Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 664

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 0 дугаар баг, 00-00 тоотод оршин суух Б овогт Ш.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Даваахүүгийн Ганбаярын,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 0 дугаар баг, өөрийн байранд байрлах, А Х.К-д холбогдох

Ажлаас буруу халсны улмаас тус компанийн захирлын ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2 589 776 төгрөг гаргуулах тухай гомдлыг 2018 оны 5 сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга М.Баттулга

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Б нь А ХК-д 2017.05.01-ний өдрөөс захирлын туслах албан тушаалд ажилд орсон бөгөөд улмаар 2018.03.05-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Төлөвлөлт, Хангамж хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. 2018.04.20-ны өдрийн Б/28 тоот тушаалаар Ш.Б гэнэт ажлаас халсан боловч энэ тухай мэдэгдээгүй, тушаалыг гардуулж өгөхгүй өнөөдрийг хүртэл чимээгүй явсаар байна. Ш.Б нь 2018.04.20-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногоор ээлжийн амралтаа бодуулсан ба ээлжийн амралтаа эдлээд 5 сарын 10-нд дууссан. Ажилдаа орохоор очиход ажлаас халсан гэх боловч тушаалыг гардуулж өгөхгүй, яах гээд байгаа нь тодорхойгүй, үйл ойлголцох байдал бий болж түүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна Иймд үндэслэлгүйгээр халсан уг тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Д.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь А ХК-ийн захирал Ш.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан ба хариуцагч Ш.Б А ХК-иар сольсон бөгөөд хариуцагч нь 2018.04.20-ны өдрийн Б/28 тоот тушаалаа хүчингүй болгож 2018 оны 5 сарын 21-ний өдөр Б/36 тоот тушаалаар нэхэмжлэгч Ш.Б-г ажлаас нь халсан байх тул тус компанийн захирлын 2018.05.21-ний өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны олговорыг 2018.05.21-ний өдрөөс 2018.07.19-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нийт 2 589 776 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн эоүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийлгүүлж өгнө үү.

Нэхэмжлэгч Ш.Б нь А ХК-ийн хяналтын багцыг эзэмшдэг Ш, С нарын хүү юм. Б нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс захирлын туслах албан тушаалд ажилд орсон. Мөн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төлөвлөлт, Хангамж хариуцсан дэд захирлаар албан тушаал нь өөрчлөгдөн ажиллаж эхэлсэн. Хавтас хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичгдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тушаал зэргээс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас халагдах тушаал гарах өдрийг хүртэл ажиллаж байсан нь тогтоогдож байна... Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүйн улмаас ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх байхгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй....Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба түүний эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтантай нэгэн адил гэж үзэх нь зүйтэй юм. ...А ХК-ий захирлын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалаар хамгийн сүүлд ажлаас халсан байдаг. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн гаргасан ба үндэслэлдээ төлөвлөлт, хангамж хариуцсан дэдзахирал ажилтай Ш.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоож ДБЭХС ТӨХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээг удаа дараа санаатайгаар тасалдуулж хамт олны дунд таагүй уур амьсгал бий болгосон тул ажлаас халсан гэж байдаг. Энэ тушаал дээр ажлын цаг тасалсан талаар байдаггүй юм. Халах тушаалын үндэслэх хэсгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан заалтанд хамааруулж ойлгоход учир дутагдалтай байна гэж үзэж байна. Ажил олгогч өөрийн кампанитай хамтран ажиллаж байсан Найнги ХХК-ийн зүгээс явуулсан үйл ажиллагааг ажилтан Ш.Б-тэй хамаатуулан ойлгож түүнийгээ үндэслэн ажлаас халах шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй юм. Ажлаас халсан Б/36 тоот тушаалын баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 хэсэгт /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/ бол гэж заасан байдаг. Ш.Б нь сахилгын зөрчил давтан гаргасан зүйл байхгүй энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүйбайгаа юм. ...Ажлаас халсан Б/36 тоот тушаалын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт / мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон/ заасан байдаг. Ш.Б-гийн албан тушаалын нэршил нь бол төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирал юм. Энэ нь түүнийг мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж тодорхойлж болохгүй юм. Ажлаас халсан Б/36 тоот тушаал дээр ажил олгогч мөнгө, эд хөрөнгийн тал дээр ямар итгэл үзүүлээд түүнийг нь хэрхэн алдсан тухай нотлох баримт байхгүй юм. Энэ зөрчлийг тогтоосон байх хуулийн шаардлага хангасан тухай баримт хавтас хэрэгт авагдаагүй байгаа юм. Монгол Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтуудыг тайлбарлах тухай заалтын 15 зүйл, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.2 дахь хэсэгт заасан зүйл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлүүлийг хангасан зүйл байхгүй юм. ...Иймд тус компанийн захирлын Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Б-г тус компанийн Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинд 2589776 төгрөгийг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй тул түүний өмнөөс хариу тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үйлдэл үүссэн юм гэж үзэж байна. А ХК-ийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 2.3, 3.4, 3.5 дахь хэсгийн заалтуудад хамааран гаргасан тушаал байгаа юм. Нэхэмжлэгч Ш.Б нь А ХК-ийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага дээр нотлогддог юм. Энэ маргаан нь А ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот хурлын протокол дээр Ш.Б нь А ХК-ийн гүйцэтгэх захирал болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг. А ХК-ийн тухай хуулинд зааснаар хяналтын багцаас дээш хувьцааг эзэмшиж байгаа талууд гүйцэтгэх удирдлага байхаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалтын дагуу үнэнд гүйцэтгэсэн. Ингэснээр Найнги ХХК болон А ХК хоёрын хоорондын харилцаа хүндрэнэ гэж хэлдэг. Ингэснээр ДБЭХС ТӨХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээг удаа дараа санаатайгаар тасалдуулж хамт олны дунд таагүй уур амьсгал бий болгосон тул ажлаас халсан байдаг юм. Хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч тал хийгээгүй нь үнэн ч гэсэн хөдөлмөрийн гэрээ хийсэн хүнтэй адилтгаж тооцон нэхэмжилж байна. Хөдөлмөрийн гэрээг хийгээгүй болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүй гэж хэлдэг. Энэ бүх зүйл нь хариуцагчийн төлөөлөгчөөр томилогдсон энэ хүнд хамааралтай зүйл юм. Яагаад гэвэл энэ хүн тус компанийн хүний нөөцөөр ажиллаж байхдаа ажлаа хийгээгүй, ажлаас халагдсан гэснээс болоод өнөөдөр шүүх хуралдаан дээр энэ зүйл яригдаж байна. Хөдөлмөрийн харилцааны дагуу мөрдөх ёстой зүйлийн хүрээнд цаг ашиглалтын байдал болон А ХК-д хохирол учруулсан, мөнгө завшсан гэсэн үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар яригдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр бус, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр тушаал гаргасан. Мөн Хөдөлмөрийн хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан хэсгийг үндэслэсэн. Энэ хуулиуд болон А ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг зөрчин А ХК-ийн нүүрс олборлох үйл ажиллагааг таслан зогсоож ДБЭХС ТӨХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээг тасалдуулснаас болж компани 700 000 000 төгрөгийн орлогыг алдсан. Энэ үйлдэл нэхэмжлэгч Ш.Б идэвхитэй үйлдэл байсан ба үүнд А ХК-д хохирол учруулсан. А ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.5, 12.2.6, 12.2.7 гэсэн асуудлууд хөндөгдсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтанг хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны эрх, зүйн байдалтай адилтгаж үзнэ гэж хэлдэг. Тийм учраас тухайн байгууллагад хөдөлмөр эрхэлсэн л бол тухайн байгууллагын дотоод журамд захирагдах үүрэгтэй байсан юм. Нэхэмжлэгч маань хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс болж хөдөлмөрийн харилцаан дах зүйлийг шаардах эрхгүй гэж байгаа бол, гэрээ байгуулаагүй ажилтан ч ажил олгогчоос ажил өгөхийг шаардах эрхгүй. Бас нэхэмжлэгч маань ажлын цагаа бүртгүүлдэг хүний тоонд ордог. Энэ талаар хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөө цагаа бүртгүүлэхгүй байж ажилтнаа бүртгүүл гэж шаардаж байгаа бол энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг зөрчиж байгаа зүйл юм. Тийм учраас А ХК-ийн Б/36 тоот тушаал үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч Ш.Б нь А ХК-ийн хувьцаа эзэмшигч Сайнтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, А ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж явдаг. Компаний тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.1, 89.1.2, 89.1.3, 89.1.4 дэх хэсэгт зааснаар сонирхлын зөрчил бүхий хэлцлийг бусад этгээдтэй байгуулахыг оролдсон нь компанийн удирдлагуудын итгэлийг алдсан үйлдэл болоод байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяраар дамжуулан хариуцагч А ХК-ийн захирал Ш.Баясгаланд холбогдуулан ажлаас буруу халсан тул захирлын ажлаас халах тухай 2018 оны 4 сарын 20-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Баясгаланг А ХК-иар сольж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэн тус компанийн захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 5 сарын 21-ний өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2 589 776 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгах тухай гомдлыг хариуцагч А ХК-д холбогдуулан гаргажээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Б нь 2017 оны 5 сарын 01-ний өдрөөс А ХК-д захирлын туслахаар ажиллаж байгаад2018 оны 3 сарын 01-ний өдрөөс Төлөвлөлт, Хангамж хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллаж байжээ.

Ажил олгогч А ХК-ийн захирал нь 2018 оны 5 сарын 21-ний өдрийн Б/36 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компаний Хөдөлмөрийн дотоод журмын 6.8, 12.1,12.2.5, 12.2.6, 12.2.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоож, ДБЭХС ТӨХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээг удаа дараа санаатайгаар тасалдуулж, хамт олны дундын таагүй уур амьсгал бий болгосон гэх зөрчлийг гаргасан гэж үзэн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 5 сарын 21-ний өдрөөр цуцалж, ажлаас нь халжээ.

Ажил олгогч нь 2018 оны 4 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ш.Б ажлаас нь чөлөөлөх тухай Б/28 тоот тушаалыг гаргасан боловч ажил олгогч нь уг тушаалаа хүчингүй болгож дээрх Б/36 тоот тушаалыг гаргасан гэх ба Б/36 тоот тушаалд өмнө гаргасан Б/28 тоот тушаалыг хүчингүй болгосон тухай дурдаагүй боловч энэ талаар болон Б/28 тоот тушаалыг хүчин төгөлдөр эсэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, мөн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагаа өөрчилсөн тул шүүх тус компанийн захирлын 2018 оны 4 сарын 20-ны өдрийн Б/28 тоот тушаалын талаар дүгнээгүй болно.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2018 оны 5 сарын 21-ний өдрийн Б/36 тоот тушаалыг эс зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй тул ажлаас буруу халсан гэх гомдлыг гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч маргажээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах тухай сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар зохицуулсан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг компанийн удирдлагуудын итгэлийг алдсан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл бүхий ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч Ш.Б нь Компанийн тухай хуульд зааснаар тус компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд компанийн хэвийн үйл ажиллагаанд илтэд саад учруулж, гэрээний дагуу хамтран ажиллаж буй Найнги ХХК-ийн эрх ашгийг хамгаалж байгаа нэрийдлээр нүүрсний тээвэрлэлтийг хүч хэрэглэн саатуулж, А ХК-ийн хөрөнгөөр олборлоход бэлэн болсон нүүрсний ачилтийг доголдуулан компанид хохирол учруулсан, улмаар тус компанийн үндсэн худалдан авагч ДБЭХС ТӨХК-д Найнги ХХК-иас нүүрс худалдан авахыг санал болгосон буюу Компаний тухай хуульд заасан сонирхлын зөрчил бүхий хэлцлийг бусад этгээдтэй хийхээр оролдсон зэрэг илэрхий компаний эрх ашигт харшилсан үйлдлийг удаа дараа гаргасан, ажлын байранд хөдөлмөрийн хуулийг зөрчиж ялгаварлан гадуурхал үүсгэж, ажилтнуудад сэтгэл зүйн дарамт үзүүлэх гэх мэтээр байгууллагын дотоод эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байгаа, мөн ажлын цагийн бүртгэлд бүртгүүлдэггүй, ажилдаа ирдэггүй, 80 цаг ажлаа тасалсан зэрэг сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчлүүдийг гаргасан тул түүнийг ажлаас нь халсан гэж нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлаа тайлбарлан маргаж байна.

Гэвч хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ш.Б нь А ХК-ийн эрх ашигт харшилсан сахилгын болон ёс зүйн дээрх зөрчлүүдийг гаргасан, Ш.Б-н үйлдлээс болж компанид хохирол учирсан, мөн тэрээр компанийн ажилчдын дунд таагүй уур амьсгал бүрдүүлсэн гэх зэргээр дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь тус тус нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч нь Ш.Б-н гаргасан зөрчлийг шалгасан талаарх материал, зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс хариуцагч тал өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Түүнчлэн сахилгын шийтгэлийг ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч, харин сахилгын зөрчил гаргасан этгээд нь тухайн ажил олгогчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтан байх бөгөөд ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Гэтэл зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ажил олгогч А ХК нь ажилтан Ш.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл болон 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр түүнийг ажиллуулж байсан болох нь батлагдаж байх ба талууд энэ талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл гэж ойлгохоос гадна гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

Гэтэл ажил олгогч А ХК нь ажилтан Ш.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь дээр дурдсан ноцтой зөрчлийн хэмжээнд байсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд Ш.Б нь ажлын цагаа бүртгүүлдэггүй, ажилдаа ирдэггүй, ажлын цагийг 80 цаг тасалсан нь хөдөлмөрийн дотоод журамд зааснаар 16 цагаас дээш тасалсан бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Ш.Б сахилгын шийтгэл ногдуулсан Б/36 тоот тушаалд энэ тухай дурдаагүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгч Ш.Б ажлын цагийг 16 цааас дээш хугацаагаар тасалсан гэх зөрчлийг гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Б ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон нэг үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар компанийн Төлөвлөлт, Хангамж хариуцсан дэд захирал буюу компанийн цаашдын бодлого, төлөвлөлт, компанид орж ирж буй хангамжийн асуудлыг хариуцсан албан тушаалтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тул ажлаас нь халсан гэж маргажээ.

Гэвч нэхэмжлэгч Ш.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн энэ хэсгийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хамаарах эсэх тухай баримт буюу талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ байхгүйгээс түүнийг дээрх албан тушаалтанд хамаарах эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байхаас гадна хариуцагчаас энэ талаар болон ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэх талаарх бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгөөгүй ба энэ талаарх тайлбараа шүүхэд нотолж чадаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч А ХК-ийн захирлын 2018 оны 5 сарын 21-ний өдрийн №Б/36 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгч Ш.Б тус компанийн Төлөвлөлт, Хангамж хариуцсан дэд захирлын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ш.Б нь 2018 оны 5 сарын 21-ний өдрөөс 7 сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 2 589 776 төгрөгийг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагын шүүхэд гаргаж өгсөн А ХК-ийн захирлын 2013 оны 02 сарын 28-ны өдрийн №А/10 тоот тушаалаар батлагдсан Сарын үр дүнгийн шагналт цалин олгох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т тус тус зааснаар компанийн үндсэн ажилтнуудад сарын үр дүнгийн шагналт цалинг сар бүр олговол зохих цалингийн 40 хүртэл хувиар тооцож олгодог байх тул нэхэмжлэгч Ш.Б-н 2018 оны 2,3 дугаар саруудад авсан дээрх нэмэгдлийг /ХОК-ын нэмэгдэл/ түүний цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцсон болно.

