыг хянуулж, зөвшөөрөл авах, батлах асуудалд санаачилгагүй хандсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн даргын томилгооны асуудлыг удаашруулж, аймагт хоёрдугаар шатлалын тусламж үзүүлэх эмнэлэг одоог хүртэл даргагүй үйл ажиллагаа явуулж байгаа нь эмч ажилтнуудын нэгдмэл байдал, ажлын уялдаа холбоо хангагдахгүй, тусламж үйлчилгээг доголдоход хүргэж, иргэд эмчлүүлэгчдийн гомдол санал, хүлээгдэл чирэгдэл буурахгүй туйлын хүнд нөхцөл байдлыг үүсгээд байна. Энэ талаар Төрийн албаны салбар зөвлөлөөс хууль тогтоомж хэрэгжүүлэх тухай албан бичгийг хүргүүлэхэд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих хугацаа болоогүй заалт барьж хариу ирүүлсэн байна. В.Н нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч, үргэлжлүүлэн ажиллах талаар өөрийн хүсэлтээ 2019 оны 08 дугаар сард аймгийн Засаг даргад гаргасныг Төрийн албаны тухай хуулийн 46.3-т заасны дагуу “Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана” гэсэн заалтыг үндэслэн мөн Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа уналтад орж, үндсэн үзүүлэлт буурсан, үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалтгүй дүгнэгдсэн, төрийн албаны хууль, холбогдох журам, салбарын хуулийг бүрэн судалж хэрэгжүүлдэггүй, энэ байдал нь удаа дараа давтагдаж байгаа шалтгаануудыг үндэслэн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учир цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын шийдвэрийг гаргасан болно.

Ажил хүлээлцэх комисс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баасан гарагт очиход ирэх 7 хоногийн 1 дэх өдөр ажлаа өгөх хүсэлт гаргасныг зөвшөөрсөн байтал тэр орой нь эмнэлэгт хэвтэж улмаар ээлжийн амралтаа биеэр эдлэн түүний дараа ажлаа өгье гэж хүсэлт дахин гаргасныг харгалзан холбогдох хуулийн хүрээнд А/509 дүгээр захирамжийн хэрэгжилтийг А/515 дугаар захирамжаар түр түдгэлзүүлж байгаад ээлжийн амралтын хугацаа дууссаны дараа ажлыг хүлээлцүүлсэн зэрэг асуудлуудыг үүгээр тайлбарлан хүргүүлж байна.” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Дашцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Цэвэлмаагийн Дашцэрэн. Аймгийн Засаг даргын захирамж гарч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга В.Нг чөлөөлөхдөө хоёр үндсэн асуудлыг тавьсан. Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэрт гарах насанд хүрсэн. Хоёр дахь үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байгаа. Төрийн албаны насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ өгсөн байдаг. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн мэргэжилийн түвшингийн үнэлгээ туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллах шийдвэр гаргана гэж заасан. Энэ үндэслэлийг авахдаа ажил олгогчид энэ хүний хүсэлтийг аваад цааш ажиллуулах эсэх асуудлыг шийдэх юм байна. Шийдвэрлэхдээ түүний үйл ажиллагааны үр дүн болон бусад зүйлүүдийг харна гэсэн агуулга харагдаж байгаа. Эрүүл мэндийн газрын даргын албан тушаал том албан тушаал байгаа. Энэ ажил албан тушаалд тэнцэж байна уу гэдгээс хамаарч шийдвэр гаргасан. Эхийн эндэгдэл гарахад буруутай этгээдийг хайгаад байсан. Санаачлага гаргаж ажлаагүй. Яг энэ хүнийг ажиллаж байх хугацаанд эхийн эндэгдэл давтамжтайгаар 3 удаа гарсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга н.Энхжаргал Засаг даргад хэд хэдэн удаа хандаж байж нэрийн хяналт гэдэг зүйлийг гаргаж нэрийн хяналтын захирамж гаргасан. Нэрийн хяналтын талаар захирамж гараад зохион байгуулалтын хувьд алдаа дутагдал гаргаж байсан. Хүүхдийн эндэгдэл гарч байгаа нь миний буруу биш гээд байгаа. Бид нар нэг ч хүүхдийг эндүүлэхгүй байхын төлөө хариуцсан хариуцсан ажил дээрээ төрийн алба хашиж байгаа. Хүүхдийн сантай ажиллах асуудлыг засаг дарга санаачилж хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд орж байсан зөвхөн өөр дээрээ наагаад байгаа нь учир дутагдалтай байна. 2016 онд хүүхдийн эндэгдэл асар их байсан. 2017 онд буурсан байгаа. Санхүүгийн зөрчил гаргасан зүйлийг өөрөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. 2017 онд гэрээ байгуулаад явсны дараа дахиад ийм алдаа гаргаж байгаа. Нэгдсэн эмнэлэг болон өөр хүмүүст өгөх ёстой байсан тэтгэмжийг сайд нэр заагаад явуулсан зүйлийг өөрсдөө болон бусад хүмүүст өгсөн. Энэ нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон. Ямар нэгэн байдлаар урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн бодлого явж байгаа. Өвдсөн хойно нь эмчлэх нэг үүрэг боловч өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажил байгаа. Төрийн албаны тухай хуульд заасан сул орон тоо нөхөх тухай асуудал байгаа. Засаг дарга дуудаж олон удаа дарамталж байсан гэж байна. Үнэхээр энэ талаар би мэдэхгүй байна. н.Нацагдоржийг тавьж болох уу гэдэг талаар энэ хоёр санал солилцсон юм байна лээ. Эрүүл мэндийн тухай хуульд заасан шаардлагыг тухай хүн нийцүүлэх юм бол болно гэдэг асуудал яриа төдий болоод өнгөрснөөс биш заавал энэ хүнийг тавь гэсэн асуудал байгаагүй. Хуулиар энэ хүн сул орон тоо гарвал энэ хүн эхлээд мэдээлэх ёстой. Дараа нь захиалга өгөх ёстой. Энэ үйлдлээ хийгээгүй эс үйлдэл байгаа. Албан тушаалын тодорхойлолт шинээр батлагдаж гараагүй байхад захиалга өгч ч болохгүй байсан. Авч ч болохгүй байсан. Албан тушаалын тодорхойлолтыг эд нар санаачлах ёстой байсан. Манайхаар дамжуулахгүйгээр төрийн албаны зөвлөл рүү шууд өгсөн байсан. Энэ нь удаашруулах нөхцөл байдал үүсгэсэн. Ийм зүйлүүдийг үндэслэн цаашид ажиллуулах боломжгүй юм гэж үзсэн. Энэ хүн удирдах ажил хийж байсан туршлага байхгүй байна. Гүйцэтгэх ажил удирдах ажлын хооронд асар хол зөрүү байдаг. Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Энхжаргал Баянхонгор аймгийн Засаг даргаас чиглэл өгсөн байдаг. Тэтгэвэрт гарахгүй цаашид ажиллах өргөдөл ирсэн байна. Энэ өргөдлийг судалж үзсэний үндсэн дээр сонсох ажиллагаа явуул гэсэн чиглэл ирсэн байдаг. Сонсох ажиллагаа хуулийн хүрээнд явсан. Өөрөө тайлбар саналаа нилээд дэлгэрэнгүй байдлаар хэлсэн. Өөрөө гарын үсгээ зурахаас татгалзаж байна гэж хэлсэн байгаа. Гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбоотой Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоол гэж байна энэ тогтоол гарсан. Энэний хавсралт нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд боловсруулагдаад зарим байгууллагууд одоо зөвлөлийн хурлаар оруулаад явж байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үр дүнгийн гэрээ байгуулсан бол 2019 оны хагас жилийн биелэлтэээр дүгнүүлэх гэж байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Засаг дарга агентлагын дарга нартай ямар гэрээ байгуулсан бэ гэхээр 134 дүгээр тогтоолын дагуу үр дүнгийн гэрээ байгуулсан. 37 дугаар тогтоол 01 дүгээр сард гарсан боловч тогтоол гарах загварууд 2019 оны 10 дугаар сард батлагдаад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжээд явж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс ч гэсэн ийм тайлбар өгсөн гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дүгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Дүгэрмаа. 2016 онд 3 эх эндсэн байгаа. 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэлийн түвшин тухайн жил манайх 101.7 хувийг эзэлж улсын хэмжээнд онцгой анхаарал татаж байсан аймаг болж байсан. Тухайн аймагт 3 эх эндэнэ гэдэг нь бас ховор тохиолдол юм. Эндсэн эх 3 эхийн 2 эх нь ямар ч жирэмсэний хяналтгүй явж байсан. Гэрийн төрөлт 6 байсан. 2016 онд нийт 72 хүүхэд эндсэн байгаа. Энэ нь улсын хэмжээнд гарч байсан улаан бурхан өвчинтөй холбоотой гэж үзсэн байгаа. Улаан бурханы өвчлөлөөр 10 хүүхэд эндсэн байгаа. Бусад 62 хүүхдийг сэргийлж болох эндэгдэл байсан. Бодлогын хүрээн дэх ажлууд дутагдалтай байсан гэдгийг харуулж байгаа. Эхийн ноцтой хүндрэл нь жирэмсэний хяналт муу байна гэдгийг нотолж байгаа. Охидын төрөлт нэмэгдсэн үзүүлэлт харагдаж байна. Тийм учраас 2019 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилт хагас жилийн байдлаар 58 хувьтай байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Н нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай “В.Н-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 12 дугаар сарын цалин 1.622.000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11,5 хувиар бодож аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас хувиас нь нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1088657, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45 хувь, хоолны мөнгө 110.000 төгрөгөөр тооцож, 1 сарын цалин 1688552 төгрөг, 1 өдрийн цалин 78537 төгрөг болох бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл Засаг даргаар нөхөн төлүүлэх, ээлжийн амралттай байхдаа ажлын шаардлагаар ажилласан хугацааны амралтыг биеэр эдлүүлээгүй ажлаас чөлөөлсөн ба амралтын хугацаанд ажилласан ажлын 19 өдрийн цалин 1408356 төгрөгийг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай В.Нг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, В.Н-г урьд эрхэлж байсан ажил болох Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч В.Н нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 679 дүгээр захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/519 дүгээр захирамжаар чөлөөлөгдөж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 03-ны өдрийн 111/ШШ2018/0013 дугаар шийдвэрийн дагуу Аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/801 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдож, 2019 оны 10 дугаар 04-ний өдрийн Б/509 дүгээр захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч В.Н нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 55 насанд хүрсэн нь түүний иргэний үнэмлэхний хуулбараас харагдах ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэдэгтэйгээ маргаагүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх”-ээр, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.” гэж тус тус заасан хэдий ч нэхэмжлэгч В.Н нь эрхэлж байгаа ажилдаа үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтээ Аймгийн Засаг даргад бичгээр гаргасан боловч ажил олгогч нь түүнийг ажлаас чөлөөлж, чөлөөлсөн шалтгаанаа түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ажиллаж байх хугацаандаа гаргасан санхүүгийн зөрчил, аймгийн Эрүүл мэндийн газрын улсын болон орон нутгийн хэмжээний статистик, тоо мэдээ зэргийг харгалзсан гэж тайлбарласан болно.

Аймгийн Засаг дарга нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг баталж, В.Нтай үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтийг дүгнэж байсан нь 2016 оны гэрээ, хэрэгжилт, /илтгэх хуудас байхгүй, 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулсан боловч дүгнээгүй /2017 оны 07 сарын 19-ний өдөр чөлөөлөгдсөн/, 2019 онд хамтран ажиллах гэрээг байгуулж, хэрэгжилтийг дүгнэж, 100 оноо авахаас 58 оноо, “дутагдалтай” буюу “D” үнэлэгдсэн 2019 оны 07 сарын 04-ний өдрийн Илтгэх хуудас, Аймгийн Эрүүл мэндийн салбарын 2019 оны тусламж, үйлчилгээний үндсэн үзүүлэлтийн дүгнэлт зэргээр, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг хэрэгжүүлээгүй талаар Аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 110 дугаар албан бичиг, бусад баримтаар, мөн аймгийн Эрүүл мэндийн газрын даргад хандсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 4/1175 дугаартай “Эрүүл мэндийн салбарын анхаарал татсан зарим үндсэн үзүүлэлтийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллуулах тухай” албан бичиг зэргээр, түүнчлэн В.Н нь ажиллаж байх хугацаандаа буюу 2017 онд санхүүгийн зөрчил гаргасан болох нь Улсын Ерөнхий Прокурорын газрын 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 1/374 дүгээр Хариу мэдэгдэх хуудас, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 сарын 29-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудас, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 19-06/11, 19-06/29, 19-06/61 дугаар Улсын байцаагчийн актууд, хэрэгт авагдсан холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч В.Н нь Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй нь зохигчдын тайлбараас, мөн ажил олгогч нь энэхүү захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийг тайлбар гаргах боломжоор хангасан байх ба нэхэмжлэгч тайлбар бичих, гарын үсэг зурахаас татгалзсан болох нь Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас зэргээс тус тус харагдаж байна.

Төрийн албан хаагч нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдахаар хуульд заасан.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг заасан бөгөөд нэхэмжлэгч В.Н нь 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана... гэсний дагуу хүсэлт гаргаж, ...Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах...-аар заасны дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “В.Нг ажлаас чөлөөлөх тухай” Б/509 дүгээр захирамжийг гаргажээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд маргаан бүхий актад тусгасан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан ....үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ...-г харгалзсан гэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны Б/509 дүгээр захирамжийг ажил олгочид хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

 Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-т “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх” гэж зааснаар зөвшилцөх саналын хариуг Эрүүл мэндийн яамны сайдын 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 1а/4533 дугаар албан бичгээр өгснийг дурдах нь зүйтэй.

Хоёр. Ажилгүй байсан 12 дугаар сарын цалин 1.622.000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11,5 хувиар бодож аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас хувиас нь нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1088657, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45 хувь, хоолны мөнгө 110.000 төгрөгөөр тооцож, 1 сарын цалин 1688552 төгрөг, 1 өдрийн цалин 78537 төгрөг болох бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл Засаг даргаар нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

Шүүх нэхэмжлэлийн “Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай “В.Нг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, В.Н-г урьд эрхэлж байсан ажил болох Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлагыг хангаж шийдвэрлээгүй тул энэхүү шаардлага хангагдах боломжгүй юм.

Гурав. Ээлжийн амралттай байхдаа ажлын шаардлагаар ажилласан хугацааны амралтыг биеэр эдлүүлээгүй ажлаас чөлөөлсөн ба амралтын хугацаанд ажилласан ажлын 19 өдрийн цалин 1408356 төгрөгийг нөхөн төлүүлэх” шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч В.Н, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн нар нь шүүх хуралдаанд энэхүү шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж, 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн татгалзсан хэсгийг батлах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч В.Н гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай “В.Нг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 12 дугаар сарын цалин 1622000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11,5 хувиар бодож Засаг дарга Г.Батжаргалаас хувиас нь нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1088657, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45 хувь, хоолны мөнгө 110.000 төгрөгөөр тооцож, 1 сарын цалин 1688552 төгрөг, 1 өдрийн цалин 78537 төгрөг болох бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл Засаг даргаар нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч В.Н “...ээлжийн амралттай байхдаа ажлын шаардлагаар ажилласан хугацааны амралтыг биеэр эдлүүлээгүй ажлаас чөлөөлсөн ба амралтын хугацаанд ажилласан ажлын 19 өдрийн цалин 1408356 төгрөгийг нөхөн төлүүлэх...”-ийг хүссэн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.СУВДМАА