Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00416

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01805 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2198 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “МХС” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлт-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, Д.Алтайсайхан, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “МХС” ХХК-д ажилд орсон. Ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон удирдлагаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн боловч гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/202 тоот тушаалаар үндэслэлгүйгээр халагдсан. Өөрөөр хэлбэл инженерийн суурь мэдлэгийг шалгах гэсэн нэртэй шалгалт аваад, үүнд нь хангалтгүй дүн авсныг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэж үзэж Б.Э-г ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд Үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтны ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“МХС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/178 дугаартай тушаалаар “МХС” ХХК-ийн ажилтны аттестатчиллах журмыг шинэчлэн баталж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр журамд заасны дагуу үндсэн ажилтнуудаас аттестатчиллын эхний шалгалтыг цахим сүлжээгээр авч хариуг нь тэр даруй шалгуулагчид танилцуулан гарын үсэг зуруулсан.

Аттестатчиллын эхний шалгалтад үйл ажиллагааны газрын борлуулалтын хэлтсийн ажилтан Б.Э- нь 53 хувь буюу 40 оноо авсан бөгөөд харьяалах газрын захирлын өгсөн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан хэрэгжилтийн оноо, мэргэжил ур чадварын түвшинг үнэлэх оноог нэмснээр нийт 55 оноогоор үнэлэгдэж журмын дагуу тэнцээгүй бөгөөд журмын 6.8 дахь заалтын дагуу эхний шалгалтанд тэнцээгүй ажилтнуудаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр давтан шалгалтыг зохион байгуулж авсан. Давтан шалгалтад Б.Э- нь нийт 58 оноогоор тэнцээгүй. Давтан шалтгалтын дүнг Б.Э-д танилцуулж уг журмын 5.7-д аттестатчиллын дүнг хүлээн зөвшөөрөөгүй ажилтан гомдлоо дүнг танилцуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор аттестатчиллын комиссын даргад бичгээр гаргана гэж заасан.

Давтан шалгалтын дүнг танилцуулснаас хойш Б.Э- нь ямар нэгэн гомдол санал гаргаагүй учир шалгалтын дүнг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. “МХС” ХХК-ийн ажилтныг аттестатчиллах журмын 6.8-д Аттестатчиллын нэгдсэн үнэлгээгээр хангалтгүй буюу 60-аас доош оноо авсан ажилтнууд 1 сарын дотор бэлтгэж, дахин шалгалт өгөх ба дахин хангалтгүй үнэлгээ үзүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаалчилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно гэж заасны дагуу аттестатчиллын комисс давтан шалтгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн 3 ажилтны шалгалтын материалыг компанийн хүний нөөцийн зөвлөлд танилцуулж хэлэлцүүлсэн. Хүний нөөцийн зөвлөлийн хурлаас аттестатчиллын шалгалтанд давтан хангалтгүй үнэлгээ үзүүлсэн 3 ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Э-д 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдлийг хүлээлгэн өгч, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/202 дугаар тушаалаар мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01805 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан МХС ХХК-нд холбогдох Үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 974 721 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Б.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2198 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Б.Э-гийн хувьд гүйцэтгэвэл зохих ажил үүргээ гүйцэтгэн, байгууллагын захирлын тушаалаар сар бүр урамшуулалт цалин авдаг байсан нь баримтаар тогтоогддог. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудын тухайд:

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/180 тоот тушаал /ХХ-ийн 58-59 дэх тал/

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/14 тоот тушаал /ХХ-ийн 141-142дах тал/

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/30 тоот тушаал /ХХ-ийн 143-144дах тал/

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/52 тоот тушаал /ХХ-ийн 145-146дах тал/

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/72 тоот тушаал /ХХ-ийн 147-148дах тал/

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/85 тоот тушаал /ХХ-ийн 149-150дах тал/ зэрэг болно.

Үүнийг хариуцагч шүүх хуралдааны явцад асуулт хариултын үе шатанд тайлбарлахдаа ажил үүргээ гүйцэтгэсэн хүнд олгодог цалин болохыг тодорхойлно.

