Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00351

 

Я.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01390 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2068 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Я.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 15 дугаар гудамж, 37 тоот 600 м.кв өмчийн газар 48 м.кв талбайтай өвлийн сууцыг 17 691 800 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг өмчийг зээлийн барьцаагаар барьцаалах үед талууд 48 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авч төлбөр авагч, төлбөр төлөгчийн үнийн санал зөрүүтэй байх тохиолдолд шинжээч томилох байтал үнийн санал аваагүй, шинжээчээр үнэлгээ тогтоолгосон нь хууль бус байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 15 дугаар гудамж, 37 тоот 600 м.кв өмчийн газар 48 м.кв талбайтай өвлийн сууцыг 17 691 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00425 дугаар захирамжаар Я.Б-аас 170 908 450 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэбаатарт олгохоор, төлбөр төлөгч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Я.Б-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх газрыг битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч 80 000 000 төгрөгөөр, үүрэг гүйцэтгүүлэгч С.Эрдэнэбаатар уг үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй ба хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах”-аар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан.

Иймд НШШГГ үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01390 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 15 дугаар гудамж, 37 тоотод байрлах 48 м.кв талбайтай өвлийн сууц, 600 м.кв өмчийн газрыг 17 691 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Я.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2068 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд” гэснийг “...НШШГГ-т” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Я.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчинээр үнэлүүлээгүй. Мөн шинжээч томилохдоо шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.т заасны дагуу шинжээчид эрүүгийн хуульд заасан хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулсан талаар 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасны дагуу шинжээч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байдал илэрсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн нэрийг залруулах өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ.

Нэхэмжлэгч Я.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан байна. Хариуцагч НШШГГ- шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Я.Б- нь иргэн С.Эрдэнэбаатартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 17 750 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, Я.Б- төлбөрөө хуваарийн дагуу төлөхөөр С.Эрдэнэбаатартай тохиролцон эвлэрснийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101\ШШ2017\00425 дугаар захирамжаар баталж, С.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй Я.Б-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Я.Б- нь шүүгчийн захирмжаар баталгаажсан дээрх төлбөрийг сайн дураар биелүүлээгүй учир хариуцагч НШШГГ- албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

Хариуцагч НШШГГ- нь \2017 оны 07 дугаар сарын 01-ний хүртэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба\ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 15 дугаар гудамжны 37 тоот 48 м.кв талбай бүхий өвлийн сууц, 600 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог байна.

Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх төлбөр төлөгчийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан тул НШШГГ- үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 17 691 800 төгрөгөөр тогтоосон байна.

Шинжээчийн тогтоосон уг үнэлгээг бодит бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэр томьёоны залруулга хийсэн давж заалдах шатны шүүхийн  магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2068 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН