Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ... сумын иргэн Н.М ийн нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Булган аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

            “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09, 10 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2019/0020/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т , гуравдагч этгээд П.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Н.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлыг хийж байсан бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа намайг огцруулах шийдвэр гаргасан. Энэхүү тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан  Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор баталсан хэлэлцэх асуудлын хүрээнээс хальж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж баталсан. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Миний бие нь Монгол улсын иргэнийхээ хувьд шүүхэд хандах эрхтэй гэж үзэж байгаа. Энэ эрхийнхээ дагуу шүүхэд хандсан. Намайг ажлаа хийдэггүй, архи уудаг гэх мэтээр хариуцагч талаас буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нотлох баримтгүйгээр хүнийг гүтгэж болохгүй. 10 дугаар хуралдаан нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу асуудлуудаа хэлэлцээд явж байтал Ардчилсан намын бүлгээс завсарлага авч, миний асуудлыг орж ирүүлсэн. Хуулинд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилж тооцоо, судалгаа хийж хурал болохоос 1 өдрийн өмнө төлөөлөгчдөд танилцуулах ёстой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн хурлын даргаар П.О г сонгох ажиллагаа нь хууль бус юм. Учир нь тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхи нь санал өгөөгүй байхад хоцорч орж ирсэн хүнийг оролцуулж дахин дахин санал хурааж томилсон нь үндэслэлгүй. 2019 оны 7 дугаар сарын 17-нд товлогдсон хуралдаанд манай намын бүлгээс оролцох шаардлагагүй гэж шийдвэрлэснийг тухайн үед намын дарга эзгүй байсан тул миний бие албан бичгээр тэрхүү шийдвэрийг уламжилсан. Тэрнээс биш санаатайгаар хурал хийхгүй, хойшлуулсан асуудал байхгүй. Хууль зөрчиж хуралдаанд асуудал хэлэлцэж гарсан шийдвэрүүд болох 09, 10 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж өгнө үү” гэв.

     Хариуцагч ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.О  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хурлын дарга Н.М  нь үндсэн үүрэгт ажлаа хийхгүй, албан ажилдаа ирдэггүй, өглөө ажил дээрээ нэг удаа ирээд үдээс хойш ажлаа байнга тасалдаг архи ууж, албан үүргээ биелүүлдэггүй тул тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг 2019 оны 7 дугаар сарын 15-нд албан үүргээс нь огцруулахаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг үндэслэн 7 төлөөлөгч гарын үсэг зурж, албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд хүргүүлсэн. Ингээд Тэргүүлэгчид 2019 оны 7 дугаар сарын 16-нд хэлэлцээд олонхийн саналаар хуралдааны хэлэлцэх асуудалд Хурлын дарга Н.М д итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулахаар болж тогтоол гарсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр болохоор товлон зарлагдаж, энэ хуралдаанаар сумын 5 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Саранчимэг нь олонхийн санал авч, сумын Сонгуулийн хорооны тогтоолоор хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон байсан. Ээлжит хуралдаанаар шинэ сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч батлах тухай хэлэлцэхээр шийдвэрлэж, хуралдаанд Монгол Ардын намаас 6, Ардчилсан намаас 8, бие даагч 2 төлөөлөгч, бүгд 16 төлөөлөгч хүрэлцэн ирсэн боловч Н.М  Монгол Ардын намын 6 төлөөлөгчийг хуралд оруулахгүй тарааснаар ээлжит 10 дугаар хуралдааныг тасалдуулсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан хийгдэхгүй байсаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр аргагүй эрхэнд хуралдаж, хурлын төлөөлөгчийн олонхийн саналаар Н.М ийг албан үүргээ биелүүлж чадахгүй гэж үзэж, огцруулахаар санал хураан олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ асуудлыг гэнэт оруулаагүй бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 14 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн 10 дугаар хуралдаанд асуудлыг оруулж, 09 тоот тогтоолыг баталсан болно” гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улс төрийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалтай адилгүй. Н.М  нь ажлаа хийдэггүй, 2019 оны 7 дугаар сарын 17-нд товлогдсон байсан хуралдааныг санаатайгаар хойшлуулж, хуралдааныг 112 хоног хийхгүй байсаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ээлжит 10 дугаар хуралдаан хуралдсан. Бид хуралдаанд олонхоороо шийдвэрлээд Н.М ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Н.М  нь үүрэгт ажлаа хангалтгүй хийдэг ба ёс зүйн хувьд хурлын дарга хийх боломжгүй хүн юм. Учир нь өмнө согтуугаар хүн дайрч гэмтэл учруулж байсан, мөн засаг даргын орлогч байхдаа хувьдаа мөнгө завшиж байсан гэх мэтчилэн ёс зүйн хувьд төрийн албанд тохирохгүй хүн гэж үздэг. Миний шүүхэд өгсөн тайлбартаа бичсэн зүйл бүгд үнэн. Намайг хүн гүтгэсэн гэж гомдол гаргаад шалгуулаарай, бүгд баримттай зүйл. Манай намын бүлгээс 7 хүний гарын үсэгтэй албан бичиг Тэрүүлэгчдийн хуралдаанд очиж, Тэргүүлэгчид хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгуулсан боловч хуралдаан хийгдэхүй, хойшилсоор байсан. Энэ хойшилсон шалтгаан нь Н.М ээс санаатайгаар хуралдааныг хийлгэхгүй гэсний үндсэнд сонгуулийн дүнгийн тухай маргаан үүсгэсэн гэх мэтээр худал шалтаг хэлэн хуралдааныг хийлгээгүй. Энэ үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан бусдын сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан, хурлын даргын хувьд хуралдааны бэлтгэлийг хангах, хэлэлцэх асуудлуудын талаарх судалгаа тооцоог хийх, тогтоолын төслийг бэлтгэх зэрэг үндсэн үүрэгт ажлаа хийж чаддаггүйтэй холбоотой юм. Тэрээр санаатайгаар хий цалин авч, өөрийн асуудлыг хэлэлцүүлэхгүй хугацаа хожих санаархлаа гүйцэлдүүлсэн юм. Ээлжит 10 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх нь зөвшөөрснөөр хурлын даргад итгэл үзүүлэх асуудлыг шууд хэлэлцэхээр хуралдаанд оруулж, хэлэлцэн санал хураасны дүнд 11:9 харьцаатай Н.М ийг огцруулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй, Н.М  нь Хурлаас цалин нэхэх ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

     Гуравдагч этгээд П.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сумын нөхөн сонгууль 2019 оны 7 дугаар сард болж, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан товлон зарлагдсан байдаг. Ардчилсан намын бүлэг хуралдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.М , сумын Засаг дарга М  нарыг огцруулах тухай санал гаргасан. Энэ тухайгаа албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсний дагуу Тэргүүлэгчид хуралдаад 10 дугаар хуралдааны хэлэлцэх асуудалд оруулсан байдаг. Гэтэл 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд Н.М  нь өөрийн намын бүлгийн 6 хүнийг хуралд суулгаагүй. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар түүнийг огцруулах шийдвэр гарч, миний нэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад дэвшүүлж, олонхи буюу 11 хүн дэмжсэнээр миний бие ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болсон юм. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн гүйцэтгэх ёстой ажил үүргийг гүйцэтгэдэггүй, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх заалтуудыг зөрчсөн тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

            ... сумын иргэн Н.М ээс тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “сумын ИТХурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгох, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэж нэмэгдүүлжээ.  

            Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэх явцад иргэн П.О г 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн” гэж тодорхойлсон ба

Хариуцагчаас “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал хэлэлцүүлэхээр оруулж, тухайн хурлын төлөөлөгчдийн олонхи дэмжиж, асуудлыг шууд хэлэлцэж шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Маргаан бүхий ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09, 10 дугаартай тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулсан байх ба Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан нутгийн өөрөө удирдах байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.

Нэг. “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаас гаргасан 09, 10 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ээлжит 10 дугаар хуралдаанаа хийж, тус хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.М ийг огцруулах, шинээр Хурлын даргыг сонгох шийдвэрүүдийг гаргасан нь хуралдааны тэмдэглэл, маргаан бүхий актуудаар тогтоогджээ.

... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийгдэхээр товлогдож, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хурлын товтой хамт 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүргэсэн байх ба 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанд 21 төлөөлөгч ирхээс 1 төлөөлөгч чөлөө авч 20 төлөөлөгч хүрэлцэн ирснээр хуралдааны ирц 95 хувьтай хуралдсан. нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасны дагуу хүчинтэйд тооцогдоно. 

 Дээрх 10 дугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэрүүлэгчдийн хуралдаанаар товлон зарлаж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлан, 10 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан сонссон болох нь Тэрүүлэгчдийн хурлын 16, 17 дугаартай тэмдэглэлүүд, 48 дугаартай Тэргүүлэгчдийн тогтоолоор нотлогдсон байна.

Ээлжит 10 дугаар хуралдаан нь товлогдсон өдрөө товлосон цагтаа эхэлсэн байх ба хуралдааныг дотоод журам, хэлэлцэх асуудал, илтгэгчдийг танилцуулснаар эхэлж хуралдааны дундуур буюу 15 цаг 30 минутад Ардчилсан намын бүлгээс 30 минутын завсарлага авч, 16 цагаас үргэлжилж мөн өдрийн  00 цаг 32 минутад дууссан байх бөгөөд хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын талаар төлөөлөгчдийн саналыг асуусан боловч нэг ч төлөөлөгч санал гаргаагүй ба санал нэгтэйгээр хэлэлцэх асуудлынхаа төлөвлөгөөг баталж, хуралдааныг эхэлсэн нь тэмдэглэлд тусгагджээ. Ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан хуулийн дагуу үргэлжилсэн ба хуралдааны дундуур дэгд заасны дагуу Ардчилсан намын бүлгээс завсарлага авч, хуралдааныг үргэлжлүүлэх үеэр хэлэлцэх асуудалд шинээр хэлэлцэх асуудал нэмж оруулах санал гаргаснаар уг асуудлыг хэлэлцэх эсэх талаар нийт төлөөлөгчдөөс санал хурааж шийдвэрлэсэн байна. Хуралдаанд шинээр хэлэлцүүлэхээр шууд оруулсан саналыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 10 нь буюу 50 хувь нь дэмжсэнээр сумын ИТХурлын дарга, Засаг дарга нарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болж, хуралдаан үргэлжилсэн нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасан байх ба тухайн өдрийн хуралдаан 20 төлөөлөгчтэй эхэлсэн бөгөөд шинээр оруулж буй асуудлыг хэлэлцэх эсэх талаар санал хураалтанд 10 төлөөлөгч зөвшөөрч хуралдаан даргалагчаас төлөөлөгчидийн олонхи дэмжсэн гэж танилцуулан асуудлыг хэлэлцсэн нь хуулийн дагуу явагдсан гэж хариуцагч маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн өдрийн хуралдаанд оролцсон нийт 20 төлөөлөгчийн 10 нь уг асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн боловч үлдэх 10 төлөөлөгч эсрэг санал өгсөн нь 50:50 харьцаатай ба дэмжиж буй 10 төлөөлөгчийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи гэж үзэх боломжгүй юм.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасан байх ба тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 2 дугаар тогтоолоор баталсан Хуралдааны дэгийг баримтлахаар тэмдэглэлд тусгасан байна.

Дээрх 2018 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар тогтоолоор баталсан “... сумын ИТХ-ын хуралдааны дэг” –ийн 2 дугаар зүйлийн 2.6-д “Хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргаж дууссаны дараа Хурлын дарга /хуралдаан даргалагч/ хуралдааны үр дүнг нэгтгэн дүгнэж, хааж үг хэлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хуралдаанд хэлэлцэх асуудлын тоо, ач холбогдол, үргэлжлэх хугацаа зэрэг онцлог байдлаас хамааран энэхүү дэгийг тодотгож, тэрхүү онцлог байдлыг тусгасан дотоод журмыг батлаж, тухайн хуралдаанд мөрдөж болно” гэж тус тус заасан байх ба 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд өмнө тогтоосон хуралдааны дэгийг тодотгосон, төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудал хэлэлцэх эсэх талаар тусгайлан тодруулсан болон энэ тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар хуралдаан эхлэх үед хэн нэгэн төлөөлөгчөөс санал гараагүй байна. Мөн хуралдаан эхлэж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт, саналыг хурлын төлөөлөгчдөөс гаргаагүй нь хуралдааны тэмдэглэл болон хуралдааны явцыг бичсэн бичлэгээр тогтоогджээ.  

 Хариуцагчаас “хурлын дарга болон Засаг даргыг огцруулах тухай саналыг 2019 оны 7 дугаар сард Тэргүүлэгчдэд хүргүүлсэн ба Тэргүүлэгчид хуралдаад 2019 оны 7 дугаар сарын 17-нд товлогдсон хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулсан байсан ба дээрх хуралдаан удаа дараа хойшилж, Хурлын дарга Н.М  санаатайгаар хуралдааныг зохион байгуулахгүй байсаар 2019 оны 11 дүгээр сарын 8-нд хуралдахаар болсон. Өмнө энэ асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулаад Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан байсан тул хэлэлцэх асуудалд хэвээрээ гэж үзэж, хэлэлцсэн” гэж тайлбарлаж байгаа боловч 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж “сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдааны тов зарлах, хэлэлцэх асуудал, илтгэгчдийг батлах тухай тогтоол”-ын төслийг хэлэлцсэн байдаг ба хэлэлцэх асуудалд “сумын Ардчилсан намаас 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн санал”-ыг хэлэлцэх эсэх талаар оруулаагүй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 7 тэргүүлэгчтэй ба энэ өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанд 4 тэргүүлэгч ирснээр ирц 57 хувьтайгаар хуралдаж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, хуралдааныг товложээ. Ингээд батлагдсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг, урилгын хамт төлөөлөгчдөд хуулийн хугацаанд хүргүүлснээр хуралдаан товлогдсон өдрөө хуралдсан байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэсний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүдээс Хурлын дарга, сумын Засаг дарга нарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн боловч Тэргүүлэгчид уг асуудлыг ээлжит 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх эсэхийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “хурлын тов тогтоох, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах” тухай тогтоолд тусгаагүй байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдааны дундуур оруулсан саналыг Хурал шууд хэлэлцсэн нь хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэлээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын удирдлагатай ба Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасны дагуу  олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргадаг байгууллага бөгөөд Хуралдааны дундуур гарсан саналыг олонхи буюу талаас илүү нь дэмжиж, уг асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл олонхийн саналыг хүндэтгэн үзэж асуудал хэлэлцсэнийг буруутгах боломжгүй боловч маргаан бүхий ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас гаргасан 09 тоот тогтоолыг олонхи дэмжээгүй байхад хэлэлцэж гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь тус хуралдаанд нийт оролцсон 20 төлөөлөгчийн 10 төлөөлөгч “Хурлын дарга, сумын Засаг дарга нарт итгэл үзүүлэх эсэх” асуудлыг хэлэлцэхээр оруулсан саналыг дэмжиж үлдсэн 10 төлөөлөгч эсрэг санал өгсөн буюу олонхийн санал /50+1/-ыг аваагүй байхад дээрх асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна.

Маргаан бүхий ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас гарсан 09 тоот тогтоол нь хууль зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь огцруулсан шийдвэр тул шинээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг томилж буй үйлдэл нь мөн хууль бус юм. Иймд ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас гаргасан 09,10 тоот тогтоолуудыг хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэн хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан юм. Төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах, баталгаагаар хангагдан ажилладаг ба түүнийг буруу халсан үед ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 /Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй/-д зааснаар шаардах эрхтэй.

 Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 /Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна/, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 /Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно/, 57.2.1 /улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс түүний цалин хөлс нь бүрдэнэ/, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн авч байсан цалинг нэхэмжлэгчийн цалингийн карт -д үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 64 өдрийн олговор болох 3.823.552 /гурван сая найман зуун хорин гурван мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны олговрын тооцоолол: 974266 /үндсэн цалин/ +292280/ нэмэгдэл/ = 1266546/сарын цалин/, 1266546 / 21.2 = 59743 /1 хүн өдрийн хөлс/,  59743*64 = 3.823.552 /гурван сая найман зуун хорин гурван мянга таван зуун тавин хоёр/ төгрөг.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг тус тус баримтлан иргэн Н.М ийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09, 10 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.  
  2. Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 –д заасныг баримтлан Н. М ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 64 өдрийн цалинтай тэнцэх олговор 3.823.552 /гурван сая найман зуун хорин гурван мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг Булган аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.    
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХЖАРГАЛ