Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 216

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Ц.Г нэхэмжлэлтэй, ЦЕГД холбогдох захиргааны хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Г[1], түүний өмгөөлөгч С.С[2], П.Е[3], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О[4], Х.Н[5], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч Ц.Г 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[6]:

“Миний бие нь цагдаагийн албанаас халсан тухай мэдэгдлийг энэ оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн өмгөөлөгч С.С-р дамжуулан хүлээн аваад Цагдаагийн ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаагийн улмаас цагдаагийн албанаас халсан нь хууль тогтоомж зөрчсөн, үндэслэлгүй байгааг хянаж үзэх өөрөөр хэлбэл албаны шалгалт явуулалгүй, бодит нөхцөл байдлыг тогтоож, тодруулахгүйгээр шийдвэрлэсэн талаар гомдол гаргасан. Гаргасан гомдолд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5б/5627дугаартай албан бичгээр эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх хүртэл хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.

Дээрх албан бичигт дурдсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа шалтгааны улмаас албанаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.

Энэ нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Шүүхээр гэм буруутай нь нотлогдох хүртэл гэм буруутайд тооцохгүй” гэх үндсэн зарчим алдагдсан мөн Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” мөн хуулийн 27.2.1 Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3 зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх эрхтэй, Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.2 “Санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” мөн хуулийн 85 дугаар зүйл 85.12 Хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил албан тушаалд шилжүүлэхийг хориглоно гэх хуулийн заалтууд илт зөрчигдсөнөөр илэрхийлэгдэж байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 14.1.5-д заасан төрийн алба хаагч нь “Өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагуудаар хамгаалуулах эрхтэй” гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/450 дугаартай “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Г-г албанаас халсан” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байгаа болно.” гэжээ.

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

2.1. Хариуцагч З.Д 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[7]:

“Нэхэмжлэгч Ц.Г захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар, хүсэлтийг хүргүүлж байна. Үүнд:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/450 дугаар тушаалаар Ц.Г-г Ховд аймаг дахь цагдаагийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч нь мөн албан тушаалыг эрхэлж байхдаа цагдаагийн албаны нэр хүнд, эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгож, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.3,4 дэх заалтыг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар албанаас халсан.

Ц.Г-г албанаас халах үндэслэл болох үйл баримтыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-т заасны дагуу холбогдох нотлох баримтыг Авлигатай тэмцэх газраас гаргуулж, хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна.

Мөн нэхэмжлэгчийг албанаас халах болсон үндэслэлийн талаар Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө Ц.Г-г ажлаас халсантай холбогдох нэхэмжлэл бүхий маргаан буюу уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай”  Б/450 дугаартай  тушаалаар Ховд аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Г-г “цагдаагийн албаны нэр хүнд, эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.4 дэх заалтыг зөрчсөн” үндэслэлээр Ц.Г-г цагдаагийн албанаас халж, цагдаагийн хурандаа цолыг нь хураажээ.

Харин нэхэмжлэгч Ц.Г-с “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/450 дугаартай “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Г-г албанаас халсан” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх  захиргааны хэргийн шүүхэд гаргасны дагуу шүүхээс 128/2018/0932/3 индекстэй захиргааны хэрэг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүсгэсэн[8].

Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа тайлбар, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа тайлбаруудыг хэрэгт  цугларсан баримттай харьцуулан шинжлэн судалж, үнэлж дүгнэн, маргаан бүхий татгалзлын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэв:

Нэг.Маргаж буй үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгчээс “авлигатай тэмцэх газрын мэдээлэлд үндэслэж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа үндэслэлээр ажлаас нь халсан, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж тушаалын үндэслэлд заасан зөрчлийг шалгаж тогтоосон баримт байхгүй,  албаны шалгалт явуулаагүй атлаа ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн, тушаалын баримталсан хуулийн заалт ажлаас халсан үндэслэл нь хоорондоо зөрөөтэй, актын үндэслэл, шүүхийн тайлбар зөрж байна, нэр, хүнд ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал бий болсон нь тогтоогдохгүй байна, урьдчилан мэдэгдэж, бичгээр тайлбарыг нь аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, гэж маргажээ.

Хариуцагчаас “цагдаагийн албаны нэр хүнд, ашиг сонирхолд нөлөөлөх сөрөг үр дагавар санаатай бий болгосон учир ажлаас халсан. Хээл хахууль авах өгөх, зуучлах үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт хамаардаг. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм бол байгууллагын дотогш чиглэсэн, алба хаагчид үйл ажиллагаандаа мөрдөж, сахих хэм хэмжээ гэж тогтоож өгсөн байдаг. Ёс зүйн дүрэмд хээл хахууль өгөх, авах, зуучлахыг хориглосон байдаг. Эрүүгийн хуульд заасан дээрх үйлдлийг гаргах юм бол ёс зүйн дүрмийг зөрчсөнд тооцож, албанаас халах зохицуулалттай байдаг, яллагдагчаар цагдан хорьж байгаа гэсэн албан бичгийг үндэслээд авлига, хээл, хахууль өгсөн, авсан асуудлыг цагдаагийн байгууллага өөрийн дотоод хяналт шалгалтаар илрүүлээгүй. Авлигатай тэмцэх газраас тодорхой хэргийг шалгаж байх явцад Ц.Г-г авлига, хээл, хахууль авсан, өгсөн, зуучилсан талаар тодорхой үйл баримт гарч, гэрчийн мэдүүлгүүд авагдсан, яллагдагчаар татаж, цагдан хорьсны дараа манай байгууллагад мэдэгдсэн. Ц.Г авлига өгсөн, авсан эсэх талаар бид албаны шалгалт явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ц.Г-с тайлбар мэдүүлэг авах гэхээр цагдан хоригдож байсан. Мөн хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авъя гэхээр Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өгөхгүй байсан. Эдгээр нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн яриад байгаа албан шалгалтыг хийж чадаагүй.” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг няцааж маргажээ.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татах” тухай 1802003150149 дугаар Прокурорын тогтоолоор Ц.Г-д холбогдуулан “ӨӨ” ХХК-ийн захирал С.Ч аас 10,000,000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.[9]

Энэхүү прокурорын тогтоолыг үндэслэн маргаан бүхий актыг гаргаж,  нэхэмжлэгч Ц.Г-г цагдаагийн албанаас халж, цагдаагийн хурандаа цолыг нь хураажээ.[10]

Дээрх үйл баримтаас дүгнэхэд: нэхэмжлэгчийг “ӨӨ” ХХК-ийн захирал С.Ч-с 10,000,000 төгрөгийг хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон, эрүүгийн хэрэг үүссэн, яллагдагчаар татагдсан” гэсэн үндэслэлээр “Цагдаагийн албаны нэр хүнд, эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, ёс зүйн дүрэмд заасан “авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх” заалтыг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгчийг ажлаас нь халах шийдвэрийг хариуцагчаас гаргажээ. 

Гурав.Хууль зүйн үндэслэлийн талаар:

Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг “хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол” гарсан нөхцөл байдлыг Цагдаагийн албаны нэр хүнд, эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгож, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.4-д “авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх” гэсэн заалтыг[11] зөрчсөн, дүрмийн 1.3.2-т заасан “ноцтой зөрчил” гаргасан, 3.4-т заасан “Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн” гэж үзсэн гэдэг нь хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын үндэслэлээс тогтоогдож байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн  1.3.2-т “ноцтой зөрчил” гэсэн нэр томьёог Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ[12].

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:1.36-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг;” гэж зохицуулжээ.

Мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 1-д “Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.” гэж, мөн хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1-дЭрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ.” гэж заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасан.

Үндсэн хуулийн энэхүү зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.”, 1.8 дугаар зүйлд 1-д Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч ...гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.” гэж зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тодотгон заасан байна.

Дээр дурдсан хуулийн заалтуудыг маргааны үйл баримтын хувьд хэрэглэвэл, нэхэмжлэгчийн ажлаас халах акт гарах үед нэхэмжлэгчийг “хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байсан, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлээгүй, шүүхээс нэхэмжлэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нотлоогүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байсан гэдэг бодит нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймээс Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Г-д холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гарсан нөхцөл байдлыг түүнийг “хахууль авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй гэж үзнэ.

Хариуцагч захиргааны байгууллагаас “хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад “хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон” гэх үйл баримтад үндэслэн Ц.Г-г Цагдаагийн албаны нэр хүнд, эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгож, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.4-д “авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх” гэсэн заалтыг[13] зөрчсөн, дүрмийн 1.3.2-т заасан “ноцтой зөрчил” гаргасан, 3.4-т заасан “Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн” гэж үзсэн нь “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох” зарчим, холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно: 80.1.1.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн;” гэж, мөн хуулийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална: 82.1.1.өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн; 82.1.2.санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;” гэж тус тус заажээ.  

Үүнээс үзэхэд “хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол”-ыг үндэслэн Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу “хахууль авсан” гэмт хэрэгт  холбогдсон цагдаагийн алба хаагч Ц.Г-г бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлэх бүрэн эрх хариуцагчид хуулиар олгогдсон.

Гэтэл “хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн” гэдэг нь шүүхээр тогтоогдоогүй байхад Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас шууд халсан хариуцагч захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална ...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан заалтад нийцээгүй бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12-т  “Хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас .., халах, .-ийг хориглоно.” гэж заасан заалтыг зөрчсөн байна.

