Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1772

 

Ж.Цэрэнжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар       

                                               

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01571 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Цэрэнжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Басмааконстракшн” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 62 952 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цэрэнжаргал, түүний өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

           

Нэхэмжлэгч Ж.Цэрэнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ж.Цэрэнжаргал нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч "Басмааконстракшн" ХХК-тай Орон сууцны барилга захиалан бариулах гэрээг байгуулж, Сүхбаатар дүүрэгт байрлах Очирт апартмент байрны 1-р орцны 10 давхарын Е тоотыг 39 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээг байгуулсан өдөр буюу 2015.02.06-ны өдөр 23 000 000 төгрөг, 2015.02.27-ны өдөр 15 100 000 төгрөг, нийт 38 100 000 төгрөг буюу захиалсан байрныхаа төлбөрийн 97 хувийг төлж дуусгасан. Гэтэл хариуцагч нь барилгын ажлаа 4 давхар карказ босгосноос хойш үргэлжлүүлэхгүй байсан тул утсаар ярьж, мөн очиж уулзан юу болсоныг лавлахад хөрөнгө оруулалт байхгүй гэсэн шалтгаан хэлсэн. Ж.Цэрэнжаргал нь гэрээний 4.1-д заасан хугацаанд хариуцагч үүргээ гүйцэтгээгүйн үр дүнг хүлээлгэж өгөөгүй, гэрээний ноцтой зөрчлийн улмаас 2016 оны 4 сард гэрээнээсээ татгалзаад үндсэн төлбөрөө алдангийн хамт гаргуулъя гэсэн хүсэлт гаргахад хариуцагч “Басмааконстракшн” ХХК нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэсэн ч мөнгөгүй гээд өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хамгийн сүүлд “Басмааконстракшн” ХХК надад албан бичиг явуулж миний төлсөн үндсэн төлбөр 38 000 000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн алдангийн хамт нийт 62 952 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн. Иймд хариуцагч “Басмааконстракшн” ХХК-иас байр захиалж төлсөн 38 100 000 төгрөг, алданги 24 852 000 төгрөг, нийт 62 952 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Басмааконстракшн" ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч З.Шүрэнчулууны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Ж.Цэрэнжаргалтай орон сууцны барилга захиалан бариулах гэрээг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, гэрээний үүргийн дагуу 38 100 000 төгрөгийг.төлсөн. Барилгыг санхүүжилтгүйн улмаас одоо болтол ашиглалтад оруулж чадаагүй. Захиалагч гэрээнээсээ сайн дураараа татгалзаж, гэрээг дуусгавар болгосон учраас гэрээний үүргийн шаардах буюу уүргээ гүйцэтгээгүйн улмаас алданги шаардах эрх байхгүй. Алданги шаардах эрх нь гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа нөхцөлд яригдана. Зээлийн гэрээний дагуу 38 100 000 төгрөг төлснийг буцаан төлөхөд татгалзахгүй. Харин алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй тул алдангид нэхэмжилсэн 24 852 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар "Басмааконстракшн" ХХК-иас 38 100 000 төгрөгийг гаргуулж, Ж.Цэрэнжаргалд олгож, нэхэмжлэлээс алданги 24 852 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Цэрэнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 472 710 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Басмааконстракшн" ХХК-иас 348 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэнжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Цэрэнжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Би 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч "Басмааконстракшн" ХХК-тай "Орон сууцны барилга захиалан бариулах гэрээ байгуулан, Сүхбаатар дүүрэгт байрлах Очирт апартмент байрны 1 дүгээр орцны 10 давхрын Е тоотыт 39 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээг байгуулсан өдөр 23 000 000 төгрөг, мөн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 100 000 төгрөг, нийт 38 100 000 төгрөг буюу захиалсан байрны төлбөрийн 97 хувийг төлсөн. Гэтэл хариуцагч "Басмааконстракшн" ХХК нь барилгын ажлыг 4 давхар карказ барьснаас хойш ямар нэгэн ажил хийгдэхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс маш олон удаа утсаар холбогдоод зогсохгүй биечлэн уулзаж барилга баригдахгүй байгаа талаар тодруулахад хөрөнгө оруулалт байхгүй" гэсэн хариу өгсөн байдаг. Ингээд Ж.Цэрэнжаргал нь талуудын байгуулсан гэрээний 4.1 дэх хэсэгт "...Гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан Е тоот орон сууцыг 2015 оны 3, 4 дүгээр улиралд багтаан барьж дуусган, Улсын комисст хүлээлгэн өгнө” гэж заасан хугацаандаа хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээгээ цуцалж 2016 оны 4 дүгээр сард "Басмааконстракшн" ХХК-д үндсэн төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэсэн хүсэлт гаргахад хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хариуцагчийн зүгээс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид албан бичиг явуулсан бөгөөд уг албан бичигт "...Гэрээний 4.1-д заасан уүргээ биелүүлээгүй бөгөөд

үндсэн өр болох 38 100 000 төгрөг болон алданги 24 852 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулна" гэж гүйцэтгээгүй үүргийн төлбөр болон алдангийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдсан гэж үзэн зөв дүгнэсэн боловч

хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааныг нарийвчлан зохицуулсан үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Учир нь талууд ажил гүйцэтгэх тухай гэрээг Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасныг удирдлага болгон байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 355 дугаар зүйл, ажил гүйцэтгэх тухай гэрээнд заасныг үндэслэн цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийи ипэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гэрээ цуцалж байгаа талаар тодруулсаар байтал нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн ажил гүйцэтгэх гэрээний 4.1  дэх хэсэгт барилгын ажлыг ямар хугацаанд гүйцэтгэх талаар тохиролцсон боловч хариуцагч тал гэрээнд заасан хугацааны дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан ажлыг хийж гүйцэтгээгүй байх тул хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүргээ зөрчсөн байна.

Дээрх нөхцөл нь хариуцагч тал 2016 оны 01 дугээр сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээний 4.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлийг бий болгож нэхэмжлэгч талын зүгээс хариуцлага буюу анз төлөхийг шаардах эрхийг нээж өгсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн алданги нэхэх эрх нь Иргэний хуулийн 232.1 дэх хэсэгт зааснаар болон ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т зааснаар үүссэн байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 218 хоногийн алдангийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг буюу гэрээгээр тохирсон 38 100 000 төгрөгнөөс тооцох эрхтэй байна.

Түүнчлэн хариуцагч "Басмааконстракшн” ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ ухамсарлаж, алданги төлөхийг хулээн зөвшөөрч байсан албан бичгийг анхан шатны шүух үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байгаа юм. Иймд Сүхбаатар дуүргийн иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01571 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулан  алдангийн төлбөрт 24 852 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  шаардлагыг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Цэрэнжаргал нь хариуцагч “Басмааконстракшн” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 62 952 000 төгрөг гаргуулахыг шаардсныг хариуцагч алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Ж.Цэрэнжаргал нь "Басмааконстракшн" ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 001/15 дугаартай "Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ"-г байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвстэрт баригдах "Очирт апартмент" үйлчилгээтэй 132 айлын орон сууцны 10 давхарын Е тоот 44.97 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 867 245 төгрөг буюу 39 000 000 төгрөгөөр худалдан авах, "Басмааконстракшн" ХХК нь барилгыг барьж, орон сууцыг 2015 оны 3-4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцож Ж.Цэрэнжаргал нь орон сууцны үнэд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 23 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 100 000 төгрөг, нийт 38 100 000 төгрөгийг "Басмааконстракшн" ХХК-д төлсөн. /хх-6/ Хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Захиалагч Ж.Цэрэнжаргал нь ажил гүйцэтгэгч "Басмааконстракшн" ХХК-д барилгын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг шаардсан боловч үр дүн гараагүйн улмаас 2016 оны 4 сард гэрээг цуцлаж, хариуцагч "Басмааконстракшн" ХХК-иас орон сууцны үнэд төлсөн 38 100 000 төгрөгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт  “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасныг зөрчөөгүй байна. Гэрээг цуцласан нөхцөлд цуцалснаас учирсан хохирлыг шаардах эрхтэй юм.

 

Хэдийгээр "Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ"-ний 3.1.2-д гүйцэтгэгч гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд захиалагч талд 0,3 хувийн алданги тооцохоор тохирсон ч нэгэнт талууд гэрээг цуцалсан тул гэрээний нэмэгдэл үүрэг болох алданги төлөх үүрэг мөн адил цуцлагдах ба нэхэмжлэгч алдангийг шаардах эрхгүй, алдангийг хохиролд тооцож төлүүлэх үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн "Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ"-ний 3.1.2-т захиалагч төлбөрийн хоёр дах хэсэг буюу 41 хувьтай тэнцэх 16 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон ч үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч нь мөнгөн төлбөр төлөх үүргээ гэрээний хугацаанд бүрэн төлөөгүй гэрээний хугацааг 14 хоногоор хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 224.2.3 дах хэсэгт заасны дагуу анз авах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

 

Ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь /2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр/ биелүүлээгүйгээс захиалагч гэрээгээ цуцалсан тул түүний гэрээний дагуу төлсөн төлбөр болох 38 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, алдангийн талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдснаар алдангийн төлбөрт 24 852 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй болно. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 210 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Б.НАРМАНДАХ