Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1771

 

 “Киа Моторс Монгол” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                               

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/01274 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Киа Моторс Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Даваадоржид холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 88 136 485 төгрөг
гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчээс 44 018 342 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч И.Даваадорж, түүний өмгөөлөгч Я.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

           

Нэхэмжлэгч “Киа Моторс Монгол” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Манай компани нь хариуцагч И.Даваадоржтой 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр К-111 дугаартай "Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр манай компани хариуцагч И.Даваадоржид KIA CADENZA маркийн нэг ширхэг автомашин хүлээлгэн өгөх, И.Даваадорж нь автомашины үнэ болох 50 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн бөгөөд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж автомашиныг И.Даваадоржид шилжүүлсэн. Хариуцагч И.Даваадорж нь гэрээний 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Худалдан авагч нь энэхүү гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болмогц барааны нийт үнийн дүнг 100 хувь буюу 50 000 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна" гэж заасны дагуу төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлөх ёстой байсан ч 1 242 342 төгрөг төлж үлдэгдэл 48 757 657 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Худалдан авагч нь барааны үнийг гэрээний 4.1, 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагч алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүрд тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно" гэсний дагуу өнөөдрийн байдлаар алданги нь 92 750 000 төгрөг болоод байна. Иймд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №К-111 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 48 757 657 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 4-т заасны дагуу алданги 24 378 828 төгрөг, нийт 73 136 485 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлсэн. И.Даваадоржтой манай компани 2013.08.06-ны өдөр 5 тоот "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, И.Даваадорж 18 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий КIА PICANTO маркийн КNАВХ511ВСТ077358 арлын дугаартай автомашиныг худалдан авсан бөгөөд урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээг байгуулах үед талууд мөн Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан, энэхүү Хөдөлмөрийн гэрээний дагуу худалдагч тал нь ажил олгогч, худалдан авагч тал нь ажилтан бүхий хөдөлмөрийн харилцаатай байсан тул энэхүү нөхцөл байдалд үндэслэн үлдэгдэл төлбөрийн нөхцлийг цалин хөлснөөсөө тооцож төлөх, мөн хэрэв худалдагч тал нь хөдөлмөрийн урамшуулал нэмж тооцвол тэрхүү урамшууллыг худалдан авагч талын төлөөгүй үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох утга агуулга бүхий нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан 5 тоот гэрээний 4.1-д худалдан авагч нь урьдчилгаа төлбөрийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх, гэрээний 2.4 дэх заалт мөн гэрээний 4.2-т тус тус үлдэгдэл төлбөрийг сар бүр авч буй цалин хөлснөөсөө болон нэмэгдэл урамшуулал авбал тэрхүү мөнгөн хөрөнгөөсөө төлж барагдуулахаар заасан. Гэрээний 5.1-д хэрэв худалдан авагч нь гэрээний дагуу худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байхад талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, худалдан авагч буюу ажилтан нь ажлаасаа гарсан тохиолдолд тухайн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулах, энэ тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байхаар тус тус харилцан тохиролцсон байдаг. Иргэн И.Даваадорж нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа гарсан боловч өнөөдрийг хүртэл биднийг шаардсаар байтал үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгийг төлөлгүй манай компанийг хохироож байгаа тул И.Даваадоржоос 15 000 000 төгрөгийг нэмж гаргуулах ба нийт 88 136 485 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И.Даваадоржийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь "Киа Моторс Монгол" ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр автомашин худалдан авахаар Худалдах, худалдан авах гэрээг хийсэн нь үнэн боловч би уг машиныг нь буцаан өгсөн. Би "Киа Моторс Монгол" ХХК-д худалдааны төлөөлөгчөөр худалдааны гэрээ байгуулан 2012 оны 7 сараас 2015.06.04-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Бидэнтэй тус байгууллага нь ажлын үр дүнгээс хамаараад борлуулалтын урамшууллыг 1.5 хувиар тооцож олгохоор тохиролцож байсан бөгөөд үүнийгээ автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Уг гэрээнд борлуулсан автомашины үнийн дүнгээс тооцон төлбөр тооцоог хийхээр заасан байсан. Үүний дагуу Киа Пиканто маркийн автомашин өгсөн боловч эргээд байгууллага авчихсан байгаа. Борлуулсан үнийн дүнг тухайлбал 2013.01.01-ний өдрөөс 2014.12.31-ний өдрийг хүртэлх хугацаандаа 2 651 736 350 төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс гэрээний дагуу 1.5 хувиар бодоход 39 776 045 төгрөгийг авах ёстой. Нэхэмжлэгч "Киа Моторс Монгол" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Киа Picante маркийн автомашины үнэ 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэтэл нэхэмжлэгч компани гэрээнээсээ татгалзаад 2015 оны 6 дугаар сард буцаагаад авсан. Одоо автомашин нэхэмжлэгч компанийн мэдэлд байсаар байтал надаас 15 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И.Даваадоржийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Миний бие "Киа Моторс Монгол" ХХК-тай 2012 оны 8 сард хөдөлмөрийн гэрээ байгуулж, суудлын автомашин борлуулах худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Гэтэл компанийн зүгээс борлуулалт хийсэн борлуулалтын урамшуулалд бэлэн мөнгө гаргахгүйгээр шийдэж оронд нь 'Киа Пиканто" маркийн автомашин өгөхөөр болж 2013.08.06-ны өдөр "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ" хийсэн. Гэтэл энэ гэрээний дагуу 18 000 000 төгрөгийн оронд өгсөн автамашинаа 2015 оны 6 сард буцаан авсан. Мөн борлуулалтын урамшууллын мөнгөний оронд "Киа Каденза" маркийн автомашин олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү автомашиныг олгохдоо 2013.12.31-ний өдөр "Автомашин худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Бодит байдал дээр автомашин худалдан авах шаардлага надад байгаагүй бөгөөд компани борлуулалтын урамшууллын мөнгийг бэлнээр өгөхгүй гэсэндээ "Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж надад машин өгсөн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээр шалтаглан надаас 2015 оны 3 сард буцаагаад авсан. Иймд дүр үзүүлж хийсэн 2013.08.06-ны өдрийн "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ", 2013.12.31-ний өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус болгохыг тогтоож, миний борлуулалтын урамшуулал болох 39 776 000 төгрөг, "Киа Пиканто" маркийн автомашины урьдчилгаанд өгсөн 3 000 000 төгрөг, 2015 оны 3,4,5 дугаар сарын цалингаас суутгасан 1 242 342 төгрөг, нийт 44 018 342 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Киа Моторс Монгол” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: И.Даваадоржийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн И.Даваадорж нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай 5 тоот "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, гэрээний дагуу Киа Пиканто маркийн автомашиныг нийт 18 000 000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Талуудын харилцан тохиролцож байгуулсан 5 тоот гэрээний 4.1 дэх заалтад худалдан авагч тал буюу И.Даваадорж нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3 000 000 төгрөгийг бүрэн төлсөн байхаар заасан бөгөөд үлдэгдэл үнийг цалин хөлс дээрээсээ төлж барагдуулахаар заасан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу компани нь иргэнд автомашин худалдсан, төлбөрийн нөхцлийн хэлбэрийг тохирохдоо цалин урамшууллаас тооцож төлж болохоор зааснаас бус зөвхөн цалин урамшуулалд тооцож 18 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий автомашиныг олгоогүй, худалдсан болно. Хэрэв И.Даваадоржид, нэхэмжлэлд дурдсан 18 000 000 төгрөгийн цалин урамшуулалд тооцож автомашин өгч байгаа бол яагаад компанид буцааж урьдчилгаа төлбөр төлүүлэхээр гэрээнд заасан, энэхүү нөхцлийг худалдан авагч хүлээн зөвшөөрч үнийг гэрээнд заасан дүнгээр буюу 3 000 000 төгрөгийг төлсөн зэрэг нь логик зөрчилтэй, нзхэмжлэлийн агуулга ойлгомжгүй байна. Иргэн И.Даваадорж нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээний үүргийн төлбөр болох 3 000 000 төгрөгийг манай компанид төлж барагдуулсан үйлдлээр болон сөрөг нэхэмжлэлдээ "...Киа Пиканто маркийн автомашины урьдчилгаанд өгсөн 3 000 000 төгрөг..." хэмээн худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрч компаниас буцаан нэхэмжилж байгаа зэргээр тус тус нотлогдоно. Мөн бид худалдан борлуулсан автомашинаа буцааж аваагүй, компанийн хашаанд орхиж явсан байсан болно. Хэрэв компани буцааж авсан бол хүлээлгэж өгсөн баримтаа худалдан авагч гаргаж өгөх, нотлох ёстой байх. Манай компани нь иргэнийг ажиллуулчихаад цалин урамшууллыг нь өгөөгүй, оронд нь автомашин өгсөн, тэрхүү өгсөн автомашинаа буцаан авсан, энэхүү үйлдлээ нуун дарагдуулах үүднээс дүр үзүүлж хуурамч гэрээ хэлцэл байгуулсан зэрэг нь бүгд үндэслэлгүй, баримтгүй худал зүйл болно.

