Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 02

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Нэргүй даргалж, шүүгч Б.Батчимэг, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Ц.Сувдмаа  нарын бүрэлдэхүүнтэй

Нэхэмжлэгчийг төлөөлж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М

Хариуцагч: Б.Б

Гуравдагч этгээд: Д.Б

Иргэдийн төлөөлөгч: Ж.А

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн дүгнэлттэй мөн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдох “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-ийн  2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлттэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийг төлөөлж Хяналтын прокурор Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М би Прокурорын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны  дагуу

 

Д.Б холбогдох зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн Мэргэжлийн хяналтын газрын Хархорин сум дахь Байгаль орчны улсын байцаагч Б.Б-н 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа илрүүлсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан 0063661 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Өвөрхангай аймаг дахь Хархорин сумын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн бичсэн дүгнэлтийн дагуу зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд томилолтоор орж байна. ...Хяналтын прокурор Ч.Батзориг нь 2017 оны 09 дүгээр сарын А/278 дугаартай тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жил хүртэлх хугацаагаар хориглосон тогтоолыг ташаа ойлгож 3 жилийн хугацаагаар хориглосон учраас тарвагыг агнахад ямар нэгэн зөвшөөрөл олгохгүй. Тийм учраас Д.Б Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар ...шийтгэл оногдуулсан байна гэж ... хуулийг буруу ойлгож энэ дүгнэлтийг бичсэн байгаа юм. ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу тухайн холбогдогчийн үйлдсэн зөрчил нь ил тодорхой болсон. Нотлох баримт бүрдүүлж дахин хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй. Зөрчил үйлдсэн болох нь хуульд заасан нотлох баримтуудаар нотлогдсон, холбогдогч өөрөө үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа. Энэ хэрэгт томилогдон орж байгаа прокурорын хувьд хэлэхэд Ч.Батзориг прокурор нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны А/278 дугаартай тушаалыг үндэслэж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар дүгнэлт бичсэн нь буруу зүйл болсон юм. Иймд ...Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын байцаагч Б.Б-н 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан 300 нэгжээр торгох, 28000700  төгрөгөөр нөхөн төлбөр гаргуулсан шийтгэлийн 0063661 дугаартай ...хуудсыг хэвээр үлдээж хуулийг зөвтгөж хэрэглэсэн нь зүйтэй байх тул прокурорын гаргасан дүгнэлт, нэхэмжлэлээсээ татгалзаж  байна...” гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Б-н гаргасан зөрчил тодорхой байгаа. Өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Хохирол нөхөн төлбөр зэрэг нь хуулийн дагуу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Энэ хэрэгт ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авах боломжгүй учраас нөхөн төлбөр тогтоох боломжгүй гэж үзээд байгааг нь би буруу гэж үзэж байна. Яагаад гэвэл цаашид олон тоогоор тарвага худалдан авч зардаг ашиг олдог хүмүүсийг дэмжсэн зүйл болно гэж үзэж байна. Шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Өөр хүмүүс байсан  гэж хэлж байна. Тухайн үед Л.О гэдэг хүн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад хамт байсан. Тэр хүн Д.Б-г юу ачиж явж байгааг нь мэдээгүй. Би замын унаанд дайгдаж яваа гэж тайлбар өгсөн байгаа. Мөн Д.Б энэ хүн надад дайгдаж яваа би юу авч явж байгаагаа энэ хүнд хэлээгүй гэсэн тайлбар өгсөн. О.Б гэдэг хүний талаар би анх удаа сонсож байна. Таны хэлж байгаа зүйл үнэн юм бол Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад энэ тухайгаа хэлэхгүй яасан юм. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон Давж заалдах шатны шүүх хурал дээр болон хяналтын шүүх дээр хэлээгүй байж өнөөдөр ийм зүйл хэлж байгаа нь цаг хугацаа хожих гэсэн арга гэж харж байна. Шийтгэл оногдуулахгүй нөхөн төлбөр тогтоохгүй шийдэх юм бол дараа дараагийн хүмүүст болон нийгэмд буруу ойлголт төрүүлэх асуудал болох учраас нөхөн төлбөр тогтоож нөхөн төлбөрийг гаргуулж зохих дансанд нь тушаалгах нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Б шүүх хуралдаанд онлайнаар оролцож гаргасан тайлбартаа: “...Би худалдаж авсан. Цаана нь борлуулсан хүмүүсийг нь олж хариуцлага тооцохгүй ганц надад хариуцлага тооцож торгууль оногдуулж байгаа учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ 68 ширхэг тарвага ганцхан минийх биш. Надаас гадна 2 хүн байгаа. Ийм их төлбөр гарах юм чинь тэр хоёр хүнийг хэлмээр байна. Л.О гээд хүний 24 ширхэг тарвага байгаа. О.Б гэдэг хүний 8 ширхэг тарвага байгаа. Энэ 2 хүн бас худалдаж авсан. Үүнийг шалгуулмаар байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн дүгнэлттэй мөн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдох “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-н  2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Прокурорын дүгнэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад тус шүүх хуралдаанд томилогдон оролцсон Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М нь “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-н  2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн дүгнэлт[1]-ээс татгалзаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т зааснаар прокурорын татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Учир нь Прокурорын дүгнэлтээр үүсгэсэн хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасны дагуу тусгай журмаар хянан шийдвэрлэнэ.

            Энэхүү тусгай журам нь шүүх хэргийг хянан хэлэлцэх ерөнхий хугацааг богиносгосон зохицуулалт болохоос тухайн хуульд заасан хэргийн оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүрэг болон шүүхийн гаргах шийдвэрийн төрлийг хязгаарласан болон өөрчилсөн зохицуулалт биш юм.

Тиймээс прокурор нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасанчлан гаргасан дүгнэлтээсээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд татгалзах эрхтэй байна.

Нэгэнт прокурор гаргасан дүгнэлтээсээ бүхэлд нь татгалзвал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 109 дүгээр зүйлийн 109.1-д тус тус зааснаар түүний татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үүргийг шүүхэд хүлээлгэжээ.

Энэхүү хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар прокурор шүүхэд гаргасан дүгнэлтээсээ татгалзсан тохиолдолд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг шүүх хянахгүй, прокурор нь уг асуудлаар дахин дүгнэлт гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй байна. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн дүгнэлттэй мөн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд томилогдон оролцсон Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М нь “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-н 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн дүгнэлтээс бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дугаарт зааснаар нэхэмжлэгч /прокурор/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.2 дугаарт тус тус зааснаар хэргийн оролцогчид энэхүү шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


[1] Хархорин сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн гаргасан.