Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 101/2018/00993/И |
Дугаар | 001/ХТ2019/00353 |
Огноо | 2019-03-14 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2019/00353
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02109 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2044 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “С” ХХК-д холбогдох,
Машин, механизм түрээслэх гэрээний үүрэгт 216 676 683 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлдийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шинэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“М” ХХК, “С” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15/09/03 тоот машин, механизм түрээслэх гэрээ байгуулан гэрээний дагуу өөрийн 2 ширхэг 520LC-9s, 480LC-9s маркийн экскаваторыг түрээслэгчид шилжүүлсэн. Түрээсийн төлбөрт 520LC-9s маркийн экскаваторт 30 хоногийн 40 000 000 төгрөг, 480LC-9s маркийн экскаваторыг 38 000 000 төгрөгөөр түрээслэхээр 2 тал тохиролцсон. Гэрээнд зааснаар “С” ХХК-ийн ажилласан хугацааны дагуу түрээсийн төлбөрт нийт 175 173 030 төгрөг төлөхөөр тооцоо гарсан. Үүнээс 82 140 500 төгрөгийг төлж үлдэгдэл 93 032 530 төгрөгийг төлж барагдуулаагүй гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдахгүй маш их хугацаа өнгөрсөн тул 2 талын тохиролцооны үндсэн дээр гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги 46 516 265 төгрөгийн хамт, мөн дээрх гэрээний дагуу ажилласан түрээсийн экскаваторын операторчны цалин болох 2 640 000 төгрөг,
2015 оны 11 дүгээр сарын 04-нөөс 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх экскаватор зээлээр худалдан авсан гэрээний дагуу төлөх зээлийн хүү 24 372 727.32 төгрөг,
2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16/06/25 тоот Машин механизм түрээслэх гэрээний дагуу ZL50c маркийн авто ачигч, өөрөө буулгагч, 480LC-9s маркийн экскаватор зэрэг техникүүдийг түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд ZL50c маркийн авто ачигч 1 сарын 12 000 000 төгрөг, өөрөө буулгагч 8 000 000 төгрөг, 480LC-9s маркийн экскаватор 38 000 000 төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулсан. Нийт ажилласан хоногоор 43 866 666 төгрөгийн тооцоо гарсан ба үүнээс 12 000 000 төгрөгийн урьдчилгаа төлсөн, төлбөрийн үлдэгдэл 31 866 666.67 төгрөгийг хугацаандаа төлөөгүй байгаа тул тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төлөх алдангид 15 933 333.335 төгрөгийн хамт нэхэмжилж байна.
Дээрх гэрээний дагуу хамтран ажиллах хэлцлийн урсгал зардалд 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажиллахад гарсан нийт зардлын 50 хувь болох 2 315 161.13 төгрөг, нийт 216 676 683 төгрөгийг өнөөдрийг болтол төлж барагдуулахгүй байгаагаас үүдэн манай байгууллагад маш их хэмжээний хохирол учирч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэл үүсээд байна.
Иймд хариуцагчаас 216 676 683 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02109 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 129 845 357 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 86 822 326 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 241 333 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С ХХК-иас 807 226 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2044 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02109 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 192 303 955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24 372 728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын 807 226 гэснийг 1 119 469 тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 061 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... нэхэмжлэгчийн зүгээс шаардлагатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа болон үндэслэлийг тодорхой болгоогүй байхад алданги болох 15 933 333 төгрөг, 46 516 265 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 15/09/03 тоот гэрээний дагуу түрээслүүлсэн тээврийн хэрэгслээр хариуцагчийн талбайд ажил үйлчилгээ явуулсан гэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нотлоогүй байхад 31 866 666,67 гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
“С” ХХК нь нэхэмжлэгч “М” ХХК-нд 2015 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 15/09/03 тоот гэрээний үүргээ иргэн Х.Олонболдын хууль бус буруутай үйл ажиллагаанаас болж биелүүлж чадаагүй.
Иймд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шүүхийн №2044 тоот магадлалд өөрчлөлт оруулан хариуцагч “С” ХХК-ийн төлөх үнийн дүнгээс 94 316 265 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “С” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 216 676 683 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч “С” ХХК-ийн захирал Ш.Гансүх нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргах, өмгөөлөгч авах зэргээр оролцсон боловч шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.
Зохигч нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15\09\03, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16\06\25 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь экскаватор, авто ачигч, өөрөө буулгагч машин зэрэг машин механизмыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөр төлөх үүрэг тус тус хүлээжээ.
Зохигч нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлж, акт үйлдэн түрээсийн хоёр гэрээний төлбөрийн үлдэгдлийг тогтоосон байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон түрээсийн гэрээнд түрээслэгч төлбөр төлөх хугацааг хожимдуулсан тохиолдолд алданги төлөх талаар талууд тохиролцсон байх ба алданги тооцох хугацаа тодорхой бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүх хоёр гэрээний үлдэгдэл төлбөрт алданги тооцох үндэслэлтэй гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д заасан шаардлагад нийцжээ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2044 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 630 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН