Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2018/01805

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол  байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, М ХХК-д холбогдох

 

 Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Д.У, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Эгийн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр М ХХК-д ажилд орсон. Ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон удирдлагаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн боловч гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/202 тоот тушаалаар үндэслэлгүйгээр халагдаад байна. Өөрөөр хэлбэл инженерийн суурь мэдлэгийг шалгах гэсэн нэртэй шалгалт аваад, үүнд нь хангалтгүй дүн авсныг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэж үзэж Б.Эг ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд Үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтны ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд болон төлөөлөгч Д.У, Д.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр М ХХК-д маркетинг, гэрээ хэлтсийн ажилтнаар туршилтын хугацаагаар томилогдон 2015 оны 10 дугаар сараас үндсэн ажилтнаар ажилласан. М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/178 дугаартай тушаалаар М ХХК-ийн ажилтны аттестатчиллах журмыг шинэчлэн баталж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр журамд заасны дагуу үндсэн ажилтнуудаас аттестатчиллын эхний шалгалтыг цахим сүлжээгээр авч хариуг тэр даруй шалгуулагчид танилцуулан гарын үсэг зуруулсан. Аттестатчиллын эхний шалгалтад үйл ажиллагааны газрын борлуулалтын хэлтсийн ажилтан Б.Э нь 53 хувь буюу 40 оноо авсан бөгөөд харьяалах газрын захирлын өгсөн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан хэрэгжилтийн оноо, мэргэжил ур чадварын түвшинг үнэлэх оноог нэмснээр нийт 55 оноогоор үнэлэгдэж журмын дагуу тэнцээгүй бөгөөд журмын 6.8 дахь заалтын дагуу эхний шалгалтанд тэнцээгүй ажилтнуудаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр давтан шалгалтыг зохион байгуулж авсан. Давтан шалгалтад Б.Э нь нийт 58 оноогоор тэнцээгүй. Давтан шалтгалтын дүнг Б.Эд танилцуулж уг журмын 5.7-д Аттестатчиллын дүнг хүлээн зөвшөөрөөгүй ажилтан гомдлоо дүнг танилцуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор Аттестатчиллын комиссын даргад бичгээр гаргана гэж заасан. Давтан шалгалтын дүнг танилцуулснаас хойш Б.Э нь ямар нэгэн гомдол санал гаргаагүй учир шалгалтын дүнг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. М ХХК-ийн ажилтныг аттестатчиллах журмын 6.8-д Аттестатчиллын нэгдсэн үнэлгээгээр хангалтгүй буюу” 60-аас доош оноо авсан ажилтнууд 1 сарын дотор бэлтгэж, дахин шалгалт өгөх ба дахин хангалтгүй үнэлгээ үзүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаалчилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно гэж заасны дагуу Аттестатчиллын комисс давтан шалтгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн 3 ажилтны шалгалтын материалыг Компанийн хүний нөөцийн зөвлөлд танилцуулж хэлэлцүүлсэн. Хүний нөөцийн зөвлөлийн хурлаас Аттестатчиллын шалгалтанд давтан хангалтгүй үнэлгээ үзүүлсэн  3 ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Эд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэлийг хүлээлгэн өгч 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/202 дугаар тушаалаар мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Э хариуцагч М ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь Аттестатчиллын комиссын шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж маргаж байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3, Ажилтныг аттестатчиллах журмын 6 дугаар бүлгийн 6.8 дахь хэсгийг үндэслэн Үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтан Б.Э нь аттестатчилалын давтан шалгалтанд хангалттгүй үнэлгээ үзүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/202 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн  байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

М  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/117 тоот тушаалаар Б.Эг маркетинг, гэрээ хэлтсийн ажилтнаар туршилтын хугацаагаар, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/340 тоот тушаалаар Үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.

М  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/178 дугаар тушаалаар М ХХК-ийн ажилтны аттестатчиллах журмыг 1 дүгээр хавсралтаар, гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/186 дугаар тушаалаар Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох, арга зүй, удирдлага зохион байгуулалтыг хангах Аттестатчиллын байнгын комиссыг хавсралтаар баталжээ.

Дээрх журмын журмын 6.8-д Аттестатчиллын нэгдсэн үнэлгээгээр хангалтгүй буюу 60-аас доош оноо авсан ажилтнууд нэг сарын дотор бэлтгэж, дахин шалгалт өгөх ба дахин хангалтгүй үнэлгээ үзүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаалчилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлахаар зохицуулжээ.

М ХХК-ийн Аттестатчиллын комисс зохион байгуулсан аттестатчиллын шалгалтанд  ажилтан Б.Эг харьяалах газрын захирлын өгсөн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан хэрэгжилтийн 15 оноо, эхний шалгалтын оноо 40, нэгдсэн үнэлгээ 55 оноо, дахин шалгалтын нэгдсэн үнэлгээ 58 оноогоор үнэлсэн шалгалтын материал /хх-ийн 63-78 тал/, давтан шалгалтын материал /хх-ийн 132-133 тал/,  Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа  тэнцэхгүй болох нь тогтоогдсон талаарх Аттестатчиллын шалгалтын тайлан /хх-ийн 134-138 тал/ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Ажилтан Б.Э үнэлгээтэй танилцаад гомдол /хх-ийн 49 тал/ гаргаагүй  боловч хариуцагч М ХХК-ийн Аттестатчиллын комисс Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар дүгнэсэн гэж мэтгэлцэж байна.

Аттестатчиллын байнгын комиссын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажилтнуудын  аттестатчиллын шалгалтыг зохион байгуулах ажлын удирдамжаа батлуулж, тус комиссын дарга, гишүүд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Инженерийн суурь мэдлэг бүхий ажилтнуудаас авах шалгалтын агуулга, ерөнхий сэдэв” баталж нийт ажилтнуудад дотоод сүлжээгээр хүргүүлж, мэдээлсэн үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа  тэнцэхгүй болох нь аттестатчиллын комиссын тайлангаар тогтоогдсон гэж ажилтан Б.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/202 тоот тушаал үндэстэй байна.

 

Иймд Б.Эг урьд эрхэлж байсан М ХХК-ийн Үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх  /сарын дундаж цалин 1,084,013 төгрөг :21.5 хоног, өдөрт 50.419 төгрөгөөр 69 өдрөөр тооцож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны/ олговорт 2,974,721 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан М ХХК-нд холбогдох Үйл ажиллагааны газрын Борлуулалтын хэлтсийн дэд бүтцийн түрээсийн гэрээний ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,974,721  төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгах тухай Б.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