Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 20

 

Ж.Ба-, Л.Бат-, Г.Мө- нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Прокурор Б.Одонтуяа Шүүгдэгч Г.Мө- Шүүгдэгч Г.Мө-ийн өмгөөлөгч Ш.******* Шүүгдэгч Ж.Ба- Л.Бат- нарын өмгөөлө Л.Мөнхсайхан гч /ШЕЗ-өөс онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Мө-, түүний өмгөөлөгч Ш.******* нарын давж заалдсан гомдлоор Ж.Ба-, Л.Бат-, Г.Мө- нарт холбогдох 172400010008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто тракторын слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хулууд овгийн Ж-ийн Ба- /РД:ИЦ********/

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Ирээдүй хэсгийн 4-1 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Цагаан гэрүүд овгийн Л-ийн Бат- /РД:*********/

3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт оршин суух, урьд нь Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 70,000 төгрөгөөр торгох, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Хулууд овгийн Г-ийн Мө- /РД:ИЗ********/

Шүүгдэгч Ж.Ба- нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Нахиу” гэх газрын ойгоос нийт 11.839 м3 хар мод /шинэс/ бэлтгэж ойн санд 1.278.612 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус модыг иргэн Л.Бат-эд худалдсан, -Шүүгдэгч Л.Бат- нь Ж.Ба-ы зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэлд хатгагчаар оролцож, дээрх модыг худалдан авч Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Нахиу” гэх газрын ойгоос улсын дугааргүй ГАЗ-66 маркийн автомашинаар Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн, Шүүгдэгч Г.Мө- нь Ж.Ба-ы зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж 2016 оны 12 сард өөрийн эзэмшлийн **-**ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Нахиу” гэх газрын ойгоос Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Лувсандоржийн Бат-ийг бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, бусадтай бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүй мод худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Хулууд овогт ******* Ба-ыг бусадтай бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж, худалдсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Хулууд овогт ******* Мө-ийг бусадтай бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.Бат-ийг 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.Ба-, Г.Мө- нарыг тус бүрийг 2 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ба-, Л.Бат-, Г.Мө- нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч Л.Бат-, Г.Мө- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Ба- нь 2 хоног цагдан хоригдсон, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.Ба-ы эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бат-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн ГАЗ-66 маркийн **-** УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Г.Мө-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ж.Ба-, Л.Бат-, Г.Мө- нарын гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай, 76 ширхэг, 11.839 метр куб хар модыг тус тус улсын орлого болгож, дээрх зүйлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ба-ы хувьд ногдох хөрөнгөөс тугалтай нас гүйцсэн хар үнээ, эвэртэй халзан улаан монгол нас гүйцсэн үнээ, нийт 2 тооны 1,200,000 төгрөгийн үнэ бүхий үхэр, шүүгдэгч Л.Бат-ийн хувьд ногдох хөрөнгөөс 7х8 метрийн хэмжээтэй, 11,000,000 төгрөгийн үнэ бүхий модон байшин, нас гүйцсэн сарлагийн эр, 2 тооны 1,600,000 төгрөгийн үнэ бүхий үхэр, шүүгдэгч Л.Мө-ийн хувьд ногдох хөрөнгөөс 2 ширхэг Caosn, Rowsen маркийн 900,000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгчийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагч, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ба-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ба-, Л.Бат-, Г.Мө- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Г.Мө-ийн өмгөөлөгч Ш.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад шүүгдэгч Г.Мө-тэй холбоотой эрүүгийн хариуцлагын талаар гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх “... мэдүүлгүүд нь хэрэг авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэв. Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүйн дээр энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан байна. Шүүгдэгч Г.Мө-ийн “...Л.Бат- зөвшөөрөлтэй гээд гуйгаад байсан болохоор зөвшөөрөлтэй юм байх гэж бодоод Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн Нахиу” гэх газраас 4 метрийн урттай 40 ширхэг модыг тээвэрлэсэн. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгийг мэдэж байсан бол тээвэрлэж өгөхгүй байсан......” гэсэн мэдүүлгээр түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг зөөж, тээвэрлэж байгаагаа мэдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна...” гэж хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн байна. Гэтэл шүүгдэгч Г.