Нэхэмжлэгч Ш.Б-н 2018 оны 01-4 саруудын цалингийн картаас үзвэл нэхэмжлэгч нь сүүлийн гурван сард буюу 2018 оны 02 сард ажлын 19 хоног ажиллаж 800 800 төгрөг, 3 сард ажлын 21 хоног ажиллаж 1 170 700 төгрөг, 4 сард ажлын 9 хоног ажиллаж 1 009 953 /ажилласан хугацааны амралтын мөнгийг тооцсон/ төгрөг буюу нийт 2 981 453 төгрөгийн цалин авч, нийт ажлын49 хоног ажиллажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 4 сард ажлын 9 хоног ажилласан нь дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй байх тул сүүлийн гурван сард түүний авсан цалин хөлсний нийлбэр дүн болох 2 981 453 төгрөгийг нэхэмжлэгчийн жинхэнэ ажилласан хоног болох 49 хоногт хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг 60 846 /2 981 453:49/ төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг түүний тодорхойлсноор 2018 оны 5 сарын 21-ний өдрөөс 7 сарын 19-ний өдрийг хүртэл нийт 40 хоногоор тооцон, ажилгүй байсан хугацааны олговорт 2 433 840 төгрөгийг /40 хоног х 60 846/ хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2 589 776 төгрөгөөс 2 433 840 төгрөгийг хангаж, үлдэх 155 936 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 2 433 840 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн гомдлоос А ХК-ийн захирлын 2018 оны 5 сарын 21-ний өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хангах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн дээрх тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх дээрх тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн бичгийн баримтуудаас А ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ТУЗ-ын даргыг болон хороодыг сонгож батлах, тус компанийн гүйцэтгэх захирлыг томилж батлах, гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнийг нэр дэвшүүлэх, батлах тухай асуудлыг тус тус хэлэлцсэн тухай 2018 оны 3 сарын 30-ны өдрийн №01 тоот хурлын протокол, мөн Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн А ХК-ийн нүүрс олборлолт, газар ашиглалтын байдалд хамтарсан шалгалт хийсэн тухай 2018.05.10-ны өдрийн №12-05-031-20 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтууд нь нэхэмжлэгч Ш.Б-н гаргасан зөрчлийг хэлэлцсэн тухай болон шалгасан тухай баримт биш байхаас гадна уг хэрэгт хамааралгүй байна.

Түүнчлэн тус компанийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хааж зогсоосон үйл явдлыг фото зураг болон дүрс бичлэгээр дүрсжүүлсэн гэх CD дүрс бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хуульд заасан арга хэрэгслээр нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүх хариуцагч талаас гаргасан дээрх протокол, тэмдэглэл, CD дүрс бичлэг гэх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл буюу ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргахдаа зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангасан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заажээ.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар үнэлж болохгүй нэхэмжлэл буюу ажлаас буруу халсны улмаас үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор болох 2 433 840 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 53 891 төгрөг буюу нийт 124 091 төгрөгийг хариуцагч А ХК-иас гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх хариуцагчийн төлөөлөгч Ш.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг гардуулсан боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн байх ба түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож байгаа, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулах шаардлагагүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг гаргасан зэргийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б овогт Ш Б-г А ХК-ийн Төлөвлөлт, Хангамж хариуцсан дэд захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч А ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 433 840 /хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэгчийн гомдлоос тус компанийн захирлын 2018 оны 5 сарын 21-ний өдрийн №Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсэг, ажилгүй байсан хугацааны олговороос 155 936 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б-д олгох 2 433 840төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг А ХК-ийн санхүүд үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэг тийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч А ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 124 091 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН