Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00427

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01876 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2201 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ё.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 37 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ё.Б-д 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 19 000 000 төгрөгийг дансаар, 6 000 000 төгрөгийг бэлнээр, нийт 25 000 000 төгрөг өгсөн бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг нөхөж хийсэн. .. зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр гэрээнд тусгасан. Үүнээс хойш 3 000 000 төгрөг л хүнээр дамжуулан өгсөн.

Иймд үндсэн зээл 25 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 12 500 000 төгрөг, нийт 37 500 000 төгрөгийг хариуцагч Ё.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01876 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ё.Б-аас 33 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 500 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ё.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 322 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2201 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Би шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авснаар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхэд очиж нэхэмжлэлийн хувийг гардан авсан. Ингээд би өмгөөлөгчөөс зөвлөгөө авахаар шийдэж өөрийн танил өмгөөлөгч Тайванхүүгийн Баасанжаргалтай уулзаж зөвлөгөө авахад намайг төлөөлж шүүхийн ажиллагаанд оролцож болно, миний өмнөөс хариу тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох зэрэг ажпуудыг хийж өгнө гэж хэлж байсан. Тухайн үед миний бие Сүхбаатар аймагт ажилтай байсан тул өмгөөлөгч Т.Баасанжаргалд өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг үлдээсэн. ... Гэтэл миний даатган үлдээсэн өмгөөлөгч маань хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй, шүүх хуралдаанд оролцох нь бүү хэл хариу тайлбар ч гаргаагүй байна. ... шүүхийн ажиллагаанд миний төлөөлөгч очоогүй тохиолдолд ядаж надад утсаар мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг ч мэдэгдээгүй байгаад маш их гомдолтой байна. Хэдийгээр миний бие шүүх хуралдааны товыг өөрөө шүүхээс лавлах үүрэгтэй ч миний төлөөлөгч ажиллагаанд оролцож байгаа гэж бодож байсан. ... 81090211 гэсэн утасны дугаарыг шүүхэд огт өгөөгүй ба энэ нь миний регистрийн дугаарыг илтгэх арван оронтой тоо байна. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардан авах үедээ өөрийн 90000789 дугаарыг бүртгүүлж мөн энэ дугаараараа ч шүүгчийн туслах ажилтантай ярьсан. ... Миний шүүхэд өгсөн хаяг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хаягт би болон миний гэр бүл байнга амьдардаг. Гэтэл шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэхэд шуудангийнхан огт очоогүй байж “энэ хаягт байхгүй” гэсэн тодорхойлолт хийж намайг эрэн сурвалжлуулж байсан. ... яагаад 80 000 000 төгрөгийн тухай дурдагдсан болон ямар зорилгоор хийсэн гэрээ болохыг нотолж, маргааны үнэн мөнийг тогтоолгох хүсэлтэй байна. Ц.Б- нь мөнгө шилжүүлэх үед миний ажиллаж байсан компанитай хамтран ажиллахаар тохиролцож, хамтран ажиллахын тулд 25 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэхүү мөнгийг миний бие өөрийн дансаар болон бэлнээр хүлээн авсан боловч “Даян финанс” ХХК үйл ажиллагаандаа зарцуулсан болохыг Ц.Б- өөрөө мэдэж байгаа боловч сүүлд мөнгө шилжүүлснээс хойш сарын дараа над дээр ирж Зээлийн гэрээ байгуулсан. Энэ тухай баримтаа өмнөх өмгөөлөгчдөө өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01876 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2201 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б- хариуцагч Ё.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 37 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч Ё.Б- шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч Ё.Б- нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2., 72.3.-т заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү нэхэмжлэлийг хүлээн авсан боловч тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй бол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх учиртай.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч нь зээлийн талаар аман тохиролцоо хийж, хожим уг тохиролцоог бичгийн хэлбэрт оруулан, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь 25 000 000 төгрөгийг хариуцагчид хүүгүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зээлүүлсэн байна. Зээлийг буцаан төлөх үүргээ зээлдэгч хугацаа хожимдуулвал алданги тооцох талаар талууд гэрээндээ заажээ.

Зохигч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч Ц.Б- хариуцагч Ё.Б-аас хүнээр дамжуулан 3 000 000 төгрөг авсан гэж тайлбарласныг үндэслэн шүүх үндсэн зээлийн үүргийг 22 000 000 төгрөг гэж үзэн, алдангийг энэ үнийн дүнгээс тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01876 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2201 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 322 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН