Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1697

 

 

Г.Цоггэрэлийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01137 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК

Хариуцагч “Мфикс капитал” ХХК-д холбогдох

           

“Мфикс капитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А дугаар байрны 22 тоот 4 өрөө, Г.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийн тухай

 

Хариуцагчийн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            Э.Хоролдулам

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                      Д.Түвшинтамир

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               Э.Жаргал

                                                                                  Б.Анирмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хоролдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай 120 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А байрны 22 тоотод байрлах 176 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, 46А байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудын хамт захиалсан. Ингээд орон сууц болон авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4553 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А байрны 22 тоот, 176 м.кв талбайтай, зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолууд болон 4,5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46А байрны 22 тоот орон сууц болон мөн байрны 5, 6 тоот авто зогсоол болон 4.5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр Г.Цоггэрэлийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, Орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013783 дугаарт бүртгэж, 000451205 дугаартай гэрчилгээ олгосон. ”Мфикс капитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК нь хууль ёсны өмчлөгчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж барьцаалсан байна.  “Мфикс капитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хооронд 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗБГОООЗ/100519 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А байрны 22 тоот Г.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах буюу орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, Б.Анирмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Улаанбаатар хотын банк” ХХК нь “Мфикс капитал” ХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж барьцааны эрхээ баталгаажуулсан. “Мфикс капитал” ХХК нь Г.Цоггэрэлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандаж, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4553 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, өмчлөгчөөр тогтоосон юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Тэгэхээр Г.Цоггэрэлийг өмчлөгч болохоос өмнө буюу өмнөх өмчлөгчтэй орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг бүртгүүлсэн байсан учраас тухайн үед өмчлөгч болоогүй байсан Г.Цоггэрэлээс заавал зөвшөөрөл авах шаардлага байгаагүй. Учир нь: тухайн үед улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “Мфикс капитал” ХХК нь бүртгэлтэй байсан. Барьцааны эрх өмчлөх эрх шилжихэд дагаад шилжих салшгүй эрх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт тухайн эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд нь өмнөх барьцаалагчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын банкны барьцааны эрх хүчин төгөлдөр байгаа учраас орон сууцны өмчлөгч солигдсон эсэхээс үл хамааран дараагийн өмчлөгч нь барьцаалагчийн эрх, үүргийг хүлээнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч “Мфикс капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Г.Цоггэрэл нь “Мфикс капитал” ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 120 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 46А байрны 22 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг тус байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудын хамт захиалан бариулж, төлбөрийг 2009 оны 12 дугаар сарын 3-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4553 дугаар захирамжаар түүнийг тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 530 тоот шийдвэрээр өмчлөгчөөр бүртгэхээр шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон. “Мфикс капитал” ХХК нь 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар Улаанбаатар хотын банкнаас 3 150 000 еврогийн зээл авч зээлийн гэрээний хугацааг сунгахдаа банкнаас тавьсан шаардлагын дагуу 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр орон сууц болон авто зогсоолыг Г.Цоггэрэлийн захиалгаар барьж дууссаны дараа, төлбөрийг төлж дуудсаны дараа банкинд барьцаалсан юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-иудад холбогдох “Мфикс капитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А байрны 22 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг “Улаанбаатар хотын банк” ХХК-д даалгаж нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Цоггэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,нэхэмжлэгч Л.Цоггэрэлээс 1 257.750 төгрөгийг нөхөн Төрийн санд олгож, хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-иас 734.175 төгрөгийг, хариуцагч “Мфикс капитал” ХХК-иас 663.975 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч Л.Цоггэрэлд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-иас төлөөлөгч А.Энхмэнд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхээс "маргаан бүхий орон сууцыг барьцаалсан хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж, хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байна" гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Зээлийн барьцааны гэрээ байгуулахад Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар гэрээний агуулгад тодорхой шаардлагыг тавьсан байдаг бөгөөд "Мфикс капитал" ХХК болон Улаанбаатар хотын банкны хооронд байгуулагдсан барьцааны гэрээ дээрх хуулийн шаардлагуудыг хангасан, улмаар бүртгэлийн байгууллага талуудын хооронд байгуулагдсан гэрээг бүртгэсэн нь банк болон барьцаалуулагч хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ болохыг нотолж байна. Гэтэл шүүхээс барьцааны гэрээ байгуулахад хуулийн ямар хориглох хэм хэмжээ, ямар шаардлагыг хангаагүй талаар дүгнээгүй атлаа зээлийн барьцааны гэрээнд огт хамааралгүй зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэрийг хангахтай холбоотой хуулийн заалтыг хэрэглэж, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг харуулж байна.

Шүүхээс зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болгохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх заалтыг үндэслэл болгосон нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх нөхцлийг заасан байхад уг заалтыг хэрэглэлгүй барьцааны гэрээний харилцаанд хамааралгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

   Нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-уудад холбогдуулан “Мфикс капитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А дугаар байрны 22 тоот 4 өрөө, Г.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай 120 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А байрны 22 тоотод байрлах 179 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, 46А байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудын хамт захиалсан байна.

 

Г.Цогтгэрэл нь дээрх байрны болон авто зогсоолын төлбөрийг төлж барагдуулсан асуудлаар талууд маргаагүй байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4553 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А дугаар байрны 22 тоот 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Цоггэрэлийг тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 530 тоот шийдвэрээр өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хан-Уул дүүргийн бүтгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.  /хх14-17/

 

Нэхэмжлэгч нь зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Улаанбаатар хотын банк хууль ёсны өмчлөгчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулсан”гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Улаанбаатар хотын банк” ХХК нь  “Мфикс капитал” ХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ЗГ002/100319 тоот зээлийн гэрээгээр 3.158.000 еврог хөрөнгө оруулалтын зориулалтаар авч, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗНГ0003/100519 тоот гэрээ байгуулж, “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 44А болон 46 А блокын 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцнуудыг барьцаалсан гэрээ байгуулагдах үед барьцааны зүйл нь Г.Цоггэрэлийн өмчлөлд шилжээгүй байсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасан үнэдслэлээр хууль зөрчиж зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан бөгөөд хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК барьцааны зүйл болох уг орон сууцыг өөр этгээдийн өмчлөлийн зүйл эсэх талаар мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж зааснаар бөгөөд Мфикс капитал” ХХК тухайн үед өөрийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 44А болон 46А блокын 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцнуудыг бусдад барьцаалуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Иймд “Мфикскапитал” ХХК нь “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнээс Г.Цоггэрэлийн өмчлөлийн 46А дугаар байрны 22 тоот 4 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна гэж үзэв.

 

        Иймээс нэхэмжлэгч Г.Цоггэрэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх үүсээгүй байна. 

 

Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ талаар давж заалдсан хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн “Мфикс капитал” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46А дугаар байрны 22 тоот 4 өрөө, Г.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Улааанбаатар хотын банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 734.175 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ

                   ШҮҮГЧИД                           С.ЭНХТӨР

                                                               Ц.ИЧИНХОРЛОО