Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/01225

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01225                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

НэхэмжлэгчСүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Ерөнхий сайд Амарын гудамж өөрийн байранд байрлах, “Хас банк” ХХК-ийн /РД:2578697/ нэхэмжлэлтэй,

 

ХариуцагчХан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг 5 байр 1 тоотод оршин суух, Торгууд овогтой Баярхүүгийн Наранзулд /РД:ЧР78083006/ холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,045,048 /хорин найман сая дөчин таван мянга дөчин найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Наранзул нь 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Хас Банктай Овердрафтын 5001175964-01 дугаартай гэрээ байгуулж 10,000.00 ам долларын зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 20,40 хувийн хүүтэйгээр авсан. Талууд 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Овердрафтын гэрээнд өөрчлөлт оруулан гэрээний хугацааг 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж, зээлийн дансыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1440002158 болгож өөрчилсөн. Зээлдэгч нь 5001175964-01 дугаартай овердрафтын гэрээний 2.2.2 болон 2.2.3-д заасан хугацааны дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлбөрөө төлөөгүй тул Иргэний Хуулийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3 дахь заалт, гэрээний 1.3 ,1.9, 1.10, 1.11 ,4.1-д заасныг тус тус үндэслэн зээлийн үндсэн төлбөрт 10.535,94, зээлийн үндсэн хүүнд 718.00, нэмэгдүүлсэн хүү 107.00, нийт 11.360,94 ам доллар буюу Монгол банкны албан ханшаар тооцож 28,045,048.44 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын удирдлагууд зээлийг судалж үзэхэд дансны хуулгаар хариуцагч нь компанид биш өөртөө хувийн зориулалтаар ашигласан байдаг. Сар бүр хүү төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй буюу дутуу төлж байсан. Сүүлд 2016 оны 8 сарын 16-нд хүүнд 175 доллар төлсөн. Үндсэн зээлийг буруу нэхэмжилсэн байх тул шаардлагаа 41.5 ам доллар буюу 102.444,44 төгрөгөөр багасган 27.942.604 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийг хувийн зориулалтаар анхнаасаа аваагүй. Энэхүү банкны платиниум зээлийн картыг банк нь харилцагч байгууллагын захиралд компанийн батлан даалтын үндэслэлээр гаргадаг билээ. Тухайн үед манай байгууллагад яаралтай бизнесийн зориулалтаар зээл хүсэж буйгаа Хас банкны уул уурхайн салбарын захирал байсан Батирбекэд хэлэхэд платиниум зээлийн карт нь хурдан хялбар гээд энэхүү зээлийн картыг нээж гэрээ хийгдсэн. Тухайн батлан даасан Хөнгөн Бетон ХК нь барилгын салбарын томоохон үйлдвэрлэгч бөгөөд улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан барилгын салбар бүхэлдээ хямран компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж төлбөр барагдуулах чадамж буурснаас компанитай холбоотой бүх зээл хүнд байдалд байгаа ч 5 сараас үйл ажиллагаагаа жигдрүүлэн зээлүүдээ төлөхөөр ажлаа эхлүүлээд байгаа билээ. Энэхүү олгогдсон зээлийг миний бие хувьдаа ашиглаагүй компанийн ажилд зориулсан бөгөөд хувийн зүгээс зээлийг хариуцахгүй тул зээлийн эргэн төлөлтийг Хөнгөн Бетон ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Б.Наранзулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.360,94 ам доллар буюу 28.045.048 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шаардлагаасаа 41.5 ам доллар буюу 102.444,44 төгрөгөөс татгалзан, гэрээний үүрэгт 11.319,94 ам доллар буюу 27.942.604 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгаж байна.

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ хариуцагч үүргээ зөрчсөн тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулна гэж, хариуцагч нь зээлийг хувьдаа ашиглаагүй компанийн ажилд зориулсан тул зээлийг хариуцахгүй гэж маргав.

 

“Хасбанк” ХХК нь Б.Наранзултай 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 10.000 ам долларын зээлийг 12 сарын хугацаатай зээлүүлэхээр Овердрафтын гэрээ байгуулж, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний хугацааг 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан байна.

 

Гэрээнд Овердрафт гэдгийг банкнаас тогтоосон эрхийн хэмжээнд зээлдэгч өөрийн харилцах картын үлдэгдлээс илүү хэмжээгээр зарлагын гүйлгээ хийж, тухайн дансанд хийсэн орлогоор эргэн төлөх нөхцөлтэй зээлийн эрх гэж тодорхойлсон байна.

 

Өөрөөр хэлбэл банк 5001175964 дугаар харилцах данс Б.Наранзулын нэр дээр нээж, зээлдэгч нь дансанд хийсэн орлогоор эргэн төлөх, зээлийн хугацаанд жилийн /365 хоногт/ 20.4 хувийн хүү /хоногийн 7.45 хувь/ төлөх ба зээлийн үлдэгдэлд хүү хуримтлуулан тооцож, тухайн сарын хүүг дараа сарын 02-ны өдөр дансны үлдэгдлээс суутгахаар тохиролцжээ. 

 

Зохигчийн хооронд байгуулсан Овердрафтын гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үсэг зурснаар хэлцэл хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхойлсон хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 5001175964 дугаар дансыг нээж, 10.000 ам долларын эрхийг олгох үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь гэрээний 2.2.2 болон 2.2.3-д заасан хугацааны дагуу зээлийн хүү болон зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байна.

 

Талуудын гэрээний хугацаа дууссанаар буюу 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэгчид Иргэний хуулийн дээрх заалт болон гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл 10.000 ам долларыг шаардах эрх үүсчээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч нь зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хугацаанд нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний 1.3-т тохиролцсоны дагуу хүү, гэрээний гэрээний 1.11, 4.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.  

 

Нэхэмжлэгч нь гэрээний 1.4 дэх заалтаар сарын хүүг дараа сарын 02-ны өдөр дансны үлдэгдлээс суутгах үүрэгтэй ба гэрээний 2.1.6-д зааснаар зээлдэгч 3 сар дараалан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн овердрафтыг түдгэлзүүлэн, үндсэн зээлийг хүүгийн хамт төлөхийг шаардах эрхтэй байна.

 

Дансны хуулга баримтаар хариуцагчийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд нэхэмжлэгч нь хүү хуримтлуулан тооцсон байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний дагуу зарлага гаргах эрхийг хаасан байна.

 

Хариуцагчийн хуримтлуулсан хүү 3 сараас дээш хэтэрсэн буюу 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч нь гэрээний дагуу овердрафтыг түдгэлзүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

 

Иймд дансны хуулга баримтаар нэхэмжлэгч нь үндсэн зээлд төлөх 10.535,94 ам доллар нэхэмжилж байгаагаас 10.000 ам долларыг үндсэн зээлд, харин зээлийн үлдэгдэл 535.94 ам долларыг сар бүр хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрт тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрээний 4.1 дэх заалтаар талууд зээлдэгч нь авсан зээлээ зээлээ эргүүлэн төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцэж байх тул хариуцагчийн гэрээний дагуу төлөх 1 сард төлөх хүүний төлбөрөөс 20 хувийг тооцов.

 

Талуудын байгуулсан гэрээний дагуу тохиролцсон 1 жилийн 20.4 хувийн хүүг 1 сараар тооцоход /20.4:12 сар/ 1.7 хувийн ногдох бөгөөд үндсэн зээл 10.000 ам долларт төлөх 1 сарын хүү 170 ам доллар бөгөөд үүнээс 20 хувийн нэмэгдүүлсэн хүү боло 34 ам доллараас 1 хоногт ногдох нэмэгдүүлсэн хүүг тооцож /34:30 хоног/ хоногийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.13 ам доллар байна.

Гэрээний хугацаа дууссан 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс зарлага гаргах эрхийг хаасан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх 91 хоногийн хугацааны /1.13х91/ нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 102.83 ам долларыг гэрээний дагуу хариуцагч төлөх үүрэгтэй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 11.319,44 ам доллар гаргуулах шаардлагаас үндсэн зээл 10.000 ам доллар, хүүний төлбөрт 535,94 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 102,83 ам доллар буюу нийт 10.638,77 ам доллар буюу 26.262.336 төгрөгийг хариуцагч Б.Наранзулаас Овердрафтын гэрээний үүрэгт гаргуулан, нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 680.67 ам доллар буюу 1.680.268 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаагаар 1 ам долларыг 2468.55 төгрөгөөр тооцсон болно.

 

Хариуцагч нь банкны платиниум зээлийн картыг банк нь харилцагч байгууллагын захиралд компанийн батлан даалтын үндэслэлээр гаргадаг гэж тайлбарласнаа болон татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн овердрафтын зээлийг хувьдаа ашиглаагүй компанийн ажилд зориулсан гэж тайлбарлах ч хэрэгт авагдсан дансны хуулга баримтаар түүний татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасны дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 298.176 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 289.262 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 435.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан /РД:ЧР78083006/  Торгууд овогтой Баярхүүгийн Наранзулаас зээлийн гэрээний үүрэгт 10.638,77 ам доллар буюу 26.262.336 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д /РД:2578697/ олгож, шаардлагаас үлдэх 680.67 ам доллар буюу 1.680.268 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 298.176 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 289.262 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