Манай компани 2009 оноос хойш шинэ автомашин худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа, дистрьюбитерийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бид хуучин автомашин худалдаалдаггүй. Өнөөдөр, анх удаа иргэн И.Даваадоржтой худалдах, худалдан авах гэрээний үүргийн маргааныг гаргаагүй. И.Даваадорж нь эрх зүйч мэргэжилтэй, компанид ажиллаж байсан туршлага зэргээ ашиглан худалдан авсан автомашинаа компанийн хашаанд хүнээр авчирч тавиулан, бидэнд огт хүлээлгэж өгөөгүй байж өнөөдөр компани машинаа буцаагаад авчихсан хэмээн шүүхэд маргаж байгаа нь ямарч нотлох баримтгүй, үндэслэлгүй худал тайлбарууд юм. Компани ажилтанд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон тогтоосон цалин хөлсийт тухай бүр олгож байсан, энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй хүлээн зөвшөөрдөг. Мөн гэрээ холбогдох дүрэм журам, хариуцагчийн өмнө 39 сая төгрөгийн урамшуулал олгохоор үүрэг хүлээгээгүй.  И.Даваадорж нь нэгэнт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр цалин хөлс авч байсан, мөн худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой талууд тохиролцож 2015 оны 3, 4, 5 дугаар сарын цалин хөлсийг суутгаж авсан болно. Иймд урамшуулал болон цалин хөлсийг олгуулахаар шаардаж байгаа нь ор үндэслэлгүй зүйл юм. Нөгөө талаар, бидний ойлгож байгаагаар энэхүү цалин урамшуулалтай холбоотой шаардлага нь тусгайлсан зохицуулалттай харилцаа буюу хөдөлмөрийн маргаан байна. И.Даваадорж нь манай компаниас 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр К-016 дугаар тушаалаар, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Харин шүүхэд сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа энэхүү шаардлагын хувьд дууссан байгаа. Бидний ойлгож байгаагаар И.Даваадорж нь сөрөг нэхэмжлэлийн дараах шаардлагуудыг гаргасан байна. Үүнд: талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 18 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 50 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий "Автомашин худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, цалин урамшуулалд нийт 41 018 342 төгрөг гаргуулах, Киа  Пиканто маркийн автомашины урьдчилгаа төлбөрт тооцож төлсөн 3 000 000 төгрөгийг гаргуулах, нийт 112 018 342 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.1, 63.1.4-д зааснаар дээрх нэхэмжлэлийн үнийг тодорхойлох юм. Үүнээс үзэхэд И.Даваадорж нь улсын тэмдэгтийн хураамжийг 44 018 342 төгрөгөөс тооцон 378 050 төгрөг төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байсан хэдий ч сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч манай талд гардуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцлүүдийг тус тус харгалзан иргэн И.Даваадоржийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч И.Даваадоржоос 60 947 071 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Киа Моторс Монгол” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 27 189 414 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэгч “Киа Моторс Монгол” ХХК-иас 3 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч И.Даваадоржид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 2013.08.06-ны өдөр хийсэн "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ", 2013.12.31-ний өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ"-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, борлуулалтын урамшууллын 39 776 000 төгрөг, 2015 оны 3,4,5 дугаар сарын цалинг суутгасан 1 242 342 төгрөг, нийт 41 018 342 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “Киа Моторс Монгол” ХХК-иас төлсөн 756 590 төгрөгөөс төлбөл зохих 598 632 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 157 958 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч И.Даваадоржоос сөрөг шаардлагадаа төлсөн 378 050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч И.Даваадоржоос 462 685 төгрөг гаргуулж “Киа Моторс Монгол” ХХК-д, нэхэмжлэгч “Киа Моторс Монгол” ХХК-иас 62 950 төгрөг гаргуулж И.Даваадоржид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч И.Даваадоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 42.2-т заасан "Энгийн хэлбэрт бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болно" гэсэн хуулийг зөрчиж байна. Хариуцагч И.Даваадорж 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа гарч, өөрийн эзэмшилд байсан "КИА ПИКАНТО" маркийн автомашиныг ажиллаж байсан байгууллага болох "Киа Моторс Монгол" ХХК-ийн автомашин хүлээн авах комисст хүлээлгэн өгсөн бөгөөд хүлээн авсан акт дээр тус компанийн ажилтан Н.Ариунбат, Б.Цогтсайхан, Б.Түвшин нар гарын үсэг зурсан байна. Энэ актын эх хувь алга гэж шүүх үзсэн ч хуурамч гарын үсэг гэж тогтоогдоогүй. Шүүх хуралд орсон гэрч Б.Цогтсайхан, Н.Ариунбат нар актанд зурсан гарын үсгээ биш гэж үгүйсгээгүй байхад энэ актыг шүүх нотлох баримт биш гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Гэрч Б.Цогтсайхан, Н.Ариунбат нарын   мэдүүлснээр нэхэмжлэгч талд худалдсан гэх автомашинаа буцаан И.Даваадоржоос хүлээн авсан нь тогтоогдсон. Иймээс шүүхийн "хариуцагч И.Даваадорж уг автомашиныг “Киа Моторс Монгол” ХХК-ийн эрх бүхий ямар ажилтны зөвшөөрлөөр, хэдийд, хэнд хүлээлгэн өгсөн талаар нотлох баримтгүй байна" гэсэн дүгнэлт нь шүүх хуралд оролцсон гэрч Н.Ариунбат, Б.Цогтсайхан нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Шүүх няцаагдсан дүгнэлтээр хариуцагч И.Даваадоржийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй билээ.

Хариуцагч И.Даваадорж нь 2015 оны 3 дугаар сард "Киа Каденза” маркийн автомашиныг хүний нөөцийн албаны дарга Д.Түвшинбаатар болон бусад захирлуудын хамт байхад хүлээлгэж өгсөн ба тухайн үед Каденза маркийн автомашиныг хүлээлцэх хэрэггүй, шууд авлаа гээд хүлээн авч агуулах руугаа аваачиж байрлуулж хүлээн авсан байдаг. Мөн
нэхэмжлэгчийн шүүх хуралд өгсөн тайлбарт "... худалдан авсан автомашинаа компанийн
хашаанд авчирч тавиулан …" гэсэн тайлбараар “Киа Каденза” маркийн автомашинаа "Киа
Моторс Монгол" ХХК эргүүлэн хүлээн авсан нь нотлогдож байна. Миний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ" “Киа Моторс Монгол” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийсэн Иргэний хуулийн 56.1.3-т заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" байх шинжийг агуулсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  шаардлагыг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Киа моторс Монгол” ХХК хариуцагч И.Даваадоржоос гэрээний үүргийн гүйцэтгэлд 88 136 485 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч,  2013.08.06-ны өдрийн "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ", 2013.12.31-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ"-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, борлуулалтын урамшууллын 39 776 000 төгрөг, "Киа Пиканто" маркийн автомашины урьдчилгаанд өгсөн 3 000 000 төгрөг, 2015 оны 3,4,5 дугаар сарын цалингаас суутгасан 1 242 342 төгрөг, нийт 44 018 342 төгрөгийг нэхэмжлэгч “Киа моторс Монгол” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гарган маргажээ.

 

“Киа моторс Монгол” ХХК, тус компанийн худалдааны төлөөлөгч ажилтай худалдан авагч И.Даваадорж нар нь 2013.08.06-ны өдрийн "Автомашин зээлээр худалдах, худалдан авах" гэрээгээр “Киа пиканто” маркийн автомашиныг 18 000 000 төгрөгөөр үнэлж, үнийг  борлуулалтын урамшууллын мөнгөн дүнгээр төлөхөөр харилцан тохиролцож урьдчилгаанд 3 000 000 төгрөг төлсөн, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулж, “Киа Каденза” маркийн автомашиныг хүлээлгэн өгч, И.Даваадорж нь автомашины үнэ болох 50 000 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон үйл баримт нь зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

"Автомашин зээлээр худалдах, худалдан авах" гэрээний 2.3, 2.4, 3.3, 4.2-4.3-т худалдагч, худалдан авагчийн эрх үүргийг гэрээний хугацаанд “Киа пиканто” маркийн автомашины төлбөр, тооцоог борлуулалтын урамшууллыг тооцох журмын дагуу худалдан авагчид олгогдох мөнгөн дүнгээс болон сар бүрийн цалин хөлснөөс суутган авч автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулах, худалдан авагчид олгогдох мөнгөн дүнгийн нийлбэрээр автомашины үнийг бүрэн төлж барагдуулахад хүрэлцэхгүй байвал автомашины үнийн зөрүүг худалдагчид төлөх үүрэгтэй байхаар заажээ.

 

Худалдагч нь дээрх гэрээний үнэ 18 000 000 төгрөгийг урамшуулал, цалин хөлснөөс суутган барагдуулаагүй, автомашины борлуулалтын урамшуулал тооцож олгох журмыг нэхэмжлэгч “Киа моторс Монгол” ХХК баталж мөрдөөгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал гэрээнд заасан өөрийн үүргийг биелүүлээгүй учраас хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэгч эд хөрөнгийн үнийг төлөхийг шаардах үндэслэлгүй, шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д заасантай нийцэж байна.

 

Харин И.Даваадорж “Киа Каденза” маркийн автомашиныг 2015 оны 3 дугаар сард худалдагч “Киа моторс Монгол” ХХК-ийн хүсэлтээр буцаан өгсөн гэх боловч автомашиныг худалдагч “Киа моторс Монгол” ХХК-ийн эрх бүхий ямар ажилтны зөвшөөрлөөр, хэдийд, хэнд хүлээлгэн өгсөн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Талууд хуульд заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тэрээр 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэг “Киа Каденза” маркийн автомашины үнэ 50 000 000 төгрөг төлөхөөс 1 242 342 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн болно.

 

Талууд энэхүү гэрээний 7.4-т худалдан авагч нь барааны үнийг гэрээний 4.1, 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагч алданги төлнө гэж тохирчээ. Нэхэмжлэгч гэрээний үүргийг, гэрээгээр тохирсон алдангийг тус тус шаардах эрхтэй гэж үзэж 48 757 657 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “Киа моторс Монгол” ХХК-тай 2013.08.06-ны өдөр байгуулсан "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ", 2013.12.31-ний өдрийн "Автомашин худалдах, худалдан авах гэрээ"-нүүдийг  хууран мэхэлж, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцох, гэрээгээр борлуулалтын урамшуулал тооцохоор тохирсны дагуу 39 776 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ямар хугацаанд, хичнээн автомашиныг ямар байгууллага, иргэнд худалдсан талаар болон урамшууллыг хэрхэн, хэдэн хувиар бодох журмыг баталж мөрдөөгүй, энэ талаар нотлох баримтгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Шүүх сөрөг нэхэмжлэлийн эдгээр шаардлагын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           

Харин худалдан авагч нь“Киа пиканто” маркийн автомашиныг зээлээр худалдан авах гэрээний дагуу үнийг борлуулалтын урамшуулал, цалин хөлснөөс суутган авах үүргээ худалдагч биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзах эрхтэй тул хариуцагчиийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан уг автомашины үнийн урьдчилгаанд өгсөн 3 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдснаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хангах боломжгүй бөгөөд түүний гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/01274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Б.НАРМАНДАХ