Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1675

 

“Энхзүр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2017/01252 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Энхзүр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тус тус холбогдох

           

Гэм хорын хохиролд нийт 325.000.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Болормаагийн давж заалдсан гомдлоор

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч         О.Батсүх, Ү.Энхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Энхзүр” ХХК-ийн төлөөлөгч Ү.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсүх шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Хуучнаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж гаргасан хууль бус захиргааны шийдвэрийн улмаас “Энхзүр” ХХК-д эд материал, мөнгөний хохирол учирч улмаар дампууралд хүргэсэн. АҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын Боловрол, соёл шинжлэх ухааны яаманд явуулсан сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл зохион байгуулах тухай 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 тоот албан бичиг, БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгийн 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 4/3931 тоот албан бичиг хууль бус болохыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр тогтоож, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор баталгаажсан байна. “Энхзүр” ХХК нь 2005 оноос эхлэн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн дүрэмт хувцсыг захиалгаар оёж аймаг, нийслэлийн сургуулиудад гэрээгээр нийлүүлдэг байсан ба олон жил үйл ажиллагаа явуулж байгаа, 50 хүнийг ажлын байраар хангаж байсан сургууль юм.

Гэтэл БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 4/3931 тоот актаараа ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын дүрэмт хувцасны загварыг аймаг дүүрэг нь баталж мөрдөх тухай Боловсролын тухай хуулийн 28.1.9, Засгийн газрын тогтоол болон БШУЯ-ны сайдын тушаалыг зөрчиж, ҮХААЯ-тай хамтран ажиллахыг бие даан шийдвэрлэж, аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт зөвхөн ҮХААЯ-аас мэдэгдсэн 7 аж ахуйн нэгж, байгууллагуудтай сурагчийн дүрэмт хувцас худалдан авах гэрээ байгуулахыг даалгасан, аймаг нийслэлийн боловсролын газрын бүрэн эрхийг хязгаарлаж, илэрхий хууль бус захиргааны акт гаргаж, урьд нь сургуулиудтай гэрээгээр ажиллаж байсан “Энхзүр” ХХК-ийн үйлдвэрлэл явуулах эрхийг хязгаарлаж үйл ажиллагааг зогсооход хүргэсэн. Тус компанид 325.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар нотлогдож байна. ҮХААЯ нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэх, худалдан борлуулах, 23 тэрбум төгрөгийн зээлд хамрагдах давуу эрхийг Оёдлын холбооноос үүсгэн байгуулсан 7 компанид олгож, Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.3, 13.2.7-д заасныг зөрчсөнөөс 20 сургуульд дүрэмт хувцас нийлүүлэх гэрээг хүчингүй болгон тус компанийн үйл ажиллагааг зогсоож, дээрх хохирлыг учруулсан байна.

2012, 2013 оны бараа материалын үлдэгдэл 110.827.000 төгрөг, дуусаагүй үйлдвэрлэлээр бий болсон бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 48.142.920 төгрөг, түүнчлэн банкны зээл, хүүгийн хамт 65.000.000 төгрөг, татварын өр 210.113 төгрөг, ажлын байрны түрээс 7.009.080 төгрөг, цалин 20.600.000 төгрөг, барьцаат зээлд 6.700.000 төгрөг, 2012-2015 онд нийгмийн даатгал 1.512.000 төгрөг, нийт 325.000.000 төгрөгийн хохирол учирсан.

Түүнчлэн сонинд ил захидал явуулж, телевизэд ярилцлага өгсөн боловч нэмэр болоогүй. ШӨХТГ-т хандаж энэ талаар тус газрын шугамаар шалгалт хийж, дүгнэлт гарган бичгээр өрсөлдөөнийг хязгаарласан, зах зээлээс шахан гаргахад чиглэсэн, аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн зөрчлөө засахыг шаардаж албан шаардлага явуулсан ч засч залруулаагүй. Иймд хууль бус захиргааны актын улмаас борлогдоогүй сурагчийн дүрэмт хувцасны үнэ 184.820.500 төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол 140.179.500 төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус тус гаргуулан “Энхзүр” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Рэгзэдмаа, Н.Нарангэрэл нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2012 онд шинээр байгуулагдсан Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Үйлдвэржилтийн шинэ эрин үе зарласныг дэмжих тухай 118 дугаар тогтоолыг 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр баталсан. Уг тогтоолоор боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж болон тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх үйлдвэрлэлийн төсөл, шинээр байгуулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх үйлдвэрүүд, тэдгээрийн байршлын талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой санал, төслийг тухайн оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг тус яамны сайд Х.Баттулга болон холбогдох яамны Сайдуудад үүрэг болгосон. Эдгээр шалгарсан, дэмжсэн төслүүдийн дотор хөнгөн үйлдвэрлэлийн салбар хоорондын уялдааг хангасан кластрын /хоршин хамтран ажиллах/ төсөл болох ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны Монгол ноосон даавуу төсөл шинэ дэвшилтэт технологийг ашиглан Монгол хонины ноосон даавуу үйлдвэрлэж, оёдлын нэгдсэн холбооны импортыг орлох оёмол бүтээгдэхүүн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төслүүдийг ирүүлсэн. “Энхзүр” ХХК-иас гаргасан гомдол үндэслэлгүй ба 23 тэрбум төгрөгийг оёдлын үйлдвэрүүдэд бүгдийг нь олгоогүй ба сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх үйл ажиллагаанд зориулж тодорхой хэсгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгогдсон. “Энхзүр” ХХК нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр төсөл бичиж тухайн үеийн яаманд хандаагүй.

Тухайн үеийн яамнаас сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл явуулж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид дүрэмт хувцасны үйлдвэрлэлд үйлдвэрлэгчдийг оролцуулах, кластераар хоршин ажиллахад дэмжих, олон жижиг үйлдвэрүүдийг ажлаар хангах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилгоор оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрүүдийг оролцуулж, эдгээр үйлдвэрүүдтэй санал солилцох, уулзалтыг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан ба уг арга хэмжээнд “Энхзүр” ХХК оролцсон талаар хурлын тэмдэглэл, бичлэг хадгалаастай байгаа болно. Уг компани нь өмнө нь Хятадаас бага ангийн хүүхдийн хувцас оруулж ирж байсан, нейлон хувцас байсан. Цаашид Чингис бондоос мөнгө авмаар байна гэдгээ хурал дээр хэлж байсан нь хурлын тэмдэглэлд тэмдэглэсэн байгаа болно. Гэвч зээл авахаар төслөө ирүүлээгүй. “Энхзүр” ХХК нь шаардлага хангахгүй аж ахуйн нэгжийн тоонд орсон. Хэргийн материалд хавсаргасан санхүүгийн тайлан балансад бүх хөрөнгийн шинж чанартай зүйлсийн үлдэгдлийг зайлшгүй тусгах ёстой байтал дээрх нэхэмжилсэн бараа материалын үлдэгдэл, дуусаагүй үйлдвэрлэлээр бий болсон бараа материалын үлдэгдлийн аль аль нь мөнгөн дүнгээрээ нотлогдохгүй байна.

Тухайлбал, “Энхзүр” ХХК-ийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд бараа материалын эцсийн үлдэгдэл 40.651.000 төгрөг, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд бараа материалын эцсийн үлдэгдэл 110.827.000 төгрөг байсан гэх үндэслэл алга байна. Мөн дуусаагүй үйлдвэрлэлээр бий болсон бараа материалын үлдэгдэл 2012, 2013 онд эргэлтийн хөрөнгийн хэсэгт тодруулга тайланд үлдэгдэлтэй дүнгээр тусгагдаагүй үнийн дүн алга байна. Өөрөөр хэлбэл, ”Энхзүр” ХХК-ийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд дуусаагүй үйлдвэрлэлээр бий болсон бараа материалын үлдэгдэл 48.142.920 төгрөг байсан гэх үндэслэл алга байна. Мөн санхүүгийн тайлан балансаас үзэхэд цалинд өгсөн гэх 20.600.000 төгрөгийн өрийг оёдлын машин, тоног төхөөрөмжөөр төлсөн, түрээсийн өр сард 7.009.080 төгрөг төлсөн болох нь нотлогдохгүй. “Энхзүр” ХХК-ийн захирал Ү.Энхжаргалын арилжааны банкнаас авсан зээлийн үйл ажиллагаа нь холбогдох хуулиар тухайн иргэн, хуулийн этгээдийн хувийн асуудал тул ХХААХҮЯ-наас нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх:  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 169.948.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Энхзүр” ХХК-д олгож, үлдэх 14.872.000 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 140.179.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.782.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 1.007.693 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Энхзүр” ХХК-д буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүхийн  шийдвэрийн Үндэслэх хэсэгт "Дээр  дурдсанчлан, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын гаргасан хууль бус захиргааны актын улмаас "Энхзүр" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон." гэжээ. Энхзүр, Батзүү, Их шаглаа ХХК-иудын Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан хэлэлцээд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичгийг бүхэлд нь бус зөвхөн 4 дүгээр заалтыг хүчингүй болгон бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан болно. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичигт нэхэмжлэгч компаниудын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх, нийлүүлэх талаар зах зээлд чөлөөтэй өрсөлдөж байсан эрхийг хязгаарласан, хөндсөн ямар нэгэн шийдвэр, чиглэл мөн байхгүй. Иймд "хууль бус актын улмаас "Энхзүр" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон" гэсэн нь шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, асуудлыг бүрэн ойлгож шийдвэрлээгүй, үндэслэлгүй, буруу шийдвэр болсон гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт "Хэрэгт авагдсан хамтран ажиллагааны тухай гэрээнүүд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Наран" цогцолбор сургууль, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсролын газрын албан бичгүүдээс үзэхэд "Энхзүр" ХХК нь аймаг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудтай сурагчийн дүрэмт хувцас захиалгаар нийлүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байх ба яамны зүгээс хэрэгжүүлж буй бодлогын улмаас цаашид хамтран ажиллах боломжгүй болсон нөхцөл байдал бий болсон байна гэж дүгнэв" гэжээ. Монгол Улсын Засгийн газраас дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах үндэсний үйлдвэрлэлийн бодлогыг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ бодлогын хүрээнд "Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай" 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 250 дугаар тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх мөн Боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор сурагчдыг дүрэмт хувцастай хичээллүүлэх бэлтгэл, зохион байгуулалтыг хэрхэн хангах чиглэлийг орон нутгийн боловсролын удирдлагад өгсөн. Тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/-наас өмнө нь дүрэмт хувцас нийлүүлж байсан аж ахуйн нэгжүүдийн үлдэгдэл дүрэмт хувцсыг борлуулах боломжийг нээж өгөхийг судалж шийдвэрлэх талаар зөвлөмжийг аймаг, нийслэлийн Боловсролын газруудад хүргүүлж байсан. Иймд өмнө хэрэгжүүлж байсан гэрээнүүдийг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шинжлэн судалж асуудалд бодитой хандаж шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Иймд, хууль бус захиргааны акт гаргасан үйлдэл, энэхүү захиргааны актын улмаас учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул "Энхзүр" ХХК-д учирсан хохирол буюу борлогдоогүй үлдсэн сурагчийн дүрэмт хувцасны үнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцах учиртай" гэжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамны /хуучин нэрээр/ зүгээс нэхэмжлэгч компанид бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг бий болгох талаар 2013, 2014 онуудад тавьсан хүсэлтийг нь хууль, тогтоомжийн хүрээнд хангах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч компани дүрэмт хувцасаа борлуулсаар байсан ба “Энхзүр” ХХК-д үйлдвэрлээд үлдсэн гэх дүрэмт хувцасны үлдэгдэл байхгүй бөгөөд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм.

2013 онд "Энхзүр" ХХК-ий үлдэгдэл дүрэмт хувцасны тооллого хэмээн "1846 ширхэг дүрэмт хувцасны үлдэгдэлтэй" гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас /хуучнаар/ ирүүлсэн байдаг. "Энхзүр" ХХК-ийн үйлдвэрийн хүчин чадлыг тогтоохоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас /хуучнаар/ шалгахаар очиход үйлдвэр эзэнгүй байсан бөгөөд хажуугийн оёдолчдоос тодруулга авахад үйл ажиллагаа явуулдаггүй, намар 8 сард йэг cap орчмын хугацаанд шөнийн цагаар сурагчдын дүрэмт хувцас буулгаж, шошгыг нь сольдог" гэсэн тайлбар өгч байсан юм.

Түүнчлэн дүрэмт хувцсыг үйлдвэрлэх үйлдвэрийг сонгон шалгаруулах ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучнаар/ зохион байгуулаагүй бөгөөд түүнтэй холбоотой ямар нэг үйл ажиллагааг хийж гүйцэтгээгүй тул "Энхзүр" ХХК-д манай яамны буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж шүүх үзэж байгаа нь холбогдох нотлох баримтыг дутуу судлан шинжилсэн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 169 948 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Энхзүр" ХХК-д олгож" гэснийг мөн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

   Нэхэмжлэгч “Энхзүр” ХХК гэм хорын хохиролд хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 184.820.500 төгрөг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 140.179.500 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эс зөвшөөрөн маргаж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас /хуучнаар/ Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж гаргасан хууль бус захиргааны шийдвэрийн улмаас “Энхзүр” ХХК-д эд материал, мөнгөний хохирол учирч улмаар дампууралд хүргэсэн” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Итгэл эстимэйт” ХХК-ийн гаргасан тайланг нотлох баримтаар ирүүлжээ. /1хх 241-248/

 

Хэрэгт хариуцагч талаас гаргасан 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/2844 тоот албан бичиг авагдсан байх бөгөөд уг албан бичигт “Энхзүр” ХХК-аас Улаанбаатар, Орхон, Дорноговь аймагт 1846 ширхэг дүрэмт хувцасны үлдэгдэлтэй байгаа судалгаа гарсан байна.

 

Дээрх судалгаагаар гарсан дүнгийн хэд нь ямар насны хүүхдийн, ямар загварын хувцас хэдийн хэмжээтэй байсан, ямар өртөгтэй болохыг шүүх тодруулаагүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан бөгөөд шүүх шаардлагатай тохиолдолд хуульд зааснаар шинжээч томилно, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан.

 

Шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулснаар шинжээч дүгнэлтээ гаргадаг.

 

Талууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргасан байхад анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан гаргаагүй нэг талын нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заасныг зөрчжээ. 

 

            Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж байна.

 

            Энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2017/01252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

                  ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

                                                                 Ц.ИЧИНХОРЛОО