Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00439

 

Ш.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00664 дүгээр шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2018/00029 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ш.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А” ХК-д холбогдох,

Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2 589 776 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... “А” ХХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/24 тоот тушаалаар би ээлжийн амралтаа 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногоор бодуулсан ба ээлжийн амралтаа эдлээд 05 дугаар сарын 10-нд дууссан. Ажилдаа орохоор очиход ажлаас халсан гэх боловч тушаалыг гардуулж өгөөгүй.

Компанийн захирал 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалаа хүчингүй болгож, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргасан байдаг.

...Тушаалд төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирал ажилтай Ш.Б- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоож, “ДБЭХС” ТӨХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээг удаа дараа санаатайгаар тасалдуулж хамт олны дунд таагүй уур амьсгал бий болгосон гэж дурдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасны үндэслэн ажлаас халсан нь үндэслэлгүй.

Иймд компанийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Төлөвлөлт хангамж хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нийт 2 589 776 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр бус, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр тушаал гаргасан. Мөн Хөдөлмөрийн хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан хэсгийг үндэслэсэн. Энэ хуулиуд болон А ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг зөрчин А ХК-ийн нүүрс олборлох үйл ажиллагааг таслан зогсоож “ДБЭХС” ТӨХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээг тасалдуулснаас болж компани 700 000 000 төгрөгийн орлогыг алдсан. Энэ үйлдэл нэхэмжлэгч Ш.Б-гийн идэвхтэй үйлдэл байсан ба үүнд “А” ХК-д хохирол учруулсан. А ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.5, 12.2.6, 12.2.7 гэсэн асуудлууд хөндөгдсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтанг хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны эрх, зүйн байдалтай адилтгаж үзнэ гэж хэлдэг. Тийм учраас тухайн байгууллагад хөдөлмөр эрхэлсэн л бол тухайн байгууллагын дотоод журамд захирагдах үүрэгтэй байсан юм. Нэхэмжлэгч маань хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс болж хөдөлмөрийн харилцаан дахь зүйлийг шаардах эрхгүй гэж байгаа бол, гэрээ байгуулаагүй ажилтан ч ажил олгогчоос ажил өгөхийг шаардах эрхгүй.

... нэхэмжлэгч маань ажлын цагаа бүртгүүлдэг хүний тоонд ордог. Энэ талаар хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөө цагаа бүртгүүлэхгүй байж ажилтнаа бүртгүүл гэж шаардаж байгаа бол энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг зөрчиж байгаа зүйл юм. Тийм учраас “А” ХК-ийн Б/36 тоот тушаал үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч Ш.Б- нь “А” ХК-ийн хувьцаа эзэмшигч Сайнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “А” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж явдаг. Компаний тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.1, 89.1.2, 89.1.3, 89.1.4 дэх хэсэгт зааснаар сонирхлын зөрчил бүхий хэлцлийг бусад этгээдтэй байгуулахыг оролдсон нь компанийн удирдлагуудын итгэлийг алдсан үйлдэл болоод байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00664 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Бүргэд овогт Шинэбаярын Б-г А ХК-ийн Төлөвлөлт, Хангамж хариуцсан дэд захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч А ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 433 840 /хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэгчийн гомдлоос тус компанийн захирлын 2018 оны 5 сарын 21-ний өдрийн №Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсэг, ажилгүй байсан хугацааны олговроос 155 936 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б-д олгох 2 433 840 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг А ХК-ийн санхүүд үүрэг болгожээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2018/00029 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00664 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А ХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас хөдөлмөрлөхийг ажил олгогчоос шаардах эрхгүй гэсэн тайлбарыг өгсөн нь “нэхэмжлэгч” ээлжийн амралтын хугацааг хэтрүүлснийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ажилтны хувьд хөдөлмөрийн харилцаан дахь ямар нэгэн үр дагаврыг үүсгэхгүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаад зохих дүгнэлтийг өгөөгүй.

Мөн нэхэмжлэгчийн “төлөвлөлт хангамж хариуцсан захирлын” албан тушаалыг Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн “62.2.2.т гүйцэтгэх удирдлагын багийн эрх хэмжээг тогтоох”, “62.2.3.компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох”, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох”, “62.2.8.гүйцэтгэх удирдлагын дотоод зохион байгуулалтыг батлах” ТУЗ-ийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлын хүрээнд батлагдаагүй ажлын байр бөгөөд нэхэмжлэгч ажилд эргүүлэн тогтоолгох тухай шаардсан ажлын байр батлагдаагүй.

Ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь сахилгын зөрчлийг гаргаж болох хууль зүйн боломжтой харин нэгэнт хөдөлмөрийн харилцаанд орж зохих цалин, хөлс олгож байгаа ажил олгогч хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй этгээдэд шаардлага тавьж хариуцлага тооцох боломжгүй мэтээр Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан нь хуулийн үзэл баримтлалтай нийцээгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гэж дүгнэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлийг удаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн дотоод журамд заасан “хөдөлмөрийн харилцааг” шууд зогсоох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн шүүх зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас ноцтой зөрчлөөр хариуцлага тооцох боломжгүй гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч нь мөн ажил олгогчоос ажилд буцаан авахыг шаардах хөдөлмөрийн харилцааг нотлох гэрээгүй учраас ажилд эргүүлэн тогтоолгохоор шаардах эрхгүй байх хууль зүйн боломжтой байхаар хуулийг тайлбарласан гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Компанийн дотоод журам, ажлын байрны талаарх мэдээлэл, ажилтны гаргасан зөрчил, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хүртэл өөрийн гаргасан зөрчлийг зөвшөөрсөн тайлбар байгаад хоёр шатны шүүх зөв дүгнэлт гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүйд тооцож хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “А” ХК-ний төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын ажлаас чөлөөлсөн компанийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг шаарджээ.

Хариуцагч “А” ХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч ажил үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагын итгэлийг алдсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дахь хэсгийг баримталсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д заасан зөрчлийг нэхэмжлэгч Ш.Б- гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж шүүх үзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Хариуцагч “А” ХК нь нэхэмжлэгч Ш.Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд энэ нь тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэнийг үгүйсгэхгүй боловч ийнхүү гэрээ байгуулагдаагүй нөхцөлд гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийн талаар талууд тохиролцоогүй гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ш.Б-г мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзэх, улмаар ажил олгогчийн итгэлийг алдах үйлдэл гаргасан тухай баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно. Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлийг нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх нь хууль зөрчихгүй.

Анхан болон давж заалдах шатны  шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00664 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2018/00029 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН