Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00680

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сум 9 дүгээр баг, 3-20 тоотод оршин суух Халзангууд овогт Далхсүрэнгийн Дугардорж /РД:ШЕ79111918/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Б.Мөнхбат, Ц.Олонтүмэнбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016-03-10-ны өдрийн Б/50 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Дугардоржийг ажилд томилсон. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2016-11-15-ны өдрийн Б190 тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.5, 40 дүгээр зүйл гэж заасан байгаа нь Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар хэсэгт буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд 40 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлүүдийг заавал баримталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй тул үүнийг зөрчиж гарсан гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 2.8.4, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13 дахь заалт буюу хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн байгаа боловч ямар хуулийн ямар үйл ажиллагаа явуулсан нь нотлогдоогүй байхад энэ үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Санхүүжилтийг өгөхдөө агентлаг нь өөрөө Төсвийн тухай хуулийн гүйцэтгэлээр авч дээд шатны албан тушаалтандаа танилцуулж явдаг байхад ИНЕГ өөрөө Төсвийн тухай хуулийг зөрчиж ажилладаг байсан мэт ойлгогдохоор байгаа юм. Тайланг үндэслэж төсвийг батлах ёстой байсан байж дараа нь 10 сард болсон шалгалтаар ингэж үзэж байгааг нь хууль бус гэж үзэж байна. Байгууллагын үйл ажиллагааг доголдуулсан гэж үзэж байгааг 11, 12 сар гээд 100,000,000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Илүү цаг бодоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан. Өмнөх дарга нь шүүхийн шийдвэрээр эргүүлэн ажилдаа томилогдсон бөгөөд тэр үед ажилгүй байсан хугацааны цалинг ажилчдын цалингаас гаргасан. ИНЕГ-н тушаалаар ажлаас цомхтголд орсон ажилчдын цалинг тусгаагүй бөгөөд тэтгэмж олгогдсон боловч цалингийн санд тусгаагүй. Тэтгэмж нь 56,000,000 төгрөг байсан. ИНЕГ-н дотоод журмын 2.8.4 дэх заалт нь учир битүүлэг тодорхой бус заалт байдаг тул Хөдөлмөрийн хуулийг барьж ээлжийн амралт нь хэвээр хадгалагдах ажлын байр бөгөөд хэвээр хадгалагдаж байгаа ажлын байран дээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан байдаг бөгөөд үүний дагуу хүн авч ажиллуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Шалгалтын дүгнэлт хэсгийн 4 дэх хэсэгт дурдсан байсан, тухайн орон тоог зайлшгүй хэрэгтэй гэдгийг ажлын хэсэг дүгнэсэн байсан. Иймд нийт ажилгүй байсан 119 хоногийн цалин болох 8,893,520 төгрөгийг гаргуулж, өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай талаас нэхэмжлэгчийг ажлаас нь халсан шийдвэрийг бодит байдалд нийцсэн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр томилогдсон. Тэгэхдээ 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тайлан дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тайлангийн 3 дахь талд Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-д заасан бүх шатны засаг даргын төсвийн хүрээнд зарлага  Хөвсгөл аймгийн Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын батлагдсан хүрээнд зарлага гаргах үүргийг зөрчиж цалингийн санг хэтрүүлсэн бөгөөд үүнийг зөрчил гэж үзэж өмнөх даргыг ажлаас нь халсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид хэлж дахин энэ зөрчлийг гаргаж болохгүй гэдгийг албан ёсоор хэлж танилцуулсан. Мөн уурын зуухын галч нарыг ажлаас нь халж болохгүй, яагаад гэвэл үндсэн орон тоонд ажилладаг болсон учраас хөдөлмөрийн гэрээг нь цуцалж болохгүй гэдгийг албан ёсоор танилцуулж өөрөө ч зөвшөөрч байсан. 2016 онд дахин шинэ дарга томилогдож ажлын хэсэг томилж явуулсан. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын үйл ажиллагааг шалгасан. Ингэхэд өмнөх зөрчлийг гаргасан бөгөөд батлагдсан орон тооноос гадна 4 хүнийг ажилд томилж, халж болохгүй гэсэн хүмүүсийг ажлаас нь халж шүүхийн шийдвэр гаргуулж мөнгө төлөх нөхцөл байдлыг үүсгэсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын захиргаа ажлын хэсэгт явуулсан ажлын хэсгийн тайлан дээр тодорхой дурдсан байгаа. Тиймээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны Б/190 дугаар тушаалаар цуцалсан. Цуцлахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэдгийг Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.11-д хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5- заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.13-д хөдөлмөрийн гэрээ цуцлах нөхцөлийг заасан бөгөөд үүний тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын дагуу явуулж чадахгүй байна гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнийг 2016 оны 19 дүгээр даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа бөгөөд түүн дээр нэхэмжлэгч нь өөрийн буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Д.Дугардоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

   Нэхэмжлэгч Д.Дугардорж нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016.03.10-ны өдрийн ажилд авах тухай Б/50 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын даргын ажилд томилогдон, Иргэний нисэхийн ерөнхий газартай байгуулсан 2016.06.10-ны өдрийн 02 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016.11.15-ны өдрийн Б/190 дугаартай тушаалаар Д.Дугардоржтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016.11.14-ний өдрөөс цуцалж, түүнийг “ээлжийн амралтаа эдэлсэн болон чөлөө авсан ажилтны оронд гаднаас иргэд авч ажиллуулж давхар цалин олгосон, батлагдсан төсвийг зүй зохистой захиран зарцуулаагүйн улмаас төсвийн хэтрэлтийг бий болгож, цаашид Мөрөн нисэх буудлын ажилчдын 11, 12 дугаар сарын цалинг өгч чадахгүй хэмжээнд хүргэж, байгууллагын үйл ажиллагааг доголдуулсан, нисэхийн мэдээллийн ажилтнаар мэргэжлийн бус хүн ажиллуулж нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлөхүйц шийдвэр гаргаж ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй байна” гэж үзсэн байна.

 

Дээрх тушаалыг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.13, 2.8.4,  Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.11, 4.2.3.13 дахь заалт, ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2016 оны 19 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн байх бөгөөд Д.Дугардоржийг “...хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн” гэж буруутгажээ. 

 

Дотоод журмын болон хөдөлмөрийн гэрээний дээрх заалтуудаас үзэхэд ИНЕГ-ын удирлагууд, салбар нэгжийн удирдлагын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлсөн зөрчил дутагдал гарсан, ИНЕГ-ын дарга тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй байна гэж үзвэл ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар, эзгүй байгаа ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэсэн ажилтан орлон ажиллах хугацаандаа тухайн ажлын үүрэг, хариуцлагыг ажлын байрны тодорхойлолтод заагдсан эрх, үүргийн хүрээнд бүрэн хүлээж ажиллах ба байгууллагын даргын шийдвэрт өөрөөр заагаагүй бол үндсэн ажлаа нэгэн адил хариуцан ажиллахыг заасан  байна.

 

Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн 2016.03.10-ны өдрийн тайлан, дүгнэлт, Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь нисэх буудлуудын захиргаа, санхүүгийн үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн тайлан, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр зэргээс үзэхэд Д.Дугардорж нь батлагдсан төсвийг зүй зохистой захиран зарцуулаагүй байгууллагын үйл ажиллагааг доголдуулсан, нисэхийн мэдээллийн ажилтнаар мэргэжлийн бус хүн ажиллуулж нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлөхүйц шийдвэр гаргаж ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй зөрчил гаргасан болох нь  тогтоогдсон байна гэж үзэв.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн Д.Дугардоржтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016.11.15-ны өдрийн Б/190 дугаартай тушаал хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн Д.Дугардоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