Цагдаагийн албаны нэр хүнд, эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.4-д “авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх” гэсэн заалтыг[14] зөрчсөн, дүрмийн 1.3.2-т заасан “ноцтой зөрчил” гаргасан, 3.4-т заасан “Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн” гэх нөхцөл байдал нь авилгалын гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдэд хамааралгүй, харин авилгалын гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байдал шүүхээр эцэслэн тогтоогдсон этгээдэд хамааралтай байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагчаас “...Авлигатай тэмцэх газраас тодорхой хэргийг шалгаж байх явцад Ц.Г-г авлига, хээл, хахууль авсан, өгсөн, зуучилсан талаар тодорхой үйл баримт гарч, гэрчийн мэдүүлгүүд авагдсан, яллагдагчаар татаж, цагдан хорьсны дараа манай байгууллагад мэдэгдсэн...” гэсэн тайлбар[15] нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох тухай 7.2 дугаар зүйлийн 1-д “...., эрх бүхий албан тушаалтан, ... яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж заасантай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Дээрхээс гадна нэхэмжлэгч талаас “...цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж тушаалын үндэслэлд заасан зөрчлийг шалгаж тогтоосон баримт байхгүй,  албаны шалгалт явуулаагүй атлаа ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн...” гэж маргаж буй үндэслэл нь нэхэмжлэгчийг “хахууль авсан гэмт хэрэгт  гэм буруутай үйлдлийг шалган тогтоох ажиллагаа” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:1.36-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг;” гэж заасны дагуу зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдох ажиллагаа гэдэг үндэслэлээр үгүйсгэгдэж байгааг дурдах зүйтэй.

Харин нэхэмжлэгч талаас “...хариуцагч актыг гаргахдаа хууль болон журамд заасан сонсох ажиллагаа огт явуулаагүй. Сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа Ц.Г цагдан хоригдсон. Бид хаана байсныг нь мэдээгүй учир ийм ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь хууль зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт сонсох ажиллагаа хийхгүй байж болох 6 үндэслэлийг дурдсан байдаг. Эдгээр 6 үндэслэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбар хамаарахгүй байна. Ийм учраас сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байгаа үндэслэл хууль бус байна.” гэж маргаж байгаа үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д “Захиргааны акт, ...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан сонсох ажиллагааг явуулах арга хэлбэрээр нэхэмжлэгч талд ажлаас халах шийдвэрийг урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, боломжтой байсан боловч уг хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч Ц.Г-г хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад ажлаас халсан, актын талаар мэдэгдэж, шийдвэрийн талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй маргаан бүхий акт нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хариуцлага хүлээхгүй байх, ажлаас үндэслэлгүй халагдахгүй байх, шийдвэрийг урьдчилан мэдэж, тайлбар, санал гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу ажлын 90 өдрийн хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай хөлстэй тэнцэх хэмжээний 7,111,620 төгрөгийн олговрыг тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Тооцооллын задаргаа:

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5, 7 дахь хэсгийн а /ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах үеийн хохирлыг төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно/-д заасны дагуу хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 04 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх буюу ажилгүй байсан ажлын 90 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор:

-1,683,083 төгрөг[16] /Сүүлийн 3 сарын 1 сарын дундаж цалин/ : 21,3 /ажлын өдрийн дундаж тоо/=79,018 төгрөг /1 өдрийн дундаж цалин/,

-79,018 х 90 = 7,111,620 төгрөг /1 өдрийн дундаж цалин/ х /ажилгүй байсан нийт ажлын/ өдөр = нөхөн олговор.

Түүнчлэн тухайн олговрыг Цагдаагийн ерөнхий газрын төсвөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

      3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Ц.Г-с ЦЕГД холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/450 дугаартай “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Г-г албанаас халсан” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/450 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Г-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 7,111,620 төгрөгийн цалинг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ЦЕГД даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                  А.САРАНГЭРЭЛ


[1] 128/2018/0932/З индекстэй хэргийн 6 дахь тал

[2] 128/2018/0932/З индекстэй хэргийн 7 дахь тал

[3] 128/2018/0932/З индекстэй хэргийн 88 дахь тал

[4] 128/2018/0932/З индекстэй хэргийн 123 дахь тал

[5] 128/2018/0932/З индекстэй хэргийн 123 дахь тал

[6] 128/2018/0932/З индекстэй хэргийн 1-2 дахь тал

[7] 128/2018/0932/З индекстэй хэргийн 54 дэх тал

[8] 128/2018/0932/З индекстэй хэргийн 24-26 дахь тал

[9] 128/2018/0932/З индекстэй хэргийн 74-75 дахь тал

[10] 128/2018/0932/З индекстэй хэргийн 38 дахь тал

[11] 128/2018/0932/З индекстэй хэргийн 36 дахь тал

[12] 128/2018/0932/З индекстэй хэргийн 35 дахь талын арын нүүр

[13] 128/2018/0932/З индекстэй хэргийн 36 дахь тал

[14] 128/2018/0932/З индекстэй хэргийн 36 дахь тал

[15] 128/2018/0932/З индекстэй хэргийн 166, 169 дэх тал

[16] 128/2018/0932/З индекстэй хэргийн 48 дахь тал