Мөн шалгалт авсан баримт бичиг, түүний агуулга нь Б.Э-гийн ажлын яг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ур чадвартай огт холбоогүй байна. Өөрөөр хэлбэл Б.Э-гийн эрхэлж байсан ажил буюу Дэд бүтцийн фээсийн гэрээний ажилтан гэх албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод зааснаар дараах ур чадварыг эзэмшсэн байхаар ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байна. Үүнд:

Албан хэрэг хөтлөлтийн зохих мэдлэгтэй

Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Комьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай

Харилцааны соёл, ур чадвар

Багаар хамтран ажиллах

Зөв хандлагатай, санаачлагатай байх

Асуудалд тэвчээртэй хандах, дүн шинжилгээ хийх

Маркетингийн төлөвлөгөө, судалгаа боловсруулах чадвартай зэрэг болно.

Гэвч шүүх хуралд дээрх ур чадваруудын алийг нь хэрхэн шалгасан, ямар үзүүлэлтээр тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон нь тодорхойгүй, үүнийг хариуцагч байгууллага нотлоогүй.

... аттестачлалын комиссын шалгалтын материал нь “Инженерийн суурь мэдлэг шалгах тест” байх бөгөөд Б.Э-гийн хийж гүйцэтгэвэл зохих ажлын байрны чиг үүрэг, түүнд тавигдах шаардлагатай огт хамааралгүй байна. Тухайн шалгалтын материалыг шүүгчийн захирамжаар шаардсан боловч анхны шалгалтын материалыг ирүүлээгүй, мөн тухайн шалгалтын тестийн түлхүүр байхгүй байгаа нь үнэхээр тухайн шалгалтанд хангалтгүй үнэлгээ үзүүлсэн эсэхийг нягтлах боломжгүй болгож байна.

...Б.Э-гийн ажлын байрны чиг үүрэгт тусгай мэргэжил эзэмшээгүй, ур чадвар дутмагаас ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгааг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй.

Ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлага хэсэгт гэрээний талаар, хууль эрх зүйн мэдлэгтэй, хөрвөж ажиллах чадвартай байх гэсэн тусгай шаардлагыг тавьсан байх бөгөөд мөн энэхүү нөхцөлийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй.

... дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй талаараа тусгаагүй, гагцхүү шалгалтын комиссын дүгнэлтээр Инженерийн суурь мэдлэгийн шалгалтанд тэнцээгүй тул ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд ур чадварын хувьд тэнцэхгүй гэж дүгнэж байгаа нь хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Б.Э-г урьд эрхэлж байсан “МХС” ТӨХХК-ний үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн Дэд Бүтцийн түрээсийн гэрээний ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин дундаж цалин хөлстэй тэнцэх /1 084 013х21.5 хоног, өдөрт 50 419 төгрөгөөр 69 өдрөөр тооцож, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны/ олговорт 2 974 721 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Э- хариуцагч “МХС” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “МХС” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Э- аттестатчилалын дүнгээр гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч “МХС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б\202 дугаартай тушаалаар үйл ажиллагааны газрын борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтны ажлаас чөлөөлөгдсөн байна. Ажил олгогч тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 42 дугаар зүйлийн 42.1., 43 дугаар зүйлийн 43.1., Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3., Ажилтныг аттестатчиллах журмын 6 дугаар бүлгийн 6.8. дахь хэсэгт үндэслэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч “МХС” ХХК-ний гүйцэтгэх захирал 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\178 дугаар тушаалаар компанийн ажилтнуудыг аттестатчилах журам, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А\186 дугаар тушаалаар ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох, арга зүй, удирдлага зохион байгуулалтыг хангах аттестатчиллын байнгын комиссыг хавсралтаар баталсан байна.

Ажил олгогч нь байгууллагын хөдөлмөрийн дотоод харилцаанд баримталдаг дээрх журмын дагуу ажилтнуудын аттестатчилал явуулж, шалгалтын үнэлгээг гаргаж, тайландаа тусгасан байна. Б.Э-ийн аттестатчилалын анхны болон давтан шалгалтын материал хэргийн материалд авагдсан, шүүх тэдгээрийг үнэлсэн байна.

“МХС” ХХК-ийн аттестатчилалын комисс хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүрэгт хамааралгүй, ажил, албан тушаалын үүрэгтэй холбогдолгүй асуудлаар шалгалт авсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Аттестатчилалын байнгын комисс нь шалгалт зохион байгуулах удирдамжийг батлуулж, инженерийн суурь мэдлэг бүхий ажилтнуудаас авах шалгалтын агуулга, ерөнхий сэдвийг баталж, нийт ажилтнуудад дотоод сүлжээгээр хүргүүлж, мэдээлсэн явдал баримтаар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул Б.Э-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01805 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2198 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдасугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН