Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1673

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01225 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Наранзулд холбогдох

           

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 045 048 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч       Д.Мөнхзул  

Хариуцагч                                                            Б.Наранзул

Хариуцагчийн өмгөөлөгч                                   Ц.Монгол

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

 Б.Наранзул 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “Хас банк” ХХК-тай Овердрафтын 5001175964-01 дугаартай гэрээ байгуулж, 10.000 ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 20, 40 хувийн хүүтэй авсан. Талууд 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Овердрафтын гэрээнд өөрчлөлт оруулан гэрээний хугацааг 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл сунгаж, зээлийн дансыг 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 1440002158 болгож өөрчилсөн. Зээлдэгч нь 5001175964-01 дугаартай овердрафтын гэрээний 2.2.2, 2.2.3-д заасан хугацааны дагуу зээлийн төлбөр төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлбөрөө төлөөгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, гэрээний 1.3 ,1.9, 1.10, 1.11 ,4.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлийн үндсэн төлбөрт 10.535.94 ам.доллар, зээлийн үндсэн хүүнд 718.0 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 107.0 ам.доллар, нийт 11.360.94 ам.доллар буюу Монгол банкны ханшаар тооцож 28.045.048.44 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Манай байгууллагаас зээл судалж үзэхэд дансны хуулгаар хариуцагч нь компанид биш өөртөө хувийн зориулалтаар ашигласан байдаг. Сар бүр хүү төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй буюу дутуу төлж байсан. Сүүлд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүүнд 175 доллар төлсөн. Үндсэн зээлийг буруу нэхэмжилсэн байх тул шаардлагаа 41.5 ам.доллар буюу 102.444.44 төгрөгөөр багасган 27.942.604 төгрөгийг хариуцгчаас гаргуулна гэжээ.

 

          Хариуцагч Б.Наранзулд шүүхэд гаргасан тайлбартаа:

Зээлийг хувийн зориулалтаар анхнаасаа аваагүй. Энэхүү банкны платиниум зээлийн картыг банк нь харилцагч байгууллагын захиралд компанийн батлан даалтын үндэслэлээр гаргадаг. Тухайн үед манай байгууллагад яаралтай бизнесийн зориулалтаар зээл хүсэж буйгаа “Хас банк” ХХК-ийн уул уурхайн салбарын захирал байсан Батирбекэд хэлэхэд платиниум зээлийн карт нь хурдан хялбар гээд энэхүү зээлийн картыг нээж, гэрээ хийсэн. Тухайн батлан даасан “Хөнгөн бетон” ХК нь барилгын салбарын томоохон үйлдвэрлэгч бөгөөд улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан барилгын салбар бүхэлдээ хямран компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж төлбөр барагдуулах чадамж буурснаас компанитай холбоотой бүх зээл хүнд байдалд байгаа ч 5 сараас үйл ажиллагаагаа жигдрүүлэн зээлүүдээ төлөхөөр ажлаа эхлүүлээд байгаа. Энэ зээлийг миний бие хувьдаа ашиглаагүй компанийн ажилд зориулсан бөгөөд хувийн зүгээс зээлийг хариуцахгүй тул зээлийн эргэн төлөлтийг “Хөнгөн бетон” ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 435.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Торгууд овогтой Баярхүүгийн Наранзулаас зээлийн гэрээний үүрэгт 10.638.77 ам.доллар буюу 26.262.336 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 680.67 ам.доллар буюу 1.680.268 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 298.176 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 289.262 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Наранзулд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүх хуралдааны тов гарсан өдөр хариуцагч Б.Наранзул миний бие өвчний улмаас оролцож чадахгүйгээ илэрхийлж, эмнэлгийн магадлагааны хуулбарыг нотариатаар батлуулан хүргүүлсэн боловч шүүх хуралдааныг намайг оролцуулалгүй мэтгэлцэх, өмгөөлөгч авах эрхийг зөрчин явуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг өдрийн өглөө 9:00 цагт Хан-Уул дүүргийн н.Сэмжид шүүгч дээр мөн шүүх хуралдаантай байгаад эмнэлгийн магадлагааны эх хувийг тухайн шүүх хурлын хавтас хэрэгт хавсаргасан бөгөөд тухайн шүүгч хуралдааныг хойшлуулсан захирамж гаргасан байдаг. Гэтэл яг ижил эмнэлгийн магадлагааг хүргүүлсээр байтал шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гэдгээр миний биеийг оролцуулалгүй шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь Б.Наранзулд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 045 048 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан  шатны шүүх хэргийн оролцогчдод 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр болох хурлын товыг мэдэгджээ. /хх42/

 

            Хариуцагч Б.Наранзул 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ биеийн эрүүл мэндийн байдлын улмаас оролцож чадахгүй тул шүүх  хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт хавсарган гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэл бүхий болоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, шүүх хэргийн оролцогч, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх боломжоор хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүлээн авах нь зүйтэй.

           

            Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Наранзулын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Наранзулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.262 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                                                                          Ц.ИЧИНХОРЛОО