Мө- нь бусдыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэдгийг мэдээгүй, ачуулах гэж байгаа модоо зөвшөөрөл, гоожинтой мод гэж хэлсэнд итгэж, уг модыг тээвэрлэсэн гэдэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед эргэлзээгүй тогтоогдсон юм. ...Шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар тэнссэн, улмаар шүүгдэгчийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзээд улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.Мө-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, ...улсын орлого болгохоор заасан тээврийн хэрэгслийг Г.Мө-д буцаан олгох гэж тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Г.Мө-ийн өмгөөлөгч Ш.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Г.Мө- нь Л.Бат-ийг эрхийн бичигтэй /гоожинтой/ гээд гуйгаад байхаар нь итгээд өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн машинаараа 4 метрийн урттай 40 ширхэг шинэс модыг Их-Уул сум руу тээвэрлэж оруулсан байдаг. Эрхийн бичиггүй гэдгийг нь огт мэдээгүй талаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортой мэдүүлсээр ирсэн. Иймд Г.Мө- нь гэмт хэрэгт хамтран оролцоогүй учраас түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, улсын орлогод хурааж авсан ЗИЛ-131 маркийн 69-21 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. Шүүгдэгч Г.Мө- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Бат-ийг зөвшөөрөлтэй /гоожинтой/ гээд байхаар нь итгээд өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 машинаараа 40 ширхэг шинэс мод Их-Уул сум руу оруулж өгсөн. Хэрэв эрхийн бичиггүй гэдгийг мэдсэн бол би Л.Бат-эд мод тээвэрлэж өгөхгүй байсан. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын орлогод хураан авсан машиныг минь чөлөөлж өгнө үү гэв. Шүүгдэгч Ж.Ба-, Л.Бат- нарын өмгөөлөгч Л.Мөнхсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгайлан гаргах тайлбар байхгүй гэв. Прокурор Б.Одонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан учраас тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мө-ийн өмгөөлөгч Ш.*******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Ж.Ба- нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн нахиу” хэмээх газрын ойгоос зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Л.Бат-ийн захиалгаар 4 метрийн урттай 76 ширхэг 11.839 метр куб хар мод /шинэс/ бэлтгэн, түүнд худалдаж ойн санд 1.278.612 төгрөгний хохирол учруулсан хэргийг, -Шүүгдэгч Л.Бат- нь Ж.Ба-ы зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэлд хатгагчаар оролцож, Ж.Ба-ы Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнтийн нахиу” хэмээх газрын ойгоос зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 4 метрийн урттай 76 ширхэг 11.839 метр куб хар мод /шинэс/-ыг худалдан авч, өөрийн эзэмшлийн **-** УБ улсын дугаартай ГАЗ-66 маркийн автомашинаар Завхан аймгийн Их-Уул сумын “Шургуултын өтөг” гэх газар хүртэл тээвэрлэсэн хэргийг, - Шүүгдэгч Г.Мө- нь Ж.Ба-ы зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг 2016 оны 12 сард өөрийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн авто машинаар Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Өртөнгийн нахиу” гэх газрын ойгоос Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******, гэрч А.*******, Д.*******, С.*******, С.*******, Б.*******, З., Н., Б., шинжээч Б. нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 тоот шинжээчийн дүгнэлт, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот албан бичиг, Улсын Их Хурлын зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 тоот тогтоолын хуулбар, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс шүүгдэгч нарын хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон ял хүнддээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн явдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Г.Мө-ийн өмгөөлөгч Ш.******* давж заалдсан гомдолдоо “...Миний үйлчлүүлэгч Г.Мө- нь зөвшөөрөлгүй, эрхийн бичиггүй модыг тээвэрлэж байна гэдгээ тухайн үедээ мэдээгүй байсан нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй байхад тухайн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар тэнссэн, улмаар шүүгдэгчийн эзэмшлийн 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэн улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ. Шүүгдэгч Г.Мө-ийн зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй блэтгэсэн модыг тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд зохих зөвшөөрлгүй гэдгийг мэдээгүй байх нь түүнийг эрүүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мө-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан /мод тээвэрлэхдээ/ ашигласан 69-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгосон шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мө-ийн өмгөөлөгч Ш.*******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мө-ийн өмгөөлөгч Ш.*******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