| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 170/2018/0013/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 14
Я.Ба-д холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.Төрболд Цагаадсан этгээдийн өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Төрболдын бичсэн эсэргүүцлээр Я.Ба-д холбогдох 201713000054 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумд 1976 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн **-р хороолол **-р байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Сартуул овгийн Я-ы Ба- /РД:ИЦ********/
Шүүгдэгч Я.Ба- нь 2017 оны 06 дугаар сард их хэмжээний Зарам буюу пельд загас худалдан авч тээвэрлэсэн буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Я-ы Ба-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Я.Ба-г цагаатгаж, Я.Ба-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмчлөлийн 26-39 ОРА улсын дугаартай Nissan Patrol маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5/36 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн загас барих зориулалттай 2 ширхэг торыг устгаж, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч хохирол нэхэмжлээгүй, цагаатгагдсан этгээд нь хохирлоо нөхөн төлүүлэх, нэхэмжлэлийг тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болох, цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох, цагаатгах тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийн цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай цагаатгах тогтоолыг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад параах үндэслэлээр эсэргүүл гаргаж байна.
1. Я.Ба- нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхлэхээс өмнө буюу 2017 оны 06 сард Зарам загасыг худалдан авч тээвэрлэсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж зааснаар Я.Ба-гийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэстэй байна гэх үндэслэлийн тухайд ... тусгай хамгаалалттай газраас агнасан загасыг худалдан авсан Я.Ба- нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумд тээвэрлэж яваад эрх бүхий Цагдаагийн байгууллагын албан тушаалтан илрүүлж шалгасан, хураан авсан болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэжээ.
Дээрх гэмт хэргийн шинж нь:
1. Улсын тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй ан амьтан ангасан, барьсан
2. Эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан эсхүл зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн
3.Тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан
4. Ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол гэсэн шинжүүд байвал гэмт хэрэг гэж үзэхээр байна.
Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгоуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Я.Ба-д холбогдох эрүүгийн 201713000054 дугаартай эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. Я.Ба- нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд орших Улсын тусгай хамгаалалттай “Улаагчины хар нуур”-аас 2017 оны 06 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр агнасан 43.330.000 төгрөгийн үнэ бүхий 3095 ширхэг пельд загасыг худалдан авч, Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд орших Улсын тусгай хамгаалалттай “Улаагчины хар нуур”-аас Орхон аймгийн Баян-Өндөр сум хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг үйлджээ. Яллагдагч Я.Ба-д холбогдох эрүүгийн 201713000054 дугаартай хэргийг Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг нь хүлээн авч 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 20 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгасан байна. Цагаатгах тогтоолд “... Шүүгдэгч Я.Ба- нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 06 сард Зарам загасыг худалдан авч тээвэрлэсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж зааснаар Я.Ба-гийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэстэй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд “Ан агнуурын тухай” хууль, тогтоомж зөрчих гэмт хэргийг хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг:
-Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан,
-Ховор ан, амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн” гэж хуульчилсан. Я.Ба-гийн худалдан авч, тээвэрлэсэн загас нь ... ховор амьтны жагсаалтад ороогүй бөгөөд ховор амьтны жагсаалтанд ороогүй амьтны түүхий эдийг худалдах, худалдан авах, тээвэрлэхийг 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор заагаагүй байна. Я.Ба-гийн үйлдэлд уг гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжүүд болох ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна... 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн “эсхүл” гэсэн холбоос үг нь уг зүйл хэсэг дэх гэмт хэргийн өөр, өөр бүрэлдэхүүнийг холбосон ойлголт бөгөөд “тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэж тодорхойлсон гэмт хэргийн шинж нь зөвхөн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлд хамаарч байна. Я.Ба-гийн Улсын тусгай хамгаалалттай газар зохих зөвшөөрөлгүйгээр агнасан Зарам загасыг худалдан авч, тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул уг шүүгчийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. Цагаатгах тогтоолд заасан “Шүүгдэгч Я.Ба- нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 06 сард Зарам загасыг худалдан авч тээвэрлэсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж зааснаар Я.Ба-гийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэстэй байна” гэх үндэслэлийн тухайд: Яллагдагч Д.Ганхуяг, Д.Бямбадорж нар болон бусад этгээдүүдийн 2017 оны 06 сард буюу дээрх тусгай хамгаалалттай газраас агнасан гэх загасыг худалдан авсан Я.Ба- нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд тээвэрлэж яваад эрх бүхий Цагдаагийн байгууллагын албан тушаалтан илрүүлж шалгасан, хураан авсан болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Дээрх цаг хугацаанд 2002 оны Монгол улсын Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Тус хуульд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, эсхүл ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, мөн тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /240.000/-г тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 12.240.000-36.000.000 төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай байжээ. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас агнасан загасыг худалдан авсан, тээвэрлэсэн бол тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахаар байна. Харин Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учраагүй бол дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахааргүй байна. Гэтэл шүүгч зөвхөн ховор ан амьтан, түүний түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн тохиолдолд гэмт хэрэг болно гэж хуулийг буруу ойлгож хэрэглэж байна. Иймд хэргийг хянаж үзээд Я.Ба-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Хэдийгээр дээрх хэрэг нь 2017 оны 06 сард 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад үйлдэгдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчлэх ёстой боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг удирдлага болгон яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм. 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг тогтоогоогүй боловч тус хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт ”... хорих ялын үндсэн хугацаа нэгээс 15 жил хүртэл байна” гэснээр ойлгох нь зүйтэй. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн яллагдагчид “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нь хорих ялын доод хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасантай адил 1 жил боловч торгуулийн ялын хэмжээ 5.400.000-27.000.000 төгрөг байгаа нь яллагдагчид ашигтай байсан. 2015 оны Эрүүгийн хуульд Улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүй агнасан ан амьтан, худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй гэх үндэслэлийн талаар: 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Дээрх гэмт хэргийн шинж нь :
1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан,
2. Эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн,
3. Тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан,
4. Ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол” гэсэн шинжүүд байвал гэмт хэрэг гэж үзэхээр байна.
Хуульд бичигдсэн байгаа “тэдгээрийн” гэдэг холбоос үг нь “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан” мөн “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн” гэх 2 ойлголтыг холбож байх бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан амьтан, мөн тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан амьтныг тээвэрлэсэн, түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан үйлдлийг гэмт хэргийн шинж болгохоор заасан байх бөгөөд мөн тусгайлан “Ховор амьтны чихмэл”, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол гэмт хэрэгт тооцохоор байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хуульд нийцээгүй байх учир тус цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.
Цагаатгагдсан этгээд Я.Ба-гийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд прокурорын гаргасан эсэргүүцэлтэй танилцсан. Прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэл муутай эсэргүүцэл байна гэж үзэж байна. Яагаад гэвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд зааснаар хорих ялын асуудал яригдаж байгаа. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялаар шийтгэх боломж өндөр байгаа ч анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай байна гэж үзсэн байна. Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл байдлын талаар хэргийн материалтай танилцаж байхад ял шийтгэлийг оногдуулах нөхцөл байдал өндөр байлаа ч тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний нөхцөл байдалд тохирч байна. Я.Ба-гийн үйлдэл бол Төрийн тусгай хамгаалалтай газраас загас худалдан авч, тээврлэсэн боловч агнасан байдал харагдахгүй байна. Харин тусгай зөвшөөрөлтөй газраас загас агнасан, барьсан үйлдэл байхгүй учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Цагаатгагдсан этгээд Я.Ба- нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд орших улсын тусгай хамгаалалттай “Улаагчны хар нуур”-аас 2017 оны 06 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр агнасан 43.330.000 төгрөгний үнэ бүхий 3095 ширхэг “пельд” загасыг нутгийн иргэдээс худалдан авч, тээвэрлэсэн гэх хэргийг Прокурорын байгууллагаас 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа хэдий ч Я.Ба- нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхлэхээс өмнө буюу 2017 оны 06 дугаар сард “пельд” буюу Зарам загасыг худалдан авч, тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогджээ.
Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд ял хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу Я.Ба-гийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийг анхан шатны шүүх хэрэглэснийг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд “”Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэргийг хуульчилсан. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох ...ан амьтан агнасан, барьсан байдал Я.Ба-гийн үйлдэлд байхгүй байна.
Я.Ба-гийн нутгийн иргэдээс худалдан авч, тээвэрлэсэн загас нь Монгол улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтны жагсаалт, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтын аль алинд нь ч багтаагүй бөгөөд ховор амьтны жагсаалтад ороогүй амьтны түүхий эдийг худалдан авах, тээвэрлэхийг 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор заагаагүй байна.
Прокурорын байгууллага цагаатгагдсан этгээд Я.Ба-д зохих зөвшөөрөлгүйгээр загас барьж, худалдсан Д.Ганхуяг, Д.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө тэдгээр иргэдээс загас худалдаж авсан Я.Ба-д эрүүгийн хариуцл ага хүлээлгэхээр яллаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Иймд анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Төрболдын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