Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/01876

 

 

 

  2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/01876

           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:   Ц.Б -гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ё.Б -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 37,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ё.д 2016 оны 07 сарын 27-ны өдөр 19,000,000 төгрөгийг дансаар, 6,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 25,000,000 төгрөг өгсөн. Ё. надаас энэ мөнгийг зээлэхдээ өвсний наймаа хийнэ маш ашигтай юм байна. Чамд ашиг нэмэж өгнө гэж хэлж тохиролцсон.

Үүний дагуу 2016 оны 08 сарын 12-ны өдөр зээлийн гэрээг нөхөж хийж Ё. нь надад 2016 оны 08 сарын 20-ны өдөр гэхэд 40,000,000 төгрөг, 2016 оны 09 сарын 20-ны өдөр гэхэд 40,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг өгнө гэж гэрээ хийсэн. Мөн зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцож төлөхөөр гэрээнд тусгасан. Үүнээс хойш 3,000,000 төгрөг л хүнээр дамжуулан өгсөн.

Иймд үндсэн зээл 25,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөгийг хариуцагч Ё.аас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М. нь хариуцагч Ё.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Ё. нь 2018 оны 08 сарын 09-ний өдөр эрх, үүрэгтэйгээ танилцаж, мөн өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч Ё.ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

Ц.гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Талууд өмнө амаар хийсэн хэлцлээ хожим бичгээр баталгаажуулан 2016 оны 08 сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд зээлдүүлэгч Ц. нь 25,000,000 төгрөгийг зээлдэгч Ё.д хүүгүйгээр зээлдүүлсэн болохыг тусгаж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацааг 2016 оны 09 сарын 30-ны өдөр хэмээн тодорхойлжээ. /хх-4х/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлдэгч Ё. нь зээлдүүлэгч Ц.гээс шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд зээлдүүлэгч Ц. нь зээлдэгч Ё.аас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлэг, зарлагын мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц.гээс 2016 оны 07 сарын 27-ны өдөр 9,000,000 төгрөг болон 10,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгийг Ё.д шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Мөн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд “Зээлдүүлэгч би Ц. зээлдэгч Ё.д 25,000,000 төгрөгийг зээлдүүлсэн” хэмээн дурдсан байх тул “6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв байна гэж үзэв.

Талууд “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.

Ё.аас 3,000,000 төгрөгийг хүнээр дамжуулан авсан хэмээн нэхэмжлэгч тал тайлбарладаг тул гүйцэтгээгүй үүрэг болох 25,000,000 – 3,000,000 = 22,000,000 төгрөгөөс 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хоног тутамд 0.5%-ийн алданги тооцоход (22,000,000 х 0.5%) х 720 хоног = 79,200,000 төгрөгийн алданги гарч байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 22,000,000 х 50% = 11,000,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.  

Иймд хариуцагч Ё.аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 22,000,000 төгрөг + гэрээгээр тохирсон алданги 11,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч Ё. нь 2018 оны 08 сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа өөрийн оршин суух хаягийг “Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, ЗМЗ-2 тоот” хэмээн тодорхойлсон нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00221 дүгээр шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллагаас Ё.ыг эрэн сурвалжилж, олж тогтоосон хаягтай нь нийцэж байв. /хх-7х, 14х/

Хариуцагчийн өөрийнх нь тодорхойлсон хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч “Хаягаар очоод хаягт байхгүй эзгүй байдаг. Өмнө буцаж байсан. Хорооноос лавлахад бүртгэлтэй боловч хаягт байхгүй өөр газар байдаг” хэмээн Монгол шуудан ХК-ийн магадлагаанд тэмдэглэгдсэн байдаг.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас ... –аар дамжуулан мэдэгдэж болно” хэмээн заасны дагуу хариуцагчийн өөрийнх нь тодорхойлсон 81090211 тоот дугаар руу залгахад “орох эрх хаагдсан” байсан болох нь 2018 оны 09 сарын 13-ны өдрийн “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар тогтоогддог.

Хариуцагч Ё. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ, мөн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ тус тус биелүүлээгүй учир мөн зүйлд заасны дагуу мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, холбогдох хорооны Засаг даргад хүлээлгэн өгсөн учир хурлын товыг хүргэсэн тооцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ё.аас 33,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ё.аас улсын тэмдэгтийн хураамж 322,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.